Жижиг худалдаа эрхлэгч Тата энэтхэгийн бахархал,үндэсний бэлгэдэл болжээ

үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж өнгөрүүлсэн бэрхшээл зоалон, түүнээс хэрхэн гарсан арга зам, ялалтанд хүрсэн амьдралын түүхийг танд зориулж байна. Танд ч бас юугаар ч дутахгүй, хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах боломж бий. 20-р зууны дэлхийн баячуудын түүхийг судлаад, 21 -р зууны тэрбумтан болох боломжийг олгохоор таны өмнө Амьдралын гайхамшигт түүх буланг нээсэн билээ. Энэ удаагийн дугаартаа Энэтхэгийн аж үйлдвэрийн бэлгэдэл болсон суут хүн, тэргүүн баян Жехангир Татагийн ажил амьдралын түүхийг сонирхуулж байна.

Арабын байлдан дагуулагчид Иранд хүчээр Исламын шашинг дэлгэрүүлж эхлэхэд унаган шүтлэг заратуштраасаа салахгүй гэсэн олон перс хүн Энэтхэгийн хойг руу дүрвэн суурьшсан түүхтэй. Дүрвэгсдэд газартай болох амаргүй байсан тул ихэнх нь rap урлал, худалдаа эрхэлж амьжиргаагаа залгуулж байв. Тэднийг нутгийнхан нь парс гэж нэрлэнэ. Ялангуяа тэр үеийн Энэтхэгийн нийслэл Бомбейд парсууд жинхэнэ эзэн нь байв. Тэр үед 20 настай Жамсетжи Тата гэгч жижиг худалдаа эрхэлж эхэллээ. Тэрээр баахан бараа зээлээр авч, Английн онгоцонд хахуульдан ачжээ. Шанхай, Гонконгод Энэтхэг барааг өндөр үнэлдэг байсан тул олсон ашгаараа хар тамхи худалдаж аваад Бомбейдээ ирж дамлав. Тэр үед хар тамхи наймаалах нь ямар ч хориогүй байжээ. Учир нь хар тамхийг жирийн л нэг зугаа цэнгэлийн хэрэгсэл төдийгүй хэд хэдэн түгээмэл өвчнийг анагаадаг гэж үздэг байв. Тата багагүй сурталчилгаа явуулсны дүнд хар тамхи татах газар нээлээ.

Британий эсрэг тэмцэгчдийг мансууруулан номхотгох гэсэн колонийн засгийн газар Татагийн толгойг илж, төрөл бүрээр дэмжиж, татвараас хүртэл чөлөөлж байсан удаатай. Тиймээс бусад парсууд ч хар тамхины наймаанд хошуурав. Гэвч эхэлж энэ салбарт хөл тавьсан Татаг гүйцтэлээ өдий байлаа. Тата бараг наркомафи байгуулж монопольчлох зорилго тавьж байв. Үүний зэрэгцээ Бомбейн нэхмэлийн үйлдвэрүүдийг худалдаж аван, сайн хөрөнгө оруулалт хийснээр Татагийн нэхмэлийн бизнес цэцэглэж, шинэ аварга том фабрикуудыг барьж, олон ажилчидтай боллоо. Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчидтэй нууцаар хамтран ажиллаж тэдэнд зэвсэг, хар тамхи өгч хариуд нь Зөвхөн эх орныхоо нэхмэлийг хэрэглэ гэж тариачдад сурталчлуулж байв. Ингэснээр Англиас их хэмжээгээр ирдэг нэхмэл бүтээгдэхүүний өрсөлдөөн буурч, зөвхөн гадаадын бараа сайн гэсэн хэрэглэгчдийн бодлыг өөрчилж чадсан юм. Жамсетжи Тата Бид зөвхөн аварга том үйлдвэр, барилга, ажиллагаа руу тэмүүлэх ёстой. Тэгж байж л аварга Энэтхэг гүрэнд оршиж чадна гэсэн нь одоо ч залгамжлагч нарынх нь бодлого хэвээр байна. Тата Таж Махал Отель хэмээх тансаг гоёмсог зочид буудлыг бариулснаар шинэ бизнесээ эхэлж, том хотуудыг хамарсан зочид буудлын сүлжээтэй болов.

Түүнчлэн барилгын нөр их компанит ажлыг эхлүүллээ. Алдарт Тата өвгийнхөө замналыг үр ач нар нь тууштай үргэлжлүүлэв. 1938 онд Тата концерний удирдлага Жехангир Ратанжи Дадабхад шилжлээ. Түүнийг Энэтхэгийн бүх хүн мэддэг учраас зүгээр л товчоор ЖРД гэдэг байв. ЖРД-ийн үед Англичууд Тата концернийг дэмжихээ больсон байлаа. Харин ч Энэтхэгийг хөгжүүлж, хүчирхэгжүүлж буй Татад тэд дургүйцэх болжээ. Тата концерн Англичуудын дэмжлэгээс салснаар нэлээд асуудал бэрхшээл гарч, олонх Энэтхэгчүүдийн адил дарамт шахалтад орж эхлэв. Тэр үед Герман Англид цохилт өгөхөд улс маань тусгаар тогтноно гэх үзэл дэлгэрч, ЖРД ч Британийг аялдан дагах нь ирэадүйгүй гэж үзээд улсынхаа ард иргэдэд бүх анхаарлаа хандуулж байв. Зөвхөн Энэтхэгийнхээ барааг авна гэсэн худалдан авагчдын тоо өссөөр, тэр санааг нь ч Тата концерн дэвэргэж, үндэсний үзлийг хөөргөдсөөр байв. Учир нь Энэтхэгийн барааг авна гэдэг нь Татагийн барааг л авна гэсэн үг байлаа. Тата олон салбарт тэргүүлж, бусад Энэтхэг компаниудаас илүү чанартай бүтээгдэхүүнийг санал болгож байсан юм. Их дайны сургаар Британиас нийлүүлэх металл эд материал, шатахуун, цахилгаан бараа, эм тариа зэрэг чухал бүтээгдэхүүнүүд хомсдох болсон нь Татад дахин үйл ажиллагааны өргөн талбарыг нээв. Ган хайлуулах Тата Айрон энд Стил компани буюу Тиско байгуулагдаж Энэтхэгийн хүнд аж үйлдвэрийн эх үндэс тавигдсан юм.

