УИХ-ын гишүүн С.Оюун Эрх баригчид авилгатай тэмцэх хуулийг хүсэл зоригоороо баталчихсан юм биш

-ХЗХ-ны хохирогчидтой та сая уулзлаа. Ер нь ИЗН нийгмийг бүхэлд нь бухимдуулахад хүргээд байгаа асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Манай нам 2006 оны зургаан cap болон есөн сард өөрийн байр сууриа илэрхийлсэн байгаа. Мөн УИХ, байнгын хороогоор Ганхуяг даргатай ажлын ин дүгнэлт хэлэлцэгдэж байхад ч бид саналаа хэлж л байсан. Энэ олон мянган иргэдийг хохироосон байдалд бид дүгнэлт хийгээд зөвхөн хохирогчдын болон ХЗХ-ны хэдэн луйварчдын буруу гэж үзэхгүй байгаа. Дотроо хяналтаа хэрэгжүүлнэ гэж байгаа ч гэсэн гадна талын хяналт бараг байхгүй ийм дутуу дулимаг заалтуудтай хууль гаргачихсан. Тийм учраас УИХ өөрөө дээрх хуультайгаа холбоотойгоор ямар ч байсан хариуцлага хүлээх ёстой. Дараа нь хуулийн хэрэгжилтийг хангаж чадаагүй, бүх радио телевизүүдээр сурталчилгаа явуулж байхад ХЗДХ-ийн яам нь нүдээ аниад, ямар ч арга хэмжээ аваагүй гэдгээр Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Олон хохирогчид Бидний мөнгө банкинд л байсан. Тэгээд баахан реклам, сурталчилгаа яваад байсан болохоор үүнд нь хууртагдсан гэж хэлж байгаа. Телевизүүд ч өөрсдөө хууль зөрчиж байгаагаа мэдсээр байж сурталчилгааг нь явуулсаар байсан. Мөн Монголбанк өрөнхийд нь санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой байдаг. Гэтэл үүн дээр хяналтаа тавьж чадаагүй. Гэхдээ ийм олон хүмүүс хохирохоор болж байгааг нилээд олон жилийн өмнөөс тэд мэдэж байсан гэж би бодож байна. Тиймээс төрийн мэдлийн Монголбанк хариуцлага хүлээх ёстой. Дээр нь мэдээж хохирогчид өөрсдөө хяналтаа тавиагүй. Ингэхээр дөрвөн талаасаа хариуцлага хүлээх хэрэгтэй болж байгаа юм. Хохирлыг барагдуулах ажиллагааг зөвхөн шүүх, цагдаагийнханд орхих биш, ямар нэгэн байдлаар төр өөрөө зохицуулах ёстой гэсэн ийм байр суурьтай байна даа. Жилийн хугацаанд УИХ, Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад, цагдаа дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдсан тул нааштай хариу гарах байх гээд хүлээлээ. Даанч маш удаашралтай, ихэнх хохирогчид хохирлоо барагдуулж чадахгүй байдалтай байгаад байна. Иймээс бид олон түмний өмнөөс дуугарч, шахаж шаардах ёстой гэж бодож байгаа. Хараад байхад зориуд хүмүүсийн мөнгийг луйвардахаар зохион байгуулалттайгаар гэмт хэргийн шинжтэй нэлээд хэсэг нь байгуулагдсан гэдэг нь ажиглагдсан.

-Үүнийг та юугаар батлах юм бэ?

-Ямарч хяналт тавигддаггүйг нь мэдээд луйварчид зориуд тоглолт хийсэн гэдэг нь улаан цайм харагдаж байна. Их хэмжээний мөнгө зээлдсэн зээлдэгчдийн нэрсийг зарлана гэчихээд өнөөг хүртэл зарлахгүй л байгаа. Баахан мөнгө оруулаад, эргүүлэн татаж тэр хоорондоо маш их ашиг олсон хүмүүс байдаг юм байна лээ. Иймээс ИЗН парламент дахь төлөөллөөрөө дамжуулан Ерөнхий сайдад өгөх асуулгаа өнөө, маргаашгүй тавихаар бэлдэж байна. УИХ дээр энэ асуулгын хариуг сонсох үед ХЗХ-дын хохирогчдын төлөөллийг оруулаач ээ гэсэн шаардлагыг ч мөн тавина. Нийт хохирсон 10000 гэр бүл байлаа гэхэд гэр бүл болгонд санхүүгээс гадна өвчин зовлон, байраа алдсан гэхчилэн өчнөөн хэрүүл маргаан үүсээд байгаа шүү дээ. Иймээс зүгээр та нарын хохь гээд хаячихаж болохгүй. Уг нь Ерөнхийлөгч өнгөрсөн намар хүүхдүүдийг нь төрийн сангийн зээлд хамруулах, гадаадад ажиллах хүч гаргадаг байгууллагууд хохирогчдын хүүхдүүдийг давуу эрхтэйгээр гаргах, удаан хугацааны зээлээр байр өгөх зэргээр иймэрхүү боломжуудыг харж үзээч ээ гээд нэг хэлээд орхичихсон л доо. Үүний хойноос харин Засгийн газар ажилласангүй, Ерөнхийлөгч ч өөрөө олигтой шахсангүй.

