Театрт болзох уу…

Олон улсын театрын урлагийнхан хүндэтгэл үзүүлэн тэмдэглэдэг театрын өдөр ойртжээ. Манай театраар хэдийнэ хөл хөдөлгөөн эхэлчихэж. Модерн балет, Цэнхэр нүдэт бүсгүй, Кармен дуурь, Францын сонгодог хөгжмийн концерт… Энэ бүхэн Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн хүн төрөлхтний хамгийн эрхэмсэг урлагийн төлөө өргөж буй баярын бэлэг.

Театрын өдөрт зориулсан тоглолт энэ сарын 21-нээс эхэлжээ. Энэ үдэш Сарны эрх чөлөө хэмээх модерн балетыг БНСҮ-ын Поэма балетын хамтлагийнхан монголын үзэгчдэд сонирхуулав. Өмнөд Солонгосын орчин үеийн балетын урлагийн бүтээлээс Монголын театрын өдөрт бэлэг барьсан Сарны эрх чөлөө хамтлагийн 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажээ.

Театрт хүрэлцэн ирсэн өөр нэг шинэ зочин Францын нэрт удирдаач Роберт Рессикауд ирэх ням гаригт алдарт Кармен дуурийг удирдаж, маргааш нь хөгжимчин Филипп Курттай хамтран Францын сонгодог хөгжмийн дээжсээс сонирхуулах гэнэ. Харин та Л.Делибийн Цэнхэр нүдэн бүсгүй бүжгэн жүжгийг сонирхохыг хүсвэл маргааш ДБЭТ-ыг зориорой. Амжихгүй байлаа ч санаа зоволтгүй, сонгодог урлагийг биширдэг та бүхнийг Ардын жүжигчин А.Долгорын LIRICA сонгодог концерт, ОХУ-ын Ардын жүжигчин А.П.Чепурнойн удирдах Травиата дуурь, Ф.Шопены Шопениана бүжгэн жүжиг, ДБЭТ-ын дэргэдэх Нюанс хамтлагийн Nuans popera concert, найрал дууны анги байгуулагдсаны 60 жилийн ойн дуун цэнгүүн гээд олон бэлэг хүлээж байгаа. Театрын өдөр энэ сарын 28-нд тохионо гэдгийг бүү мартаарай. Тэр болтол үргэлж сонгодог үдэш тохиох учир үлдсэн өдрүүдийн үдэш бүрийг театрт өнгөрүүлэхийг хүсье. Зөвхөн театрт, сонгодог хөгжмийн аялгуун дор болзон уу?

Ардын эрх сонин 56, 57 /588, 589/

Б.Батчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button