Глоб кредит ХЗХ-ны дарга асан Ж.Мэндбаяр Хэрэг маань шүүхийн дараагийн шатанд хянагдаж байгаа болохоор олон юм ярьж болохгүй байна

Манай сонин Ганц худаг буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 461-р ангид эхнэртэйгээ хамт хоригдож байгаа Глоб Кредит ХЗХ-ны дарга Ж.Мэндбаяртай уулзсан ярилцлагаа цувралаар нийтэлж байгаа билээ. Өмнөх дугаар дээр гарсан ярилцлагын дараа манай сонины олон зуун уншигчид редакцийн утас руу утасдаж, санал бодлоо хэлж байгаагийн ихэнх нь л Аав ээж нь буруутай байж болно. Хамгийн гол нь монголын үрс ингэж шаналах ёсгүй гэдгээ илэрхийлж, ар гэрт нь туслахаар сэтгэл шулуудсанаа хэлж нэр бүхий хүмүүс тусламжийн гараа сунгаж эхэлсэн. Ингээд цуврал ярилцлагаа үргэлжлүүлж байна.

Би чамд хамаг булхайгаа дэлгэмээр байна

-Хорих газрын амьдрал их хүнд гэсэн. Таны хувьд ямархуу байна?

-Харин энэ хорих газрынхан овоо сайхан засвар хийгээд, санагалзсан, гэгэлзэн, бухимдсан хүмүүсийг сэтгэл санаанд энэ цэвэрхэн орчин их дэм болж байна даа. Намайг анх орж ирэхэд их тааруу орчин угтсан. Энэ нэг жилд харсаар байтал шал өөр болж байна. Удирдах газраа ч, эндээ ч дарга нар нь солигдсон юм гэсэн. Ганц нэг албан хаагчийн харьцааны асуудлыг эс тооцвол ажил нь их сайжирч байх шиг байна. Энд амьд хүн амьдарч байна гэдгийг тооцоолж чадаж байна л даа. Зочид буудал шиг байна гэж юу байхав. Гэхдээ үргэлж унжийж суулгүй, хаа нэг гэгээтэй бодол төрөхөөр орчинг бүрдүүлж чадсан.

-Таниас асуух юм надад маш их байна. Таныг надад юугаа ч нуулгүй бүгдийг яриасай гэж бодож байна. Зөвшөөрнө биз дээ?

-Би чамд хамаг булхайгаа дэлгэнэ. Харин асуултанд чинь онож хариулахын тулд их урт урт юм ярих шаардлагатай болоод байна л даа. Гэхдээ би энд таван үгний нэгийг л хэлж чадах байна. Шаардлага гарвал үлдсэн дөрөвийг нь дараа хэлж өгнө. Хэрэг маань шүүхийн дараагийн шатанд хянагдаж байгаа болохоор би олон юм яриад байх нь аль ч талаасаа зохимжгүй. Зүгээр бодит байдлыг л олон нийт, миний 1200 хамтрагч бүрэн гүйцэд ойлгоосой л гэж бодож байгаа юм л даа. Шүүх шударга шийдвэр гаргана гэж хүлээсээр сууна. Удахгүй эхнэрээ хөтлөөд эндээс гарч ажилдаа орно л гэж бодож байгаа шүү. Арай ч дээ одоо арай дэндлээ биз дээ энэ чинь. Би монголын хуулинд итгэж байгаа. Хуульчдад ч итгэж байгаа. Хэнээрхэл, хийрхэл дагаж туйлширцгаасан нь тэр л биз. Энэ чинь нийгмийн хямрал л байхгүй юу. Хоршоотны гэдэг тодотголтой нугалаа үүсчихлээ шүү дээ. Тазар гэсэж байна. Талбайн бэлтгэл ажлаа эхэлье гээд хоёр хятадтай гэрээгээ шинэчлээд ноороглоод, талбайн зураг юмаа яриад сууж байтал баахан цагдаа нар орж ирээд Амрыг эрье. Эрхэм Мэндбаяр танд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо ажлын байр, гэр орныг чинь нэгжинэ гээд хэдэн мөрдөгчид үдээс хойш оройжин бүх өрөө тасалгаа, бичиг баримт сандаачиж нэгжээд, компьютерийн хардууд, газрын бичиг баримтууд, хоршооны болон компанийн бүх данс тооцоо, барилгын зураг гээд бүгдийг нь хураагаад намайг шөнө нь дуудаж аваачаад хорьчихсон. Барилгын, хөрөнгө оруулалтын гэрээ дөнгөж эхлээд явж байхад намайг баривчлангуутаа Мэндбаяр шоронд орсон. Чи хохирогч. Одоо өргөдөлөө бичиж, мэдүүлэг өг. Одоо энд сууж байгаад, Ингэж бич гээд цаас гаргаж өгөөд л энэ бүх хохирогчийг хүчээр бий болгоод хаялаа. Компаний минь хамтрагчид, захиалагчдыг хүчээр дуудаж, бүр хөөж барьж аваад л хохирогч болгочихлоо. Мөрөөрөө тус тусынхаа юм хумыг амжуулаад явж байсан хэдэн мянган хүмүүсийг хохирогч гэж байцаагаад, надад хохироогч гэсэн нэр зүүгээд, ял үүрүүлээд, бүтэн жил нийгмийг кайф авахуулсан хэргийн учрыг одоо ойлгох цаг болоогүй юм уу.

