МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр МАХН хэн нэгний, хэсэг хүмүүсийн нэр хүнд дээр тогтож байдаг жижиг бүтэц биш

Тэр дундаа аль эртнээс яригддаг байсан нам доторхи үл ойголцол, намын залуучуудын байгууллагыг тойрсон асуудлууд ч намын чихийг нэлээн халууцуулж байгаа. Эдгээр асуудлаар МАХН-ын байр суурь болон намын гол судсыг атгаж байдаг намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяртай уулзаж ярилцлаа.

-Та Монголын хамгийн олон уншигч захиалагчтай Хүмүүс сонины мянга мянган захиалагч уншигчдын санал асуулгаар Хүмүүний манлай өргөмжлөл хүртсэн. Танд баяр хүргэе. Харин та шагналаа ёслолын арга хэмжээнд очиж аваагүй

-Баярлалаа. Шагналаа товлосон цагт нь гардаж аваагүйдээ Хүмүүс сонины редакци, уншигчдаас хүлцэл өчиж байна. Тэр үед би хөдөө томилолттой явж байсан тул уучлаарай.

-Та ямар ч асуулт асууж болно гэж түрүүн амалсан. Тийм болохоор ярилцлагаа гэнэтийн асуултаар эхэлье. Ингэхэд та МАХН-ын дарга, Ерөнхий сайд хоёрын алийг нь чухал албан тушаал гэж бодож явдаг вэ. Аль нэгийг нь сонго гэвэл та яах вэ? Хэвлэлээр таныг аль хэдийнэ намын дарга болгочихсон шүү дээ?

-Аль нэгийг нь сонго гэсэн байдлаар намын дарга, Ерөнхий сайдын томилгооны асуудлыг хувь хүний зоргоор шийддэг гэж бодвол дэндүү гэнэн хэрэг болно. Ийм хэмжээний ажил албыг гутал бэлий сонгож байгаа мэтээр өөртөө тааруулан шилж сонгоод байдаггүй. Улс төр тийм бололцоо олгодоггүй. Зүгээр яах вэ цаасан малгай өмсгөж өгөөд таныг аль хэдийнээ дарга гэж үздэг шүү дзэ хэмээн хэвлэлийн цоохор нийтлэл иш татахлээр мань мэт нь доргиод, догдлоод элдэв хувилбар яриад унана гэж тооцож болох л юм. Хэвлэлээр ажил албаа баримжаална гэж юү байх вэ. Хэвлэлийн та нөхдийн нийтлэлээр бол туг барих, тугал хариулах хоёр хоёулаа ойрхон. / инээв/. Цаасан малгай, цасан өвгөн энэ тэр гэдэг бага балчир байхад л зугаа болдог. Миний үеийнхэн улс төрд оролцоод хориод жил болж байна. Мань мэтийг бол магтаж дөвийлгөсөн ч, муулж доош хийсэн ч аль алинд нь амархан доргиод, догдлоод байхгүй болчихсон. Өвөрмөц дархлаатай болсон гэх үү дээ. Тиймээс энэ ярилцлагаа илүү тодорхой асуудалд хандуулья, тэгэх үү?

-Би танаас тодорхой асуулт асуулаа. Намын дарга, Ерөнхий сайд хоёрын аль нь илүү чухал, илүү нөлөөтэй. Энэ хоёр албан тушаалыг заавал хамтад нь хаших ёстой юу, эсвэл хооронд нь салгах хэрэгтэй гэж боддог уу? хүн хүн өөр өөрөөр л хариулах байх. Харин та юу гэж хэлэх нь сонин байна

-Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог нь парламентын засагтай улсад тогтсон уламжлал. Харин ялаагүй байхад хэн, яах ёстой гэсэн нийтлэг журам байхгүй. Тухайн нөхцөл байдал, хүчний харьцаанаас л болно доо. Энэ хоёр албан тушаалын алийг нь чухал, алийг нь чухал бус гэж үзэх вэ дээ. Тэгээд ч чухал, чухал бус гэсэн шалгуураар эдгээр ажлыг үнэлэхгүй нь лавтай. Ажлын чиглэл, боломж бололцоо, жин нөлөө, эрсдэл хүндрэлүүд нь өөр өөр хавтгай дээр тогтож заримдаа хоорондоо огтлолцдог юм шиг байгаа юм. Юутай ч сонгуульд ялаагүй нөхцөлд аль нь ч амаргүй ажил. Хослуулан хашихад бүр ч адармаатай, эрсдэл ихтэй албадууд бололтой. Хашиж үзээгүй учраас бололтой гэж байгаа юм шүү дээ.

