Кино урлаг мөхлийн ирмэгт туллаа

Үүний хариултыг олъё гэвэл ерөөсөө л хөрөнгө мөнгөний асуудал байдаг юм билээ. Кино гэдэг тухайн цаг үеийнхээ түүх болон хойч үедээ үлддэг аугаа уран бүтээл. Түүх болдог гэхээр зарим хүмүүс гайхаж магадгүй. Уран сайхны киноны түүх болох ч хаашаа юм. Харин баримтат кино бол түүх гэж хэлэх ч хүмүүс бий. Тэгвэл бидний энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн хэн нь ч дэлхийн алдартай хүн болох Чингэс хаан, Напелеон, Ленин, Гитлерийг хараагүй. Тэдний зан төрх, үйл хөдөлгөөн, үзэл санааг бид дэлгэцнээс л харж мэддэг шүү дээ. Хэрвээ кино урлаг, тэдний дүрийг мөнхөлсөн алдартай жүжигчид байгаагүй бол бид муудсан цаасан дээрх бүдэгхэн зураг, хуучны хэдэн номноос өөрөөр тэднийг мэдэх аргагүй. Зарим нэг ном сонин уншдаггүй хүмүүс нь бүр мэдэх ч үгүй байсан биз. Нөгөө талаар аль цаг үед ямар үйл явдал болж байсан гэдгийг ч бид мөн л киноноос үзэж мэдэрдэг. Атар газар хэрхэн эзэмшиж байсныг харъяа гэвэл Хөхөө гэрлэх дөхлөө, нэгдэлжих хөдөлгөөнийг мэдье гэвэл Морьтой ч болоосой, бүтээн босголтыг Аман хуур, эрүүл мэндийн салбарын үүслийг Сэрэлт, хэрхэн бичиг үсэгт суралцаж, боловсрол эзэмшиж байсныг Намар нахиалсан мод, Түмний нэг зэрэг кинонуудаас харж болно. Тэр үеийн хүмүүс юу хэрэглэж, тухайн нийгэм ямар үзэл бодолтой байсан зэргийг бид киноноос үзэж, мэдэж чадаж байна гэдэг нь энэ урлаг түүх болон үлдэж байгааг гэрчилж байгаа юм. Гэтэл Монгол оронд ардчилал хэрхэн бий болсон талаар өнөөдөр бариад үзчихье гэх кино үнэндээ алга байна шүү дээ. Ганц нэг баримтат кино бий нь бий. Гэхдээ 1930-аад оноос хойш хөгжиж ирсэн баримтат кинонууд дотор тэр нь ямаршуухан байр суурийг эзлэх бол гэдэг нь эргэлзээтэй. Зах зээлийн шуурганаар замхарсан Кино урлаг одоо сэргэх цаг нь болсон баймаар. Энэ урлаг аль нэг студид очоод дуу бичүүлж, клип хийлгэчихээд ам барьж үзэгчдээ хууран орилохоос шал өөр. Маш олон уран бүтээлчдийн нөр их хөдөлмөр, төдий хэмжээний төсөв санхүүгээр босдог бүтээл. Түүнээс хэн нэгэн юугаа ч мэдэхгүй хүүхдүүдийн дураараа оролддог тоглоом биш. Яахав хааяахан нэг уран сайхны кино бүтээгдэж байгааг үгүйсгэхгүй. Харин шинээр гарч байгаа тэдгээр кино хий дэмий л секс маягийн бөгс хагсаа гаргасан хоосон чамирхалаас өөр хожим хойно дурсгал болоод үлдчих юмгүй л байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын нийгэм нэг үеэ бодоход сэргэж байна. Юм юм чиглэл урсгалаараа хөгжиж байна. Гэтэл Монголдоо ганцхан байдаг кино үйлдвэр болох Монгол кино нэгтгэл өнөөдөр зогсонги байдалтай байгаа нь харамсмаар. Үүнийг сонсоод хэн нэг нь удирдлага нь муутайгаас хөгжихгүй байна гэх биз ээ. Тэгвэл үүнийг өгүүлэгч миний бие шал өөр бодолтой байна. Төр засаг нь анхааралдаа авч, төсөв мөнгөөр хангаж өгөхгүй бол хөдөлвөл л зоосны нүхээр харах болсон энэ үед гартаа барих мөнгөгүй байгууллага юугаа ч хийх юм билээ. Үнэндээ бол өнөөдрийн кино үйлдвэрт кино урлаг-таа хайртай хэдэн хүн л сууж байна. Тэдгээр хүмүүсийн сэтгэлд ихийг хийх, бүтээх санаа байвч өнөөх л тоолдог хэд нь байхгүйгээс сачий ньхүрэхгүй байсаар Зах зээлийн