720 мянган жилийн настай туйлын мөс бэлэглэв

Энэ үеэр төрийн тэргүүн өмнөд туйлын 3000 гаруй км-ийн гүнээс гаргаж авсан 720 мянган жилийн настай туйлын мөсийг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нарт гардуулж өглөө. Төрийн тэргүүн ч энэхүү ховор бэлгээ гардуулахдаа хурдан хөргөгчинд хийхгүй бол хайлчихна шүү гэж хошигнож, нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн олныг хөгжөөв. 720 мянган жилийн настай туйлын мөсийг Японы Туйл судлалын хүрээлэнгийнхэн Төрийн тэргүүнийг тус улсад айлчлах үеэр бэлэглэж байжээ. Судалгаа, шинжилгээний ажилд ихээхэн хувь нэмэр оруулах зочны бэлгийг зүгээр авахгүй гэсэн бололтой Ус, цаг уур орчны шинжилгээний газрын дарга хариу бэлэг барив. Тэгэхдээ 2008 онд болох үйл явдлыг зөгнөсөн уран зураг бэлэглэж байлаа. Ирээдүйг зөгнөсөн уг зурагт монгол хүн төрийн сүлд өргөж, үндэсний хувцсаа өмсөөд хойд туйлд ирж байгааг дүрсэлжээ. Мөн хойд туйлд нүдний гэм болоод байгаа цагаан баавгайг ч зургандаа буулгасан байв.

Нээлтийн үйл ажиллагаа үргэлжилж төрийн тэргүүн дагалдах хүмүүсийн хамт Монголын анхны туйл судлаач Ж.Цэрэндэлэг, хоёр дахь судлаач Д.Чулуунбат нарын мөрөө гаргасан Антарктид тивийн сонин, содон байгаль, судалгаа, шинжилгээний ажлаа хийж байгаа гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцсан. Мөн туйл судлаач Ж.Цэрэндэлэгийн Антарктидаас агнасан император оцон шувууны чихмэл, түүний өдрийн тэмдэглэл, далайн загас, далайн од, Африк тивд байрлах Клименжаро уулын зураг ч олны нүдийг хужирлаж, сонирхлыг нь ихээхэн татаж байлаа. Ташрамд сонирхуулахад Ж.Цэрэндэлэг 1972-1974 онд ЗХУ-ын Антарктид судлалын XҮIII экспедицийн бүрэлдэхүүнд багтаж тус тивд 365 хоног судалгаа, шинжилгээ хийж байжээ. Түүний гавьяагаар Монгол Улс Антарктид тивийг судлахад хувь нэмрээ оруулсан 34 дэх орон болсон түүхтэй. Харин Монгол Улсын хоёр дахь туйл судлаач Д.Чулуунбат 1982-1984 онд Антарктид тивийг судлах ЗХУ-ын XXҮIII экспедицийн бүрэлдэхүүнд багтаж явсан аж.

(Өнөөдрийн монгол 55/476)

Ц.Хулан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button