Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар Харж явдаг нэгээр тогтохгүй бүсгүй бий

Түүнээс хойш хамтран уран бүтээлээ хийхгүй хэсэг хугацааг үдлээ. Тэднийг санаж буй фенүүдэд нь олон асуултыг өөртөө хуримтлуулсаар дуучин Мээдээтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Өнгөрсөн ч гэсэн чамд цэргийн баярын мэнд хүргэе. Цэрэгт яваагүй ч дайнд хамгийн түрүүнд мордох эрчүүдийгээ ялгаж салгаад яах вэ. Баяраа хэрхэн тэмдэглэв?

-Баярлалаа. Би нэг их баяр тэмдэглэх дургүй. Бидний амьдарч байгаа нийгэмд баяр наадам хэтэрч байна. Тэр утгаараа манай залуус ч хүнд хэрэгтэй зүйл хийж бүтээхийн тулд хэт их баяр ёслолоос татгалзаж байгаасай гэж боддог. Би төрсөн өдрөө ч тэмдэглэдэггүй. Тэмдэглэдэг баяр маань шинэ жил. Харин цагаан сарыг бүгд тэмдэглэдэг болохоор би тэр үед нь ажил хийе гэсэн ч хэн ч ажилладаггүй.

-Мээдээгийн бие даасан цомог олны таашаалыг хүлээсэн ч насанд хүрээгүй охинийг клипэндээ нүцгэлүүлсэн гэж зэмлэл хүртсэн. Ер нь яагаад хэсэг хугацаанд алга болчихов оо?

-Клипийг би захиалж хийлгэдэг болохоос өөрөө хийдэггүй. Би өөрөө клип хийх чадвар, чансаа, хөрөнгө мөнгө, боломж ч байхгүй. Клип хийдэг байгууллагуудад дуугаа өгч, захиалга өгдөг. Тэд төсвийг нь гаргаж тооцоо хийгээд зохиомж гарган, бүтээдэг. Түүнээс биш Мээдээ гудамжинд явж байгаад насанд хүрээгүй охин байгааг олж, нүцгэлүүлье гэж бодож явсангүй. Клип бол багийн ажил. Хэл сураггүй алга болсондоо фенүүдээсээ уучлал гуйя. Гэхдээ энэ хугацааг би дэмий өнгөрүүлсэнгүй. Одоо хамтлагаараа шинэ цомгоо хийлгэхээр бэлтгэл ажил эхлээд, бичлэгтээ орсон. Аль болох гоё цомог хийх төлөвлөгөөтэй байна.

-Хамтлагийнхан чинь бүгд гэр бүлтэй болчихлоо. Ер нь хэзээ эхнэр авах гэж байна вэ?

-Манай Монголд гэр бүл болж, амьдралаа төвхнүүлэх нь их эрт шүү дээ. Үүний давуу тал нэлээд байна. Магадгүй сул тал байгаа л байх. Гэхдээ гэр бүлийн аз жаргалд сул талаасаа илүү давуу тал их байгаа байх л даа. Өнгөрсөн хугацаанд завгүй байсан болохоор би хүнтэй амьдарч, үр хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд ч өөрийнхөө хувийн амьдралын талаар бодож, төлөвлөн, бясалгаж сууж байсангүй. Яагаад ч юм нэг мэдэхэд хорин хэд гарчихаж. Бусад орны жишгээс харахад миний үеийн залуучууд гэр бүлтэй болохоосоо өмнө ажил төрлөө амжуулаад явж байгаа нь олон. Манайд ч бас надтай адил залуус их бий.

-Гэхдээ бүхнийг зэрэгцүүлж, цаг хугацаатай уралдаж явахгүй бол залуу нас нэг мэдэхэд өнгөрчихнө шүү дээ. Хэд хүртлээ хүнтэй суухгүй гэсэн бодолтой явна вэ?

