МУИС-ийн багш, профессор, эрдэмтэн судлаач Ж.Бадамдаш Хиймэл дагуулууд манай гарагийг тойроод сүнгэнэж байхад агаар мандалд өөрчлөлт гарахгүй гээд яах юм бэ?

Зурхайчид гарч буй гал гахай жилийг сайхан жил болно гэж дурдацгааж байгаа. Сүүлийн жилүүдэд 10 гаруй зурхайчид цаг тооны бичиг гаргаж байгаа хэдий ч цаг тооны бичгийн жинхэнэ хэрэглэгч болсон малчдын мэдэж байх ёстой тохиолго-ыг оруулаагүй байдаг. Энэ бүхнээс үүдэн өвгөн эрдэмтэнтэй хуучиллаа.

-Гал гахай жил гарлаа. Нохой жилийн өвөл орон даяар тун дулаахан өвөл болж өнгөрлөө. Хавар нилээд хахир болж магадгүй гэж зарим хүн ярьж байна, таны саналыг сонсоход сонин байх болов уу?

-Тийм ээ, би ийм дулаахан өвөл болж байсныг сайн санахгүй л байна. Дэлхийн цаг уурчид дэлхий даяар дулааралт болж байгаад сэтгэл түгшиж энэ сэдвээр эрдэм шинжилгээний хурал уулзалт зохион байгуулж байна. Манай зарим сонин хэвлэлд дэлхийн дулааралтын нөлөө манайд мэдэгдэж эхэллээ гэж бичиж байна. Үүнийг тухайн үед илэрч байгаа байгаль ертөнцийн ааш араншин гэхээс илүү хүн төрөлхтний хөгжлийн огцом өсөлт техникжилт үйлдвэржилтийн сөрөг нөлөөний гай байхыг үгүйсгэж болохгүй. Ер нь сүүлийн жилүүдэд жилийн дөрвөн улирал дотроо хаврын улирал хэдийгээр хүйтний амыг цаашлуулж хөхүүрийн амыг наашлуулдаг боловч ялангуяа хөдөөний малчдад төдийлөн таатай биш байдаг. Олон ааштай хүнийг хаврын тэнгэр шиг гэж хэлэх явдал ч бий шүү дээ.

-Цаг уурын хувьсал дулааралтыг орчин үеийн үйлдвэржүүлэлт техникийн дэвшилтэй холбоотой гэж та үздэг юм аа даа?

-Тэгэлгүй яахав. Би шууд тэгж хэлнэ. Өнөөдөр дэлхий дээр хэдэн хот хэдэн тосгон, яндангаараа утаа суунаглуулж байдаг хичнээн айл өрх байгаа билээ. Нүд хорсгож, амьсгал давчдуулсан утаан хөшигтэй нь ганц манай нийслэл биш байлгүй. За тэгээд XX зууны хоёрдугаар хагасаас хойш орос америк хоёрын дээш нь хөөргөсөн хиймэл дагуул, сансрын хөлгийн тоог гаргаж бүртгэсэн хүн бий гэж үү? Энэ хоёр их гүрний сансар судлаачид дээш нь тавьж байгаа обьектуудаа дэлхийн цаг уурт огтхон ч нөлөөлөхгүй гэж хүүхэд хуурч байгаа юм шиг үг хэлдэг. Шал худлаа. Дэлхийн агаар мандлын бүрхүүл 700-аад км зузаан гэж тогтоогоод байгаа дуулдсан. Хэдэн зуун мянгаар тоологдох хиймэл дагуулууд Улаанбаатараас Завхан Хөвсгөл хүрэх дайны газраар манай эх гаригийг тойроод сүнгэнүүлж байхад агаар мандалд ямар ч өөрчлөлт гарахгүй гэхэд хэн үнэмших юм бэ?

-Зурхайчид гарч байгаа гал гахай жилийг цаг тооны бичгүүдэд сайхан жил болно гэж дурдсан үзэгдэнэ. Ерөөлөөр болтугай гэж залбирах юм. Та ер нь зурхайн ухааны тухай, зурхайчдын тухай тэдний зохиож байгаа цаг тооны бичгүүдийн тухай санаагаа хэлэхгүй юу?

-Хэдэн зуун гиянгаар тоологдох жилийн тэртээ эртний Нанхиад Энэтхэг, Түвд, арабт үүссэн зурхайн ухааныг Европ дахинд хуурамч шинжлэх ухаан гэж увайгүй тэмдэглэсэн байдаг. Газар газрын зурхайчид үндсэн агуулга нь ижил ойролцоо боловч уг номлолд өөр өөрийнхөө мэдлэг ёс жаягийн дагуу ханддаг, үүнээс улбаалан ижил бус зурлага гаргадаг явдал түгээмэл байсан байна. XҮII зууны эхээс монгол оронд асар хүчтэй дэлгэрсэн бурхны шашны олон зуун сүм хийд бүхэнд шахам зурхайн дугантай зурхайчидтай байсан боловч одоогийнх шиг цаг тооны бичиг тус тусдаа зохиож нийтийн хүртээл болгож байсангүй ажээ.

