Бид Бөртэ чонын удам гэдгийг мэдрүүлж чадсан

Тэр мундаг кино шүүмжлэгчид хүн бүрийн хүлээж авах мэдрэмжийг хүндэтгэн бодож нэг үзсэн болов уу. Киноны туршид энд тэндээс түүхийг гуйвуулчихаж гэх үг олонтаа чих дэлссэн. Уран сайхны кино л юм чинь түүхийг гоёчлох, бага зэрэг уран сайханжуулах нь зүйн хэрэг баймаар сан.

Киноны алдааг ярихыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл алдаанаасаа илүү оноо нь их байсан болохоор… Бас яагаад гэвэл жинхэнэ Бөртэ чонын удам мөртлөө бид өөрсдөө хийж чадаагүйг харийн хүмүүс хийсэн болохоор… Зүгээр л найруулагчийн гайхалтай уран шийдлүүдээс хэсэгхэнийг нь өгүүлэхийг зорьлоо.

Тэмүүжинг Их Монгол улсын хаанд өргөмжилж байгаа хэсгийн зураг авалт ямар сэтгэл хөдөлгөм байсан гээч. Хүүе, нэг жийнсэн хувцастай хүн зогсч байна гээд хошин шог үзэж байгаа юм шиг инээлдээд сууж байсан зарим үзэгч өөрсдөө л ёстой инээдтэй санагдсан. Ард олны хэсгийг бүрдүүлэн зогсох 27000 орчим хүнээс жийнсэн хувцастайг нь онцолж харах гээд чармайгаад сууж байхын оронд киноны хамгийн сүрлэг тэрхэн агшнаас гоё мэдрэмжийг өөртөө шингээвэл дээр байхсан. Анзаарч сайн харвал уухайлан зогсох ард түмний дунд жийнсэн хүрэмтэй хүн ч зогсч л байсан байлгүй. Гэхдээ тэр нь огтоос чухал биш шүү дээ. Тэр хэсгийг үзэж байхад Монгол хүн гэдгээрээ омогших ер бусын мэдрэмж төрж кино тармагц л бусадтай хуваалцмаар санагдаж байснаа хэлмээр байна.

Тэмүүжин цав цагаан өмсгөлтэй, цагаан морь унаад хаан ширээ рүү дөхөж яваа тэр хэсэг зураглалыг одоо ч дахин үзмээр л байна. Өндөрлөн зассан Их хааны тансаг сэнтийдээ Чингисийг залрахад нь ард олны уухайлан хашгирах тэр хэсэг үнэхээр сүрдмээр. Үнэхээрийн бид Бөртэ чонын удам шүү дээ гэж бахархмаар нэг л тийм бардам омогшил…

Их хааныгаа өргөмжлөөд ард олон нь уухайлан хашгирч байгааг Чингис хаан Хасар аа, чи ард олныхоо дуу хоолойг сонсож байна уу? Би Алтан улс руу дайлаар мордмоор санагдчихлаа гэж хажууханд нь зогсох дүүдээ хэлнэ. Яг тэр хэсэгт бид ийм хүчирхэг ард түмний тасархай шүү дээ, дэлхийн талыг эзэлж явсан бидний өвөг дээдэс ийм л хүчирхэг байжээ гэх бодол өөрийн эрхгүй төрснөө нуух юун.

Их хаанд өргөмжлөгдөх үедээ Чингис хааны хэлдэг үг нь Монголын нууц товчоо-нд гардагаас өөр байна, бас л түүх гуйвуулчихлаа гээд зарим түүхч буруушаагаад байгаа. Монголын нууц товчоо-н дээрх шиг шүлэглэсэн үг хэллэг яаж ч бодсон орчин үеийн дэлхийн үзэгчдийн сэтгэлийг нэг их хөдөлгөхгүй л байсан болов уу. Түүний оронд Миний ард түмэн хөл нь хүрэх газар бүрт хүрэх болно гэсэн ганц өгүүлбэр л сэтгэл хөдөлгөх увидасаараа хавьгүй илүү байлаа.

Чингис хааны Хулан хатанг бардам зоригтой цэрэг эмэгтэйн дүрээр харуулсан нь харин ч бүр содон шийдэл байсан. Чингис хаан цөөн хэдэн морьтон цэргийн хамтаар ой модонд явж байхад нь аймшиггүйгээр нум сумаар харвах хуяг дуулгатай цэргийг хэн ч Хулан хатан гэж таахааргүй байсан нь түүхийг мушгин гуйвуулсан гэхээсээ илүү найруулагчийн уран шийдлийг харуулж чадсан. Харвахдаа гарамгай тэрхүү цэргийг толгойн өмсгөл дуулгаа авахад үзэсгэлэнт залуухан бүсгүй гарч ирсэн нь Хулан хатан байсан юм. Хэдийгээр бүслэгдэж баригдсан ч гэсэн Хулан бүсгүй Чингис хааны өмнө бардам гэгч нь Та намайг цаазлагтун. Би таны татвар эм яасан ч болохгүй. Би бол цэрэг хүн. Миний аав таалал төгсөөд би өөрийн өрх аймгаа толгойлж үлдсэн. Монгол эмэгтэй гэхээр л заавал хэн нэгэн эрийн хүүхдийг төрүүлж өсгөх үүрэггүй гэж хэлэх нь Монгол бүсгүй хүний сэтгэлийн хат, бардам эрэмгий шинжийг харуулсан тухайн киноны бас нэгэн чамин шигтгээ байсан юм.