Тэр Чулуунбат чи хаана явна одоо. Үгээ хэлж, нүглээ наминчилж, буруугаа хүлээх цаг нь болоогүй л юм байх даа. Тэр Чимгээ, Дэлгэр бас бус нөхдүүд хаа явна. Бадраа агсан өөрөө хуулиа зөрчиж гүйж яваад л эрсдэлд орчихсон шүү дээ үнэнийг хэлэхэд. Намайг хүнд байдлаас харсаар байхад нь юу юугүй гараад ирэхээр СЗХ-ноос ЭЗБТ хуулийн 24-р заалтаа зөрчөөд Глоб-д шалгалт хийсэн. Татвараа нуусан байж ч магадгүй. Одоо эрүү үүсгээд бариад ав гэж албан тоот үйлдээд, цагдаад өгчихсөн байгаа юм. Энэ үед нэг ч хүн амьтан айж сандарч, би зугтаагаад араас, хүмүүс араас хөөгөөд байсан юм байхгүй. СЗХ-ны шалгалтын тайлан, Бадраа агсны мутартай өргөдөл хоёр нэг өдөр бичигдсэн байдаг. Урьд хожид дуулаагүй их мөнгөний сураг сонссон цагдаа нар түргэн авч гүйж ирээд баривчилсан. Амрыг эрэнгүүтээ шууд сүржигнэж эхэлсэн. Аргагүй л дээ. 10 давсан тэрбумын сураг нүд, ам, хамрыг нь бүгдийг нь умруулаад орой дээр нь гаргасан биз дээ.

Манай хоршооны хохирогчид дунд өлсөж, үсээ хайчилж, үнэмлэхээ урсан хүн байхгүй

-Цагдаагийн байгууллага зөвхөн таны хэрэг дээр л гэхэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан гэж сонсож байсан. Өөрсдөөс нь асуухаар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба л энэ хэрэг дээр ажиллаж байгаа гээд нуугаад хэлдэггүй л дээ?

