УЕП-ын дэргэдэх зөвлөлийн нарийн бичгийн дарга, хяналтын прокурор асан гавьяат хуульч П.Даарийжав С.Зоригийн хэрэг илрэхэд нотлох баримт хангалттай байгаа

Монголд 10 гавьяат прокурор байдаг. Тэр дундаа ганц эмэгтэй гавьяат прокурор болох П.Дарийжав олон ноцтой гэмт хэргүүдийг илрүүлж байсан туршлагатай нэгэн билээ. Тэрээр С.Зоригийн хэргийг гарснаас хойш хяналтын прокуророор ажиллаж байсан түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та насаараа хуулийн байгуулагад олон жил прокуророор ажилласан. Ер нь хяналтын прокурор гэдэг илүү хариуцлагатай чухал ажил юм шиг санагддаг?

-Би улсад 41 жил ажилласан. Үүнээс долоон жилийг нь эрчим хүчний салбарт, 34 жилийг дан прокурорын байгуулагад ажилласан. Прокурор хүн хуулиа дээдэлж мөрдүүлэх ёстой. Эрүүгийн хэрэг дээр прокурор хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарынхаа үйл ажиллагаанд хуулиар тогтоосон дэг журмыг хэрэгжүүлэх.түүнд ямар нэгэн гажуудал гаргуулахгүй хяналтаа тавина. Хамгийн гол нь хэргийн шалгалтыг зөв явуулах ёстой. Нотлох баримтуудыг маш шуурхай олоход нь мэргэжлийн талаас нь туслана. Тэр утгаараа хамгийн анхдагч үйл ажиллагааг хэрэгжүүлдгээрээ чухал

хариуцлагатай ажил.

-Одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулийг чанга хууль гэж шүүмжилдэг. Тиймээс нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс дугнэдэг. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?

-Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад шинэчилсэн найруулгаар 2002 оны 9 сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон хууль нилээд хүнд талдаа ялтай. Зарим нэг хэрэг дээр хохирлын хэмжээг харж үзэж болчихоор тохиолдол байдаг. Олон жилийн практикаас харж байхад насанд хүрээгүй хүүхдийг багахан хулгайн хэрэг дээр нь шууд хориод байх нь тэр хүүхдийн хүмүүжлийг сайн болгож чадахгүй шүү дээ. Одоогийн хуулиар хөнгөрүүлсэн юм бий. Сүүлийн үед хулгайн хэрэгтэй П.Ариунцэцэгт хүнд ял оноолоо гэж яригдаад байгаа. Энэ хэргийн тухай хэвлэл мэдээллээс л сонссон. Миний ойлгосноор давтан хэрэгтэй гэж ойлгосон. Хохирлын хэмжээ бага байлаа гэхэд давтан хэрэгтэй тохиолдолд тухайн хуулинд заасан ялаа шүүгч оногдуулна уу гэхээс биш хуулинд заагаагүй ялыг оногдуулна гэж байхгүй. Тэр утгаараа хуулиа барьж ял өгсөн шүүгчийг буруутгах аргагүй. Манай эрүүгийн хуулинд давтан гэмт хэрэг үйлдсэн хүн ерөөсөө хуулинд хүндрүүлэх хэлбэрт ордог. 1300 төгрөгнөөс болоод 10 жилийн ял авчихлаа гэсэн талаас нь ярьж болохгүй. Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг бүх хуульчид мэдэж байгаа. Тэр чиглэлээрээ саналаа УИХ-д өгсөн. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль бусад хуулиудыг багц хууль болгоод УИХ-ын чуулганаар хэлцэгдэх ёстой ч хойшлогдоод байна. Нэмэлт өөрчлөлт орох ёстой гэж бүх хуульчид нэгдээд ажлын хэсэг гараад Хууль зүйн яамаар дамжигдаад УИХ-д очсон байгаа.

-Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүд онц хэрцгийгээр үйлдэгдэж байна гэж хуулийн байгууллагынхан үзэж байгаа. Тэгэхээр зах зээлийн өмнөх үетэй харьцуулахад гэмт хэрэг нэмэгдсэн?

-Тэр үеийг одооныхтой харьцуулахын арга байхгүй. Хүмүүс зарим нь ойлгохдоо хэвлэл мэдээллийн асуудал нээлттэй байгаагүй учраас энэ хэргүүдийг мэдээлдэггүй байсан байх. Одоо харин хэвлэл мэдээлэл чөлөөтөй болохоор илүүтэй мэдээлэгдээд байгаа учраас гэмт хэрэг их гарч байна гэж сонсогдоод байна гэж ярьдаг байхгүй юу. Энэ нь тийм биш. Зөвхөн хүн амины хэрэг дээр ярихад жилдээ нэг хоёр удаа л гардаг. Зарим жил огт хүн амины хэрэг гарлаа гэж огт сонсогдож байгаагүй санагддаг. Хүн амины хэрэг гарлаа гэхэд хүмүүс их цочирддог байлаа. Тэгэхэд одоо үнэхээр аймшигтай болчихсон байна шүү дээ. Эцэг эх, ах дүүс хүүхдүүд нь хоорондоо харгис хэрцгий болоод ирж байна. Энэ нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн эвгүй дүр төрх харагддаг. Нэг талаар нийгмийн ядуурал, хүмүүс стресс ихтэй түүнийгээ давж гарах сэтгэлийн тэнхээ дутсанаас, телевизийн янз бүрийн алаан хядаантай кино гарч байна. Үүнийг үзсэн хүмүүсийн ухамсар соёлын төвшин доройгоос болох гэнэн томоогүй хүүхдүүд бас дуурайх маягаар гэмт хэрэг үйлдэж байна. Нийгмийн ядуурал бухимдал буураад ирвэл гэмт хэрэг буурах байх гэж боддог. Одоо үйлдэгдэж байгаа хэргүүд яалт ч үгүй нийгэмтэйгээ холбоотойгоор үйлдэгдсэн нь хуульчид бидэнд харагдаж байгаа.