-2004 оны сонгуульд ялаагүй намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хүлээж авсан тань улс төрч хүний хувьд алдаа байсан гэж та ер нь бодож, харамсаж байв уу? Тухайн үед хувь хүний хувьд ийм эрсдэлтэй алхам хийх шаардлага байсан юм уу, танд?

-Бүр эхнээсээ л сонин сонин юм асууж цочоодог хөөрхөн явуургатай сэтгүүлч байна уу, үгүй юү чи чинь(инээв). Ялаагүй намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэнээ. Тийм биш л дээ. Нэгд, 2004 онд МАХН ялаагүй ч, ялагдаагүй шүү дээ. Ялагдал хүлээсэн гэж үзэж байгаа бол тэр нь дараагийн ялалтын суурь болдог жамтай. Хоёрт, эрсдэл даахгүй бол улс төрд оролцохын хэрэг юусан билээ. Нийгмийн зүгээс МАХН-ыг дэмжих дэмжлэг харьцангуй багассан түвэгтэй энэ үед энэ том албыг хаших хувь заяа тохиосон нь үнэн. Гэхдээ амар хялбар үе гэж ерөөс юу байх билээ дээ. Энэ ажилд очсоноо алдаа болсон Гэж огт боддоггүй. Харамсаад байх юм ч алга. Харин ч сонирхолтой, эгзэгтэй, эргэлтийн үе таарч байна.

-Энэ намыг ийм байдалд хэн оруулчихав гэж Удирдах зөвлөлийн хурал дээр тухайн үед та хэлж байсан удаатай гэдэг. Хойно элчин сайдын ажлаа дуусгаад нутагтаа буцаж иртэл намаа хүнд байдалд орсныг нь мэдэрсэндээ та тэгж хэлсэн үү?

-Одоо хойшоо биш, урагшаа харж ярьдаг, явдаг цаг. Аль ч нам бол нийгмийн нэг хэсгийнхээ хувьд өгсөж, уруудаж л байдаг. Хүн ч тэр, нам ч тэр байнга сайн явна гэж байдаггүйтэй адил байнга муу явна гэж юу байх вэ дээ. Өнөөгийн байдал олон хүчин зүйлээс хамаарч байх шиг байна. Намаас өөрөөс нь хамаарсан зүйл ч байна, ерөөс нийгмийн зүгээс улс төрийн намуудад хандах хандлага өөрчлөгдөж байгаатай холбоотой юм ч бий. Энэ хандлага зөвхөн Монголд ч биш, ардчилсан замаар явж буй олон оронд илэрч байна. Цаашдын хөгжлийн асуудал болон цаг зуурын энэ бэрхшээлийг яаж давж гарах вэ гэдэг дээрээ л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна, одоо. Урьд өмнө хаа нэгтээ хэлсэн үгээ эргүүлж иш татаад л, бусдаас илүү ухаантай, алсын хараатай, цэвэр цэмцгэр болж харагдах гэсэн хүмүүст би дургүй. Тиймээс тэр ишлэл энэ тэрээ орхиё.

-Таныг Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын хоёр ч нөхөн сонгуульд намаа ялуулсан сайн менежер гэж хүлээн зөвшөөрдөг. 2008 оны УИХ-ын сонгуулиар ч та намынхаа өрөнхий менежерээ л хийх байх. Ялна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Сонгуулийн дүн ганц нэг менежерээс хамаарна гэж байхгүй. Сонгууль бол олны сэтгэл, зүтгэл, итгэл гурав нийлсэн хамтын том ажил. Энэ ажлыг харин эхнээс нь зөв гольдрил, зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байдаг. Энд л сонгуулийн штаб, менежерийн үүрэг, хариуцлага гарч ирдэг. 2008 оны сонгууль ямар үр дүнтэй болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Намууд бол наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдтэй адил. Би үзүүр түрүүнд хүрнэ, шөвгөрнө энэ тэр гээд байдаггүй биз дээ. Амжилт олохын төлөө намынхаа журмын нөхдийн хамт зүтгэж л байна.