-Цагдаа гэсэн хаягтай бүх газрууд, хэлтэсүүд, албадуудад тус бүрт Глоб кредит хоршооны 50-80 хохирогч олж тогтоох үүрэг даалгавар өгч тогтсон асуултаар мэдүүлэг авах, өргөдөл бичүүлэх заавар бүхий тоотууд бичигдэж тараагдаад, 1200 хохирогчыг хэдэн cap утасдаж, телевизээр зарлаж арай гэж илрүүлж олж авсан. Тэнд зам бөглөрөөд, согтуу нөхөр хүн дайрчихаад зугтааж байхад замын цагдаа нар хүртэл 50 хүний норм үүрчихсэн Мэндбаярт залилуулсан хүн байна уу, гараад ир гээд хаалга тогшоод хашаа өнгийгөөд, гутлаа эргэтэл гүйсэн гээд бод доо. Эрх баригчид, улс төрчид, сайдууд нь хүртэл туйлширчихсан гэмт хэрэгтэнд гишгэх газаргүй, хатуу цээрлүүл гээд буулгачихсан гэнгүүт л элдэв сонирхолууд нийлж хөөргөөд л, энд тэндэхийн хохирсон хохироогүй аваргуудыг олзолж бөөгнүүлээд шал өөр зорилгоор турхирч жагсаасан. Арай олны таньдагаар нь Глоб-ын туг, логог Мэндбаярын нэрээр тэмцлийн тэргүүн эгнээгээ чимж, эхнэрийг минь хачирлаад, надаас сохор зоосны авлагагүй хаа хамаагүй нөхөрт бариулаад, үс гэзгийг нь тайруулж, өлсгөж цангааж, үнэмлэх батлахыг нь уруулж нийгмийн бүх түвшинд бүх анги давхаргад намайг залилагч луйварчин гэж итгүүлж дөнгөсөн. Тэр дунд лүндэн буулгадаг хаад, ноёд, түшмэлүүд, төрийн хууль тэвэрсэн цагдаа, прокурор, шүүгч нар хүртэл нөлөөнд нь автаад туйлширчихсан цохиж яваа нь даанч харамсалтай. Би хүртэл сүүлдээ туйлширчихсан Надад 10 жилийн ял өгчихлөө. Хохирлоо барчихвал төдөн жил суух юм байна. Зөв шийдэхгүй бол шоронд очоод ном бичнэ гээд бодчихсон сууж байгаа байхгүй юу.

Надад аяны дугараа ирээгүй болохоор нь арай найр биш юм байна гэж бодсон

-Анхан шатны шүүх хурал дээр Би давж заалдахгүй гэж хэлсэн үг чинь олон хүнд юм бодуулсан байх. Ер нь та шүүх хурлын уур амьсгалын талаар ямар бодолтой байна. Хоёуланг чинь ал, цаазал гэж хохирогчид хашгирч байсан шүү дээ?

-Нэг сая төгрөгийн хохиролтой нэг настайвтар эгч Холбоод алаад өг. Яаж үхэхийг нь харья гээд хөөс сахруулаад хашгирч байсан. Манай барилгын захиалагч юм билээ. Өөрийнх нь боломжид тулгуурлаад, төлбөрийн таатай нөхцөл тавиад, орох оронтой болгож өгөх гэсний минь төлөө дөрвөн хүүхдийн минь эхтэй холбоод алуулах санаа байна л даа. Би мөнгөний үнэ цэнийг тэр эгчээс өмнө мэдэрсэн. Хөлс шингэсэн сохор зоос ямар үнэтэй байдгийг би сайн мэднэ.

-Яг хэдийнээс мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн гэж?

-Одоогоос 15 жилийн өмнө Москвагийн Кунцевск-д 150,000 доллар 30 сая төгрөгөө дээрэмдүүлчихээд би мөнгөндөө харамсаж уйлаагүй л юм. Хүний өөрийн хэдэн муу дүүгээ алуулчихаагүй гарсан даа баярлаж уйлж байж билээ. Тэр үеийн ганзагачид миний энэ явдлыг шуугиад л өнгөрсөн. Тэр эгчийг цайгүй болчихоод навч чанаад, сууж байхад Грузинээс хэдэн вагон цай ачуулчихаад хөдөлгөж амжилгүй буудуулж, бөмбөгдүүлж байхдаа амьд гарсандаа баярлаж зогсож байлаа. Тэр эгчийн хувьд нэг сая төгрөг маш их мөнгө байлгүй яах вэ. Хамгийн гол нь төр мөнгийг минь өгнө гэсэн юм чинь энэ муу хоёрыг алсан ч яах вэ гэдэг ойлголтыг түүнд төрүүлчихсэн л байхгүй юу. Нэг сая төгрөг хүнийг тэгтэл нь улайруулах хэмжээний мөнгө мөн үү дээ. Би цагтаа 700 ажилчдаа 2000 хоршоологчтойгоо хамт суулгаад, ганцаараа тэргээ чирч явсан юм шүү. Эхнэр маань миний хөлсийг арчаад, аманд ус хийгээд дагаад явж байсан юм. Намайг яллах санал хэлсэн хамтрагчдын минь тоо нийт 1200 хамтрагчийн дөнгөж хоёр хувь нь байхад би яахаараа тавилангаа бурханд даатгаад сууж зүрхлэх билээ. Үүнийг би олон дахин тунгааж бодоод давж заалдахаар шийдсэн. Би үлдсэн 98 хувийнх нь итгэлийг алдахгүйн төлөө ажилдаа орно.