Чингис хааны эцэг хүний сэтгэл зүйг тод томруун гаргахын тулд түүний том хүү Зүчийн дүрийг нэлээд золиосолсон нь зарим хүмүүсийн дургүйцлийг ихээхэн төрүүлэх шиг болсон. Зөрчил үүсгэж байж гол дүрээ тод харуулахыг зорьсон болов уу. Эрс тэс, контраст аливаа зүйлийг тодотгодог шүү дээ. Гэхдээ мундаг кино шүүмжлэгчид-ийн шүүмжлээд байгаачлан кинон дээр Зүчийг Мэргидийн хүүхэд гэж огтхон ч үзүүлээгүй. Чингис хаан хайртай Бөртэ хатнаа хүчин мөхөсдөн Мэргидүүдэд булаалгаад Ван Тоорил эцэг, Жамуха андтайгаа хүч хавсран эргээж авдаг хэсэгт Бөртэ хатан бие давхар эргэн ирснээр үзүүлсэн нь үнэх. Гэвч түүхэн эх сурвалжуудад ч Бертэ хатныг Мэргидээс буцаж ирэхдээ бие давхар ирснийг тэмдэглэсэн байдаг. Мэргидүүдэд булаагдан явахаасаа өмнө гүүний зэлэн дээр гүү сааж байхдаа дотор нь эвгүйрхэж огих гэж байдгийг ч Хуагчин эмгэн харснаар түүхэн сурвалжуудад дурдсан нь бий. Харин кинон дээр Бөртэ хатныг Мэргидээс хүүхэдтэй болж ирсэн гэж огтоос үзүүлээгүй. Хэдийгээр Бөртэ хатныг хэвлий нь мэдэгдэхүйц томорсон бие давхар буцаж ирж буйгаар харуулсан ч киноны төгсгөл хэсэгт жинхэнэ зангилаа тайлагдсан юм.

…Тэмүүжинг дайчин нөхөдтэйгөө дайснаа дарснаа тэмдэглэн найрлаж байхад Бөртэ хатан нярайлж хүү төрснийг дуулгана. Хүү төрсэк гэхийг сонсоод баярлах биш барайж байгаа нүүрний хувирал нь л ЧинГис хааны дүрийг бүтээсэн Япон жүжигчиний ур чадварыг хангалттай харуулж байлаа. Чингис хаан Бөртэ хатны нярайлсан өргөө рүү ормогцоо Хүү төрсен гэл үү? Хэрвээ охин байсан бол би өөрийн хүүхдийг гэж бодоод өсгөх байсан. Алив, наад хүүхдээ надад өг. Би Мэргидийн үр удмыг амьд байлгамааргүй байна гэж хэлэхэд Өүлэн эх нь Чиний эцэг чамаас огт өөр хүн байсан юм байна. Есүхэй баатар эцэг чинь ч намайг мэргидээс булаан авчирсан. Гэхдээ тэр хэзээ ч чамайг өөрийнх нь хүү мөн эсэхэд эргэлзэж байгаагүй. Яагаад гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэвэл эцэг чинь чиний судсаар Бөртэ чонын удмын цус гүйж байгааг өөрөө аяндаа харуулна гэдэгт чинь өчүүхэн төдий ч эргэлзэж байгаагүй эж хариулах хэсэг киноны бас нэгэн гоё хэсэг байсан. Үнэхээр л тэр Бөртэ чонын удам гэдгээ Их

Монголдоо төдийгүй дэлхий дахинд нотолж чадсан билээ.