-Ирэх сонгуульд МАХН-д нэг ч гэсэн суудал үнэтэй. Тиймээс таныг гарцаагүй дэвших хүний нэг гэдэг. Та нэр дэвших үү. Дэвших бол хаана нэр дэвших вэ?

-Дэвшиж л таарах болов уу. Эцсийн шийдвэр хойтон хавар намын Бага хурал дээр л гарна. Хаана гэдэг нь тэгэхэд л тодорхой болно.

-Өнөөдөр МАХН-ыг АН-аас рейтинг дутуу яваа гэж ярих, бичих болжээ. Бодит байдал ямар байна вэ ? Танай намаас ойрын үед судалгаа хийсэн үү?

-Одоо тийм юм ярьж, бичиж байгаа юм уу? Би хараагүй, сонсоогүй юм байна. Рейтинг ярих гэж байгаа бол судалгааны дүнг түших хэрэгтэй. Сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн нам бүр социологийн судалгаа тогтмол хийж байна. Намуудад огт хамаагүй судалгааны төрөлжсөн байгууллагууд ч хийж байна. Одоогийн байдлаар МАХН-ын дундаж рейтинг 33 хувь, АН-ын рейтинг 26 хувь байна. Энэ бол ганц манай судалгаа биш шүү дээ. Бусад судалгаа ч иймэрхүү л дүнтэй байна. Чи зориуд сонирхож үзээрэй. Тиймээс АН рейтингээрээ МАХН-ын урд нь явна гэж ярьж бичиж байгаа бол мэдэхгүйгээс, эсвэл мэдэн будилснаас үүдэлтэй биз. Энэ бол нөгөө л хар, бор гэгддэг сурталчилгаа. Ийм сурталчилгаа бол байдаг л зүйл. Жилийн өмнө ч иймэрхүү л юм яриад явсан. Ярьсаар яваад түүндээ зарим нь бүр итгэчихсэн бололтой. Гэхдээ манай 33 хувийг хангалттай үзүүлэлт гэж үзэх аргагүй. Үүнээс 5-15 пункт илүү авах суурь бололцоо, нийгмийн хүрээ манай намд байгаа юм

-МАХН-ыг тараая, устгая гэсэн улс төрийн зорилготой иргэний хөдөлгөөнүүд гарч ирлээ. Жишээ нь ЭНИХ-ний мөрийн хөтөлбөрт хэзээ ч коммунистуудтай эвлэрэхгүй гэдэг заалт байдаг.

-Би түрүүчийн асуултаа гүйцээгээд хариулж орхиё. Намын рейтинг судалгаанаас гадна сонгуулиар шалгагдддаг. Сонгууль бол судалгаанаасаа илүү бодит шалгуур. Би тодорхой баримт хэлье. 2005 оны зун хуралдсан МАХН-ын XXIҮ Их хурлаас хойш болсон аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулиудад манай нам сонгогчдоос ямар үнэлэлт авсан гэдгийг үзье. Аймаг нийслэлийн ИТХ-ын нөхөн сонгууль 14 тойрогт болсноос 71.4 хувьд, сум дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль 115 тойрогт болсноос 81.7 хувьд нь манай намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Өнгөрсөн жил болсон Хөвсгөлийн 46-р тойргийн нөхөн сонгуульд манай намаас нэр дэвшсэн Ө.Энхтүвшин ялсан. Нэр хүнд нь уначихсан, рейтинг догуур нам ийм амжилт үзүүлж чадах уу, чи бод доо. Гэхдээ бид амжилт гаргасан гээд хамраа сөхөхгүй. Засах, цэвэрлэх юм манайд цөөнгүй бий гэдгээ ойлгож яваа.

-МАХН-ыг тараая гэсэн иргэний хөдөлгөөнүүдийн тухай би түрүүн асуусан. Дээр нь нэмээд асуухад, АН иргэний хөдөлгөөнүүдтэй нягт ажиллах болж. МАХН энэ тал дээр хойрго хандаад байх шиг санагддаг?