-Сүүлийн жилүүдэд 10 гаруй зурхайчид тус тусдаа цаг тооны бичиг гаргаж байна. Зарим нь хоорондоо нилээд зөрүүтэй байх жишээтэй?

-Цаг тооны бичиг зохиогчид тус тусдаа нэг нэг гавал учраас нэгэн халивт цутгасан сум шиг ижил байна гэж байхгүй л дээ. Ажиглаж байхад 1990-ээд оноос хойш цувралаар гаргаж байгаа профессор Л Тэрбишийн цаг тооны бичиг нь зохиомж бүтцийн хувьд бусад цаг тооны өдий олон бичгүүдийн тулгуур суурь болсон гэж үзэх үндэстэй байна.

-Цаг тооны бичгүүдэд тухайн нэг жилийг бүтэн даах засал зурлагыг хар цагаан чулуугаар тэмдэглэж, 0-100 настай хүмүүсийг жил жилээр нь гаргаж байна. Үүнийг анхлан Л.Тэрбишийн цаг тооны бичигт гаргасан байл уу даа?

-С.Дашдамба, Д.Содномсамбуу нар XҮI жарны улаан барс жилээс /1986/ хойш Аргын тооллыг билгийн тоололтой хослуулан харьцуулсан цаг тооны бичиг хэвлүүлж эхэлсэн юм. Түүний дараа Дашдамба гуай Д.Баасанжавын хамт 1987-1991 он хүртэл цаг тооны бичгийг жил дараалан гаргаж байв. 1990-1991 оны цагаан морь жилд гаргасан цаг тооны бичигтэй манай одон орон судлаач С.Нинжбадгар гуайн тодорхойлсон жилийн дөрвөн улиралд хэдэн сарын хэдэнд ямар гаригтай cap тохиохыг тэмдэглэсэн билээ. 1991 оны төмөр хонин жилээс хойш 2007 оны гал гахай жил хүртэл Л.Тэрбиш 17 жилийн турш цаг тооны бичиг гаргаж байна.

-Эдүгээ нийтлүүлж байгаа 10 гаруй цаг тооны бичгийн зарим нь хоорондоо зөрүүтэй тул амьтны толгой эргүүлж байна гэж зарим хүн эргэлздэг болж байна шүү дээ. Цаашид яавал зохих вэ?

-Яваандаа цэгцрэх байлгүй дээ гэж санах юм. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хэдий болтол үргэлжлээ аж дээ. Одоогийн цаг тооны бичгүүдэд нэг ноцтой но бий. Цаг тооны бичгийг ашиглаж хэрэглэж байдаг хүмүүс бол малчид шүү дээ. Малчин хүний байнга мэдэж байх чухал зүйл бол тохиолго юм. Одоо хэр нь хөдөөгийн зарим хашир малчид мэддэг. Тохиолгоны өмнө амжиж намаржаандаа бууна гэх буюу эсвэл манайх тохиолго өнгөрөөгөөд нүүнэ гэх зэргээр ярилцах нь энүүхэнд. Учир нь саран авхай аль нэгэн одтой тохиож өнгөрөх үед тэнгэр муухай ааш гаргахгүй байна гэдэг гонж. Хүйтэн цасан шуурга, нүүр хорсгосон жавар, хаврын хавсарга зун цагт бол хур бороо аянга цахилгаан, үер мөндөр үгүй ер юу эс болдог билээ. Ж.Пүрэвжавын зохиосон гал гахай жилийн цаг тооны бичигт cap мичид хоёрын тохиолтыг шинжих нь гарчигийн дор cap мичид хоёрын тохиох тухай бүдүүвч схем гаргасан нь дөнгөж эхлэл төдий зүйл болсон байна. Учир нь тохиолго гэдэг монгол малчдын маш өргөн утгатай өөр олон од мичид cap тохиодгийг хамарсан ойлголт, ажиглалт юм. Энэ тухай Л.Тэрбишийн зохиосон 1995-1996 оны модон гахай жилийн цаг тооны бичигт дорнод аймгийн 83 настай Цэрэнжав баавайн өгүүлсэн зүйл, одон орон судлаач С.Нинжбадгар гуайн 1990-1991 оны цагаан морин жилийн цаг тооны бичигт жилийн улирал бүрээр саран авхай чухам аль сарын хэдэнд Ahrapar, Буд, Бархасбадь, Сугар, Санчир гаригуудын алинтай тохиохыг нарийвчлан тооцоолсон. Cap чухам хэдэн сарын хэдэнд ямар од мичидтэй тохиож цаг агаар хямран хүйтэрдгийг эдгээр олон цаг тооны бичгүүдэд нарийн тооцож тэмдэглэх нь хүн тус бүрийн нэгэн жилийн төөрөг засал зэргийг тодорхойлж өгөхөөс ач холбогдлын хувьд огтхон ч дутуугүй. Ялангуяа малчид тариаланчдад эн тэргүүний хэрэгцээтэй зүйл гэдгийг цаг тооны бичиг зохиодог хүмүүс анхаарууштай байна.

Тэргүүн сонин Г.Нэргүй

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button