шуурганаар ажлаасаа гарсан хэд нь хааяахан нэг ирж үилдвэрээ харж санаа алдчихаад буцдаг юм гэсэн. Гэхдээ бүгд биш л дээ. Зах зээлд шилжсэний дараа хэсэг бүлэг уран бүтээлчид нэгдэж хэд хэдэн кино хийж байсан нь үнэн. Харамсалтай нь тэдний хийсэн уран бүтээл нь кино урлаг ид цэцэглэж байхад хийгдсэн кинонууд шиг хүмүүсийн сэтгэлд хүрч чадаагүй. Мөн кино хийхдээ гаргасан зардлаа нөхөж чаддаггүйгээс тэдгээр хүмүүс дахин олон кино хийхийг хүсээгүй бололтой тэгсхийгээд мөр мөрөө хөөцгөөн чимээгүй болцгоосон. Өнөөдрийн байдлаар Монголын урдаа барьдаг Тэнгис кино театр нь гарч байгаа киног үзье гэвэл барууныхны алаан хядаан, Өмнөд Солонгосын нэгэн хэвийн зохиомжтой кино л үзэхэд тулаад байна. Харин телевизээр сайхан кино үзчихье гэхээр мөн л дээрхтэй адилхан утгатай, эсвэл олон ангит савангийн дуурь үзэхээс өөр замгүй. Ингэж хэлснээрээ гадаадын киног үгүйсгэх гээгүй ч үүнийг цагаан хувьсгал гэж нэрлэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Манайхан ингэж гадаадын кино ихээр үзэх болсныг зүйрлэвэл Монголынхоо хөрсөнд ургасан төмс идэхгүй хямдханыг бодож Эрээний төмс идэж байгаагаас ялгаа нэгээхэн ч үгүй. С1 телевизээр гардаг Монголын уран сайхны кинонуудыг үзэгчид урьд нь хичнээн үзсэн байсан ч баяртайгаар дахин үздэг юм билээ. Үүнээс харахад манайхан сайхан хийсэн Монгол киногоо үзэх сонирхолтой байгаа нь илт. Өөрийн юм гэдэг өргүй сайхан шүү дээ. Кино урлагаа устгахгүй авч үлдье гэвэл киноны зах зээлээ сэргээж, эргэлтийн хөрөнгөтэй болгочихвол Монгол кино үйлдвэр маань хөл дээрээ босох магадлалтай. Аливаа улс орон өөрийн түүхээ авч үлдэхийн тулд нэн түрүүн кино урлагийн салбараа анхааран авч үлддэг юм гэнэ лээ. Оросод гэхэд кино хийх төсвийн 70 хувийг нь улсаас өгч үлдсэн гучин хувийг өөрсдөө ол гэдэг байна. Уран бүтээлчид киногоо хийсний дараа орлогоноос нь өгсөн мөнгөө төр эргүүлээд авчихдаг гэнэ. Гэтэл манайд энэ талаар бодож байгаа төр засгийн удирдлагууд нэгээхэн ч алга. Тэд төрийн өндөрлөгт гарчихаад хэн юу идэх гэж байна. Би дутчих вий дээ. Энэ хэдэн тэнэгүүдийн толгойг эргүүлж байгаад дахин нэг удаа их хуралд сонгогдчих юмсан гэж бодохоос илүү холыг харж чаддаггүй юм болов уу? Түүхээ мэддэггүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг зүгээр ч нэг хэлэгдээгүй биз ээ! Төр засгийн удирдлагууд маань шээсний газар ч хүрэхгүй жижиг сажиг хэрүүлээсээ салж улс орондоо анхаарлаа анхаараач ээ. Кино урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадах ахмад буурлуудаа амьд байгаа дээр тэдний гарт нь байгаа шижир алтыг авч үлдэх талыг бодсон нь дээр юм биш үү. Одоо л кино урлагтаа анхаарлаа хандуулахгүй бол Монгол эх оронд минь энэ төрлийн урлаг устахад хүрээд байна!!! Монгол киноны ахмад уран бүтээлчид бусад байгууллагын ахмадуудын нэгэн адил жилдээ нэг удаа цугладаг уламжлалтай. Монгол кино нэгтгэл ахмад уран бүтээлчдээ хүлээн авч байх үеэр нь хэрэг болгон очсон юм. Ингээд залуу зандан цагтаа кино урлагт од болон гялалзаж явсан тэдний заримаас нь өнөөгийн кино урлаг ямархуу төвшинд байгаа талаар сэтгэгдлийг нь сонссон юм.

