БНХАУ хувийн өмчийн хууль, эрх зүйн орчинг баталгаажууллаа

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гао Шумао

Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал буюу өмнөд хөршийн парламентын ээлжит чуулган саяхан болж гадаад, дотоодын анхаарал татсан олон чухал асуудал хэлэлцлээ. Энэ талаар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гао Шумао, Улс төрийн хэлтсийн дарга Сун Хун Лиан, хэвлэлийн төлөөлөгч Жан Жихуань нар хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм.

Их Хурлаар олны анхаарлыг татаж байсан Өмчийн харилцааны эрхийн тухай хуулийг баталжээ. Энэ хуулийг 18 жилийн турш ярилцаж долоон удаа хэлэлцсэн нь Хятадын хууль тогтоох түүхэн дэх хамгийн олон удаа хэлэлцсэн хууль болсон байна. Энэ оны аравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох уг хуульд хувь хүний олсон хууль ёсны орлого, гэр орон, амьжиргааны хэрэгслийг хамгаалах хууль, эрх зүйн орчинг тогтоож, хувь хүний мөнгөн Хадгаламж, хөрөнгө оруулалт, хувьцааны ашгийг баталгаажуулж өгсөн аж.

Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээс харилцан адилгүй хэмжээгээр ашгийн татвар авч байсныг өөрчилж 25 хувийн нэг шатлалт татвар ногдуулж, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлж өгөхөөр болжээ. Тус улсын энэ оны батлан хамгаалахын зардал 350 тэрбум 900 сая юань буюу 450 тэрбум ам.доллар болсон нь 2006 оныхоос 17,8 хувь буюу 50 гаруй тэрбум юаниар нэмэгджээ. Гэхдээ үүнийг зөвхөн улс орноо хамгаалах, энхийн үйлеэд зориулна гэжээ. Оюутанд урамшууллын тэтгэлэг олгох, эрчим хүч хэмнэж, агаарын бохирдлыг бууруулах, тариачдын эдэлбэр газрыг баталгаажуулах, тэр газрыг улсаас дур мэдэн хураахыг хориглох, хөдөө тосгоны хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, хөдөөгийн өндөр настнуудын нийгмийн баталгааг сайжруулах зэрэг олон чухал асуудлыг Их Хурлаар шийдвэрлэсэн байна.

Хятадын Төрийн зөвлөлөөс гадаад хөрөнгө оруулалтын компани байгуулахаар болсныг хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв. Үүгээр гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулж, гадаад валютын эргэлтийг удирдах аж. Өөр нэг чухал асуудал хэлэлцсэн нь дэлхийн соёл иргэншлийн ололт амжилтаас суралцан Хятадын онцлогтой ардчиллын замаар замнахаар шийдвэрлэжээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао энэ талаар Ардчилал, эрх зүй, эрх чөлөө, хүний эрх, тэгш эрх, энэрэл хайр бол бүх дэлхийн өнө удаан түүхийн явцад бий болсон соёл иргэншлийн ололт амжилт, хүн төрөлхтөний хүсэн эрмэлзсээр байгаа үзэл баримтлал юм. Социалист ардчилал бол ард түмэн жинхэнэ эзэн болох явдал. Ард түмний ардчилсан сонгууль, ардчилсан бодлого, ардчилсан удирдлага хийгээд ардчилсан хяналтын эрхийг баталгаажуулж эрх тэгш, шударга, эрх чөлөөтэй байдал, хүн бүхнийг тал бүрээр хөгжүүлэх явдлыг тогтооно гэжээ. Ийнхүү манай өмнөд хөрш

ардчиллын замаар замнах эхлэлээ тавилаа.

Нэг гэр бүл-нэг хүүхэд гэсэн бодлогыг эргэн харж үзэхийг зарим депутат хүсч асуудал тавьжээ. Эдийн засгийн нөхцөл байдал сайжрах үед Нэг гэр бүл-нэг хүүхэд гэсэн бодлогоо цуцлах юм байна. Хятадын Засгийн газраас валютын ханшийг тогтвортой барих бодлого баримталж буй ажээ.

Ноён Элчин сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Монгол Улсын ИБМҮТ-өөс гаргасан мэдээгээр Монголд Хятадын 7000 гаруй иргэн ажиллаж амьдардаг. Харин манай ЭСЯ-наас гаргасан тоогоор 3000 гаруй хүн бий. Дийлэнх нь барилгын ажил эрхэлдэг. Зарим нь хууль бусаар оршин суудаг. Энэ бол тулгамдсан асуудал. ЭСЯ-ны зүгээс өөрийн иргэддээ Монгол Улсын хууль тогтоомж, ёс заншлыг хүндэтгэн дагахыг сануулдаг гэлээ.

Ардын эрх сонин 56 , 57 /588, 589/

Д. Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button