Темперамент ба парламент

Дээдсийн хүрээлэн сонинд Темперамент ба парламент гэдэг өгүүлэл нийтлэгдсэний дараа нэр бүхий зарим эрхэмүүд хөлийн бөөс толгойд гарав хэмээн ундуйцаж, хилэгнэсэн сурагтай. Уг нь дэмий л юм. Ямар балиар, заваан, худалч, хулгайч, банзал янхнаар нь дуудсан биш дээ Ердөө л хэн гуайд ч байдаг хувийн тэр онцлог шинжийг нь олж харахыг хичээсэн хэрэг! Тийм ээ! Хүн биенд хувилж хорвоод төрсөн бид өндөрт ч авирсан, индэрт ч гарсан ялгаагүй нүд ухдаггүй, нүгэлгүй цагаан хэрээ болдоггүй шүү дээ! Бид гэдэг Хомесапиенсууд хартай цагаантай, нисдэггүй жигүүртэн, цаддаггүй ходоодтонгууд билээ. Нэг насаараа барж идэхгүй бэл бэнчин базаачихаад бэлэн далайг амьтнаас харамлаж суудаг хялгасан хоолойтой тогоон чинээ гэдэстэй бэрдүүд билээ. Харин өөрийгөө хаацайлан өмөөрөх нь тэдний дархан эрх нь байлгүй дээ. Нюренбергийн шүүхэд фашистууд цаазны тавцан дээрээс өөрсдийгөө өмөөрч байсан. Аугусто Пиночето, Садам Хуссейн бас л утсан чинээ улаан амиа хаацайлж л байсан. Энэ бол хүмүүн хийгээд адгуусанд заяасан биеэ хамгаалах рефлекс юм. Та бидэнд байгаль ээжээс заяасан төрөлхийн Хувь хүний чанар бас нийгмийн амьдралаас халдсан олдмол бие хүний чанар аль аль нь бий. Миний бие засаг ноёдууд орчин үеийн жинсгүй бээл бээс, ван гүн, зайсан зайран нарынхаа суу алдрыг нь хиртээж, бие хүнийх нь хувьд доромжилж төр түшилцэх албанд нь сэв суулгах атхаг санааг ер өвөрлөсөнгүй. Ердөө л шавь нараа хайрлаж, зэмлэж явдаг багшийн сэтгэлээр хандаж холын зай, телевизийн долгионоос авсан аудиовизаль мэдээлэлд тулгуурлан нэгэнт нийтэд илэрхий сэтгэцийн чинь шинжийг орчин цагийн шинжлэх ухааны томруулагч дурангаар олж харах оролдлого хийсэн юм. Хүн нуудгайгаа нууна уу гэхээс биш, өөрийгөө нууж чадахгүй шүү дээ. Мэдээж хөнгөн хуумаг хандаж дутуу дулимаг цэгнэж, эндэж алдсан зүйл байваас өчүүхэн миний бие урьдчилан өршөөл гуйсан билээ. Иргэний ардчилсан нийгэмд олны дунд зард гарсан улс төрийн лидерүүд, тэрбумтангууд, алдартай тамирчингууд, урлаг соёлын одууд мөн тэднийг тойрон хүрээлэгчид хамсаатангууд, нууц амрагуудад нь сэтгэл зүйн досье хөтөлж түүнийгээ илэн далангүй хэвлэл мэдээллээр дамжуулж иргэдийнхээ сонорт хүргэдэг туршлага ч бий л дээ. Үүнийгээ төртэйгээ огт хутгадаггүй, төр хүн хоёр салангид тусгаар зүйл гэдгийг сайтар ухаарсан бололтой. Гэтэл манайд засгийн саарлын час улаан хивсэн дээгүүр майга хөлөө тавьж алцага палцага алхмагц төрсөн бие төрөл арилжиж, Би-төр! Би-засаг! Би-хууль! хэмээн цээжээ дэлддэг сайн эрчүүд бий шүү дээ. Нээлттэй нийгэмд, нээлттэй амьдрахын тулд бид сэтгэл санаагаараа ариусаж, цэвэрших хэрэгтэй болжээ. Английн парламент, Швейцарийн рексдаг, АНУ-ын конгресс, Германы бундестаг өөрийгөө улс төрийн бөөсөнд баригдаж, буг чөтгөр, тийрэн шулам болохоос нь сэргийлэх гэж эрхэм гишүүдийнхээ оюун ухаан, сэтгэл санаа нь эрүүл саруул байна уу, эмгэг согогтой болов уу гэдэгт нь онош тогтоодог мэргэжлийн шинжээч, психо-аналитикуудыг ажиллуулдаг гэсэн. Хүнийг бид тааруухан зураачийн зусар бялдууч бийрээр өнгөлөн янзалсан улс төрийн товчооныхны тосон будгийн хөргийг өргөцгөөн өвлийн жаварт өл халзан талбайгаар өөдөө сөөргөө хоолойн багтраа тустал ура хашгирч сүрэг сүргээрээ хичнээн ч жил майлалдан мөөрөлдөв. Гэтэл бид модон жаазанд суулгасан халзан мэлзэн, хялар сөлөр Ху намын хувилгаануудын даавуун хөргийн цаана чухам хэн байв гэдгийг мэддэггүй байлаа. Тэдний нэр нь ердөө л нам засгийн удирдагчид! Тиймээ! Тэд хүн биш танигдахгүй хөргүүд байлаа. Өнөөдрийн Монголын парламентыг олзлогдсон Япон цэрэг анхны тоосгыг нь өрж, хожим нь Болгар инженер өнгийг нь янзлаж, Хятад инжаан эзэн Чингисийг нь залж өгсөн барзгар бор байшин гэдгээр нь биш, Лаос мужааны ур гаргасан хүрэн зандан ширээгээр нь ч биш тэнд залардаг, задардаг аль нэгэн намын сэтэртэн хонжоо монжооны бизнестэй, хувийн сүрхий амбицтэй, эдийн засаг, хуульч голдуу үнэмлэхтэй далан зургаан хүмүүсээр нь ойлгоорой. Тэд бол бидний өдрийн бодол швнийн зүүдийг маань тайлахдаа товч даран товолдог хүмүүсээ! Бид тэдний араншинг сэтгүүлч зураглаач нөхдийнхөө зүтгэл хөдөлмөрийн ачаар амьд сэрүүн дүрээр нь харцгааж гайхширч, бухимдаж, заримдаа цөхөрлөө барж хэлэх үгээ ч олохгүй алмайрч суудаг нь үнэн. Тэд нэгэнт л тэнгэр заяат бурхан богд арш лам биш мах цусанд төрсөн нүгэлт