Ц. Сүхбаатар Японд эрхээ шилжүүлсэн нь яагаад ч зөвтгөж болохгүй алхам

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд өрсөлдөх эрхээ Японд шилжүүлсэн нь зөв, буруу гэсэн яриа нэг хэсэгтээ намжихгүй нь. Ардчилсан намын хувьд үүнийг буруу алхам болсон хэмээн үзэж УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц асуулга тавих гэж байна. Энэ талаар тус намын гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц. Сүхбаатартай ярилцлаа.

Тэрээр Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад Монгол Улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан юм.

-Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд өрсөлдөх эрхээ Японд шилжүүлснийг намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, дипломатч хүний хувьд хэрхэн үзэж байгаа вэ?

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Монгол Улс оролцохоор нэрээ дэвшүүлж арав гаруй жил ажиллачихаад саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын үеэр гэнэтхэн саналаа татаж эрхээ Японы талд найр тавин өгсөн нь шуугиан тариад байна. Үүний дараа манай нам байр сууриа илэрхийлж энэ бол зарчмын хувьд буруу алхам, гадаад бодлогын салбарт гарсан ухралт гэж үзэж байгаагаа хэлсэн. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр эрхээ шилжүүлсэн нь их зөв ухаалаг алхам болжээ гэж олон нийтэд ойлгуулах гэсэн суртал ухуулга хүчтэй явах боллоо. Ийм учраас бид энэ асуудлаар илүү тодотгож байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзээд дотроо ярилцаж байна.

-Манай улс дорой буурай, гадаад талдаа дэмжлэг муу, Монголын төлөө санал өгөх орон цөөн, хөрөнгө мөнгөгүй, Япон бол манай хамгийн том хандивлагч орон гэх зэрэг шалтгаанаар эрхээ шилжүүлсэн гэсэн тайлбарууд дуулдаж байна. Айлд эрхээ өгөхийн хажуугаар улсынхаа гадаад нэр хүндийг өөрсдөө ингэж унагах нь зүйд хэр нийцдэг юм бол?

-Монгол Улс нэрээ татсаныг наад хэдэн шалтгаанаар чинь тайлбарлаж байна л даа. Хамгийн гол үндэслэл нь хөрөнгө мөнгөний асуудал гэж байх шиг байна. Хоёрдугаарт, Монгол Улсын нэр хүнд нэг их өндөр биш, доогуур байна гэж дүгнэжээ. Гуравдугаарт, манай гол тусламж олгодог орон маань ингэж байхад бид ингэхээс өөр аргагүй гэсэн иймэрхүү хэдэн үндэслэлийг ярьж байна. Эдгээр нь бодит байдал дээр ямар байна вэ гэгийг авч үзэх ёстой. Хөрөнгө мөнгөтэй холбогдуулж бусад улстай харьцуулж хэлье л дээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр 1945 оноос хойш сонгогдсон улсуудын жагсаалтыг аваад үзэхэд манайтай адил, манайхаас доогуур өчнөөн орон сонгогдсон байдаг юм байна. Ганц хоёр жишээ хэлэхэд Ботсвана, Гвиней Биссау, Гондурас, Коста-Рика, Габон, Гамби, Намиби, Бангладеш, Мали, Колумб, Камерун, Ангол, Бенин гэх мэт манай улстай адил, манайхаас ч хүнд байдалтай орнууд аль хэдийнэ сонгогдоод, ажиллаад явчихсан байдаг. Хоёрхон жишээ хэлье. Азийн бүлгээс гэхэд манайтай ижил төстэй Балба, Бангладеш улсууд тус бүр хоёр хоёр удаа сонгогдож байсан. Бусад Индонез, Филиппин, Малайз гээд чадалтай, нөлөө бүхий том орнуудыг нэрлэхээ больё. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болох нь улсын жижиг томтой огт хамаагүй. Байнгын таван гишүүн улс хүч чадал, цэрэг, зэвсгийн нөлөөгөөрөө Аюулгүйн зөвлөлд байнга сууж байдаг. Байнгын бус арван суудал дээр аль болохоор дэлхийн газар зүйн бүс бүрийг төлөөлсөн орнууд том жижиг гэлгүй тэгш эрхтэй сонгогддог зарчимтай байгууллага. Тэнд аль нэг улс хөрөнгө мөнгөөр давамгайлдаг ёс байхгүй. Монгол Улс 1970-1980-аад онд сонгогдох гэж бас үзсэн. Гэхдээ тухайн үед нэрээ албан ёсоор дэвшүүлж байсан эсэхийг санахгүй байна. Тэгэхэд БНМАУ-д сонгогдох боломж байгаагүй. Мон¬гол коммунист блокийн орон байсан тул социалист системийн арван хэдэн орон л дэмжинэ. Тэр үеийн ЗХУ-ын нөлөөгөөр хөгжиж байсан хэдэн орны дэмжлэг нэмж авахаас биш ихэнх нь Монголыг дэмжихгүй гэдэг нь маш тодорхой байсан. Манай харилцааны хүрээ арван хэдхэн орноос хальдаггүй байсан.

