600,000 төгрөгөөр эхэлсэн бизнесээ 8 охин компанитай групп болгон өргөжүүлж чаджээ

өмсөж зүүхээр дутаахгүй болгосон эрхэм хүмүүсийг та бүхэндээ сануулах үүднээс Монголын шилдэг бизнесмэн-үүдийн ажил амьдралын түүхийг хүргэж байхыг хүссэн билээ. Бидэнд тэднээс суралцах зүйл их бий. Анхны буланд маань Оюуны Ундраа группийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн С.Отгонбаяр уригдсан. Харин энэ дугаарт Алтан шагай группийн ерөнхийлөгч, бизнес хатагтай О.Заяа орж байна.

Зах зээлийн нийгэмд шилжих үеэр олон эрчүүдтэй мөр зэрэгцэн бизнест хөл тавьсан тэрээр цагтаа өмссөн хувцасныхаа өнгөтэйгөө машиныхаа өнгийг ижилсүүлж унадаг байсан гэдэг. Гэхдээ эрдэм боловсрол, хүмүүсийн сайн сайхныг илүүтэй эрхэмлэдэг энэ хатагтайн ажил амьдралын түүх их энгийн. 8-р ангиа төгсөөд техникумд орж улмаар МУИС-ийг бараа судлагч мэргэжлээр төгсөж, Народный институт, Намын дээд сургууль, Энэтхэгт Удирдлагын хөгжлийн институтыг түргэвчилсэн байдлаар төгсчээ. Одоо Алтан шагай группийн ерөнхийлөгчийн албан тушаалаас гадна Монголын бизнөс эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо-ны тэргүүн, Ажил олгогч эздийн холбоо-ны удирдах , зөвлөлийн гишүүн, МУНН-ын хүндэт дарга, -Дөлгөөн дэлхий байгаль экологийн чиглэлээр ажилладаг холбооны тэргүүн, Эмэгтэйчүүдийн -эвслийн удирдах зөвлөлийн гишүүн гэх мэт олон р сонгуульт ажилтай.

Бизнест хөл тавьсан түүх

Тэрээр бусад бизнесменүүдийн нэгэн адил улс орон зах зээлд шилжсэн тэр үед бизнест хөл тавьжээ. Бизнес гэдэг үгээ ч гүйцэд ойлгоогүй, -туршлагагүй, бизнес хийх нөхцөл бүрэн бүрэлдээгүй, хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй ийм завсрын үед Монголд ховор бас эрэлт ихтэй, үнэ өртөг багатайгаар нь лааны үйлдвэр байгуулахаар шийджээ. Бизнес төлөвлөгөө зохиож, лааны үйлдвэрийнхээ төслийг барин Хоршоодын холбооны дарга асан Жасрай гуай дээр орсноор Монгол хоршоо банкнаас зээл авахаар болов. О.Заяа Алтан шагай пүүс байгуулаад банкнаас зургаан зуун мянган төгрөгийн зээл авахаар гарын үсэг зурчихаад ирэхэд нөхөр нь айлын эмэгтэй хүн ийм ажил хийж болохгүй, цай хоолоо хийгээд, үр хүүхдээ өсгөөд сууж байх ёстой гэж дургүйцсэн гэдэг. Гэхдээ өөрийн хүсэл зорилгодоо хөтлөгдөн хийхээр зориглосон ажлаа орхих сэтгэл төрсөнгүй. Банкнаас зээлсэн мөнгөөрөө зэс гууль цуглуулж, урагш аваачиж лааны үйлдвэр, электроникийн үйлдвэр оруулж ирэн ажлынхаа гарааг эхэлжээ. Эхний лаагаа үйлдвэрлэж гаргаад гартаа барихдаа маш их урам авсан О.Заяа хатагтай электроникийн үйлдвэр, гутлын үйлдвэр, модон эдлэлийн үйлдвэр, талх нарийн боовны үйлдвэр гээд олон үйлдвэр ар араас нь нээж, ажил нь амжилттай явагдаж эхэлжээ.

Бизнест хүлээсэн хамгийн том эрсдэл

Бизнес эрхэлж буй хүн болгон их бага хэмжээгээр шатдаг. О.Заяа захирал дээрээс зохион байгуулсан муу хүмүүсийн хуйвалдаанаар 1993-2000 он хүртэл бүтэн 7 жил бизнесээ эрхэлж чадаагүй гэдэг. Түүхий эдийн бааз буюу Монгол эд импекс ХК-ийг цөлмөж дуусгачихаад дахин хөл дээр нь босгуулах гэж хэсэг нөхөд түүнийг захирлаар ажиллахыг гуйжээ. Тэрээр өөрийнхөө болоод хувийн компанийнхаа байдаг мөнгийг зарж, бүх түншүүдээ ашиглан байж хөл дээр нь босгон ажилтнуудын цалинг доод тал нь 100 мянга болгож, хэдэн арван үйлдвэр бий болгож чаджээ. Гэтэл түүнийг хөрөнгө идэж уусан гэж гүтгэн, эдийн засгийн цагдаад шалгуулаад буруугүй нь тогтоогдчихоод байтал Оросоос ачигдан ирж байгаа барааг замд нь буриадуудтай нийлж дээрэмдчихээд тэр хохирол болох 90 гаруй мянган долларыг төлүүлжээ. Хөрөнгө мөнгө идсэн уусан гэж бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, шүүх цагдаагаар явсаар түүний амжилт гаргах алтан цагаас хумсалж байв. Энэ хүнд бэрх үеэ О.Заяа эмэгтэй хүний тэвчээртэй зан, амьдралд бууж өгдөггүй, ямар ч хүнд хатуу бэрхшээлийн цаана гарах зоригтойдоо давж гарчээ. Тэрээр мөнгө төгрөгөөр шатсан гэдэгтээ огтхон ч харамсдаггүй. Харин түүний ид хийж бүтээх бизнесийн цаг хугацаа, эрүүл мэнд, нэр төр, ажил алба өргөжүүлэх боломжийг үрэн таран хийсэнд л маш их харамсдаг гэсэн.