орчлонгийн Шидбүү нар болохоор зүсэн зүйлээр аашлах нь аргагүй ч юмуу даа хөөрхөс. Тэр ч атугай хүсээд мөрөөдөөд байдаг өндөр хөгжилтэй Япон, Солонгосын парламент ч гэсэн үе үе халуурахдаа хурлынхаа танхимыг боксын ринг болгочих шахдаг гэсэн. Оросын либерал-ардчилсан намын дарга, думын спикер Владимир Вольфавич Жириновский хэрхэн яаж авирлаж байдгийг үзэгчид андахгүй. Тэрвээр төдийлөн өндөр боловсрол, онцгой содон авъяасгүй ч сэтгэл зүйн талаасаа хачин сонин хүн гэсэн. Магад өөртөө бусдаас ялгарах этгээд имидж бүрдүүлэх гэж тийнхүү зориудаар дүр эсгэдэг ч юм билүү, бүү мэд дээ. Манай түрийвч зузаан боссууд гаднаас өндөр үнэтэй, зардал ихтэй төдийлөн Монголчуудын сэтгэлд хүрдэггүй, цахилгаан гансны дуучдыг авчирснаас Жириновскийг урьвал манай хэвлэл мэдээллийнхэнд овоо л олз болохсон. Одоогоос арваад жилийн өмнө биднийг яр тэмбүүтэйгээр нь дуудаж байснаа саявтар Монголчуудын талаар овоо эерэг нааштай үг хэлсэн байна лээ. Аль нэг улс гүрний авир төрхийг нь тэндхийн парламентаар төлөөлүүлэн ойлгодог дүгнэдэг тал ч бий. Зан үйл уламжлалаа баримталдаг хуучинсагаараа / консерватив/ Английн парламент, нам гүм тайван амгалангаараа Швейцарынхан, дайрч довтолдог түрэмгийлдгээрээ Японыхан, хуулийг дээдэлдэг, түүнийг үг үсгээр нь ширхэгчлэн сахидагаараа Америкынхан гэх мэтчилэн ярьцгаадаг. Харин манайд гэхэд парламент ёс хараахан тогтож төлөвшөөгүй, тэнцэж ядан, унан босон мөлхөж яваа хүүхдийг сануулна. Хэзээ нэгэн цагт эртний Монгол нутагт Европ загварын парламент засаглал тогтох л байх. Тэр болтол бид УИХ-ын гишүүдийн зохиож найруулж өөрсдөө тоглосон жүжгийг нь үзээд сууцгаая. Ядахдаа уйдахгүй юм. Өнөөдрийн манай парламент гэдэг чинь үнэн чанартаа амьдралын маань бодит үзэгдэл нийгмийн сэтгэлгээний төвшин, ардчиллын биет үзүүлэлт бас та бидний сонголт шүү дээ. Хүндэтгэх хэрэгтэй. Мэдээж тэднийг хүн үйлдвэрлэлийн аргаар / колонирование/ цуваа цуваагаар нь бүтээж, нэг стандартаар бүтээж чадахгүй нь мэдээж. Зарим хүмүүс стандартаар бүтээж чадахгүй нь мэдээж. Зарим хүмүүс парламентыг хүний уураг тархитай адилсгаж, эрдэмтэн мэргэд, элит-сэхээтнүүд, сод авьяастангуудаар бүрдүүлэх тухай санал гаргаж байдаг. Энэ бүтэхгүй л дээ. Тэд хэзээ ч монгуулийн тойрогт дэгээгээ шидчихээд өөрөө тэндээс азын алтан загас горьдож суудаг арчаагүй амьтанууд биш ээ. Тэд хэзээ ч хамелион улс төрчдийн дүрд тоглож чадахгүй. Бодоод үз л дээ. Улстөрч физикч, улстөрч зохион бүтээгч, улстөрч зураач, улстөрч композитор. Эвгүй сонсогдож байгаа биз. Халхын суут яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Их хурлын сэнтийд дөрвөн жил суухдаа бохир улс төрийн шалбаагт ам дүрэлгүй, бас ам ч нээлгүй нүдэн балай, чихэн дүлий дүр үзүүлэн нөгөө л зүрхнийхээ нулимс шүлгээ тэрэлсээр арай гэж хугацаагаа дуусгажээ. Орчин үеийн хөгжмийн тод магнай Жанцанноров парламентын саунд амьсгал нь багтарч аргаа барахдаа өргөдөл гомдол гаргаж байж амь наана там цаана мултарсан гэнэ лээ. Тамын амьтан тамдаа жаргалтай гэгчийн үлгэрээр парламентынхан парламентдаа, траншейныхан траншейдаа дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байг л даа. Энэ чинь бас л манайд байдаг нэг маягийн ардчилал билээ. Харин сэтгэлдээ ноцсон галыг хамраараа хамаа намаагүй тургиж болохгүй. Түймэр асаж мэднэ. В.И.Ленин 1918оныдайн самуун өлсгөлөнгийн үеэр Ижил мөрний тариачид Зөвлөлт засгийн эсрэг бослого гаргасныг сонсоод бадарсан уур хилэндээ автан босогчдыг хувьсгалын сумаар хайр найргүй устга гэсэн тушаал гаргаж үй түмэн өлөн зэлмүүн хүмүүсийн амь насанд хүрснээ хожим нь гэмшиж явсан юм гэдэг шүү. Хүний темпераментуудын эерэг, сөрөг талуудыг нийгмийн амьдрал, өвдөл цөвдөл донсолгоо, эрэлт шаардлагатай холбож авч ярьдаг тал ч бас бий. Ширүүн тэмцэл хувьсгалуудын үед холерик, сангвиникууд шалгарч /Аврам Линкольн, Марат Робеспьер, Оросын ортодоксууд/, хүчирхийлэл дарангуйлал, нийгмийн зогсонго байдал флекматикуудыг төрүүлж /Л.Брежнев, Мао Цзе дун, Цэдэнбал, Ким Ир Сен/, гансрал, уналт, сүйрэл, гиюүрэл меланхоликуудыг /Махатм, Ганди, II Николай, Манж-го улсын сүүлчийн эзэн хаан Пу-И/ төрүүлсэн гэлцдэг. Харин манай парламентын эрхэмүүдийг ажихад эрчим хүчтэй, хаагуур ч ороод юугаар ч гарч мэдэх оюжин хэрсүү заримдаа авъяаслаг, заримдаа овъёослог ч хүмүүс харагддаг юм шүү! Ум ма ний пад мээ хум.

