Хүүхдийн 25000 төгрөг үүрэг хариуцлагаа умартсан эцэг эхчүүдийг өөгшүүлж байгаа юм биш биз

Хажуугаар өнгөрөх зарим хүмүүс юун их оочир дугаар вэ хэмээн гайхаж, зарим нь бүр тур зогсон ажиглана. Энэ бол хүүхдийн мөнгө авах ээлж дугаараа хүлээж байгаа хүмүүсийн дүр зураг. Холоос ажигласан хэнд ч төр засаг маань тэвдэж явахад тэвнээр туслав байна. Өнөөдрөөс хэдэн хүүхэд гэдэс гарч, мөр бүтэн явах нь, аштай юу гэх бодлыг төрүүлнэ. Харин соёлтой нийгмийн хүмүүст бол Монголын төр Хүүхдийн мөнгө-ийг жинхэнэ хэрэгтэй байгаа хэсэгт нь хүргэхийн тулд хүч чадал, нойр хоолоо сойх шалгуур тавьдаг. Эсвэл монголын төр хоёр ааштай учраас сайхан зан нь хөдөлж ав гэсэн дээр нь авахгүй бол өгөхөө больчихдог юм байна гэж ойлгохоор содон сонин үзэгдэл. Хүний эрхийг дээдэлдэг барууны орныхон бол монголын төр ажилгүй иргэдэдээ ажлын байр биш харин бэлэн мөнгө өгч хүүхдээ өсгөж халамжлахад дэмждэг юм байна гэмээр дүр зураг. Харин газар дээр нь очоод үзвэл байдал тэс өөр. 3 сарын 19-нд Хаан банкны 11-р хороолол дахь салбарын гадаа бараг зуугаад хүн урт дараалал үүсгэн дугаарлаж зогсоно.

Тэдгээр хүмүүсээс хүүхдийн мвнгөө аваад юунд зарцуулах, амьдралд нь нэмэр тус болж байгаа эсэхийг асууж лавлахаар очсон боловч нэг ч үггүй буцахад хүргэв. Тоолбол, тэдгээр хүмүүсийн бараг хагасынх нь нүүр нүд хөх алаг, шар ногоон туяатай, ихэнхээс нь архины эхүүн өмхий үнэр ханх тавьж байлаа. Яриа өрнүүлж хүүхдийнхөө мөнгийг өсгөх, хүүхдийнхээ сайн сайханд ингэж зарцуулна гэх чихэнд чимэгтэй үг хэлэхээр хүнийг нүдээрээ удаан хайлаа. Би ядуу учраас бохир заваан явах эрхтэй, нэгэнт ядуу учраас амьдралын төлөө хичээх хэрэггүй гэж итгэсэн хүмүүсийн бөөгнөрөл мэт санагдав. Тэгээд дунд хэрийн насны хоёр эхнэр нөхөр бололтой хүмүүсийг мөнгөө аваад баярлаж явахтай нь таарч уулзлаа.

-Уучлаарай, би сонины сурвалжлагч байнаа. Та хэдэн хүүхдийн мөнгө аваад явж байгаа юм, эгчээ? Одоо энэ мөнгөө хамгийн түрүүнд юунд зарцуулах вэ?

-Гурван хүүхдийн 75.000 төгрөг авлаа. Юунд байх вэ, хэдэн хүүхэд хоолгүй хүлээж байгаа. Өглөөнөөс хойш эндхийн банкны хүүхний удаан назгайгаас болж хүлээсээр одоо л авлаа.

-Хүүхдүүдэдээ хоолноос өөр юу авч өгөх вэ?

-Хоолыг нь залгуулахаас өөр яах вэ дээ. Өөр орлогогүй болохоор нөхөр бид хоёр бас үүгээр чинь амьдарна биз дээ гэсээр цааш одлоо. Уг нь тэд хүүхдийн мөнгөөр амь зогоох биш өөрсдийнхөө хөлс хүчээр амьдрах боломжтой, бүрэн бүтэн ухаантай, эрүүл саруул бие хаатай л харагдах юм. Энэ үеэр хэн нэг нь оочер дайрсан бололтой хүмүүс хашхиралдан хөөе, муу гөлөг өө. Чи гэртээ агсан тавьж байгаа биш шүү. Оочер дайраад байвал ална шүү гэх сонстов. Төр засаг бодлогоороо юуг дэмжээд байгаа юм. Хүүхдийн мөнгө эзэндээ хүрч чадаж байгаа болов уу. Эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулахаасаа илүү үүрэг хариуцлагаа умартсан, хүүхдэдээ муугаар үлгэр дуурайл үзүүлсэн, эцэг эх байх эрхгүй хүмүүсийг өөгшүүлж байгаа юм биш биз. Түүнчлэн ганц улирлын 25 000 төгрөгний төлөө 20 сая төгрөг авах гэж байгаатай адил нэг нэгнээсээ өрсөн оочер дугаар булаалдан уралцан байж зүтгэх тэднийг харахад юу бодогдоно вэ?

Та оршин суугаа газрынхаа банкны салбарт үүссэн урт дарааллыг өдөр бүр харж байгаа болов уу. Маргааш болчихвол мөнгөө авч чадахаа байчих юм шиг хүүхдийн 25 000 төгрөгний төлөө үхэх шахан оочерлож буй тэднийг хараад эрхгүй өрөвдөх сэтгэл төрснийг ч нуух юун. Манай Монголчууд ийм ядуу, ийм ядарчихсан улс болчихсон юм уу. Ганц улирлын 25 000 төгрөг тэдний амьжиргаанд яг өнөөдөр, яг одоо маш их хэрэгтэй байна. Харин маргааш мөнгөө дуусахаар яаж амьдрах вэ?

Хүмүүсийн амьдрал сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button