-Шүүх хурал дээр бахираад сүйд болоод байсан Туяа гэж эмэгтэйг танай хоршооны хохирогч биш гэж сонссон. Үнэн үү. Та ер нь хохирогчдоо таних уу?

-Хуралд томилолтоор нөхдөө дагуулж ирж суусан хөндлөнгийн Туяа гэж эмэгтэй өөрийг нь ямар байдалд хүргэчихэв гэдгийг одоо ухаарчихсан байгаа. Тэгэхээр би 1200 хүний итгэлийг хөсөрдүүлээгүй гэдгээ илчлэх ёстой болж таарч байгаа биз дээ. Хуралд 1200 хамтрагчийн минь 40 хувь нь ирээгүй. Энэ хийрхэлээс залхсан тэд Би хохирогч байна гээд миний нүүрийг харахад дэндүү халуун байсан л даа. Юу болоод байгааг ойлгох санаатай ирсэн 28 хувь нь хуралд иртэл шал танихгүй, нэг тэргэнд сууж яваагүй нөхдүүд өөдөөс нь Өндөг помидор авч ир, Мэндбаяр Цэцэгмаа руу, дургүй чинь хүрвэл прокурор, шүүгч рүү шид гээд угтахаар чинь өндөг помидор хэний үйлдэл болохыг ойлгосон л доо. Шүүх хурлын дараа Би үнэхээр гомдолтой байна. Шүүгчид авилгал авчихаад Мэндбаяр, Цэцэгмаа хоёрыг олигтой шийтгэсэнгүй гээд Туяа гэдэг дарга телевизээр ярьж байна гэсэн. Бүтэн гурван өдөр шүүх хурлыг энэ хүн л удирдсан. Арван хүнд үг зааж оруулаад, 20 хүний зүрхийг хөөргөж орхисон. Шүүгчид 29 хүний хийрхэл сонсож, томилолт-оор ирсэн хүмүүсийн дэгийг сахиулах, бие засах, гарч бөөлжих хүмүүст зогсоо зайгүй зөвшөөрөл өгөх том ажлыг хийсэн шүү дээ үнэндээ. Араар нь архи аягалж найруулаад л, халсан халаагүй амьтныг турхираад л, ийш тийш гүйлдэж, үг зөөгөөд л, нэг нь ал, цаазал гэхээр өнөө хэд нь алга нижигнүүлж, уухайлаад л. Би сүүлдээ надад аяны дугараа ирээгүй болохоор арай ч найр биш юм байна гэж ойлгосон. Харин шүүгч концерт үзэж байгаа биш дээ. Ядаж та нар алга ташихаа боль л доо гээд сууж байсан. Шүүх хурал үзэж байгаа юм чинь ядаж алга ташихгүй байх ёстойг харин шүүгч ойлгосон байна лээ. Сүүлдээ Туяа дарга ядарсан уу, согтсон уу хөөрхий унтаж байгаад ямар ч байсан шүүгчийн хурц хараанд өртсөн л дөө. Шүүгч түүнийг сэрээгээд, танхимаас гаргах ам шийдвэр гаргатал тонгочоод, чарлаад, хөл гараа энд тэнд шургуулж тээглүүлээд, хажуунаас нь өнөө хэд нь хүний эрх гэж хашгираад, орилоод ямар ч байсан суман шахуу цагдаад дийлдээгүй шүү дээ. Ядаж архидалтыг болиулаач гэхээр гүйж очоод, усны сав үнэртээд молиго үмхчиж байгаа цагдаад яаж дийлэгдэх вэ дээ тэр нөхөр. Ганц хүүхнийг хэдүүл хэдүүлээ дийлэхгүй байхдаа ч яахав. Сайжруулсан манаач юмуу хаашаа юм бэ.

-Хуулиас давсан эрх мэдэлтэй прокурорын талаар танд ямар бодол төрсөн бэ. Сүүлд сонсох нь ээ тэр прокурорыг ажлын хариуцлага алдсан гэж шийтгэсэн гэсэн?

