Чехэд монголчуудыг эсэргүүцсэн жагсаал болжээ

Чехийн хоёр дахь том хот Брногийн ойролцоох Бланско хотод, өнгөрсөн 18-ны Ням гарагт монголчуудыг эсэргүүцсэн жагсаал болов. Үндсэрхэг үзэлтэй залуучууд голдуу 100 шахам хүн энэ хотод ажиллаж амьдардаг монголчуудыг буруушаасан уриа лоозон хашгирч нэг цаг гаруй хугацаанд жагссан байна. Тэдний хэлж байснаар бол, монголчууд хэд хоногийн өмнө дисконоос тарж явсан хүүхдүүдэд халдаж зодсон нь уг жагсаалыг хийх шалтгаан болсон гэнэ. Гэхдээ хотын цагдаагийнханд ийм хэрэг тэмдэглэгдээгүй байна. Бланскогийн цагдаагийнхны ярьсанаар, эндэхийн монголчууд гэмт хэрэг өдүүлэх нь цөөхөн, уугуул хүмүүсийн дургүйг хүргэсэн явдал сүүлийн үед ганцхан удаа л гарсан бөгөөд тэр нь хэдэн сарын өмнө хэсэг монголчууд суудаг байрандаа хонь авчирч нядлан, шөнөжин найрлаж хөршүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсан явдал гэнэ. Жагсаалд оролцогсодын нэг нь Хайль Гитлер гэж хашгирсан учраас цагдаагийнхан баривчилж саатуулсан гэнэ. Тэр эр угаас согтуу байсан бөгөөд согтолтын зэрэг нь 3.15 промилль байсан аж. Цагдаагийнхан өөр хүн саатуулаагүй, жагсаал ерөнхийдөө тайван болсон байна. Бланскод манай 400-гаад иргэн байдаг бөгөөд тэд бүгд Ауди зэрэг Европын машины үйлдвэрүүдэд суудлын тэрэгний жолоо хийж нийлүүлдэг Апос хэмээх үйлдвэрт ажилладаг байна. Дашрамд дурьдах Монгол Чехийн харилцааны хамгийн сүүлийн мэдээ гэвэл, Чехийн үнэт чулуу заслын хамгийн нэртэй фирм болох Primossa корпораци манайд алт олборлохоор болсноо хэдхэн хоногийн өмнө зарлаад байна. Primossa нь Монголын нутагт алтны хоёр ч орд газрын ашиглалтын лиценз эзэмшдэг бөгөөд монголчуудтай хамтарсан уул уурхайн компани байгуулж 51 хувийн хөрөнгө оруулжээ. Чехийн бизнесийн Hospodarske noүiny сонинд Primossa корпорацийн захирал З.Студничкагийн ярьснаар Чехийн тал энэ онд ихээхэн хэмжээний хөрөнгө нэмж оруулсанаар оны эцэс гэхэд хамтарсан компанийнхаа 95 хувийг мэдэлдээ авах гэнэ. Энэхүү хөрөнгө оруулалт нь нийтдээ 45 сая кроноор үнэлэгдэх хамгийн сүүлийн үеийн технологи байх аж. Чехийн компани 2012 он хүртэл хоёр орд газраасаа нийлүүлээд жил бүр 250 шахам кг алт олборлоно хэмээн төлөвлөж байгаа ажээ.

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button