Аймгийн арслан Буянтогтохын Ганзориг Нутаг усныхаа уул усаар бахархаж явдаг даа

Б.Г- Би Увс аймгийн Түргэн сумын Хавцалын боом гэдэг газар эцэг Буянтогтох, эх Гэрэл нарынхаа 7 хүүхдийн 6 дахь хүү нь болон төрсөн. Миний төрсөн нутаг байгалийн маш их үзэсгэлэнтэй газар. Уул, ус, ан амьтан, ургамал ногоо нь жигдэрсэн, мөнх цастай Цагаан дэглий гэдэг уулнаас эх авсан Түргэний гол урссан үгээр ч хэлэхийн аргагүй сайхан нутаг даа. Миний аав 17 жил адуу малласан буянтай хүн байсан. Эмнэг, хангал дээр сайн тогтдог, бугуйл сайн шиддэг, сайн бугуйлч хүн байсан. Ээж маань хөдөөний эгэл жирийн бор амьдралтай эмэгтэйчүүдийн нэгэн адил сааль сүүгээ саажг үр хүүхдүүд биднийгээ өсгөн хүмүүжүүлсэн сайхан сэтгэлтэй 50 гаруй насны хүн одоо энх тунх амьдарч байгаа. Хүүхэд байхдаа би хичээл номондоо их мэрийлттэй, сурлага сайтай хүүхэд байсан. Дуу их дуулдаг. Хичээлүүдээс дуу хөгжим, биеийн тамирын хичээлдээ илүү сонирхолтой байсан. Аав маань адуучин байсан болохоор хурдны морь уядаг би 8 нас хүртлээ унасан.

Бөх-Хүүхэд байхдаа бөхийн дугуйланд хичээллэдэг байсан уу?

Б.Г-7-р ангид байхад манай сургуулийн биеийн тамирын багш Сүхтулга намайг бөхийнхөө секцэнд авч хичээллүүлсэн. Би тэр жилээ аймгийн аваргад 14-өөс доош насанд түрүүлээд барилдах урам зориг орж эндээс эхэлж бөх болох сонирхолтой болсон. Дараа жил нь 15-16 насанд аймагт түрүүлээд 1994 онд Улаанбаатар хотод УАШТ-нд 15-16 насанд барилдаад 8-д орсон юм. Том насанд а/а Цэдэндамба ирж барилдаад 8-р байранд орж багаараа 5-р байранд орсон. Энэ үед манай дасгалжуулагчаар а/ а, гавъяат тамирчин Жамсран гуай ажиллаж байсан. Тэр үед багш маань манай нутагт дасгалжуулагчаар ажиллаж байсан үе л дээ. Тухайн үед би аймгийн өсвөрийн аварга шалгаруулах чөлөөт, самбо, жүдо бөхийн тэмцээнд жиндээ бүгдээрэнд нь түрүүлдэг байсан.

Бөх-Өндөр?

Б.Г-180 см.

Бөх-Жин?

Б.Г- 92 кг.

Бөх-Татах хүч?

Б.Г-180.

Бөх-Түлхэх хүч?

Б.Г-120.

Бөх-Мэх?

Б.Г-Тахимдана, хонгодно.

Бөх-Хобби?

Б.Г-Дуу дуулах.

Бөх-Чи дуу дуулах дуртай гэсэн. Ер нь дуу дуулж байв уу?

Б.Г-2000 онд бөхийн өргөөнд болсон концертонд Баянмөнх аваргын дуулдаг дууг дуулсан. Зав гарвал хэдэн найз бөхчүүдтэйгээ караокед орж дуулах дуртай.

Бөх-Танай ах дүү нараас чинь бөх болсон хүн бий юу, бөхийн удамтай юу?

Б.Г -Миний ээж нилээн том биетэй, бяртай хүн байдаг л даа. Би ээжийгээ хэрвээ эрэгтэй хүн байсан бол бөх байх байсан гэж боддог. Ах, дүү хоёр болохоор сумын наадамд аманд гарч барилддаг. Аавын талд а/з Даваа,с/з Лэгшид, а/з Даваагийн хүү а/а Отгонбаатар (Хөдөлмөр нийгэмлэгийн нэр дээр барилддаг байсан) нар барилддаг байсан

Бөх-Чи хэдэн онд а/ а болсон бэ?

Б.Г-2000 онд Шонхор БТДС-ийг төгсч очоод Увс аймгийн баяр наадамд Увс аймгийн бөх у/х Намсрайжавын дүү а/н Дансран (а/з)-тай үлдэж түрүүлсэн. Манай сум аймагтай ойрхон болохоор барилдаж байх үедээ цэнгэлдэх хүрээлэнгээс харагдаж байгаа төрсөн нутгийнхаа уул усыг хараад уул усандаа залбирч барилдаад а/а хэмээх энэ эрхэм цолыг хүртсэндээ нутаг усандаа баярлаж явдаг.

Бөх-Улсын их баяр наадамд барилдаад хэд давж байв?