-Миний ойлголт хандлага бол тодорхой. Манай нийгэмд өвчин зовлон, эмгэг согог дэндүү их байгаа нь хэнд ч илэрхий. Нийгмээ үнэхээр эрүүл болгоё гэж байгаа бол тийм хүмүүсийг дэмжих ёстой, хамтрах ёстой. Хамтрахад ч бэдэн байна. Би үүнийг энэ ажлыг эрхлэх болсон цагаасаа л хойш хэлж байгаа. Харин МАХН-ыг устгая гэсэн хөдөлгөөн гарсныг би мэдэхгүй юм. Хөдөлгөөнүүдийн удирдлага дотор байгаа ганц нэг хүн тийм санаа, бодолтой байдгийг бол дуулсан. МАХН бол муу ч бай, сайн ч бай монголын нийгмийн нэг л хэсэг. Нийгмийнхээ нэг хэсгийг устгая гэсэн бодол, зорилгыг нийгэм бүхэлдээ яаж хүлээн авах вэ? Талархаж дэмжих үү? Үгүй. Энэ бодол, зорилго хэрэгжиж чадах уу? Үгүй. Энэ бол дэндүү ойлгомжтой. Коммунистуудтай эвлэрэхгүй гэнээ? Коммунизмын хий үзэгдэл энэ хорвоогоос XX зуунтайгаа хамт үгүй болсон. Үүнийг мэдээгүй, мэдрээгүй хүмүүсийг ойлгох, тийм хүмүүстэй ажил хэрэгч яриа өрнүүлэх аргагүй. Коммунизм, большевизм нийгмийн үзэгдлийн хувьд хэдийнээ алга болсон. Харин тийм сэтгэлгээ хувь хүмүүсийн хэмжээнд амь бөхтэй оршдог юм байна. Настай хүнээс тийм маягийн сэтгэлгээ илрэхэд бас ойлгож болно гэж боддог. Орчин цагийн залуу хүнээс үл тэвчсэн, бусдыг үгүйсгэсэн, өөрийгөө дөвийлгөсөн большевик гэмээр бодол, авир араншин, үнэр гараад байдгийг би ерөөс ойлгодоггүй юм.

-Таныг нам доторх жигүүр, хөдөлгөөний ард нь байдаг гол хүн гэж ярьдаг. Гэтэл та тэднийгээ нэг их таалдаггүй, тоодоггүй байдал ажиглагддаг. Таны жинхэнэ хандлага ямар байдаг юм бэ?

-Нам доторх жигүүр, хөдөгөөнүүдэд хандах миний хандлага эхнээсээ л тодорхой байгаа. Намаа өнгөтэй өөдтэй болгох гэсэн, буруу бусармаг зүйлийг нь цэвэрлэх гэсэн бүхий л санал, санаачилгыг нь би дэмждэг. Аль нэгэн газраас нууцаар биш, ил тодорхой дэмждэг. Эргэлзэх, эсэргүүцэх зүйл байгаа бол түүнийгээ ч ил тодорхой тэдэнд хэлдэг. Ийм л байгаа даа.

-МАХН-ын эв нэгдэл алдагдлаа, МАХН хямрал, задралын ирмэг дээр ирлээ, унахад тун ойрхон боллоо гэлцэх юм. Намын удирдлага дотроо арай гайгүй нэр хүндтэй яваа С.Баярын нэр хүндийг унагаж зайлуулбал МАХН-ыг бүр мөсөн унагааж болно гэсэн яриа ч бий. Үүнд та яаж ханддаг вэ ?

-Хэн нэгний нэр хүндийг унагаснаар МАХН-ыг унагана гэж юу байх вэ дээ. МАХН хэн нэгний, эсвэл хэсэг хүмүүсийн нэр хүнд дээр тогтож байдаг жижиг бүтэц биш. Өөрийнхөө түүхэн замнал, түмэн олны итгэл, дэмжлэг дээр суурилж байгаа нам. Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө энэ намын хийсэн бүтээсэн нь дэндүү илэрхий. Үүнийг нь мэддэг мэдэрдэг, талархан дэмждэг хүмүүсийн жин нөлөө монголын нийгэмд дэндүү их учраас МАХН унана гэж байхгүй. МАХН бол нийгмийн нэг л хэсэг гэж би түрүүн хэлсэн. Үүссэн цагаасаа л хойш монголын нийгэмтэйгээ хамт л түүхийн нугачаан дунд алдаж, онож л яваа нам. Алдаа, дутагдлаасаа болж нийгмээсээ зэмлэл, шийтгэл хүлээж л байна. Хүлээх ч ёстой. Харин МАХН-ын гол зорилго тэмүүлэл нь. бодлого, үйл ажиллагааных нь амин цөм нь Монгол улсаа гэсэн чин эрмэлзэл байгаа учраас энэ намыг унагах, устгах арга үгүй. Би хувьдаа тэгж бодож, итгэж явдаг хүн. Надтай адилхан боддог, итгэдэг хүмүүс захаасаа аваад олон бий.