УГЗ найруулагч Гомбо Манай кино урлаг зогсонги байдалд ороод байна

Би кино урлагийг хөгжиж эхэлсэн цагаас нь эхлээд оргил үеүдэд ажиллаж байсан. Дөчөөд жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Уран сайхны болон баримтат киноны хөгжлийн том шатанд өөрийнхөө хэмжээнд ажиллаад болж л байсан. Кино гэдэг хөрөнгөөр л бүтдэг, босдог, явдаг газар шүү дээ. Зах зээлд шилжсэнээс хойш мөнгө төгрөгнөөс эхлээд юм юм л хумигдсан. Хуучин бол таван зуугаад ажилчинтай байсан айл чинь хасагдсаар тавь жар хүрсэн. Тавь жаран хүнтэй байна гэдэг тэр хэмжээгээрээ хөрөнгө мөнгө нь багассан гэсэн үг. Улсаас мөнгө өгөхөө больсон юмдаг. Одоо бол энэ байж байгаа хүмүүс яаж байдаг юм мэдэхгүй. Би чинь хоёр хөлгүй болсноос хойш ажлаараа ирэхээ больсон. Өнөөдөр ахмадууд маань нэг дор цугласан байгаа болохоор ирлээ дээ. Би кино урлагаа хөгжөөсэй л гэж бодож явдаг. Бусад газрууд дуурь, драм, хошин шог хувиараа уран бүтээл хийж байгаа хүмүүс бол хөгжиж байна. Манайхан л нэг тийм зогсонги байдалд байгаа юм уу даа л гэж бодож явдаг. Улс ухаантай бол хөрөнгө мөнгө өгөх биз. 90-ээд оны үед бид анхнаасаа л кино үйлдвэр улсын мэдэлд байх ёстой гэж хэлж, ярьж байсан. Харин тухайн үеийн дарга нар маань сайн ойлгоогүй юм уу. Эсвэл тэгэх ёстой гэж бодож байсан уу. Ямар ч байсан нэг их хөрөнгө мөнгө өгөөгүй зоргоор нь орхисон. Мөнгө ч үгүй, аппарат ч үгүй үзэг цааснаас өөр юмгүй хүмүүс 90-ээд оноос чөлөөт уран бүтээлчид болцгоогоод тарсан. Хэдийгээр чөлөөт уран бүтээлч байлаа гээд гартаа барьсан мөнгөгүй юм чинь яаж кино хийх юм. Дэлхийн киног ч гэсэн мөнгөнд л түшиглэн хийж байгаа шүү дээ. Манай кинонууд сайн хийгдэж олон улсаас шагнал авч байсан. Өшөө сайхан сайхан кино хийх боломж байсан. Чөлөөтэй уран бүтээл хийх боломжтой болж Чингэс, Мандухай гээд олон кино хийгдсэн. Энэ чигээрээ цааш явсан бол явах л байсан. Миний ганц харамсаж явдаг юм бол бусад урлагууд хөгжөөд болоод байхад кино урлаг байхгүй байгаад л гайхаж явдаг. Кино олон хүнийг хамарч асар том хүрээтэй байдаг. Юугаар ч дутахгүй. Ганц мөнгөөр л дутаж байна. Сайн хийсэн кино хэзээ ч хуучрахгүй. Хуучрах тусмаа үнэтэй болдог.

УГЗ зураач О.Мягмар Кино урлагийг өөд нь татах цаг болсон

Сүүлийн үед Монгол кино зогсонги байдалд орчихлоо шүү дээ. Үүнийг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ юунаас болов гэхээр уран бүтээлчдийн муугаас болоогүй. Ерөнхийдөө уран бүтээлчид жаахан тарсан л даа. Тарсаныг цуглуулж болно. Гэтэл кино хийх хөрөнгө байхгүй болчихоод байгаа юм. Драмын театр, Дуурийн театрууд улсаас жилд 500 сая төгрөгний татаас авдаг юм байна. Тэгэхээр би кино юугаараа дутаад тэр юманд хүрдэггүй юм бэ гэж асуумаар байгаа юм. Манай улс киногоор ихээхэн мөнгө олж байсан үе бий. Жишээ нь Ичээнд нь киног улсаас 700 мянган төгрөг төсөвлөж өгөөд кино бүтсэний дараа 25 хувилаад улс даяар тарааж байсан. Бүх улсаараа үзнэ шүү дээ. Тэгэхээр хичнээн 700 авна биз дээ. Жилд хоёр, чадвал гурван кино тухайлбал түүхийн сэдвээр, хүүхэд залуучуудын сэдвээр гэх мэт кино хийгээч ээ гэж улс захиалга өгч болдоггүй юм болов уу гэж бодож явдаг. Хийе гэвэл хийх улсууд нь байна аа. Одоо зэвэрлээ. Гэхдээ мөнгө өгвөл бидний дуртай нэг нь аваад муу юм хийхгүй л дээ. Уралдаан маягийн юм зарлаж аль сайн хийж чадах нэгэнд нь өгөх хэрэгтэй юм уу. Нэг иймэрхүү л санаа байгаа юм. Гэхдээ улс ямар бодолтой байдгийг мэдэхгүй. Ямар ч байсан кино урлагийг өөд нь татахгүй бол энэ чинь унах гээд байна шүү.