Бөртэ хатан Тэмүүжингээс уйлан байж Хаантаан, хүүд минь нэр хайрлаач гэхэд Тэмүүжин үүднээс ор руу аажмаар дөхөн очиж дөнгөж төрсөн нялх хүү рүү өнгийн харахад түүний царайд үзэн ядалт, хайр хоёр зэрэг багтаж ядан байж Зүчи гэсэн ганц үг хэлчихээд гэрээс гарч одох тэр хэсэг эцэг хүний сэтгэл зүйг гайхалтай харуулжээ. Зүчи том болтлоо аавыгаа нэг ч удаа аав гэж дуудаж үзсэнгүй. Үргэлж хаантан эсвэл толгойлогч гэж л дууддаг байв. Хүү эрийн цээнд хүрч хаан эцгийнхээ хамтаар Алтан улсыг дайтах том аян дайнд явж үзмээр байгаагаа хэлэх боловч Чингис хаан Зүчи хүүгээ Мэргидийн нутаг болох хойд хязгаарыг эзлүүлэхээр илгээнэ. Үүнд Зүчи хүү ихээхэн гомдож тунирхах боловч хаан эцгийн тушаалыг зөрчиж үл болох тул Мэргидийг эзлэхээр хойд хязгаар руу зорьдог. Ингээд түүнийг Мэргидийг эзлэхээр явсан хойгуур Чингис хаан Алтан улстай дайтахдаа Зүчи хүүгээ авч явъя гэж, гэнэт шийдэн хүү рүүгээ элч илгээх боловч Зүчи хаан эцгийнхээ зарлигийг зөрчин ирдэггүй. Ингээд хаан ихэд хилэгнэн өөрийн биеэр Зүчийн араас очиход Зүчи хүү нь дайсны суманд шархдан нүд нь юм харахаа байж хээр хөдөө их цэргийн хамтаар буудалласан байдаг. Хаан Зүчийн цэргүүдээс яагаад өөрт нь дуулгаагүйг асуухад Ханхүү өөрөө хаан эцэгт минь битгий дуулгаарай. Хаан эцгийн их байлдан дагуулалтад өчүүхэн миний бие чилээрхэх саад болох учиргүй гэсэн гэж хариулдаг нь ямар сэтгэл хөдөлгөм гээч.

Хаан эцгийгээ ирэхэд Зүчи ухаан орж Толгойлогчоо гэж арай ядан дуудахад Чингис хаан хүүгээ уйлан тэвэрч Ааваа гэж дууд. Яг одоо намайг ааваа гэж дууд. Миний хүү Зүчи ээ, чи Бөртэ чонын удам юм байна гэх хэсэгт үзсэн хүн бүрийн зүрх шимширсэн байх. Ийм их сэтгэл хөдлөлийг би л лав урьд өмнө үзэж байсан Чингис хааны тухай кинонуудаас мэдрээгүй ээ. Ингээд Зүчи хүү эцсийн мөчид Аав аа, талархаж байна гэж хэлээд таалал төгсдөг. Урьд нь Чингис хаан нэг дайны олзноосоо дуртайгаа сонгож ав гэсэнд Зүчи олон сайхан зүйлээс ердөө ганцхан эрхий хурууны хуруувч сонгосонд тэр үед хаан эцэг нь Иймхэн юм уу… гэж шоолж байсан юм. Тэр таалал төгсөхдөө гараа баруун гараа тас атгасан байсныг Чингис хаан дэлгэн харвал өнөөх шоолж байсан эрхийвч байлаа. Тэгээд л Чингис хаан Тэнэг аавыгаа өршөө. Чи минь Бөртэ чонын удам байна шүү. дээ гэж, цурхиран уйлах хэсэг киноны гол зангилаа байсан гэж хэлж болохоор, байв.

…Алтан улс руу дайлаар мордохоор Чингис хаан их цэргийн хамтаар цагаан хэрмийн зүг аажуухан хатирч явна. Хажууд нь явах Хулан хатан Хаантаан, бид хэзээ болтол дайтсаар байх юм бэ? гэж асуухад Чингис хаан Маргаашийн энх амгалан, сайн сайхны төлөө бид өнөөдөр байлдах болно гэж хариулна. Чингис хаан мориныхоо явдлыг улам сааруулж Байз, одоохон гэж хэлснээ нум сумаа агсч цагаан хэрмийн зүг харвалаа. Тэгэхдээ хэлэх үг нь үнэхээрийн гоё. Гоё гэхээс өөрөөр юу гэж хэлэх юм бүү мэд.

Миний хүү Зүчи, чи дэлхийг байлдан дагуулах анхны сумыг тавилаа . Үүнээс гоё үг гэж байх уу? Харвасан сум нь үүлэн дээгүүр ниссээр… Мэдээж, Чингис хаан Зүчи хүүгийнхээ эрхийвчийг зүүсэн байлаа.

Зарим хүн явж явж Хятадуудын бүтээсэн Чингис л хамгийн гоё нь болсон юм байна гэж утга учиргүй дүгнэлт хийгээд сууцгааж байх юм. Юу гэсэн үг вэ? 30, 40 ангитай сериал киног нэг цаг гучин минут үргэлжлэх ганц ангитай кинотой харьцуулах гээд зүтгээд байгааг ойлгох ч юм алга.Би хэн нэгэн найруулагч, эсвэл хэн нэгэн түүхчийн нүдээр тэр киног үзээгүй. Би өөрийнхөөрөө л хүлээж авсан. Надад лав таалагдсан. Гэхдээ би жирийн л үзэгч шүү дээ.

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

Ж.Индранил

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button