ШУТИС оюутны төлбөрийн нэг тэрбум гаруй төгрөгийг хууль бусаар зарцуулсан нь тогтоогдлоо

Монгол улсын хэмжээнд дээд боловсрол олгодог их, дээд сургуулиудын төлбөр жилээс жилд нэмэгдэж, тэр бүрийд нөгөө л улиг домог болсон сургалтын төсөв хүрэлцдэггүй, багш ажилчдын цалин хөлс муу, сургалтын материаллаг бааз байхгүй гэхчилэн шалтаг тоочдог нь сургалтын чанарт нөлөөлж байна хэмээн шүүмжилдэг. Үүнд нь ч оюутнууд, эцэг эхчүүд уярч ёс юм шиг намрын намарт нэмэгддэг төлбөрийг дөрвөн жил тэсч гарахын төлөө хоёр идэх хоолоо хасан байж зүтгэж буй. Үүнийг нь ч буруутгах аргагүй. Харин жилийн жилд хэдэн мянгаараа амьдралд хөл тавьж буй өнөөгийн өндөр төлбөрт оюутнууд сургууль төгсөж гараад тэр бүр ажлын байраар хангагдаж чаддаггүй. Тэднээс цөөхөн хувь нь мэргэжлээрээ буюу ойролцоо мэргэжлийн ажилд арын хаалга, танил талаараа очиж, үлдсэн хэд нь гэрийн мухар сахих буюу дэлгүүр, цайны газар, үйлчилгээний газруудад боловсролтой лангууны ажилтан-аар мэргэших болсон. Харин энэ удаа тэрхүү дээд боловсролтой дэлгүүрийн худалдагчдийн тухай биш, дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд жилээс жилд татаасаа нэмж байгаа сургуулиудын санхүү хэрхэн зарцуулагддаг тухай баримтыг дэлгэж байна.

Манайдаа л чанартай . сургалт, мэргэжлийн боловсрол эзэмшүүлдэг гэх хэд хэдэн улсын их, дээд сургуулиудад саяхан санхүүгийн шалгалт хийжээ. Шалгалтаар бүгд ижил төрлийн зөрчилтэй гарсан төдийгүй тэднээс хамгийн өндөр төлбөртэй ШУТИС зөрчил дутагдлаараа толгой цохин тэргүүлжээ. Шалгалтын дүнгээр их дээд сургуулиудын захирал удирдлагууд бие биендээ тал тохой засан, их хэмжээний мөнгөөр шагнаж, урамшуулахаас гадна сургалтын төлбөрийг зориулалт бусаар зарцуулж, оюутнуудаас зүй бус татвар, татаас авах явдал газар авсан байжээ. Тухайлбал төсвөөс гадуур хөрөнгө мөнгийг орлогод тусгахгүй байх, төрийн сангийн нэгдсэн данснаас гадуур арилжааны банкуудад харилцах данс нээн мөнгийг дур мэдэн зарцуулах явдал зөрчлийн дийлэнх хувийг эзэлжээ. ШУТИС л гэхэд төсвийн бус харилцах дансаар нэг тэрбум нэг зуун жаран нэгэн сая төгрогийн орлогыг төвлөрүүлж, хууль бусаар зарцуулсан байжээ. Мөн төсвийн ерөнхий санхүүч нь зарим төрлийн орлогыг бэлнээр өөрөө авч зарцуулдаг төдийгүй олгоогүй мөнгийг олгосноор зарлага гаргаж, орлогыг бууруулан мөнгөн хөрөнгийг хувьдаа ашигласан зөрчлүүд ч бүх сургуулиуд дээр гарсан байна.