М.Энхсайхан-холерик

(Мэдрэлийн систем эрчимтэй, тогтвортой)

Мэдрэлийн систем эрчимтэй, тогтвортой, ачаалалыг даах ямар ч эрсдэлд өөрийгөө хадгалах чадвартай. Улс төрийн амьдралд хатуу чанга. Ортодокс, радикал талаасаа өөрийгөө илүү харуулсан. Хувийн зохион байгуулалт өндөр, өөрийгөө хүнд биш, хүнийг өөртөө зохицохыг шаарддаг. Социалист язгууртны гэр бүлд өсөж торниж, гадаадад боловсрол эзэмшсэн сэхээтнийхээ хувьд Монголын бахь байдал, ядуулаг хүмүүс, Люмпэн ардчиллыг хүлээн авах, ойлгох мэдрэмж дутмаг. Төрийн өндөрлөгт авирахын тулд шулмыг дарья гэвэл чөтгөртэй ханилна гэсэн зарчмыг мөрдлөг болгодог монголын технократ хүчтэй лидерүүдийн нэг яахын аргагүй мөн. Магадгүй Би авдагаа авлаа, хийдэгээ хийлээ. Одоо боллоо, цадлаа ханалаа гэж бодож явдаг ч юм билүү Насныхаа нартайд нэрээ сэвтээгүйдээ улс төрөөс чимээгүйхэн шиг зайлъя гэж хал үзсэн хашир хүнийхээ хувьд юм юмнаас түтгэлзсэн байж магад.

