Төлөвлөөгүй хямрал буюу агшин зуурын сүйрэл

Улс орныг бүхэлд хамарсан сүлжээ бүхий энэхүү нүсэр бүтцийн хувьд хамгийн хүнд хэцүү үе нь 1990 оны ардчилсан хувьсгал байсан. Захын нохой хүртэл социализмыг үзэн ядаж, эсэргүүцлийн хамгийн хүнд хэлбэр болох өлсгөлөнг сонгон МАХН-ны эсрэг тэмцсэн тэр бараан өдрүүдэд энэ нам улам нягтарч, аливаад ухаалгаар хандсаар өөрийы байр суурийг хадгалан үлдэж чадсан. Тэгэхэд нэг л хазгай гишгэсэн бол өдгөө МАХН гэдэг нэрийг түүхийн зузаан хуудаснаас хайж үзэхээр тиим эгзэгтэй үе Ах нәмд тулгараад байсан юм. Хүнд нөхцлөөс тэднийг авч гарсан зүйл нь атгасан шагай мэт эв нэгдэл, эрчилсэн дээс шиг ноён нуруу нь ажгуу. Харин өнөөдөр дээр өгүүлсэн чухаг чанарын аль нь ч энэ намд үгүй болжээ. Хэзээ хэзээгүй тасран унахад бэлэн болсон намрын шарласан навч шиг хөөрхийлөлтэй байдлаа яаж ч халхлаад таг сохор хүнд ч талаас илүү нь үзэгдэхээр тийм л өрөвдөлтэй дүр зураг ажиглагдана.

МАХН-ын лидерүүд юу төлөвлөж буй хийгээд хөшигний ардах улс төрийн тоглолт цаашид хэрхэн өрнөх вэ гэдэг асуулт саяхныг хүртэл тун нарийн зохион байгуулалттай, босго өндөр нууцын зэрэглэлд хамаардагбайв. Бүр заримдаа бүх үйл явдал өрнөөд дууссан хойно л гол зангилаа нь тайлагддаг байв. Дотоод дүрмээ сайн мөрддөг эв нэгдэлтэйн дээр гол сценарийг нь зохиож байгаа хүмүүс нь чадварлаг тоглогчид учраас тэр. Гэтэл энэ хүчирхэг айлын хамаг хийморь лундаа, сүр хүч нь сүүлийн нэг жилд гэрлийн хурдаар унаж, харсаар байтал эцэг эх нь, үр хүүхэдтэйгээ нийлээд голомтоо самарчихав. Мэдээж тэд үүнийг хүсээгүй. Харин эрх мэдэл илүүдэхээр бирд болдогийн үлгэрийг мэдсэн ч мэдээгүй царайлан давтчихсан нь сүйрлийнх нь замыг заачихсан хэрэг.

Ухаан орсон балчираас зөнөг залгасан өтгөс хүртэл гарч ирсэн цагаас нь эхлэн Зааны тугал хэмээн дооглон, хэн нэгэн эрхэмийн утсан хүүхэлдэй мэтээр төсөөлж байсан нэг хүн яг өнөөгийн МАХН-ын уналт шиг гэрлийн хурдаар дэвшин гарч ирсэн тэр цагаас энэ сүйрэл эхлэлтэй. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг боловсон хүчнээр хамгийн сайн хангагдсан энэ намын даргаар түүнийг тавигдана гэж тухайн үед хэн ч бодоогүй. Харин өнөөдөр тэрбээр хэнд ч дийлдэхээргүй хэмжээгүй эрхэт хаан мэт хүчирхэг нэгэн болон хувирч улсын толгой дээр сандайлаад суучихлаа. Түүнийг УИХ-ын гишүүн болоход улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүн гэдгээр нь хүлээж авсан. Яг үнэндээ тийм байсан л даа. Гэтэл тун удалгүй тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг юм болж, нам, засгийг хослуулан атгасан нөгөөдөх нь шуналдаа хөтлөгдөөд эцгийгээ мөргөснөөр, төр, нам хоёроор тоглох зам нь шуударсан бөлгөө.

Харин МАХН-ын лиде¬рүүд харсаар байж намаа сөнөөчихөж тэвчсэнгүй бололтой саяханаас Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нэрээр түүнээс нам, болон засгийн эрхийг салгаж авахаар бүх хүчээ дайчлан зүтгэсэн. Энэ бол тэдний эцсийн найдвар байсан юм. Гэвч энэхүү найдвар нь өнөөдөр бараг талаар болчихоод байна. М.Энхболд Нийслэлийн Засаг дарга байхдаа газрын наймаанд дөрөөлж, хэд хэдэн хөрөнгийн эх үүсвэртэй болсныг энд нурших нь илүүц биз. Тиймээ түүнд маш их мөнгө бий. Өдгөө ид дэгдээд буй Хадгаламжийн банкны луйварыг ч түүнтэй холбоотой гэдэг. Тэрбээр МАСЗХ-ны тэргүүнээр олон жил ажилласан. Тэр ч утгаараа тус холбооны өнөөгийн удирдлагууд бүгд түүний гараар дамжиж гарч ирсэн гэсэн үг. Учир мэдэх зарим нэг нь Ц.Чимэдцэрэнг хатгасан хүн нь одоогийн Ерөнхий сайд гэх юм билээ. Ерөнхийлөгчтэй ам муруйсан шалтгааныг нь ч Хадгаламжийн банктай холбож тайлбарладаг.

Өнөөдөр тэрбээр намынхаа Удирдах зөвлөлийн ихэнх гишүүнийг худалдаж аваад байгаа бөгөөд зах зухаас нь гадаад, дотоодод явуулж, галуу шувууны мах зооглуулан хувийнх нь ажлыг зохицуулаад эхэлсэн сурагтай. С.Баяр, Ч.Улаан нарын цөөн лидерүүд түүнээс намаа салгаж авахаар хэсэг зүтгэсэн боловч хүчин мөхөсдөхийн эрхэнд өнөөдөр чимээгүйхэн зайгаа барьж эхэлж байна. УИХ-ын дарга Ц.Нямдорж ч тэдний тоонд орно.

Эцсийн томоохон шийдвэрийг гаргадаг Удирдах зөвлөлийнхөө ихэнх гишүү¬нийг өөрийн болгож чадсан түүнийг зогсоох хүчин сонгуулиас наана үгүй боллоо. Тэр утгаараа МАХН-ын рей¬тинг зогсолтгүй доошилно гэсэн үг. Сөрөг хүчнүүдэд МАХН-ын хүч суларч дотоод зөрчил нь хурцтах тусам сайн тул улсын хөрөнгөөр туйлж, намаа хагаралдуулах түүнийг харж, дотроо чимээгүйхэн алга ташин сууна. МАХН-ын залуу халаа гэгддэг МАСЗХ-ны орсоцолдсон Хадгаламжийн банкны хэргээс болоод 2008 оны сонгуульд залуучууд нэр дэвших боломжгүй боллоо.

Тэднийг нэр дэвшүүллээ ч гэсэн ард түмэн хүлээж авахгүй. Хууччуулыг нь ч мөн л хүлээж авахгүй. Нэг үгээр хэлбэл, энэ намын бүхэл бүтэн нэг үе тасарч байна гэсэн үг. Цаст уулын цагаан әрслан цагаа болохоор шоргоолжинд бариулна гэдэг энэ. МАХН-ыг гадны аль нэг сөрөг хүчин бус дотоод зөрчил нь бутаргаж байна. Одоо яаж ч тордоод энэ нам сэхэхээсээ өнгөрлөө шүү дээ.

(Нийгмийн толь 067/159)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button