-Ардчиллын нөлөөгөөр манай улсын гадаад нэр хүнд сүүлийн арваад жилд өсч Монголыг хүн танихтайгаа болсон санагддаг. Эсвэл хэний ч мэдэхгүй газрын мухар хэвээрээ юү?

-Ардчилалд шилжсэнээр манай гадаад нэр хүнд асар өндөрт гарч, Англи, Америк гээд өмнө нь комму¬нист Монголын төрийн тэргүүн хүрч очиж, хөл тавьдаггүй байсан орнуудад Ерөнхийлөгч маань айлчилж, зочилж, хэнтэй л бол хэнтэй уулзаж ярьдаг болсон. Хаана л бол хаана Монгол Улсыг хүлээж авдаг болсон. Ийм үед харин Монгол Улс нэрээ дэвшүүлж өөрийнхөө чинсааг шалгах боломж байсан гэж үзэж байгаа. Социализмын үед манайхыг дэмждэг найдвартай блоктой байсан, одоо тийм блок байхгүй болчихсон мэт ярьдаг. Харин ч хуучин тогтолцооны үед Монгол хаагдмал байгаад одоо задарч, ямар ч тохиолдолд сонгогдох боломжтой үүлэн чөлөөний зай гарсан мэт боломж олдоод байсан юм. Улсын нэр хүнд дээшлээд НҮБ-д өрөө төлчихсөн байгаа. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, олон оронд цэргээ илгээчихсэн. Тэр цэргүүд амь насаараа дүйгээд улс орныхоо нэр хүндийг өргөж яваа. Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоох орнуудын бага хурлыг нутагтаа хийчихсэн. Олон улсын иргэний нийгмийн хурал, парламентын форум хийсэн. Үүнийг гадаад бодлогодоо зөв ашиглах ёстой. Гэтэл өөрсдийгөө гутаах ямар хэрэг байгаа юм бэ. Сонгуульд ороод уналаа ч гэсэн улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхгүй. Айх хэрэггүй. Манайхыг ямар ямар улс дэмжиж байна. Бодлого маань зөв үү, буруу юу гэдгийг мэдэж авахад хэрэгтэй. Монгол Улс олон улсын тавцан дээр идэвхтэй байя, нөлөөтэй болъё, чадалтай байя гэдгээ харуулах нэг боломж. Манайх шиг улс байтугай дөнгөж 10-аад жилийн өмнө тусгаар болсон орнууд ороод НҮБ-ын нөлөөтэй байгууллагуудад ажиллаж байна. Яагаад ч зөвтгөх аргагүй алхам хийсэн.

-Зарим хүний тайлбарыг сонсоход манайх сонгуульд орвол Иранд ялагдана гэж эмээгээд. нэгэнт сонгогдож чадахгүй юм чинь гэж дүгнээд эрхээ Японд шилжүүлсэн гэж ойлгогдохоор байгаа?