-Ерөнхийлөгчөөс, хуулиас илүү эрх мэдэлтэй прокурор байдгийг хараад гайхсан. Манай 29 хохирогч шүүх дээр л нөлөөнд автсан. Өлсөж, үсээ хяргаж, үнэмлэхээ урсан нэг ч хүн манайханд байхгүй. Энэ хийрхэгчид ингээд үргэлжлээд байвал бүр ч их зовлон, нулимс чирж, нийгмийн энэ их хямрал бас нэг гамшигт хар түүх болж үлдэх вий л гэж санаа зовох юм даа. Хохирогч нэрээр гул барьсан хийрхэл, туйлшралд хуульчид өөрсдөө хүртэл өртөж эхэллээ. Би хохирогч байна, монголын хууль надад жижигдэнэ гээд арван мянган төгрөгийн хадгаламжийн дэвтэр өвөртөлсөн, тэр бүү хэл огт дэвтэр ч үгүй хүмүүс жагсаад, дайраад, цээжээ дэлдээд явж байна. Хохирогчдоос айгаад, хоршоонд үйлчлэгч хийж нэг cap ажиллаж байсан охиныг хүртэл энд авчраад хорьчихсон байгаа сураг гарах юм. Сая Бүтээн байгуулалт-ын 14 хүнийг авчирч хорьлоо. Бас л хохирогчдоос айгаад жирэмсэн эмэгтэй, хоёр сартай хүүхдийг нь орилуулж үлдээгээд эхийг нь авчраад хорьчихсон байна л гэх юм. Юу л болоод байна даа.

-Сүүлийн үед олон нийтийн санаа бодол, хохирогчдын санаа бодол ч тэр таныг хамгаалах талдаа байх шиг. Ялангуяа шүүх хурлын чинь дараа зальтан луйварчин мөн эсэхэд их эргэлзээ төрсөн. Тийм болохоор л таныг үгийг сонсох гэж ирсэн юм?

-Олон нийтийн санаа бодол ганцхан Мэндбаяр луу чиглээд байгаа нь ч юу юм бэ. Тэртээ тэргүй ард түмэн ялгаж ойлгохтойгоо. Тэр чигээрээ мунхаг биш шүү дээ. Цаг нь ирвэл би ганцаараа ч биш. Нийгмийн хямралыг хэн үүсгээд, хэн ямар зорилгоор турхираад удирдаад байгааг олон нийт ойлгож байгаа шүү дээ. Хүссэн хүсээгүй нэг хэсэг нь нийгэм бүх түвшиндээ хоршоо гэхээр л арай таньдагаар нь Глоб-ын лого сэтгэлд нь буудаг. Мэндбаярыг залилагч луйварчин гэж ойлгодог болсон. Радио, телевиз, хэвлэлээр ам ангайсан бүхэн нь Хоршооны улаан муу луйварчин, зальтангуудад гишгэх газар байхгүй. Нийгмийн хог шаарнуудыг ал, цаазал, хорь, хороо гээд л. Нийгмийн бүх түвшинд ийм л уур амьсгал бий болчихсон. Бүр бүх түвшинд шүү. Нийгэм гэдэг ойлголт дотор хаад ноёд, харц боол, баян ядуу, хуульч, сэтгүүлч, багш, жолооч, эр эм хөгшин залуу бүгд хамаардаг. Тийм болохоор би нийгмийн бүх түвшинд дээрх үзэл бодол хатуу шингэсэн байгаад харамсдаг. Гэхдээ энэ бүх түвшинд тус бүрд нь цөөхөн хэсэг нь энэ туйлшралд бүрэн автсан байдаг. Хүний өссөн төрсөн орчин амьдралын загвар суурь хүмүүжил, боловсрол мэдлэг, тухайн хүний ген, удам судар, араншин гээд үзэл бодлыг нь төлөвшүүлэх олон төрлийн шалтгаан бий л дээ. Сэтгэхүй дотор чинь атаархах, баярлах, гомдох, уурлах гээд бүх шинж нь хүн бүрт бий. Гадны нөлөө хоёр хүнд ижил тусахад өөрөөр хүлээж авч, өөрөөр илэрхийлэн гаргадаг биз дээ.

