Ми-8 ослоос болж халагдсан генерал АНУ-д атташегаар томилогджээ

Энэ эмгэнэлт адал явдлын үр дүнд Батлан хамгаалах яам нисдэг тэрэггүй болж, нэг нисгэгч нь өнөөдөр эмнэлгийн орон дээр шаналж буй. Харин аархуу гишүүн гар нь сойлттой ч ам нь эрүүл болохоор цагдаагийнхан, сэтгүүлчдийг элдвээр доромжилж суусан нь саяхан. Гэвч энэ бүхний цаана бидний мэдэхгүй нууц үр дагавар ч цөөнгүй байгаа бололтой. Хэдхэн хоногийн өмнө ЗХЖШ-ын хошууч генерал Бямбажав, штабын дарга хурандаа Т.Дашдэлэг, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбат нарыг ажлаас нь халсан тухай олны амыг хаах гэсэн мэт хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр мэдээлсэн. Уг нь тушаал бууруулаад, ажлаас хална гэдэг нь давхар арга хэмжээ гэж үздэг болохоор тус ангийнхны хувьд захирагч нь ажлаасаа халагдаад, хурандаа цолоо хураалгасныг хэт туйлширсан арга хэмжээ гэж үзэж байгаа аж. Эдгээр хүмүүсийг ажлын хариуцлага алдсан, ангиа удирдаж чадаагүй гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэж арга хэмжээ авсан нь энэ.

Гэвч үнэн хэрэгтээ жинхэнэ хариуцлага алдсан хүн нь тухайн үед эзгүй байсан ЗХЖШ-ын дарга Ц.Тогоо генералыг орлож -ийг хэмээн гарын үсэг зурсан ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Г.Ганбат юм. Тэрбээр эрхэм гишүүнд тал засч нисдэг тэрэг түрээслүүлэх зөвшөөрөл олгохдоо нислэгийн аюулгүй байдал болон маршрутыг зөрчихгүй байх ам өчгийг авч, нислэг дуустал хяналт тавих, эцсийн хариуцлагыг үүрэлцэх учиртай. Гэтэл ослын дараа нислэгийн талаар буруу мэдээлэл өгсөн, дээд албан тушаалын энэ хүн болон хэргийн эзэн эрхэм гишүүн Ц.Батаа нар цэвэрхэн үлдээд, удирдлагын тушаал, тусгай үүрэг биелүүлж явсан нисэгчдийг арга хэмжээ авч, амьдралаар нь тоглоод золиосолж хаясныг юу гэж ойлгох вэ. Осол гарсны дараахан холбогдох хүмүүс хэвлэлд тайлбар өгөхдөө ямар зорилгоор хэн явааг бид мэдэхгүй. Зөвхөн хэдэн хүн хаашаа явахыг л хэлдэг гэсэн нь бас л хуудуутай аж, Хошууч генерал Ганбат үүрэгдэхдээ УИХ-ын гишүүн Ц.Батаа, Японы парламентын гишүүдийн хамт Булганы Ингэттолгойн чиглэлд ниснэ, онгоцоо бэлтгэ гэснийг эх сурвалжууд баталж байна. Харин нисэгчид тэнд Ц.Батаа гишүүний хувийн эзэмшил байдаг, түүнийгээ эргэх гэж явааг мэдээгүй, улс орныхоо төлөө явж буй эрхэм гишүүнд үйлчлэх нь бараг л нэр төрийн хэрэг гэж бодож явсан нь ойлгомжтой. Гэнэт гайтай үнэг таарч, архинд халж, ааг нь бадарсан . Эрхэм гишүүн түүнийг буудаж, юм юм л болсон аж. Гэтэл экипажийн дарга, хошууч Батжаргал, Н.Очирбат нарыг Монголд өмнөө барьдаг чадварлаг нисгэгчид, дээдсийн зусарч бялдуучлалаас болж хохирч үлдлээ гэж нөхөд нь өгүүлж байна. Хэргийн мөрөөр авсан арга хэмжээний дунд бас нэг хачирхалтай шийтгэл хүлээлгэсэн нь хошууч генерал Бямбажавыг ажлаас нь халсны дараахан Америкт цэргийн атташегээр томилсон байгаа юм. Үүнийг шийтгэл гэж үзэх үү, эсвэл шагнал уу. Дөрвөн жилийн хугацаатайгаар томилдог энэхүү стратегийн өндөр албан тушаалыг өмнө нь дэслэгч генерал Улаанхүү хашиж байсан боловч хугацаа нь дуусч, дараагийн хүнийг томилох асуудал нэлээд эртнээс томчуудын яриа байсаар ирсэн гэдэг. Энэ албан тушаалд наад зах нь аливаа улс оронд заавал байдаг, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах албанд мэргэшсэн хүн байх ёстой.

