УИХ-ын гишүүн О.Энхсайханд асанд хүндэтгэл үзүүлнэ

Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа сонгогч олон, ард иргэддээ хайрлан хүндлэгдсэн, тэднийхээ дуу хоолой болж үзэл бодол байр сууриа үнэнчээр хамгаалан тэмцдэг Монгол төрийн ирээдүйтэй залуу улс төрчдийн нэг байжээ.
Ономоогийн Энхсайхан агсан ард түмнийхээ итгэлийг хүлээн УИХ-ын гишүүн болон сонгогдсоноор Монгол Улсын ашигт малтмалын салбарт төрийн бодлого бүрэн алдагдаж, цөөн тооны эрх мэдэлтнүүд харийнхны эрх ашигт хэт үйлчлэн Монголын ард түмний язгуур эрх ашгийг хохироож буй үйлдлүүдийг залуу хүний эрч хүч, хурц ухаанаар олж харан түүнийг таслан зогсоох зайлшгүй шаардлага байгааг анх түрүүн олон нийтэд илчлэн гаргаж, эцэг өвгөдөөс өвлүүлэн өгсөн эх орныхоо эрдэс баялгийн үр шимийг юуны өмнө Монгол хүн тэгш шударгаар хүртэх хэрэгтэй гэж өөрийн дуу хоолойгоо төр засаг, ард иргэддээ хүргэж УИХ-ын гишүүнийхээ эрхэм үүргээ нэр төртэй биелүүлсэн төрийн түшээ байв.
УИХ-ын гишүүн О.Энхсайханы санаачлагаар эх орондоо тангараг өргөсөн бэлтгэл офицерүүд нэгэн ширээний ард сууж, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах тухай саналаа уралдуулж өөрсдийн үйл хэргийг Монгол Улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. гэсэн Үндсэн хуулийн заалтыг эрхэм зорилгоо болгоно хэмээн тунхаглаж Миний Монголын Газар Шороо Хөдөлгөөн Төрийн Бус Байгууллагыг байгуулсан байна.
Энэ талаарх Миний монголын газар шороо хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Э.Бүрэнтөгс ийн ярьж байна
үideo1
Журмын нөхөр, эрэлхэг эх оронч хүүгийнхээ эхлүүлсэн ариун үйлсийг түүний байгуулсан Миний Монголын Газар Шороо хөдөлгөөнийхөн тууштай үргэлжлүүлж байгаа. Тэгвэл түүний журмын нөхөд ирэх даваа гариг буюу 3 сарын 26-ны өдөр түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн, Алтан өлгийд цэцэг өргөхөөр болсон байна. Тэд түүний хийж байсан ариун үйлсийг үргэлжүүлэхээ нэгэнтээ амалсан бөгөөд энэ тал дээр ч тууштай тэмцэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн.
Тэрбээр 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг эрс эсэргүүцэж, шинэ хууль санаачлаи боловсуулж, хэлэлцэн батлуулахын төлөө тэмцэж байсан.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ономоогийн Энхсайхан 2006 оны гуравдугаар сарын 26-нд хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолдсон.
О.Энхсайхан 1969 оны наймдугаар сарын 6-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ. Тэрбээр 1987 онд Мөрөн хотын арван жилийн нэгдүгээр сургууль, 2000 онд Олон Улс Судлалын Дээд сургуулийг гадаад харилцаа, олон улс судлаач мэргэжлээр, 2001 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг бизнесийн эдийн засагч мэргэжлээр тус тус төгсөж, 2002 онд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад мэргэжил дээшлүүлжээ.
О.Энхсайхан 1984-1987 онд Ардын армид цэргийн алба хааж, 1990 онд Идэр ХЭАА, 2000 онд Идэр холдинг ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Монголын шилдэг бизнесменүүдийн нэг бөгөөд 1998оноос Маркетингийн Холбооны удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байв.
О.Энхсайхан 1990 онд Хөвсгөл аймагт ардчилсан хувьсгалыг эхлүүлэн улмаар Ардчилсан намд гишүүнээр элсэн улстөрийн үйл амьдралд идэвхтэй оролцож.1991 онд Хөвсгөл аймгийн МоАХ-ны санхүүжилтийн албаны дарга, 2000 оноос Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, 2001-2004 онд Нийслэлийн МоАХ-ны тэргүүн, 2000 оны арванхоёрдугаар сарын 26-наас өнөөг хүртэл Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга, 2001 оноос залуу улстөрчдийн Реформ клубын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, Монгол Улсад хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулахад өөрийн хувь нэмрийг харамгүй зориулж, либерал ардчилсан бодлогыг тууштай хамгаалан тэмцэж, хэрэгжүүлж ирсэн Монгол төрийн ирээдүйтэй залуу боловсон хүчний нэг байлаа.
Түүний Ийгл телевизэд хамгийн сүүлд өгсөн ярилцлагын хэсгээс хүлээн авна уу
үideo2
Түүний Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Ардчилсан нам 2004 оны есдүгээр сард намынхаа дээд шагнал Чингисийн одонгоор шагнасан байна.
О.Энхсайхан Монгол Улсын Их Хурлын 2004 оны сонгуульд Эх орон-Ардчилал эвслийг байгуулах, мөрийн хөтөлбөрийг боловсруулахад гар бие оролцон Улсын Их Хурлын 46 дугаар тойрогт нэр дэвшиж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан юм.
/Оллоо.МН/
Б.Ану