-Иран улс өнөөдөр цөмийн зэвсэгтэй болохоор улайран хөөцөлдөж, барууны том том орнуудтай сергөлдөж байна. Тэр ч байтугай өөрийн лалын шашинтай орнуудын бүлгийн дотор, эргэн тойрныхоо улсуудад аюул занал учруулж байгаа. Тийм улсыгдэлхийн аюулгүй байдал хэлэлцдэг байгууллагын гишүүн болгохыг хэдэн улс дэмжих вэ гэдгийг бодолцох ёстой. Манайхан лалын орнууд тэр чигээрээ Ираныгдэмжинэ гэсэн аргумент гаргадаг юм л даа. Тийм юм байхгүй. Ираны эргэн тойрны өнөөгийн нехцөл байдал энэ чигээрээ үргэлжлээд 2008 онтой золговол тэдний сонгогдох боломж улам багасна. Нэрээ ч татаж магадгүй. Одоогийн байдлаар Азийн бүлгээс Вьетнам улс ганцаараа байгаа. Вьетнамыг Азийн бүлгээс Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд нэр дэвшиж байх үед Монгол Улс тэднийхтэй өрсөлдөөд санал хураалтад орох, ялах боломж байсан.

-Хэдэн онд юм бэ?

-Саяхан. Нэг хоёрхон жилийн өмнө.

-Түүнийг алдахгүй байж чадаагүй юу?

-Манайхан урагшгүйгээсээ түүнийг алдчихсан. Тэр бол вьетнамын дипломат албаны урлагийг, тэр албыг толгойлж байгаа хүмүүсийн чадварыг харуулж байгаа хэрэг. Манайхан тэгж чадаагүй. Газар зүйн нэг бүлгээс хоёр орон сонгуульд орлоо гэхэд НҮБ-ын гишүүн орнуудын санал хуваагдаж таарна. Аль илүү санал авсан нь сонгогдож таарна. Тэр маш том боломж байсныг алдсан.

-Эрх шилжүүлснийг төрийн ухаалаг шийдвэр гэж цагаатгаж байгаа. Төрийн мэлмийгээр харахад цаад талд нь хожил үзэгддэг юм болов уу?

-Зарим хүний хэлдэгээр их ухаалаг шийдвэр юм байна л даа. Манай Ерөнхийлөгчийн ухаалаг алхам гэх зэргээр ярьж байгаа юм. Энэ ухаалаг алхмыг тэгвэл гадна талд хэрхэн хүлээж авч байгаа вэ. Манай хоёр хөрш орон үүнийг их ухаалаг алхам гэж огт үзэхгүй. Аюулгүйн зөвлөлийн байнгын ги¬шүүн манай хоёр хөрш орон байн¬гын бус гишүүнд хамгийн сайн харилцаатай хөрш орноо байлгахыг хүсэх үү, эсвэл өөрсөдтэйгээ өрсөлдөх орныг тэнд байлгахыг хүсэх үү гэдгийг бодоод үзэхэд Ираны хувьд ч, Японы хувьд ч асуудал гарна. Нөгөөтэйгүүр манайтай сайн харилцаатай Хятад, манайтай их дотно харилцаатай Өмнөд Солонгосын Японтой харилцдаг харилцаа ямар билээ. Ийм нөхцөлд Монгол Улсын хийсэн алхмыг их ухаалаг алхам гэж тэд үзэхгүй нь лавтай. Цаашилбал Азийн бүлгийн орнууд үүнийг их сонин хүлээж авч байгаа. Хөгжиж байгаа манайх шиг бусад орнууд Монгол Улс Японтой их мундаг тохиролцоо хийжээ гэж үзэж байгаа.

НҮБ-ын шугамаар ажиллаж байгаа манай дипломатчдыг гадаадын, ялангуяа хөгжиж байгаа орнуудын дипломатчид байнга шалгааж байгааг би сайн мэдэж байна.Танай Ерөнхийлөгч ямар мундаг тохиролцоо хийчихээ вэ. Та нар Японоос юу авахаар болсон бэ гэж асууж байгаа. Түүнд нь манайхан яаж хариулж байгаа бол гэдэг тун сонин асуулт болоод байна. Хамгийн гол нь манай дипломатууд хэлэх үггүй суугаа. Ерөнхийлөгч бидний мэдэхгүй мундаг тохиролцоо хийсэн байж болох юм. Гэтэл манай дипломатчид юу гэж хариулж байгаа бол гэж бодохоор Манай Ерөнхийлөгчийг зэн хаан нь хүлээж авч хоол өгсөн юм гэнэ лээ. Манай Еренхийлөгч парламентад үг хэлсэн гэнэ лээ. Мундаг сайхан айлчлал болсон гэхээс цааш үггүй л байгаа байхгүй юү.