Монголбанк болоод бусад арилжааны банкны мэргэжлийн луйварчид дансны аргаар маш их мөнгө иддэг

-Та эргээд өнгөрсөнөө эргэцүүлээд сууж байхад хаана алдсан юм шиг байна. Магадгүй таныг өнөөдөр ийм байдалд хүргэсэн гадны нөлөө байгаа ч юм бил үү?

-Өнөөдрийн үйл явдлыг харж байхад, өнгөрснийг эрэгцүүлээд сууж байхад надад нэг ийм шатлал буугаад байна. Хэсэг хүмүүс бусдын мөнгийг авчихаад буцааж өгөхгүйн тулд уг үйлдлээ далдлах ёстой , болно оо доо. Өөрөөр хэлбэл Монголбанк, арилжааны банкны мэргэжлийн луйварчид дансны аргаар мөнгө цохьдог л байхгүй юу. Too яваад байдаг. Сейф нь дундраад байдаг. Банкны үйл ажиллагаа өөрөө энэ боломжийг тавьж өгдөг. Учир нь тэнд харилцах дансны гүйлгээ явагдаж байна. Мөнгө өдөр тутам их хэмжээгээр орж гарч байдаг. Байгуулага иргэдийн, гүйлгээний, хагаламжийн гээд олон төрлийн. Гол нь байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааны гүйлгээний харилцах дансуудаар банкуудын хооронд тоонууд л явна. Би ойлгогдох энгийн утгаар нь яриад байна шүү. Энэ яг тоо шиг үсэг цохиж явдаг байхгүй юу. Уг нь бол тоо л доо. Худлаа тоо болохоор утга нь үсэг болчихож байгаа юм л даа. Тэр үсгүүдийг нийлүүлээд уншихаар мэргэжлийн зохион байгуулалттай санхүүгийн луйварт өртсөн тоо гэсэн өгүүлбэр болж байгаа юм. Тэр дунд шинэ залуу тоо шиг үсэг байна. Бүр таяг тулсан өнөө маргаашгүй болсон өвгөн шиг тоо шиг үсэг ч байна. Өтөлсөн нь бурхан болчихвол хэн ч түүнийг анзаарахгүй. Тэгээд л мартагдана. Түүнийг хэн ч биш байсан болгож чаддаг л байхгүй юу. Үсэг болчихсон маш олон тоонд ийм хувь тавилан тохиосон. Гялалзаж явсан тоонууд их хэмжээгээр ийм байдлаар чад хийсээр, тоо толгой нь цөөрөөд эхэлнэ биз дээ. Уг нь энэ тоог чад хийлгээд байгаа нөхдүүд жинхэнэ эзэд нь биш. Чад хийлгэх нь байтугай хүрэх ч эрхгүй л дээ. Мөн зарим тоонд маршрутаасаа хазайгаад өөр газраар аялж яваад, тэндээ төрчихөөд, үр төлөө хаячихаад буцаад хүрээд ирэх тавилан ч бас байна. Нэлээд өнгө алдчихаад ирж байгаа нь их юм даа. Бүр үсэг болчихсон тоонууд бол жинхэнэ тооны сүнс нь яваад байгаа байхгүйюу. Бие нь бол yraacaa эргэж ирэхгүй. Заримдаа жагсаагаад тоолохоор тоо шиг үсэг болохоор мэдэгддэггүй. Тэгээд нэг мэдэхэд л чад. Оронд нь цоо шинэ гялалзах тоо зогсож байдаг. Жагсаагаад үзэхэд бол шинэ хуучин нь хамаагүй шүү дээ. Too л бол тоо. Ингээд яривал их сонирхолтой л доо. Би яг ийм хүүхэлдэйн киноны зохиол бичиж байгаа. Ном болгоно. Тэгэхээр нь уншвал их сонирхолтой.

-Энэ сонирхолтой гэмээр банкны тоонууд хэн ингэж үсэг болгож хувиргаад байгаа юм бэ?