-Мздээж сайхан зөвлөлгөө байна. Гэхдээ бидний амьдарч байгаа нийгэмд хэрэгтэй хүн болж, төлөвшин, тогтсон амьдралтай байвал гэр бүл салж сарнихгүй байх гэж боддог. Ер нь хүүхэд өнчрүүлэхгүй, ирээдүйн ханиа сонгосон шиг сонгоод сайхан амьдарвал зүгээр шүү дээ. Би гэр бүлтэй болох тухай бодож үзсэн. Хүн өөрийгөө их чамалдаг. Болоогүй л санагдаад байсан. Хөрш айлын Батаа хүнтэй суусан болохоор би сууя гэж бодох утгагүй. Оройтлоо гээд байдаг ч би тэгж бодохгүй байна. Монголчууд ер нь их амархан хөгширдөг. Гуч гараад л хөгширлөө гэж бодож эхэлдэг. Гэтэл үүний цаана өчнөөн амьдрал байгаа. Мундаг хүмүүсийг харья л даа. Хилтон зочид буудлыг байгуулсан тэр өвгөн өөрийн амьдралаа хэчнээн үр бүтээлтэй өнгөрүүлэв ээ. Би энэ хорвоод ирэхдээ олон хүнд хэрэгтэй зүйл хийхээр ирсэн байхаа гэж боддог. Хэд хүртлээ хүнтэй суухгүй гэдэг өөрийгөө шоронд хорьсон юм шиг үзол бодол надад байхгүй. Өөрийгөө хайрлаж сурсан хүн бусдыг хайрладаг. Тэгэхээр бусдад анхаарал тавихын тулд өөртөө цаг гаргаж сурмаар байна.

-Чи одоо ганцаараа амьдарч байгаа юу?

-Би дүүтэйгээ цуг амьдардаг. Энгийн хүний амьдралаар амьдарч байгаа. Хааяа ээжтэйгээ, дүү нартайгаа хамт амьдардаг.

-Хүн бүхэнд анхны хайр хэзээ ч мартагдашгүй, сайхан дурсамж үлдээдэг. Мээдээ анхны хайртайгаа хэзээ учирч байсан бол?

-Хайр гэдэг хүмүүст өөрт нь сайхан байдаг. Би анхны хайртайгаа бусад хүүхдүүдийн адил шилжилтийн насандаа учирсан даа. Хүнд дурлахаараа сэтгэл санаа сэргээд л эсвэл гуниглалаа гээд охидын орц, гэрээр хэсэж байсангүй. Ийм зав ч байсангүй. Хөгжим бүжгийн коллежид сурч байхдаа би толгой цохисон сурагч байгаагүй болохоор завгүй байсан.

-Чамд одоо харж явдаг бүсгүй байдаг байх?

-Ний нуугүй хэлэхэд харж явдаг нэгээр тогтохгүй бүсгүй бий. Гэхдээ тэд нартай унтаж хэвтэхдээ гол нь биш. Тэр хүний арьсны цаана ямар хүн байна вэ гэдэг л сонин. Эмэгтэй хүний дотоод мөн чанар нь хэн юм бол оо гэдгийг л би хардаг даа.

-Нэг хэсэг гадаад бүсгүйтэй үерхэж байсан шүү дээ. Ер нь гадаад хүнд хайртай болчихвол суух уу?

-Үнэхээр хайртай бол сууна. Гадаад хүнтэй суусан хүнийг харь гаригийн хүнтэй эсвэл адгуус малтай суусан юм шиг зарим хүн үздэг. Орчин үед ийм бодол бол гэмт хэрэг. Хорвоо ертөнц асар жижигхэн. Үүний нэг бөөрөнд нь монголчууд амьдарч байна. Хайр сэтгэлээ дагаад хорвоогийн аль ч хэсэгт аз жаргалтай амьдарч болно.

-Хамтлагийнхан дотроосоо чи их дуугүй юм шиг санагддаг. Найз нартайгаа уулзаад нэг газар суухдаа өөрийгөө уудлан ярьж чаддаг уу?