-Аюулгүйн зевлөлийн байнгын бус гишүүний сонгуульд манай улс дахин өрсөлдөх боломж үүгээр дуусахгүй биз дээ?

-Үүний үр дагавар их ноцтой. Ийм шийдвэр гаргасан нь гадна дотор хоёр талын үр дагавартай. Манай улс дахиад арав, хорин жилийн хугацаанд сонгогдох тухай ярихад хэцүү.

-Яагаад тийм удаан хүлээх ёстой гэж?

-Азийн бүлэг дотор дахиад бид нэрээ дэвшүүлье гэхэд Уучлаарай, танайх дарааллын эхэнд байсан. Түүнээсээ сайн дураараа татгалзсан. Та дарааллын сүүлд очино уу л гэж хэлнэ. Бүх юм дахиад тэгээс эхэлнэ гэсэн үг. Арваад жилийн өмне Монгол Улс Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнд өрсөл¬дөх шийдвэр гаргаад асар их хөрөнгө зарсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар жил бүр НҮБ-ын чуулганд үг хэлэхээр явдгийг та нар мэдэж байгаа. Тэдний удирдамжийн нэгдүгээр номерт тийм тийм улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайдтай уулзаж Монгол Улсыг Аюулгүйн зөвлөлд дэмжүүлэх асуудлаар ярилцана, хэлэлцэнэ гэж заадаг.

Өчнөөн зардал гаргаж явдаг. УИХ-ын дарга, Гадаад хэргийн сайдын гадагш явж байгаа бүх айлчлалын удирдамжид энэ асуудал явж байгаа. Үүнийг ярихын төлөө их олон газраар явсан. Гэтэл асуудал дахиад тэгээс эхлэхэд бүр их хөрөнгө мөнгөний зардал гарахаар байдал үүсч байна.

-Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болох нь манай улсаас даахааргүй их хөрөнгө шаардана. Тэгэхээр нэрээ татсан нь зөв гэж бас дуулдах юм билээ. Хэр зэрэг мөнгө хэрэгтэй байдаг бол?