-УИХ-ын гишүүд ХЗХ-доос зээл авсан гээд нэр нь дурьдагдаад эхэллээ. Ер нь УИХ-ын гишүүд залилангийн шинжтэй асуудалд байнга холбогдох болсон байна?

-МАСЗХ-ны удирдлагад байсан хүмүүс хэрэгт холбогдлоо гэдэг нь бүр тодорхой болж байна л даа. Зарим нь ч бүр хөөрхий тэр Бадраа агсныг алаад шорондоо явлаа. УИХ-ын гишүүн ч бай, жирийн иргэн ч бай хуулийн өмнө адил тэгш эрхтэй л байх ёстой. Гэтэл цагдаагийн нэг ажилтан дээр байгаа даргаа сонсдог, өнөөх дарга нь цагдаагийн даргаа сонсож, цагдаагийн дарга нь хууль зүйн сайдаа сонсдог. Тэгээд сайд нь Ерөнхий сайдаа сонсох хэрэгтэй болдог. Аливаа юманд улс төрийн хүсэл зориг гэж байдаг. Ингэхээр луйвар, хууль бус бүхэнтэй тэмцэх хүсэл зориг нь Ерөнхий сайдаасаа эхлээд байхгүй бол доод шатны хүмүүст бий болдоггүй л юм байна. Зүгээр энэ нийгэмд луйвраар аж төрөх ёс газар авчихсан байна. Харамсалтай нь бүр энгийн хэм хэмжээ болчих гээд байдаг болж. Тэгэхээр дээд шатнаасаа эхлээд шударгаар ажиллаж, амьдаръя гэсэн хүсэл зорилготой л болохгүй юм бол тэр доор нэг цагдаагийн ажилтан хичнээн шударгаар ажиллаад дээрээ очоод зогсчих гээд байдаг л боллоо. Үүн дээр иргэд шахалт шаардлагаа хэрхэвч сулруулж болохгүй. Хэзээ ч эвлэрч болохгүй. Улстөрийн хүсэл зориг бий болохыг хүлээсээр байтал бидний нас хүрэхгүй болох нь. Жишээлбэл авилгын эсрэг хүүлийг 1999 онд анх өргөн барьж байхад гол улс төрийн хоёр хүчинд эцэ хуулийг батлах ямар ч сонирхол байгаагүй. Тэдэн дунд ганц хоёрхон хувь гишүүний л хүсэл байсан. Ингээд зургаа, долоон жилийн дараа хууль нь батлагдсан. Энэ чинь эрх баригчдад улс төрийн хүсэл зориг байсандаа ч батлагдчихсан юм биш. Энэ зүгээр иргэдийн зүгээс ирэх шахалт шаардлага маш ихээр нэмэгдсэн учраас жаахан ч гэсэн хүсэл зориг бий болж байгаа юм. Тэгээд одоо энэ хууль батлагдчихлаа гээд шууд бүх зүйл сайн сайхан болчихгүй учраас бас л хэрэгжилтэн дээр нь йргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, улстөрчид ч гэсэн шахалт шаардлага тавьж байх ёстой. Ер нь хэдэн дарга нараа зүгээр л хараад, хүлээгээд суугаад байвал асуудал урагшилдаггүй гэдэг нь л харагдаж байгаа юм.

-ХЗХ-дын хохирогчид улсын төсвөөс хохирлоо барагдуулаад, төр дараа нь гэмтнүүдээс эргүүлээд гаргасан мөнгөө олж ав гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тэгвэл жирийн иргэд бидний татварын мөнгийг буруу зүйлд зарцуулах гэлээ гэсэн мөн эсрэг байр суурь бий болно шүү дээ?