Гүйцэтгэх үүргийн хувьд олон талтай. Ерөнхийдөө хоёр орны цэрэг, батлан хамгаалах салбарын бүх асуудлыг хариуцна. Монгол Улсын нэр төрийг цэвэр нандин авч явах учиртай энэ эрхэм тэнцэх эсэх нь бас л эргэлзээтэй. Ингээд онгоц түрээслүүлж хөлжсөн гэгддэг Бямбажав генерал УИХ-ын гишүүнд онгоц хөлслүүлж, дээр нь түүний өмнөөс золиослогдож халагдсан шархаа удаж төдөлгүй нөхөж тэр бүр аавын хүүд олдоод байдаггүй Монгол Улсаас АНУ-д суух цэргийн атташе болчих нь тэр. Түүний хувьд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах газрын улстөрийн газрын дарга байсны хувьд явах ёстой байж ч болох. Гэхдээ энэ албан тушаалд очихын тулд олон шалгуур үзүүлэлтийг давж, эцэст нь Батлан хамгаалахын сайд батламжилдаг. Тэгэхлээр нэгэнт томилогдсон Бямбажав генералын хувьд ямар нэг босго байсангүй. Сайд М.Сономпил ч татгалзаад байгаагүй нь улс төр, бизнесийн хамтрагчдын хувьд ханцуйдаа наймаалцсан явдал гэж ойлгогдож байна. Тэгээд ч Ц.Батаа, Бямбажав нарын хувьд ийнхүү нисдэг тэрэг хөлсөлж байгаа нь анхны тохиолдол биш. Тэд эртний дотно андууд аж. Түүнчлэн нисдэг тэрэг хөлслөгчид голдуу шөнийн цагаар түгшүүр зарлаж нисэх болдгийг ч эх сурвалжууд хэлж байв. Дээрх нислэгийн тухайд ч мөн адил. Чоно борооноор гэдэг л энэ байх. Яахав, тамын тогооны үлгэрийг мартаж, монголчуудын маань нэг нь ч гэсэн сайн сайхан яваг гээд ерөөгөөд үлдэж болох ч учир битүүлэг ийм томилгооноос болоод шинж чанар болж хувирчээ. Гэтэл үүрэг гүйцэтгэн мөрөөрөө явж байгаад сархдад халуурсан улстөрч, талын шар үнэгнээс болж ажилгүй, тэр битгийн хэл эрүүл мэндээрээ хохирч үлдсэн бусад нь яах вэ.

Нэг удаагийн нислэг үйлдэхийн тулд 60-аад хүний хөдөлмөр шингэж байдаг гэнэ. Тэгсэн хэрнээ эрхэм дээдсүүдийг тээж, ан хийлгэлээ гээд хөөрхий нисэгчдэд ганц ч төгрөгийн ашиг байхгүй. Авдаг цалингаа л авна. Харин ч дээр нь дээд тушаалын дарга нарын өмнөөс шийтгүүлж ийнхүү ажил, амьдралгүй болох энүүхэнд байдаг гэнэ. Ташрамд дурьдахад, ОХУ-д явуулсан хар хайрцагны хариу одоо хүртэл ирээгүй гэж нууцалсаар байсан ч тодорхой үзүүлэлтүүд шаардлага хангаагүй гэсэн сайнгүй мэдээ ирсэн гэнэ билээ. Бас нислэгийн үеэр Би мөнгөө төлсөн. Миний хэлснээр хий гэсээр багийнханд аархаж байсан Ц.Батаа гишүүний яриа ч тодоос тод сонстсин гэдэг. Цэргийнхэнд ардчилал байдаггүй юм. Миний нэрийг бүү дурдаарай гэсэн эх сурвалжийнхаа нууцыг хадгалж үлдэх эрх бидэнд бий. УИХ-ын эрхэм гишүүн Ц.Батаа хэмжээгүй эрхт нэгэн биш. Дээрээ төртэй, мөрдөх хуультай иргэн хүний хувьд арав гаруйхан хоногийн дараа эхлэх УИХ-ын чуулганаар түүний асуудлыг хэлэлцэх нь дамжиггүй. Мөн УИХ-ын чуулганы танхимд өөрсдийнх нь төлөө үг хэлэх нь бтгий хэл, бараа нь ч харагддаггүй тавьтиргүй залуугийн сайхан амлалтад хууртаж төрд төлөөллөөрөө залсан тойргийн сонгогчид нь дотроо нэгийг бодож суугаа биз.

(Өнөөдрийн монгол 55/476)

У.Оргилмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button