-Зарим хүн бараг 300 сая ам.долларын хөрөнгө гаргах юм шиг ярьсан байна лээ. Тийм мөнгө гардаг ч юм биш. Хөрөнгө гарах нь гарна. Гэхдээ юу гэж 300 сая ам.долларт хүрэх юмбэ. 1996-1997 оны үед манай улсын нийт төсөв 300 сая ам.доллар хавьцаа байсан биз дээ. Тэгэхэд тиим мангар шийдвэр гаргадаг юм гэж юу байсан юм. Сонгогдоод ажиллаж байгаа улсуудын байдлыг харахад тиим их мөнгө гарахгүй. Монгол Улс 86 жил тусгаар улс байгаа. Гадаад харилцааны алба нь тогтчихсон. Хүмүүс нь бэлтгэгдчихсэн. Хэний ч өмнө энэ үүргийг нүүр улайлгүй биелүүлж чадах хэмжээнд хүрчихсэн гэж ямар ч улс ойлгож байгаа. Асар их зардал гарах мэтээр, түүнээс аварч байгаа мэтээр хүмуүсийн толгойг эргүүлэх; нь асар утгагүй зүйл. Бас нэг том эрхэм ингэж залсан байна. Япон улс бол тасралтгүй сонгогдсоор ирсэн. Одоо бас тасралтгүй сонгогдох бодлого баримталдаг юм гэнэ. НҮБ байгуулагдаад 62 жил болж байгаа. Энэ хугацаанд Япон улс есөн удаа сонгогдсон юм билээ. Сүүлийн удаа 2005 онд сонгогдохоосоо өмнө долоон жил завсарласан. Тасралтгүй гэдэг шиг худлаа юм байхгүй. Дуртай улс нь байнгын гишүүн шиг тогтмол суугаад байдаг юм байхгүй. Бүх юм ээлж дараатай байх ёстой. Нэг улс хэтэрхий удаан суугаад байвал нөгөө орнууд дургүйцнэ биз дээ. Гэтэл сүүлдээ эрх шилжүүлсний бурууг эргээд ГХЯ руу чихэж байх шиг байна. Ерөнхийлөгчид буруу мэдээлэл өгсөн, буруу судалгаа хийсэн. Харин ч Ерөнхийлөгч маань үүнийг ухаалаг аргаар засч залрууллаа гэх шиг өнгөөр ярьж байна. Төрийн томчууд буруу юм хийчихээрээ мэргэжлийн хүмүүст алдааг нь тохдог шүү дээ. Одоо ГХЯ-ны мэргэжлийн дипломатчид үүний бурууг хүлээх нь л дээ. Үнэн хэрэгтээ Японд эрхээ шилжүүлэх энэ бүх ажлыг гардан хийсэн хүн нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатар гэдгийг ГХЯ-ныхан шууд хэлж байна. Энэ бол ГХЯ-ны мэргэжлийн дипломатчидад их хүнд цохилт. Ямар ч орны мэргэжлийн дипломатч хүнд амбиц гэж бий. Улс орныхоо гадаад нэр хүндийг өргөх юмсан, мэдеэн сурсан дипломат урлаг, хэлэлцээний ур чадвараа үзэх юмсан гэдэг бодол байдаг. Гэтэл үүнийг нь улс төрийн бодлогын хүрээнд шийдэж, нэг хүнийг нэг улсад айлчлахад нь мундаг харагдуулахын тулд Монгол Улсаа доош нь хийж байна.

Мэргэжилтнүүдийн хувьд үнэхээр харамсмаар хэрэг. Гадаад бодлогоо хариуцаж байгаа гол хүн Гадаад хэргийн сайд Хоёр хөрштэйгээ сөргөлдөх байдалд орж болох учраас нэрээ татлаа гэж хэлж байгаа юм. Түүний хэлснээр бол Монгол Улс Аюулгүйн зөвлөлд хэзээ ч сонгогдохгүй юм байна. Манай хоёр хөрш байнгын гишүүнээр хэзээд байх болно. Монгол Улс тийм жижиг улс биш. Сөргөлдөх юман дээрээ сөргөлдөж ч чадна.

-Хоёр хөрш хөдлөөгүй байхад манайх Иракт цэргээ явуулсан гээд бие даасан алхмуудыг манайх хийх цагтаа хийсээр ирсэн. Эрх шилжүүлэх зэрэг нарийн асуудлаар эхлээд намууд зөвшилцөж, УИХ-аар хэлэлцдэггүй юм уу?

-1990 оноос хойш манай улс гурван Ерөнхийлөгчийн нүүр үзлээ. П.Очирбат Ерөнхийлөгчийн үед Монгол Улсыг НҮБ-аас цөмийн зэвсэггүй бүс гэж зарлуулах хүнд ажлыг тухайн үед НҮБ-ын дэргэд байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Ж.Энхсайхан хийж чадсан. Тэр хүн маш хүнд нөхцөлд зүтгэсээр байгаад, зардал мөнгөгүйн гачаалыг даваад, НҮБ-аар тусгай тогтоол гаргуулаад, байнгын бус гишүүдээр дэмжүүлээд улс орныхоо нэр хүндийг асар их өргөж өгсөн том алхам хийсэн. П.Очирбат Ерөнхийлөгч гадаад бодлогын түүхэнд үүгээрээ орж ирнэ. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед Иракийн эрх чөлөөний тэмцэлд АНУ-ын талд орж цэрэг илгээх асуудал маш хүнд байсан. Үүнийг шийдэхэд улс төрийн хүчнүүдийн нэгдсэн бодлогыг барьж байж шийдвэр гаргахгүй бол хэцүү байсан. Тухайн үед манай нам сөрөг хүчин байхад албан ёсоор бидэнтэй зөвлөлдөж хэлэлцээ хийж, манай нам дэмжсэн мэдэгдэл гаргаж цэрэг илгээх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд манай долоо, найм дахь баг үүргээ гүйцэтгэж байна. Эх орон, ард түмэн нь нэгдмэл зорилгоор дэмжиж байгаа учраас тэд маань ч хийморьтой яваа. Монгол Улсын нэр хүнд ч тодорхой хэмжээнд өссөн. Н.Багабанди Ерөнхийлөгч үүгээрээ гадаад бодлогод гавьяа байгуулсан гэж харагдаж байгаа. Гэтэл Н.Энхбаяр Ерөнхийлөгч гадаад бодлогын салбарт ухралт хийсэн алхам хийлээ.