Б.Г-Анх залуу бөх 1998 онд Улсын их баяр наадамд барилдаад 2-ын даваанд у/х Сэрээтэр гуайг давж, 3-ын даваанд Баянмөнх аваргад унаж байлаа. 2001 оноос хойш улсын их баяр наадамд 3 удаа 2 даваад, өнгөрсөн жилийн 2006 оны 800 жилийн ойн наадамд 3 даваад, 4-ийн даваанд өвдөг шороодсон.

Бөх-Хүндэлж шүтэж явдаг бөхчүүд бий юу?

Б.Г-Нутгийн ахмад бөх Баянаа аварга, Балжинням аварга нарыгаа хүндэлж явдаг. Хүүхэд байхдаа у/н Сумъяаг хараад ийм гоё бие бялдартай бөх болох юмсан гэж шүтэж хүсч, мөрөөдөж явсан. Би болж л өгвөл монголынхоо бүх бөхчүүдтэй хаа тааралдсан газраа мэнд усыг нь мэдэж, хүндэлж, эвсэг найрсаг явахыг л боддог доо. Ямар ч хүн байсан хүмүүсийг ялгаварлаж харьцах дургүй. Төрөлхийн ганц зан гэвэл энэ л юм даа.

Бөх-Үе тэнгийнхээ бөхчүүд болон шинэ залуу бөхчүүдийг хир зэрэг барилдаж байна гэж бодож байна вэ?

Б.Г-Одоо үндэсний бөх хөгжөөд бүгд л сайхан барилдаж байна. 2000 онд надтай цуг а/а болсон онжавуудаас Мөнхбаатар, Амгаланбаатар хоёр у/з, Сайнбаяр, Алтансүх, Цогтжаргал нар у/н болчихлоо. А/а Бадамдорж, Отгонбаатар нар маань улсын цолонд ойрхон байгаа ийм учраас онжавууддаа хүссэн цолондоо хүрцгээгээрэй гэж найз нь хүсч байна. 1978 онд надтай цуг төрсөн морь жилтэй бөхчүүдээс Азжаргал у/а, Баяржавхлан у/ з, Батжаргал, Батбаатар, Насандэлгэр нар у/х, у/н боллоо. Ингээд үе тэнгийнхэндээ улам сайн барилдаад хүссэн цолондоо хүрээрэй гэж ерөөе. Шинээр түрэн гарч ирж байгаа шинэ залуу бөхчүүд, дүү нартаа хандаж архи, тамхинаас хол яваарай, ном, сонин их уншиж ухаан санаагаа тэлээрэй, ахмад бөхчүүдийнхээ үлгэр дуурайллыг сайн судалж гүндүүгүй сайхан эр хүн шиг яваарай гэж хэлье дээ.

Бөх-Бэлтгэл сургуулилтаа хаана хийдэг вэ?

Б.Г-Бэлтгэл сургуулилтаа Их засаг сургуулийн зааланд у/а Хайдав, у/н, гавъяат дасгалжуулагч Баатаржав нарын удирдлага дор хийж байгаа.

Бөх-Танай аймгийн бөхчүүд cap бүр барилдаан зохион байгуулдаг гэсэн энэ талаар ?

Б.Г-У/з Бумбаяр, у/н Мөнхжаргал нарын санаачлагаар cap бүр Увс аймгийн харъяат аймаг, цэргийн болон залуу бөхчүүдийн барилдаан явагддаг болсонд маш их баярлаж байгаа. Энэ барилдаан явагддаг болсноор хийсэн бэлтгэл сургуулилтаа улам баталгаажуулж, сайн барилдах эрч хүч, урам зориг ордог юм. Ингээд нутгийн ах нартаа ийм сайхан зүйл зохион байгуулж байгаад нь баярлаж явдаг шүү. Та нартаа ажлын өндөр их амжилт хүсэн ерөөе.

Бөх -Ивээн тэтгэдэг компани бий юу, одоо аль компаний нэр дээр барилддаг вэ?

Б.Г-Орос гэрэл компаний захирал Бат-Эрдэнэ, Алтангэрэл ах нар маань надад тусалж дэмждэг. Би Блиссинг компаний нэр дээр барилддаг. Ингээд Блиссинг компаний захирал Дэлгэр болон компанийхаа нийт ажилтан, ажиллагсад болон Орос гэрэл компаний захирал Бат-Эрдэнэ, Алтангэрэл ах нартаа Бөх сониноор дамжуулан та бүхэндээ би баярлаж явдаг шүү. Та бүхнийг монгол бөхийн босоо цагаан хийморь ивээх болтугай гэж хүсч байгааг минь хүлээн авцгаана уу.

Бөх-Нууц биш бол гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

Б.Г-Эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг. Эхнэр Цэен Төв аймгийн Лүн сумын харъяат, хүү Мөнхтогтох 5 настай цэцэрлэгт явдаг.

Бөх-Сүүлийн асуулт, хариултыг өөрт чинь үлдээе.

Б.Г-Бөх сониноороо дамжуулан Увс аймгийн Түргэн сумынхаа нийт ард түмэндээ өнгөрсөн ч гэсэн Cap шинийн мэндийг уламжлаад, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бөх-Улсын цолонд хүрэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Б.Г- Баярлалаа.

Бөх сонин 2007.03

Ц.Болормаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button