-Үсэг болчихсон тоонууд бол Монголбанк, арилжааны банкуудын хамтарсан луйварт өртсөн өнгөлөн далдлалт. Нэгэнт сейф нь дундарчихсан. Энэ нь зохих хэмжээндээ байгаад байвал илрэхгүй. Гэтэл ХЗХ бий болоод иргэд хоршоологч болоод ирэхгүй юу. Ингээд ирэхээр энэ тоог зохицуулдаг гол маневр болох хадгаламж нь ундраад ирдэг юм байгаа биз дээ. Өнөөх зохицуулалтын механизм алдагдаад ирэхээр асуудал үүснэ. Үүсгэхгүйн тулд хадгаламжийн активийг яагаад ч цөөлж болохгүй. Үүний тулд тэд бизнесийн алтан дүрэм зөрчиж, хоршоодод очсон мөнгийг буцаан татах аргыг сонгосон. Бохир тоглоом эхлүүлж байгаа юм л даа.

-Хэзээнээс энэ тоглоом эхэлсэн юм бэ?

-2003 оны гуравдугаар сарын 21-ээс эхлэн 2006 оны хоёрдугаар сарыг дуустал бүтэн гурван жил тоглосон. Яг Монголбанк-ны нэрээр шүү дээ. ХЗХ-дын тодотголтой түгшүүр, айдас төрүүлэх том том хаягтай хоршооны нэр заасан сүрдүүлгийн чанартай материалууд юм л даа. ХЗХ-ны гэхээр бүх хоршоод хамарч байгаа биз. Гэтэл дор нь ганц нэг хоршоодын аль ч газар байдаг захиргааны зөрчлүүдийг нэр заагаад тавьсаи байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаа бариад авсан байна. Үүдэнд нь төчнөөн хохирогч овоороод байна гээд гараад ирдэг. Иргэдэд бол түгшүүр, болгоомжлол, айдас, төрдөг байхгүй юу. Хэдэн жил хаагуур, хэдэн удаа ямар арга хэмжээ, авсаныг ч чи нэг олоод уншчихаарай. Сэрэмжлүүлэг гэхээр чинь өөрийн эрхгүй сэрэмжилдэг юм байгаа биз дээ. Хэвийн бус сурталчилгаа буюу далд сурталчилгаа гэж нэрлэдэг. Бидний хэлээр бол хар PR л даа. Үндсэндээ сүүлийн гурван жилийн байдлаар хүмүүсийн тархийг угаагаад байсан болохоор ажил нэг л бүтэл муутай байсан л даа. Голдуу жижиг хоршоод өртөөд, тархиа угаалгасан хүмүүс мөнгөө авна гээд бужигнаад ирэхээр хоршоод хаалга үүдээ хаагаад, зарим нь зугатаан нуугдаад ирэхээр өнөө сэрэмжлүүлэг үнэн болоод явчихаж байгаа юм л даа. Гэхдээ жижиг хоршоодоос банк руу орох мөнгө байхгүй. Байсан ч сонин биш. Харин 20, 30 тэрбумыг татсан том хоршоод руу гол анхаарал чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл өнөөх ганц нэгхэн жижигхэн нь үүд хаалгаа бариад эхлэхэд за тэр хэлээгүй юу гээд л Дэлгэр гэж нөхөр зурагтын дэлгэцээс салахаа больсон. Ингээд хоршоологчдын урсгал хоршоо руугаа хөвөрдөг юм байгаа биз дээ. Том жижиггүй маш хүндэрсэн.

-Энэ үед нь өөрөөр ямар нэгэн арга хэмжээ авч болоогүй юм уу?

