Г.Амгаланбаатар Би тавдугаар ангиасаа охин панаалдсан

-Өнөө үед залуучууд харьцангүй боловсон соёлтой, их эрч хүчтэй болчихсон юм шиг санагддаг. Та залуу хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна?

-Оюунлиг чадалтай болохыг нийгэм маань өөрөө биднээс шаардаад байна. Цаг үе хөгжлийн хурд үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр бид цаг үетэй нийцэхээс өөр аргагүй. Залууст цаг үеэсээ хоцрох эрх байхгүй. Энэ утгаараа дэндүү эрэмгий дайчин болсон байна. Гэхдээ үүний хажуугаар алгуурладаг, өнөө маргаашаа аргацаадаг нэгэн байгааг нуухгүй. Алдаж, онож яваа нь ч бий. Ер нь ганц үгээр хэлэхэд Монгол гэсэн энэ улс гүрний тусгаар тогтнол, гал голомт, хөгжил цэцэглэл бидний нуруун дээр байгаа гэдгийг залуучууд маань ойлгож байна.

-Магадгүй сул тал нь байх. Залуусыг хайрыг үнэлэх үнэлэмжгүй. Аливааг дандаа мөнгөөр үиэлж цэгнэдэг. Бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон гэж шүүмжилдэг. Энэ тал дээр юу хэлэх бол?

-Тийм юм байгаа. Нийгэмд ийм зүйл газар авч байгаа болохоор бид уран бүтээлээ энэ зүг чиг рүү ихээхэн тусгаж байна. Хайрын виз жүжиг маань ерөөсөө л залуусын хайр дурлал, өнгө мөнгө, нийгмийн сонин үзэгдлүүдийг тусгасан. Залуучуудыг битгий бэлэнчлэх сэтгэлгээтэй, аливааг мөнгөөр цэгнэдэг байгаа ч ээ. Ухаалаг, оюунлиг, хүнээрээ байгаач гэдэг ойлголтыг төлөвшүүлэх.

-Өөрөө хайр дурлалын талд ямар бодолтой явдаг вэ?

-Би хайрыг юутай зүйрлэж болох бол гэж боддог. Гэвч яг үнэнийг хэлэхэд хайр гээч тэр аугаа зүйлийг зүйрлэх юм үнэндээ байдаггүй. Хүн хайраар хөглөгдөж, тэтгэгдэнэ гэдэг ерөөсөө амьд яваагийн бахархал. Хүнийг хайрлаж, хүнд хайрлуулж байж үнэ цэнийг нь мэдэрдэг шиг, бид аливаа зүйлийн амтыг хайр шиг мэдрэх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ер нь хайраар хөглөгдөж яваа цагт уран бүтээл усны ундрага шиг гардаг даа.

-Хавар болж байна. Хавар хайр дагуулж ирнэ гэдэг?

-Өвлийн хахир хүйтэн цаг уулын цаагуур орж тэнгэрийн чанадаас шувууд ирэн газар дэлхий уясаад хаврын улирал сайхан. Хаварт дургүй хүн гэж байдаггүй байх. Би ч ялгаагүй хаварт дуртай. Гэхдээ намарт илүү дуртай шиг санагддаг. Хавар хайр хоёр хамт ирнэ гэдэг үнэн л дээ. Хэн ч гэсэн хайрттайгаа алхахыг, амьдралын сайхныг мэдрэхийг, дэлхий ээж дэлэгнэх, хаврын шувууд жиргэх, хаврын бороо намуухан шиврэхийн сайхныг мэдрэх гэж тэмүүлнэ.

-Хаврын улиралд хэний ч гэсэн сэтгэл гэгэлзээд сайхан байх нь мэдээж. Та ер нь хэр дурламтгай вэ?

-Би ер нь их дурламтгай хүн. Гэхдээ ингээд хэлчихээр хүмүүс намайг үй зайгүй л дурлаад явдаг залуу байна гэж бодно. Тэгэхээр би бүх зүйл рүү хүсэн тэмүүлж дурладаг. Ийм байж, үндсэндээ өөрийгөө идэвхжүүлж байж амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг.

