Косовод алба хаасан монгол цэргүүдийг Бельгийн медалиар шагнав

Манай цэргийн баг Косово дахь НАТО-гийн хүчний Олон үндэстний Умардын хүчний хариуцлагын бүсэд Митровича хотын зүүн урд байрлах LE BEҮERDERE баазад байрлан Францын батальоны удирдлагад Бельгийн хоёр салаа, Люксумбургийн нэг салаатай хамтран үүрэг гүйцэтгэжээ.

Косово дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны НАТО-гийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн II ээлжинд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн сургагч багш, хошууч Б.Эрдэнэбат захирагчтай 36 хүний бүрэлдэхүүнтэй салаа зургаан сарын турш үүрэг гүйцэтгэсэн байна. Өчигдөр Монгол Улсад зочилж буй Бельгийн Вант Улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийг Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас Дайчин алдар-2″, Дайчин алдар 3″ медалиар шагнасан юм. Үүнд, ЗХЖШ-ын ажиллагааны дарга ТЦ-ийн ахмад Хофман, Дэслэгч Виллемсен нарыг Монгол Улсын Батлан хамгаалах яамны Дайчин алдар-2″ медалиар, хошууч Шнэлдэр, Дсинтер, бага дарга, Вантрик, Гуус, Верслуис, ахлах байлдагч Карриен, Делсемме, байлдагч Кроугс нарыг Монгол Улсын Батлан хамгаалах яамны Дайчин алдар 3″ медалиар тус тус шагнасан юм.

Харин Косово дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны НАТО-гийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн II ээлжний хошууч Б.Эрдэнэбат захирагчтай салааныхныг Олон Улсын ажиллагаанд оролцсоны төлөө Бельгийн медалиар шагнасан юм. Ташрамд дурдахад манай улсын цэргийн баг гадаадад анх удаа жижиг нэгжээр олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгаөд энхийг сахиулах ажиллагааны үндсэн арга техник болох машинтай болон явган, агаарын эргүүл, ажиглах цэг, байнгын болон хөдөлгөөнт шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах, иргэдийн жагсаал цуглаанд хяналт тавих зэрэг үүргийг анх удаа бүрэн цогцоор нь сонгодог утгаар нь амжилттай биелүүлсэн байна.

(Өнөөдрийн монгол 55/476)

Х.Санаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button