-Танай намын дэргэдэх залуучуудын байгууллагыг тойрсон Хадгаламжийн банк-ны алдагдсан 14,2 тэрбум төгрөгтэй танай намын дэргэдэх МАСЗХ-ны удирдлагууд шууд холбогдож байна. Бас дээр нь Түмэнгэрэлийн хэрэг гээд. Саяхнаас МАСЗХ-ны удирдах зөвлөлийг татан буулгах тухай ярих ч болж. Харин таны бодол?

-Эдгээр асуудлууд нь МАХН-ын нэр хүндэд нэмэр болоогүй нь ойлгомжтой. Холбогдож буй хүмүүс нь манай намын гишүүд учраас тэр шүү дээ. Хэцүү л байна. Нуугаад яах вэ. Манай намын дэргэдэх залуучуудын байгууллага, түүний удирдлагын нэр хүнд ч сэвтэж байна. Гэхдээ

нэг хоёр хүнээс болж МАХН-ыг, намын дэргэдэх залуучуудын байгууллагыг бүхэлд нь харлуулах, бүгдээрээ л алуурчин, луйварчин болчихсон мэтээр улстөржсөн сурталчилгаа хийгээд эхэлсэнд харамсмаар байна. Тийм сурталчилгаа хийлээ гээд МАХН-тай холбоотой бүх хүн үл бүтэх хүмүүс гэж нийгэм ойлгоод, хандаад эхлэхгүй нь лавтай. Одоо гол асуудал юу вэ? Учирсан хохирлыг арилгах, банкны тогтвортой үйл ажиллагааг хангах, гэм буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, дахин ийм завхрал, зөрчил гарах арга замыг нь найдвартай хааж авах зэрэг тодорхой ажлууд байна. Улстөржсөн сурталчилгаа ийм ажлуудад саад болно уу гэхээс, тус болохгүй гэж бодож байна.

-Яриагаа Засгийн газрын зүгт хандуулахад Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын хувь заяа яах бол? Таны санаачилсан бүтцийн өөрчлөлтийг далимдуулж энэ Засгийн газрыг зайлшгүй огцруулна, таны ажил алба дээшилнэ гэж яригдах юм?

-Төрийн албаны шинэчлэл, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн тухай асуудлаар би дэндүү олон удаа ярьсан. Дахин дахин нуршаад байх сонирхолгүй байна, үнэндээ. Ганцхан зүйл л хэлье. Ямар нэгэн юм далимдуулж хэн нэгнийг огцруулах, оронд нь очиж суух атгаг хорон санаа надад байхгүй гэдгээ л дахин хэлье.

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр та хоёр хоорондын харилцааг тааруу гэж ярьдаг. Гэтэл та түүнийг сонгуульд ялуулсан. Таны энэ алхмыг Н.Энхбаярыг намаас холдуулах гэсэн зорилготой байсан гэж тайлбарладаг?

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр бид хоёрын хоорондын харилцаа тааруу биш. Ажил хэрэгч харилцаатай л байдаг. Бүх юм хуулийн хүрээнд л яваа. Ерөнхийлөгч МАХН-аас нэр дэвшиж, сонгуульд ялалт байгуулсан. Сонгуулийн дараа хуулийн дагуу намаасаа түдгэлзсэн. Бүх ард түмний сонгуулиар сонгогдсон төрийн тэргүүнтэйгээ яаж харьцах ёстой, тийм л журам жаягаар би харьцдаг. Өөр юм байхгүй.

-Эцэст нь танаас хувийн чанартай хэдэн асуулт асууя гэсэн юм

-Тохирсноосоо буцах нь уу даа. (инээв). Ажил албаны ямар ч асуулт байж болно гэж бид хоёр эхэндээ тохирсон. Та асуусан, би хариулсан, тийм үү? Хувийн чанартай асуудлаар бол би ярьдаггүй. Уучлаарай.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Хүмүүс сонин 2007.03

Б.Туяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button