-Бүсгүйчүүдийн тухайд ямар бодолтой явдаг вэ. Товчхоноор хэлбэл өөрт чинь ямар бүсгүй таалагддаг вэ?

-Бүсгүй хүн гэдэг энэхүү ертөнцийн гэрэл гэгээ, хүний амьдралын утга учир нь байдаг. Монгол бүсгүйн цэвэр ичимтгий ааш, бүрэг зан гэж ярьдаг. Ийм хуучинсаг үзэлд дургүй. Бид чинь техникийн, компьютерийн мэдээллийн эрин зуунд аж төрж байна. Юм өөр болсон. Тэгэхлээр ийм хурдтай үед бүрэг зантай, цэвэр ичимтгий ааштай гэдэг зүйл хоцрогдсон. Ажил хэрэгч, хүнд хэлэх гэснээ шууд хэлдэг. Өөрийн гэсэн байр суурьтай, үзэл бодолтой тийм хүмүүс таалагддаг.

-Энэ хүн надад хэрэггүй гэж бодсоны үүднээс найз нөхдөө гээх тохиолдол байдаг уу. Үндсэндээ танаас анд нөхөрлөлийн талаар асуух гээд байна л даа?

-Нөхдөө гээдэг гэж хэлж чадахгүй. Бага балчир цагийн найз нөхөдтэйгээ одоо хэр нь холбоотой байдаг. Ер нь би багын найз нартайгаа хамт байхдаа чөлөөт ертөнцөд байж чаддаг. Нөхөрлөл гэдэг хамгийн гайхамшигтай зүйл. Энэ цаг үед багаар ажиллахгүй бол амжилтад хүрэх боломж бага болсон. Мөн драмын театрын манай гурван найз байна. Боогий, Ээбий, Пара. Бид хэн хэнийхээ дутууг нөхдөг.

-Таны сонирхол юу бол?

-Энэ чинь хообий гэсэн үг үү.

-Тиймээ?

-Би чинь юм юмаар оролдож явлаа. Наймдугаар ангид байхаасаа л жүжигчин болно гэж бодож байсан. Жүжигчин гэдэг миний мэргэжил, мэргэшил болчихсон. Тиймээс сонирхол гэж хэлэх юм бол алдаа болно. Хөгжим их сонирхоно. Бид дөрөв сонирхлынхоо дагуу Хайрын дурсамж гэсэн CD гаргасан. Яруу найрагт бас их сонирхолтой. Арван жилийн сурагч байхдаа захиаг шүлэглэж бичнэ гэдгийг үзүүлж өгдөг байсан.

-Таны тоглосон Мөрөөдлийн хөлөг онгоц кино ард түмэнд их хүрсэн. Мэдээж энэ киноны талаар их ярьсан байх. Эргээд харахад яг юу бодогдож байх юм бэ?

-Сайн уран бүтээл болсон гэдэгтэй санал нэг байдаг. Гол дүрд тоглодог найз нартайгаа үргэлж холбоотой байдаг. Надад их юм өгсөн.

-Жүжигчин хүний хувьд бүтээх юмсан гэж мөрөөдөж явдаг дүр гэвэл?

-Байлгүй яахав. Сонгодог жүжгийн дүр, кинонд бол түүхэн дүр бүтээхийг хүсдэг. Тайз дэлгэцийн томоохон дүрд тоглож, авьяас чадвараа сорихыг хэн ч гэсэн хүснэ.

-Жүжигчин болно гээд бүр наймдугаар ангидаа итгэчихсэн байсан гэж байна. Анхны шалгалт, анхны дүр гээд бэрхшээлтэй зүйл гарна?

-Өө тэгэлгүй яахав. СУИС-ийн нэгдүгээр курсын оюутан болчихоод би ер нь ямар сургуульд орчихсон юм бол гэж цөхрөх шантрах үе зөндөө байлаа.

-Та чинь хэдэн онд СУИС-т орсон бэ?