Ж.Наранцацралт-флегматик

(Мэдрэлийн үйл явц нь удаан, заримдаа дүйнг ч юм шиг)

Мэдрэлийн үйл явц нь удаан нүсэр, цочролыг ямагт хожуу хүлээж авдаг. Зан араншин тогтуун хэвийн байдлаа төдийлөн өөрчлөхийг хүсдэггүй. Гадаад орчинд дасах мэдрэмж сулавтар, дүнсгэр, ямагт өөртөө хуримтлагдаж, өөрийгөө нууж далдлаж явдаг сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж байх дургүй. Түүний цочирдож, догширч, хилэгнэж эсвэл арьсандаа багтан ядталаа баярлаж хөөрч, тачигнатал инээж байхыг нь эхнэр нь ч үзээгүй байх аа. Хүний хувьд баргийн юмыг тоомсорлодоггүй, төлөв төвшин. Заримдаа дүйнг ч юм шиг. Говь нутгийн тэмээчин удамтай халхын сайхан Юндэнгүүдийн нэг л дээ. Үүнийг нь ч сөрөг хүчнийхэн ашиглаж тоглоом тохуу хийж байсан. Энэ хүнд хөнгөн хуумаг адил балмад шунал хорсол энээ тэрээ байхгүй. Даанч төрийн зүтгэлтэнд ч баймаар дайчин, давшигч, довтлогч эзэрхэг чанар дутаг давуу гэмээр.

Цанжид-меланхолик

-Хүчтэй цочролыг хүлээн авах чадваргүй, амархан шоконд ордог/

Мэдрэлийн үйл явцын маш эмзэг, цочмог, хүчтэй цочролыг хүлээн авах чадваргүй, амархан стресс шоконд ордог. Бусдын нөмөр нөөлгөнд гарч ирсэн санамсаргүй үзэгдэл! Өөрийн бие даасан чанар, эр зориг, идэвхи санаачлага ямагт дутагдаж байдагч, угийн дуулгавартай, өрсөлдөөнөөс зайлсхийдэг хянуур болгоомжтой байдал нь өөрийг нь авардаг. Говь-Алтайнхан түүгээр нь үнэлдэг байх аа. Зан төлөв нь социализмын үеийн дундаж сэхээтний байр суурьтай, бюрократ, барилтай, тун хуучинсаг хүн. Гаднаа гүндүүгүй томоотой гэм зэмгүй, Монголын хаа ч элбэг тохиолддог жирийн нэгэн албан хаагчийг санагдуулавч, сэтгэлдээ шаналж, шатаж илүүг хүсэж мөрөөдөж явдаг нэгэн билээ. Яг л нөгөө А.П.Чеховын Дугуй доторхи хүн өгүүллэгийн баатар Гимназ сургуулийн Грек хэлний багш Беликов гэсэн үг л дээ.

Ж.Гүррагчаа-Флегматик

(Өөрийгөө хүнд таниулдаггүй, хувиа хичээмтгий)

Зөвлөлтийн сансарт нисэгчдийн төвд мэдрэлийн системийн болон сэтгэлзүйн иж бүрэн шинжилгээ хийлгэн тэнцэж хатуу дошгин Жанибековын дагалдангаар элчилгүй огторгуйн орон зайд хөөрсөн азтай хүн. Ааш араншингийн хувьд гадаад дотоод төрхөөрөө өөрийн эцэгтэйгээ тун адилхан хүлээцтэй, удаан, хүнд нүсэр, хашир. Өөрийгөө хүнд таниулдагтүй. Харилцаа эерэг боловч маш бүдүүлэг. Хувиа хичээх, өөрийгөө хадгалах хандлагатай. Өврийгөө ямарч нөхцөлд авч явах хувийн зохион байгуулалттай. Цэргийн хүмүүжил, сургууль, бэлтгэл түүний зан төрхийн хэлбэржилтэнд эерэг нөлөөлсөн. Гэвч улс төрийн эгзэгтэй мөчид овсгоо самбаа, мэдрэмж гаргаж чадахгүй цаашдаа өөрийн потенциалыг ашиглаж арилжаа наймааны дунд бизнест хүчээ сорьвол өлзийтэй болов уу.

Содовын Баясгалан

Дээдсийн хүрээлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button