-Би тийм дуугүй хүн биш. Харин ч хүмүүстэй ярилцах, цаад хүнээ яриулахдаа гайгүй нээлттэй байдаг. Хүмүүс намайг хийсвэр сэтгэлгээгээр дүгнэдэг. Бид нар бүх юмаа л ярилцдаг. Гэхдээ ярихгүй гэсэн юм мэдээж байлгүй яах вэ. Найз нөхөд, гэрийнхэнтэйгээ заавал ярилцаж зөвлөлгөө авдаг. Би төөрөлдчихсөн, хариулт нь олдохгүй байгаа асуултаа ээжтэйгээ, ахтайгаа, найз нөхөдтэйгээ ярилцдаг.

-Урлагийнхан энэ мэргэжлээ сонгоогүй бол хэн байх байсан бол гэдэг асуулт заримдаа сонирхолтой санагддаг. Магадгүй чи талхчин ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Болох л юм. Гэхдээ дуучин биш байсан бол хөгжимчин юм уу эсвэл нийгэм цаг үеэ дагаад нэг мэргэжилтэй болох байсан байх. Миний бодлоор сүүлийн үед залуус сайхан сургууль төгсчихөөд, ажиллахдадлагагүй, ажил хийх хүсэл, мөрөөдөлгүй зүгээр л робот болчихож. Эцэг эх нь хүүхдээ сургуульд оруулах гэж махаа зулгааж, цусаа гоожуулан зүтгэж байхад хүүхэд нь сонирхолгүй г зэд орхидог нь үнэхээр тэнэг хэрэг. Тэд бол хувиа бодсон хүмүүс гэж хэлмээр байна. Өөрийгөө бодохоос гадна гэр бүлээ бодох хэрэгтэй.

-Цаг хугацаа орчин нөхцөлөө дагаад хүний мөрөөдөл өөрчлөгддөг. Чиний мөрөөдөл мэдээж өөрчлөгдөж байсан байх?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Би бага байхдаа их л онцгой хүн болохыг мөрөөддөг байлаа. Дараа нь алиалагч Батсүх ах шиг болох юмсан гэж боддог байсан. Одоо ажил торлөө амжилттай сайхан хийж, сайхан амьдралтай болохыг л хүсэж байна. Сайхан амьдрал гэж би хүзүү хоолойгоор татсан баян тансагийг хэлж байгаа хэрэг биш, маш сайн, сайхан гэр бүлтэй болохыг л хүсэж байна. Энэ бол хэрэгжиж болох мөрөөдөл. Хэзээ ч бүтэхгүй байх гэмээр мөрөөдлүүд байна л даа. Жишээ нь Марс дээр очиж үзэх юмсан гэх мэт /инээв.сурв/.

-Мэдээж чи сайхан гэр бүлтэй болж, сайн аав болно. Тэгэхээр хэдэн хүүхэдтэй болохоор төлөвлөж сууна даа?

-Би найман хүүхэдтэй айлын тав дахь нь. Манай ах, эгч, дүү нар гэр бүлтэй болж, хүүхэдтэй болцгоосон. Ер нь тэдний амьдралын хэв маягийг харж байхад гурав юм уу дөрвөн хүүхэдтэй болвол гоё санагддаг. Хүүхэд гэдэг хорвоо дэлхийд ирэхдээ хүмүүст аз жаргал авчирдаг. Бид нар ч бас хүмүүст аз жаргалыг бэлэглэж ирсэн.

-Мээдээ хараалын үг хэрэглэж байхыг хараагүй. Ийм үг хэдий муухай ч бас хүний бухимдлыг тайлдаг гэсэн. Чиний хувьд бухимдаж уурласан үедээ яаж тайвширдаг вэ?

-Би хараалын үг хааяа хэрэглэдэг. Гэхдээ амныхаа зуршил болгодоггүй. Уурлах үе байдаг ч аливаа юмыг хүчээр шийдвэрлэнэ гэж хэзээ ч байдаггүй. Күнзийн сургаалиар Хэрвээ хүн чамайг маажиж өгвөл, чи эргүүлээд маажиж өгч бай гэдэг. Хүн тусалвал туслана, муу санавал адилхан л хандана гэж боддог. Хэт нигүүлсэнгүй байх дэмий. Бухимдал гэдэг нэг юмнаас сэдэлтэй. Тухайлбал, хүнээс болж эсвэл орчноосоо болж уурладаг. Тийм болохоор гэртээ байхад дургүй хүрээд байвал гараад явчихна сэтгэл зовоогоод байвал түүнээсээ л холдчихно.