-1996 онд. Оюутан цагийн дөрвөн жил бол бужигнаад л өнгөрсөн. Би хэзээ ч манлайлагч байхыг хүсдэг. Оюутан байхдаа ч ялгаагүй тийм л байлаа. Тэр эрчээрээ л явсан. Сургуулиа төгссөн. Драмын театрт жүжигчнээр орсон. Хүний амьдралын хамгийн гэрэлтэй он цаг, оюутны амьдрал. Сургалтын төлбөрөө төлчихсөн л бол санаа амарна. Хуушуур буузны мөнгө бол олддог л байхгүй юу. Оюутнуудыг ядуу гэдэг. Худлаа. Одоо бодоод байхад оюутан байхад хамгийн их мөнгөтэй, баян байж.

-Таныг багадаа их сахилгагүй хүүхэд байсан гэдэг?

-Бусадтай зодоон цохион хийж, нударга зөрүүлэх зүйл байсан. Эцэг эхийнхээ чихийг багагүй халууцуулсан байх. Нуугаад яахав. Үнэн юм чинь. Гэхдээ хорон муу зүйл байгаагүй.

-Арван жилийн сурагч байхдаа хайрын захиа шүлэглэж бичдэг байсан гэсэн. Тэгэхлээр хэн нэгнээс бүтэлгүй хариу авч байв уу?

-Ер нь үгүй шүү. Ангийнхаа банди нарын захиаг өөрөө бичээд, өөрөө аваачиж өгнө. Мэдээж захиагаа өгөхөөс өмнө охидтой уулзаад баахан ярина. Тэр бол захиагаа өгөхийн өмнөх тоглолт. Тухайн тоглолтоо амжилттай тун чадварлаг хийнэ.

-Өөрөө гуйхдаа ямар тактик хэрэглэх вэ?

-Намайг наймдугаар ангид байхад манай доод ангид нэг их гоё өндөр охин шилжиж ирдэг юм. Яаж танилцах вэ гэж бодоод л байлаа. Тэгээд нэг өдөр ангийнхаа Сэргэлэн гэж бандийн өмнөөс тэр хүүхдэд захиа бичлээ.

-Найздаа хэлэлгүйгээр үү?

-Тэгэлгүй яахав. Нөгөө хүүхэд дээрээ очоод Чи намайг таньж байна уу гэхэд, танилгүй яахав. Та манай дээд ангийн ах байна гэдэг юм. Ингээд баахан ярьж, алиалж суугаад, чамайг манай ангийн Сэргэлэн гэж хүүхэд шилжиж ирснээс чинь хойш харсан гэж хэлээд нөгөө захиагаа өгчихлөө. Яанаа ахаа би тэр хүүхдийг чинь танихгүй шүү дээ гэдэг юм. Үгүй чи танина. Юу ч гэсэн захиагий нь авчих гээд өгчихөв.

-Тэгээд юу болсон бэ?

-Хэд хоногийн дараа өнөө захианыхаа хариуг авъя гээд уулзсан. Тэгээд л бас баахан ярьж суугаад ангийнхаа хүүхдийн өмнөөс захиа бичсэн гэдгээ хэлсэн.

-Тэр охинтойгоо үерхсэн үү?

-Ок шүү дээ.

-Өөрөө ер нь хэддүгээр ангиасаа захиа зөөж, бичиж эхэлсэн бэ?

-Тавдугаар ангиасаа /инээв/.

-Тэгвэл наймдугаар ангид бол мэргэжлийн байна биз?

-Охидыг яаж панаалдахаа мэдэхтэйгээ болчихсон байлгүй яахав.

-Эмэгтэй хүний юунд нь эхэлж дурладаг вэ?

-Нүдэнд нь.

-Олон сайхан хүний нүдэнд зүрх сэтгэлээ орхисон уу?

-Тэгсээн тэгсэн. Ингэхэд эхнэр маань уурлах вий дээ.

(Өнөөдрийн монгол 55/476)

Н.Гантулга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button