Үүнээс гадна оюутнуудын сургалтын төлбөрийн орлогыг удирдлагууд нь зориулалтын бусаар зарцуулж, бие биедээ найр тавин зээлдүүлэх, буцааж авахгүй байх, тэрхүү орлого зарлагыг санхүүгийн тайлан тэнцэлд авлагаар тусгадаггүй гэх зэргийг дурдаад байвал хангалттай баримт олныг дурдаж болох аж. Үүнд ХААИС, ЦИС, МУБИС, БХИС, ШУТИС гээд олон сургууль нэрлэгдэнэ. Гэвч энд зөрчлөөрөө толгой цохисон ШУТИС-ийн санхүүгийн луйвруудыг дэлгэе. Тус сургуулийн ерөнхий санхүүч Г.Билгээ мэргэжилтний байрны төлбөрийн орлого 2.9 сая төгрөг, LAESTE-ийн шугамаар гадаадад явсан оюутнуудаас 2004-2006 оны дөрөв дүгээр cap хүртэл хураамжийн орлогод 2500 ам доллар, 234.2 мянган төгрөг авсан ч тайлан тэнцэлд тусгалгүй 2000 ам доллар, 161.7 мянган төгрөгийг дур мэдэн зарцуулжээ. Мөн бэлэн мөнгөний нярав Б.Жавзан нь 2004-2005 онд Эрчим хүчний их сургуулийн 54 хүнд 762.8 мянган төгрөгийг цагийн хөлс, оюутны урамшуулал, дадлагын хөлс, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 16 хүнд 253.5 мянган төгрөгийн оюутны тэгтгэлэг, төслийн цалин, цагийн хөлс, унааны зардлын 1329.7 мянган төгрөгийг олгоогүй байж олгосноор тайлан гаргаж, тэр хэмжээний мөнгийг дутагдуулсан байна. Уул уурхайн инженерийн сургуулийн Б.Лайхансүрэнгээс 2005 оны 09 сарын 28-нд кассанд бэлнээр тушаасан 2560.0 төгрөгийн тэсэлгээний курсын орлогыг 256.0 мянган төгрөгөөр тайланд тусгаж 2304.0 мянган төгрөгийг хувьдаа ашигласан байв.

Мөн тус сургуулийн Гадаад хэлний сургуулийн бэлэн мөнгөний нярав Х.Эрдэнэхишиг нь 2004-2005 онд есөн хүнд 389.5 мянган төгрөгийн оюутны тэтгэлэг, унааны зардал, төлбөрийн зөрүү зэргийг олгоогүй атал олгосноор тайлан гаргаж хувьдаа завшжээ. Үүний зэрэгцээ тус сургуулийн удирдлагууд хууль бусаар сургалтын төлбөрийг зарцуулсан баримт нэлээдгүй гарсан ба зарим нэгээс нь дурьдвал, Компьютер техник менежментийн сургууль нь сургалтын төлбөрийн орлогоос 18 сая төгрөгийг сургалтын үйл ажиллагаанд огт хамааралгүй блок худалдан авахад зарцуулсан байна. Тус сургууль 2005 онд гурван сая гаруй төгрөгийг MUST сүлжээнд олгоод авлагаар тайланд тусгаагүй, 2004-2005 онд төслийн удирдагч нарт 12 сая гаруй төгрөгийг эргэн төлөгдөх нөхцлөөр зээлээд эргүүлэн аваагүй төдийгүй тайлан тэнцэлдээ ч тусгаагүй, 30 сая төгрөгийг Сүхбаатар аймаг дахь салбар сургуульд түр олгосон боловч өнөөг хүртэл аваагүйгээр барахгүй тайланд тусгаагүй байна. Үүний зэрэгцээ ШУТИС-ийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрээр Баянгол цогцолборын орон сууцны дэд бүтцийн асуудал шийдвэрлэхэд зориулан 527 сая төгрөгийг хуримтлуулсан хэдий ч түүний бүртгэл тайланг хангалтгүй хийхээр төлөвлөсөн, мэрсэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулаагүй, ажлын хэдэн хувь хийгдсэн, цаашид ямар байдлаар ажиллах талаар тодорхой бус заагджээ. Орон сууцны асуудал үүгээр зогссонгүй Эрчим Арт ХХК-иас орон сууц худалдан авахаар гэрээ хийгдсэн боловч гэрээнд заасан хугацаанаас жил гаруй өнгөрсөн, худалдан авах гэрээ хийсэн байгууллага, эзэмшигчдийн гэрчилгээ олгоогүй байж байгууллага, хувь хүмүүст ашиглуулж байсан гэх зэрэг түмэн зөрчил илэрчээ.

Төрийн өмчит их дээд сургуулийн санхүүгийн тайланг өнгийвөл иймэрхүү л маягтай дүр зураг бууж байна. Өнөөдөр сургалтын төсөв муу байна, цаашдаа ч нэмэх шаардлагатай гэж байгаа энэ үед төлбөр ахиад л нэмэгдэх нь дамжиггүй. Харин тэр төлбөр иймэрхүү замаар л үрэн таран болох нь бас баараггүй бололтой. Удахгүй их, дээд сургууль төгсөгчдийн сургууль төгсөлтийн баяр болно. Энэ нь элдэв янзын татаасаа татах бас л нэг сезоон. Түүний дараа намар Ахиад л төлбөр

Өглөөний сонин 56 /121/

И.Цэвэлмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button