УГЗ зураач П.Цогзол Соёлын өв үлдэнэ гэдэг дэлхий дээр аугаа

Кино урлаг гэдэг чинь ерөөсөө л дүрсний урлаг. Тэр дүрсийг харахад л дуу хөгжим дуугарахгүй байсан ч л юм ойлгож болно. Бид урьд нь ямар кино хийж байсан бэ гэхээр засаг төрийн бодлогын дагуу кино хийж байсан. Өөрөөр хэлбэл энэ жил барилгачидын ой болно барилгачин хүнийг дүрсэл гэхээр за гээд Аман хуур киног хийх, цэрэг дайны холбогдолтой кино хий гэвэл Зарлаагүй дайны оршил гэдэг юм уу тэгж хийж байсан. Гэхдээ тэдгээр киног үзэхдээ зөвхөн хүнийг нь харах биш өөрийнхөө улс орны хүмүүсийн тухайн үед эдэлж хэрэглэж, өмсөж зүүж байсан эд зүйл, ямар харьцаатай байсан зэрэг амьд түүхийг хардаг. Бид нарын үед ажиллаж, эдэлж хэрэглэж байсан зүйл бол тэр үеийн Зөвлөлтийн тоног төхөөрөмж, Ардчилсан Германаас ирдэг юмуу Орос плёнкоор кино хийж байсан юм. Одоо бол аль нь ч байхгүй. Манай хуучин ажиллаж байсан бүх юм одоо хэн ч ард нь суулаа гээд ажиллах юм нэг ч байхгүй. Тэдэнд зохицсон плёнк энэ тэр байхгүй болчихлоо шүү дээ. Одоогийн хальснуудын аль нь ч таарахгүй түүнийг боловсруулж угааж болдоггүй. Тэгэхээр дэлхий дээр хэрэглэж болдог тийм жижиг хэмжээний үйлдвэр байгуулах хэрэгтэй болчихоод байна. Урлаг, техник хоёр нийлж байж кино урлагийг бий болгодог. Өнөөдөр кино хийж бүтээж байсан уран бүтээлчдийн хагас нь амьд байна. Болсон болоогүй залуучуудыг сургаж байна. Харин манайд хэрэглэж болох техник нэг ч байхгүй болчихлоо. Тийм учраас техникийн талыг сэргээхгүйгээр кино урлаг босож ирэхгүй. Кино урлагийг босгох ямар хэрэгтэй юм гэхээр дэлхийн улс бүхэн өөрийн гэсэн киноны бодлоготой байгаа шүү дээ. Тэр бодлого нь нэгдүгээрт түүхээ бүтээх, хоёрдугаарт мөнгө олох юм. Түүхээ бүтээхээ илүүд тавих хэрэгтэй. Мөнгө олох бол тэртэй тэргүй газар шорооноосоо олж болно. Тэгэхээр энэ бодлого манайд оройтож байна. Энэ кино хийж байсан, залуучуудаа сургах улсууд чинь үхээд үрэгдээд дуусах нь байна аа. Залуучуудад сурсанаа хэрэглэх багаж хэрэгсэл алга аа. Морьтой сон бол гэдэг шиг эдэнд морь байхгүй байна. Тийм учраас засаг төр анхаарал тавьж энэ олон хувийнхаа хөрөнгөөр бэлдсэн, улсын мөнгөөр сургаж бэлдсэн олон уран бүтээлчдийг ажиллуулах. Түүгээрээ улсынхаа түүхийг кино дүрсэнд үлдээж авах ажил чухал байна аа. Үүнийг л засаг төрийг маань барьж байгаа, удирдаж байгаа улсууд маань ойлгоосой!!! Тэр Эрдэнэтийн үйлдвэр, таван толгой, оюу толгой чухал аа. Кино урлаг чинь тэрнээй Чухал шүү!!! Соёлын өв үлдэнэ гэдэг дэлхий дээр аугаа юм. Ямар сайндаа урлагуран сайхны алдартай хүн Германы зохиолч, уран бүтээлч Гёте Надад миний урлагийн суудал хааны суудлаас илүү үнэтэй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр урлаг гэдэг их чухал юм болж таарч байнаа даа. Үүнийг л ойлгож анхаарлаа тавиасай. Оройтлоо шүү л гэж хэлэх байна. Яалаа гэж бүгдээрээ тэнэг хүмүүс байхав. Ойлгох хүн байх л байх. Цаг чинь болсон шүү гэж хэлмээр байна. Цаг алдаж болохгүй. Тэгвэл хоосон болно. Оросын Лучше поздно чем не когда гэж зүйр үг байдаг. Огт байгаагүйгээс оройтсон ч гэсэн охинтой болсон чинь дээр шүү гэдэг. Үүнийг санаасай.