-Засгийн газар маш удаан ажиллаад байна. ХЗДХ-ийн яам дүгнэлтээ гаргачихсан байдаг байх л даа. Тэгэхээр удаан гэдэг нь тодорхой шийдлүүдийг гаргах гэдэг дээр яригдаж байгаа зүйл. Жишээ нь улсын төсвөөс гаргах, эсэх дээр УИХ-д саналаа оруулан хэлэлцүүлээд ямар нэгэн байдлаар шийдчих хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт энэ битүүмжлэгдсэн юмнуудаа аль болох хурдхан шиг зарж болохыг нь зараад эхний ээлжинд хохирогчдод хувь хувиар нь олгоод асуудлыг шуурхай шийдэх ёстой байтал шийдэхгүй удаад байна. Өнөөдөр нэг ХЗХ-ны асуудал шүүхээр ороход заавал бүх хоршооны асуудал шийдэгдсэний дараа битүүмжлэгдсэн эд хөрөнгийн асуудлыг шийднэ гэж ярьж байх жишээтэй. Энэ бас л асуудлыг шаардлагагүй удаашруулж байна гэсэн үг. Тэгэхээр зөвхөн төсвөөс мөнгө гаргахаас гадна өөр янз бүрийн боломжууд их байгаа. Төр иргэдэд л үйлчлэхийн төлөө байдаг, гэтэл тодорхой алхам хийгдэхгүй байна гэдэгт л иргэд их бухимдаж байгаа.

-Гишүүдийн тойрогт авсан 250 сая төгрөгийг УИХ хаврын чуулганаараа эхний асуудал болгон оруулах байх. Төсвийн тодотгол заавал хийх үү?

-Би 10 сая, 100 сая, 250 саяыг анх ярьж байхад нь эсэргүүцэж байсан. Тойрогт хийх ажлууд маш их байдаг ч зарчим нь өөрөө буруу. Ингэж УИХ-ын гишүүд төсвийг тойрог тойрогтоо хуваах нь зохисгүй юм гэдэг байр суурьтай байлаа. Гэвч нэгэнт энэ асуудал батлагдчихсан учраас тойргоо хохироогоод яах вэ гээд саналаа өгсөн. Миний бодлоор Засгийн газар, Сангийн яам эхлээд л дутуу дулимаг санал оруулж ирдэг учраас ийм байдал гарч байгаа юм. Хөрөнгө оруулалтыг нь түлхүү хийгээд тойрог тойргоор нь тодорхой суулгачихаад УИХ-д төсөв орж ирдэг бол УИХ дээр тэгж их ажиллаад байх боломж тэр болгон гарахгүй. Эцсийн эцэст УИХ төсөв баталж, түүнийг яаж ч өөрчлөх эрхтэй байдаг нь үнэн. Түүнийг бол энд үгүйсгээгүй. Гэхдээ механикаар гишүүдэд ижил тэгш хуваагаад хийж байгаа жишиг нь өөрөө буруу, гишүүдийн сонгуулийн өмнө улс төрдөө ашиглах л зүйл болчихож байгаа юм. Би үүнтэй холбогдуулан зориуд тайлбар тавимаар санагддаг юм. Юу гэвэл, 2000-2004 онд хэт цөөнх байж, хувьсгалт нам хэт олонх байхад зөвхөн олонхийн тойрогт хөрөнгө оруулчих гээд байдаг аюул байсан. 2002 онд төсөв хэлэлцэгдэж байхад Дорнод аймгийн Сэргэлэн сумруу цахилгаан шугам татах 400 сая төгрөгийн төсөв Сангийн яаманд санал болгон төсөвт багтаад УИХ-д ороод ирсэн юм. Тэгээд тэр нь мэдээж мөрөөрөө яваад батлагдах ёстой байтал цөөнхийн гишүүн Оюуны тойрог гээд зориуд тэр 400 саяыг ухаж гарган, хэрэггүй гэж унагаад хувьсгалт намын гишүүний тойрогт театрын засвар гээд баталж байх жишээтэй. Тэгэхээр АНынхан энэ маягаар олонх тойргууддаа хэдэн юм суулгуулж аваад цөөнх, сөрөг хүчнийхний тойргууд хохирдог гэсэн тайлбар хэлдэг. Иймээс бодох зүйлүүд бол их байгаа. Хамгийн гол нь Сангийн яам, Засгийн газар л төсвөө маш сайн хийж ирэх хэрэгтэй юм. Гишүүд тойрогтоо очоод ярих гэхээр өөдөөс нь янз бүрийн гомдол их ирнэ. Тэгээд л гишүүд бухимддаг. Анх 10 сая төгрөгийг гишүүд өөрсдөө мэдэж зардаг байсан бол одоо шүүмжлэлд өртөөд яамд захиран зарцуулдаг болж байгаа ч гэсэн энэ жишиг нь өөрөө буруу л гэж бодож байгаа юм. Тиймээс энэ асуудал УИХ-д орж ирэхэд ИЗН Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжинэ. Олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлгийг хүндэтгэн хүлээж авбал төсвийн тодотгол хийх байх. Үгүй гэвэл Үндсэн хуулийнхаа цэцийн шийдвэрийг үл ойшоогоод явчихдаг жишгүүд урьд нь ч гэсэн байсан шүү дээ.