Бизнесийн амжилт

Алтан шагай групп одоо 8 охин компанитай. Уул уурхай, модон эдлэл, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Уул уурхайн салбарт 2000 оноос эхлэн хүч үзэж, дөрвөн уурхайтай болсон нь түүний зоригтой зангийн илрэл юм. Бусад бизнесүүдийн хажууд уул уурхай бол хүнд салбар. Асар их хөрөнгөтэй хүн, эсвэл гадны хөрөнгө оруулалтаар орж болдог энэ салбарт өөрийн хүчийг үзэж буй 4-5-хан эмэгтэй бизнес хатагтай нарын нэг. Энэ группийн салбар компаниудын хөрөнгийг, үл хөдлөх хөрөнгийг нийлүүлээд тооцвол Монголдоо дээгүүр байранд орохоор хөрөнгөтэй. Дөрвөн уурхай нь л гэхэд олон зуун саяар үнэлэгдэх машин техник, хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх баялагтай. Тэрээр бусдыг ялдаггүй, ямар ч үед, ямар ч зиндаанд нэг зангаараа байдаг нь түншүүдэд нь итгэл өгч, ажилд

нь амжилт авчирдаг.

Бизнес хатагтайн сонгуульт ажил

Бизнесийн амтыг биеэрээ мэдэрсэн тэрээр олон хүнийг, ялангуяа хүүхнүүдээ энэ замд татан оруулахаар шийдэж 1992 оны 8-р сарын 13-нд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо-г үүсгэн байгуулжээ. Түүний үрээр маш олон эмэгтэйчүүд бизнест хөл тавьж, амжилтанд хүрчээ. Тэрээр эмэгтэйчүүдээ бизнест түлхүү оруулдаг, зааж сургадаг, банкнаас зээл авахад нь барьцаа гаргаж өгдөг, гадаад паспорт авахад нь баталгаа гаргаж өгөх зэргээр дэмжиж тусална. Түүнчлэн хувийн өмчийг дахин сэргээж хөгжүүлэхээр зорьж анхны хувийн өмчтөний нам байгуулжээ. Удалгүй хувийн өмчтөний намаа хоёр намтай нэгтгэж Уламжлалын нэгдсэн намыг байгуулж, намын даргаар нь ажиллаж байсан гэдэг. Харамсалтай нь 1994 оны Монгол эд импексийн гүтгэлэг түүнийг улс төрийн тавцангаас гаргах оролдлого байсныг тэрээр хожим мэджээ.

Учир нь О.Заяаг намын даргын суудлаа өгөхөд л энэ гүтгэлэг нь зогссон гэдэг.

Бизнес хатагтайн тухай

1989 оны сүүлээр О.Заяа захирал Монголд анх удаа жип гэдэг машиныг Японоос оруулж ирэн унахад хүн болгон сонирхож, ирж хардаг байсан гэдэг. Тэрчлэн Орос, Япон, Чехийн янз бүрийн маркийн 200-гаад машин унана. Энэ мэтчилэн сайн сайхан юм руу хүмүүсийг дуудаж, дагуулж, хошуучилж чадсан гэдэгтээ тэрээр баярлаж явдаг. Бизнесийг эмэгтэй хүн шударга хийдэг гэдгийг тэрээр олон хүний амьдралаас ойлгожээ. Эмэгтэйчүүд ажилсаг, шударга, янз бүрийн бохир зүйлд хутгалдахгүй, хүний хармаанд ордоггүй, ихэнх нь өөрийн хүч чадлаар гарч ирдэг. Зарим амжилттай яваа эмэгтэйчүүдийг харахад гүтгүүлж, элдвээр хэлүүлж, шантарч зовж байж өндөрлөгт гарсан байдаг бол зарим нь эрэгтэйчүүдийн золиос болж орон шоронд орсон нь ч байдаг. Эмэгтэй хүн архи уудаггүй, янз бүрийн хуйвалдаанд ордоггүй, илүү шуналгүй, зоригтой, шударга, үнэнч зангаараа эрчүүдээс давуу гэж Алтаншагай группийн ерөнхийлөгч О.Заяа хэлэх дуртай. Хэрвээ тэрээр бизнес эрхлээгүй бол нийгмийг цэвэр ариун байлгаж, болж бүтэхгүй муу хүмүүсийг зөв замд нь оруулах, үнэнийг олдог мөрдөн байцаагч болж хүүхэд насны хүсэл мөрөөдлөө биелүүлэх байжээ.

Тэрээр өөрийгөө хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж, түүндээ зоригжиж, баясаж, тэр нь эерэг энерги төрүүлж байдаг одонд төрсөн хүн гэж дүгнэдэг. О.Заяа хатагтай ажилтай гээд ар гэрээ хаяж байсангүй. Ээжийнхээ үүргийг маш сайн биелүүлж, ар гэртээ дутагдах гачигдах зүйлгүй өдий хүргэжээ. Тэрээр бие муутай нөхрөө хүний гар харуулахгүй гэсэндээ гэрийн үйлчлэгч авалгүй гэр орныхоо бүх ажлыг өөрөө хийдэг аж. О.Заяа ерөнхийлөгч эцэг эхээс 10-уулаа. Бүгд өөр өөрийн ажил эрхэлж, нэг нэг салбарыг нь хариуцаж ажилладаг. Гурван хүүгээ багаас нь бэлдэж байгаад группээ залгамжлуулах бодолтой явна.

Хүмүүсийн амьдрал сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button