-Тэгвэл баярласан үедээ?

-Баярлахаараа уйлдаг. Үнэхээр баярын нулимс гэж байдаг гэдгийг ойлгосон. Хүн хорвоод ирээд, өвдсөндөө биш, хүн болсондоо баярлаж уйлдаг гэдэг. Би ч бас анх төрөхдөө баярлаж байсан байх.

-Хүмүүс чамайг их сайхан ааш зантай залуу гэх юм билээ. Чи өөрийгөө хувь хүн талаасаа тодорхойлвол?

-Би хумхын орд. Хумхын ордныхон мөрөөдөмтгий, эрх чөлөө хаагдан боогдоход дургүй.

-Хаа явсан газар чинь хүмүүс өөрийн эрхгүй ажигладаг байх. Урлагийнхан дандаа сайхан байхаас арга ч үгүй юм. Наад захын хувцаслалт энэ тэр гээд?

-Хувцсаа өөрөө авдаг. Би брэнд гэх мэтийг сонирхдоггүй. Зөвхөн надад л таалагдаж байгаа хувцсыг авдаг. Хамгийн сүүлд өөртөө пүүз авсан. Бодоод байсан чинь би хоёр жилийн өмнө л пүүз авсан байсан.

-Хараад байхад мөнгөндөө үрэлгэн юм шиг байна.

-Яаж мэдэв ээ.

-Залуу хүн болохоор чинь?

-Хамгийн их үрдэг нь хоол байх даа /инээв.сурв/. Ерөнхийдөө би үрэлгэн талдаа. Юунд үрж байгаагаа мэдэхгүй мөнгө үрдэг сул талтай.

-Чамтай холбогдох гэж багагүй цаг хугацааг барлаа. Сэтгүүлчид бид ихэвчлэн 211 картаар ярьдаг юм. Харин чи утсаа ер авахгүй байна лээ шүү. Олон хүн утасдаад хашраачихсан уу?

-Тийм. Би ер нь утсаар танилцах дургүй. Зарим нэг дугаараас дохиод л байдаг. Би тэр үед нь надтай ярих чухал шаардлагатай хүний утас нь цэнэггүй болчихоод ийм утаснаас дохисон юм болов уу гээд залгахад ярьдаггүй, эсвэл нэрээ хэлдэггүй. Тэгээд ч 211-ээс дандаа дэмий хүмүүс залгадаг. Зарим нь ажилтай байхад залгаж, дохиод л байдаг. Би ямар утсаа шийдэлтэй биш.

-Одоо хамтлагаараа хийж байгаа цомгийн дуунууддаа клип хийлгэх үү. Шинэ цомог чинь хэзээ бэлэн болох гэж байна вэ?

-Одоогоор бид дуун дээрээ ажиллаж байгаа. Нэг үеэ бодвол Камертон хамтлаг өөрсдийнхөө цомгоос илүү залуу дуучдаа дэмжиж ажиллаж байгаа учраас хугацааны хувьд хэлэх хэцүү байна. Барагцаалбал ирэх тав, зургаан сарын үед цомог маань гарах байх даа.

-Шинэ залуу дуучид гэснээс хэзээнээс та нар шавьтай болчихов оо?

-Шавь болоод байх юу байх вэ. Тэгж туйлшруулаад яах юм. Зүгээр л дуулах сонирхол, авъяастай, хөдөлмөрч хүүхдүүдийг бэлдэж байгаа. Гэхдээ тийм олон биш. Час хийсэн олон хүн ч байхгүй. Хамгийн гол нь шинэ соргог, залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийж чадахуйц төгс төгөлдөр бүтээл хийх сонирхолтой байгаа. Энэ бол Камертон хамтлагийн ч ажил биш, В продакшны ажил. Зөвхөн дуулж бүжиглэхдээ гол биш, үеийнхээ залуучуудад үлгэр дууриал өгч чадах боловсролтой залуусыг дэмжих хэрэгтэй.

Өглөөний сонин 56 /121/

М.Урнаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button