-Улс төрийн хүчнүүд гадаад бодлогоор нэгдмэл нэг байр суурьтай байна гэдэгтэй танай намын байр суурь зөрчилдөж байгаа биш үү. Шийдвэр нэгэнт гарсан шүү дээ?

-Гадаад бодлогоор гадагшаа нэг байр суурьтай байх ёстой гэдгийг манай нам байнга баримталдаг. Гэтэл гадаад бодлогын асуудлаар тодорхой хүрээнд буруу шийдвэр гаргасан байхад сөрөг хүчин дуугүй сууна гэдэг уучилшгүй алдаа болно. Түүнийг түүх ч өршөөхгүй ард түмэн ч зөвшөөрөхгүй. Ийм буруу алхам хийснийг сөрөг хүчин мэдсээр байж гадаад бодлогоор нэгдмэл байр суурьтай байх ёстой гэдэг утгаар дуугүй суух юм уу, дэмжиж дуугарах ямар ч үндэслэл байхгүй. Манай намын үзэж буй өөр нэг шалтгаан нь Монгол Улс парламентын засаглалтай орон. Монгол Улсын нэр хүнд, цаашилбал дэлхийн тавцэнд гарах хувь заяатай холбоотой шийдвэрийг парламентаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Ийм учраас УИХ-ын хаврын чуулган нээгдэхэд манай нам наад зах нь асуулга тавина. Цаашилбал том хэлэлцүүлэг явуулна. Энэ асуудлаар эцсийн шийдвэр гарсан гэж үзэхгүй байна. Парламент үгээ хэлэх ёстой. УИХ-д гадаад бодлогын салбарыг мэдэрдэг, анзаардаг олон хүн бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ердөө л МАХН-ын телөөлел болох гурван хүн байдаг. Тэдний хүрээнд асуудлыг шийдээд эрх шилжүүлэх алхам хийсэн байгаа.

-Ерөнхийлөгч Японд айлчлахаасаа нэлээд өмнө Японы Еренхий сайд Шинзо Абэтэй утсаар ярилцаж энэ асуудлыг ярьсан байсан. Тайлбар нь Монголд Японоос хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслийг цаашид өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэгт ач холбогдолтой гэсэн. Төсөл үргэлжлүүлэхэд заавал эрх шилжүүлэх хэрэг байсан уу?

-Тусламжийн бодлого, НҮБ-ын сонгууль хоёр огт өөр, тусдаа асуудал. Тэднийг холбох ямар ч үндэс байхгүй. Хэрэв тусламжийн бодлогоо Японы тал сонгуультай уялдуулж байгаа юм бол тэдний нэр хүнд унана. Жижиг орнуудын аргагүй байдал дээр тоглож байна гэсэн байдал үүсэх учраас үүнд Японы тал ч дургүйцнэ. Японы бодлогыг манайхан буруу тайлбарлаад байгаа юм. Гол донор орондоо хариу барих ёстой гээд. Энэ маш буруу. Цаана нь Ерөнхийлөгчийн айлчлалыг их гоё өнгелег харуулахын тулд завхарсан юм хийсэн. Цаашид орхилгүй хөөцөлдех ёстой асуудал гэж үзэж байгаа.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button