Энэ орон нь төмрийн хүдрээр баялаг тул түүнийг боловсруулах л хэрэгтэй байв. Тата ган хийж чадлаа. Өөрсдөө нийлүүлэх боломжгүй болохоор Англичууд саад хийсэнгүй. Олон салбарт тэргүүлдэг Татагийн хөрөнгө маш их арвижсаар байв. Дайн замыг нь зааж, Тата нефть олборлож, эрчим хүч гаргаж, цахилгаан бараа үйлдвэрлэж, эм химийн салбарт ч орлоо. Бид Англичуудгүйгээр амьдарч чадна хэмээн хөөрцөглөх улс төрчид Татагаар жишээ татаж, өвгөн Ганди хүртэл Англичуудын бус Татагийхаа барааг аваарай гэж үглэнэ. Хомсдолд орсон Энэтхэгчүүд Татагийн барааг хуу хамах ч тэдэнд хүрэлцдэггүй байв. Дайны төгсгөлд Англичууд ЖРД-тэй томоохон худалдааны хэлцэл байгуулж Тата Британи руу их хэмжээний экспорт хийлээ. ЖРД үлгэрт гардаг шиг л баяжиж, зүүдэнд оромгүй их мөнгөтэй болов. Тэрээр концерний удирдлагаа өөр хүнд шилжүүлж Европод очиж жаргадаг юм уу гэж бодно. Учир нь тэр Францад төрж өссөн, франц ээжтэй хүн байв. Гэвч Тата концерн түүний амьдралын утга учир болсныг мэдэрлээ. ЖРД ямар ч амралтгүй ажиллаж, оффистоо хооллож, унтаж, гэртээ долоо хоногоор ч харихгүй, аян замд олон цагаар нүдүүлж байсан ч Татаг удирдаж тэмцэж, байлдан дагуулж, ялалт байгуулж, өвөг дээдсийнхээ дайчин замналыг үргэлжлүүлэх нь түүнд жаргал байв. 1947 оны үеэс богино хугацаанд Энэтхэг орон ихэд доройтов.

Англичууд бидэнгүйгээр ийм л болно гэж байв. Харин түүний муслим ажилчид бусад шүтлэгтэнгээр солигдсон ч Тата л хөгжсөөр байв. Дайн Татагийн гүйлгээг арав дахин нэмэгдүүлж байв. Харин дайны дараа Неругийн зарласан социалист бодлого бизнест заналхийлж байсан ч Тататай өрсөлдөх хүчтэнийг гаргаж ирж чадсангүй. Улсын сектор маш үр ашиггүй ажилласан тул эргээд хувьчилж, хүнд сурталт хуулиудыг цуцалж, бизнесийн эрүүл уур амьсгал буй болголоо. Хувьчлалд Тата ч оролцсон юм. Улсын доторх улс гэмээр том монополист Тата группийн үйлдвэрүүдэд 250 мянган хүн ажиллаж, түүний мэдэлд 90 фирм байлаа. Түүний шийдвэрээс бүх Энэтхэгийн тэнцвэрт байдал шалтгаална. Тата Энэтхэгийн аж үйлдвэр, техник технологийн тэргүүн шугаманд ямагт явж, хамгийн шилдэг мэргэжилтэн, чадварлаг боловсон хүчнийг байнга авч ажиллуулж, Бомбей, Пунад өөрийн кадруудыг бэлтгэх сургуультай байв.

Сүүлийн үед Тата жип, фүргон, минивэн, автобус, ачааны тэрэг, өөрөө буулгагч гээд олон төрлийн автомашиныг үйлдвэрлэх боллоо. Мерседес Бенц, МАН зэрэг гадаадын фирмийн лицензээр тэднийг бүтээж, европ чанарыг санал болгохоос гадна Энэтхэг загварыг боловсруулж байна. Энэтхэгт автомобилийн үйлдвэрлэл бараг байхгүй ч энэ салбарыг бас л Тата буй болгох гэж байна.

1990 онд 84 настай ЖРД Тата концерний удирдлагыг Тата овогт Бамбулайд шилжүүлэн өгчээ. ЖРД 52 жилийн турш аварга том монополийг амжилттай жолоодсон юм. Америкийг Форд, Кока колагүйгээр төсөөлшгүй шиг Энэтхэгийг Татагүйгээр төсөөлөх аргагүй юм. Учир нь Тата бол Энэтхэгийн бахархал. Ийнхүү Тата үндэсний бэлгэдэл болж чаджээ.

Хүмүүсийн амьдрал сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button