-Бужигначихсан олонд бол мөнгө нь л харагдана уу гэхээс тэр хоршооны төлөвлөлт, эргэлт урсгал огт хамаагүй. Өнөө гэрээ хэлцэл, өмнөх түнш, найз нөхөд, ах дүү, төрөл садан сонин биш. Хоршоонд зөвхөн зээлийн төлөлт, хадгаламжийн орлого, өөр гүйлгээ байхгүй. Таван сард мөнгөө авна гэж гэрээ хийсэн хүний мөнгийг таван сард өгөөрэй гээд зээл олгочихсон байдаг. Мөнгөө өгсөн хоршоологч болохоор Тэр хамаагүй, яг одоо авна. Зурагтаар, сониноор Монголбанк анхааруулаад, сэрэмжлүүлээд байна гээд нэгдүгээр сард суугаад байдаг. Зээлдэгч болохоор юу гэж өгөх вэ. Тавдугаар сардаа л ав гэнэ. Нэг хоёр, 10, 20 хүн суугаад байвал аргалаад өгчихнө л дөө. Хугацаа дууссан хадгаламжаа сунгадаг ихэнх нь төлөвлөсөн зээл төсөвлөлтийн хугацаа дуусахаас өмнө авна гэсэн хүнд олгож болдог. 100, 200 бүр 800 хүн бужигнавал яах вэ. Банк бол гүйлгээний орлогоороо гаргаад байна. Араас нь зээл төлөгдөнө. Хоршоонд бол бусад гүйлгээ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ хүндэрвэл хадгаламжийнхаа талыг над шиг гаргах банк байхгүй. Үүгээрээ хоршоо бүр эмзэг. Маш эмзэг шүү. Харамсалтай нь хоршоологчид маань мөнгө өгөхгүй л бол зальдуулчихлаа, луйвардуулчихлаа л гэж боддог байхгүй юу. Монгол генд байдаг хэдэн сул талын нэг нь энэ л дээ. Гэхдээ нийт хоршоологчдын өчүүхэн хэсэгт нь ийм ген нь түлхүү хөгжсөн байдаг юм байна лээ. Тэгэхээр өнөөгийн хямралын эх үндэс нь банкны луйварчдаас эхтэй байна уу, Мэндбаярын заль мэхээс эхтэй байна уу гэдгийг дүгнэчихээрэй.

-Энэ бүхний эхлэлийг тэгээд хэн тавьсан болж таарч байна вэ?

-Өнөөдөр бүхнийг хоршоо руу чихэж байгаа. Байж болох хэмжээнд нь хоршоологчид өөрсдөө хүлээн зөвшөөрөөд, гэрээ хийгээд, амьдралдаа нийцүүлээд явж болж байсан. Хуулийнханд бол огтхон ч саад болоогүй шүү. Тэгэхээр хуулийн буруу их биш. Ямар ч хууль амьдралын явцад өө нь гараад ирдэг. Түүнийг амьдралд нь нийцүүлээд засдаг. Уг нь нийцүүлээд зохих арга хэмжээгээ авсан бол өнөөдөр хоршоодын хөгжил банктай зэрэгцээд л өсөж яваа. Харамсалтай нь 2005 оны хоёр гурван сард өнөө тоо шиг үсэгнүүдээ далдлах гол ажил нь ид ундарч байсан. Ийм гоё арга хэмжээ авчихвал ахиад тоо шиг үсгээ өсгөх биш, уруудуулж, тухайн үед бол бүтэн хоёр жилийнх нь хөдөлмөр PR нь зүгээр улсын хөрөнгө үрсэн ажил болно л доо. Тэдэнд уг шалгалтыг хийлгэсэн зорилгод нийцэх зөвхөн зөрчилтэй хэсгүүд нь тайлангаас ширээнд үлдэж, ажил үүргийнхээ дагуу хар PR-таа ашиглагдаж эхэлсэн. Бүтэн жил түүнийг ХЗХ-ны өнөөгийн бодит байдал буюу бүх ХЗХ-ны өнөөгийн нүүр царай гэсэн шууд утгатай малгай өмсгөөд, салбайтал нь ноолсон доо. 10 сарын дараа ч, нэг жилийн дараа ч өнөө зөрчлүүд өнөөгийн гэсэн тодотголтой л энд тэндгүй цохиж явдаг. Хамгийн сонин нь тайланд дурдагдсан зөрчилтэй хоршоодын нэрс замдаа гээгдсээр ганцхан Глоб-ын нэр үлдчихсэн зурагтаар, дэлгэц дүүрэн гараад байдаг л даа. Уг тайлангийн бүх үг үсэг, яг тэр чигээрээ мөртлөө ганцхан нэр яваад байхыг чи ялгаварлан гадуурхах гэж нэрлэнэ биз дээ. Бод доо. Дээрх тайлангийн гоё хэсгүүд шууд архивт ороод, одоо ч тэндээ байгаа.

Хүмүүс сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button