УГЖ Цэнд-Аюуш Санхүүгийн байдлаас хийж чадахаа болилоо

Үнэндээ мөнгөгүй болохоор ядуу байна шүү дээ. Мэргэжлийн улс хичнээн байлаа гээд мөнгөгүйгээр яаж хөдлөх билээ. Тийм биз дээ. Төр засаг хэрвээ харж ханддаг юм бол Хичнээн ч мөнгө өгөх вэ дээ. Энэ бол ерөөсөө утгагүй юм байна л даа. Кино үйлдвэр маань санхүү талаасаа л доройтсоор байгаад юм хийж чадахаа больчихсон шүү дээ. Түүнээс боловсон хүчин байна. Зөндөө сайн найруулагч, оператор, жүжигчин техник талын хүмүүс бүгд л байж байна. Бидний хийж байсан кинонууд бол маш их хяналттай, яанартай хийгдэж байсан болохоор үзэгчид одоо хир нь үзэх сонирхолтой байдаг юм болов уу. Би бол ингэж л ойлгож байна. Гэхдээ би ямар хир төвшинд явж байна гэж дүгнэж үзээгүй. Гэхдээ урьд хийж байсан киногоо үгүйлээд байдаг юм уу яадаг ч юм сэтгэл жаахан дундуур л байдаг.

СТА Цэмпилмаа Санхүүгийн асуудал нэгдүгээрт тавигдаж байна

Миний хувьд адилхан даа. Зах зээлийн үед мөнгө эдийн засаг л шийдвэрлэх юм болчихоод байна ш дээ. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт дээр үед киног яаж хийх ёстой вэ тэр номоор нь л хийдэг байж. Дандаа гадаадад төгссөн нарийн мэргэжилтэй уран бүтээлчид ажиллаж байсан. Одоо тийм хэмжээнд боловсон хүчин бэлдэхгүй байна. Орчин үед гарч байгаа кинонууд энэ цагийнхаа үзэгчдэд таалагддаг л байх. Бид үеэ өнгөрөөж байгаа хуучныхаа юмыг л жоохон магтах гээд байдаг болохоос орчин үеийн кинонууд үзэгчдийнхээ юу хүсэж байгаа хэрэгцээг нь хангаж байгаа байх аа гэж бодож байна. Тухайн үед өндөр шаардлагатай, үзэл суртал ихтэй байлаа шүү дээ. Бид нар хэтэрхий их хяналтан дор байна. Зарим кинонууд маань дарга нарын санаагаар хасагдсаар байгаад танигдахын аргагүй болчихлоо гэдэг гомдол их гардаг байсан. Уран бүтээлч

хүний хувьд чөлөөтэй байх шаардлагатай. Одоо тэгэхээр их чөлөөтэй болсон. Хэн юу хийж чадаж байна. Түүнийгээ хийх бүрэн боломжтой болчихлоо шүү дээ. Нөгөө талаас дээр үеийн киноны дуу их сайхан байж билээ гэж ярьдаг чинь одооны кинонд дуу оруулж байгаагаас өөр байгаад л учир нь байгаа юм. Юу нь өөр вэ гэхээр бид нар ам барьж байсан. Одоо бол цаана нь ориг дуу нь яваад наана нь зөвхөн хагас тоглолттой уншиж байгаа. Гэтэл дээр үед бид нар бүх дуу шуумыг нь аваад яг тэр жүжигчний хэмжээнд хүрэхийн тулд зуун хувийн тоглолт хийдэг байсан. Гэхдээ одоо цаг өөр болсон учраас яг тийм байх ёстой гэж хэлэх нь учир дутагдалтай шүү дээ.

Н.Будсүрэн

Дээдсийн хүрээлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button