-Саяхан танай нам МАХН-ын хоёр байрыг дуудлага худалдаанд оруулан ХЗХ-дын хохирогчдын хохирлыг барагдуулна гэсэн мэдэгдэл хийж байсан?

-Ер нь эцсийн эцэст хариуцлага тооцох гэдэг асуудал Монголд байхаа больжээ. Эрх барьж байсан хүмүүс өөрсдийнхөө алдааны төлөө уучлалт гуйж, хариуцлага хүлээх ёстой. Манайд улс төрийн соёл, ёс зүйн хариуцлагын соёл гэж ерөөсөө бий болоогүй. Хувьсгалт нам л эрх барьж байх үед хууль батлагдан, радио телевизээр хууль зөрчөөд сургалчилгаагаа цацаж эхэлсэн шүү дээ. Одоо хувьсгалт нам засгийн эрх барьж байгаа мөртлөө ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Нэг тал нь ингээд дүлий, дүмбэн байгаад байхаар сөрөг хүчин зориуд туйлширсан ийм шаардлага тавьж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрсдөө хариуцлага хүлээж яаж мөнгө төгрөгөө босгох учраа олохгүй бол хамаагүй засгийн эрх барьж байсан юм чинь тэр байраа зараад мөнгийг нь тараагаад өг гэсэн шаардлага тавихаас л өөр аргагүй болж байна шүү дээ. Ер нь одоогийн Засгийн газрын удирдаж байгаа хүмүүсийн арга нь ямар ч реакци үзүүлэхгүй дүлий дүмбэ царайлах юм шиг байна шүү дээ. Асуудал болж л байдаг, тэд ямар ч байр сууриа илэрхийлэхгүй, зөв буруу нь ч мэдэгдэхгүй дуугүй байж байтал хүмүүс дөжрөөд дараагийн асуудал босдог. Өдөр болгон янз бүрийн асуудал гарч ирнэ. Тэгээд түүнийг яаж шийдэх нь мэдэгдэхгүй өнгөрдөг. Тэгээд ч өдөр болгон хурц асуудлууд гарч ирээд ямар ч реакци үзүүлэхгүй болохоор хурц гэж ч бодогдохоо больдог л юм шиг байна.

-Ирэх зургаан сарын 15-ныг хүртэл 39000 төрийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг авна. Олон нийтэд нээлттэй байхаар эргээд тэдгээр албан тушаалтнуудад сөрөг үр дагавар гарах байх?

-39000 албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ буюу өөрийн холбогдох газарт мэдүүлнэ. Гэхдээ яг батлагдсан хуулиар бол цөөхөн хэд нь л хөрөнгө орлогын мэдүүлгээ нээлттэй зарлаж, дийлэнх олонх нь бүртгэлд орон хянуулах юм. Тэгээд жил бүр мэдүүлгийг нь хооронд нь харьцуулах ажлыг АТГ хийнэ. Сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд, дэд сайдууд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудын мэдүүлэг олон нийтэд ил байдаг нь олон улсын жишиг болсон явдал. Тэгээд ч төрийн өндөр албан тушаал хашна гэдэг чинь асар их эрх мэдэлтэй болно гэсэн үг. Эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байна гэдгийн хамгийн энгийн арга буюу гол баталгаа нь ил тод нээлттэй байх явдал. Энэ нь эргээд нийгмийн хараа хяналтан дор орно гэсэн үг.

Өглөөний сонин 56 /121/

М.Мөнхчимэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button