-Манайд захиалгаар хүнийг хороодог захиалгат аллага байгаа гэж ярьдаг. Энэ яриа хэр үнэн бодитой бол?

-Манайд захиалгат аллага байна гэдэгт би итгэдэггүй. Захиалгат аллага байна гэдгийг их ярих тусам хорон муу санаатай яахаас ч буцахгүй хүмүүсийг өөгшүүлэн зам тавьж өгч байгаа юм. Миний мэдэж байгаагаар манайд захиалгат аллага гарчихсан юм байдаггүй. Манай хуульчдын дунд яалт ч үгүй захиалгат аллага болчихлоо гэсэн юм байдаггүй. Хуульчид ч нотолгоо бүрдээгүй бол хамаагүй дүгнэж ярихгүй. Гэхдээ гарахыг үгүйсгэхгүй л дээ. Нийгмийн нөхцөл байдал хөрш орнуудын гарч байгаа хэргүүдээс дөрөөлөөд янз бүрийн юм гарахыг үгүйсгэхгүй л дээ.

-Тэгвэл С.Зоригийн хэргийг улс төрийн захиалгат аллага гэж яриад байдаг шүү дээ. Энэ хэргийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-С.Зоригийн хэргийг захиалгат аллага гэж нотлоогүй болохоор тэгж хэлж чадахгүй. Захиалгат хэрэг мөн байсан ч гэсэн ингэж хэлэх эрх байхгүй. Энэ хэргийг гарснаас хойш cap хагасын дараа хяналтаа тавиад сая ажлаа өгтлөө хариуцаж байлаа. Тэр хооронд чинь өчнөөн олон юмнуудыг сэжиглэн нотлох нотлогдохгүй олон зүйлийг хөөж шалгалаа. Ямар ч байсан яалтгүй ч захиалгат аллага байсан гэдгийг бид нар олж тогтоож чадаагүй. Тийм учраас бид нар тийм дүгнэлт хийж чадахгүй.

-Энэ хэргийг илэрчихээсэй гэж бараг нийгмээрээ хүлээж байгаа. Ер нь хэрэг илрэхэд нотлох баримт хэр хангалттай байдаг юм бэ?

-Нотлох баримтууд бий. Хэргийг тэдийд илэрнэ гэж хэлж болдоггүй. Илрэхээ хүрвэл ялыүй юман дээрээс ч илэрдэг. Тодорхой цаг хугацаа шаардах явдал ч гардаг. Бүх хуульчид илрээгүй хэрэг дээр энэ илэрчихээсэй өнгөрлөө гэж сэтгэл алдран орхиж болдоггүй. Өчнөөн олон жилийн дараа ч хэрэг илрэх явдал байдаг шүү дээ. Энэ хэрэг тийм байдлаар илрээд гарч ирж болно. С.Зоригийн хэргийг илрүүлэхэд хангалттай баримт байгаа.

-С.Зоригийн хэргийг илрүүлэхээр гадаадын шинжээчдийг монголд урьсан гэсэн үнэн үү?

-Намайг ажлаа өгөхөөс хэдхэн хоногийн өмнөхөн энэ асуудал яригдаж байсан. Үүнээс өмнө Дорлигжав сайдын үед яригдсан. Тэгээд Дорлигжав сайд өөрчлөгдөөд энэ асуудал чимээгүй болсон. Урьд нь алт диллерийн хэрэг дээр хяналт тавьж байхад гадаадаас шинжээчид ирээд дүгнэлт гаргасан. Тэр хэрэг дээр манай шинжээчдийн ажилласан хүрээ хэмжээнээс хальж давсан юм гаргаагүй. Цаг хугацааны хувьд сүүлийн ганц хоёр сарын юм нэмэгдэж гарсан. Тэр бол манай шинжээч нар ч гаргаад ирэхээр зүйл шүү дээ. Яах вэ үйл ажиллагааны цаашдын анхаарах асуудал дээр мэргэжлийн талаас нь зөвлөгөө өгсөндөө л ач холбогдолтой болсон болохоос биш илүү гарсан юм байгаагүй. С.Зоригийн хэргийн хувьд гадаадын шинжээчид сансарын холбоо ашиглаад хэргийг илрүүлж болдог гэсэн юм яриад байгаа. Хэрвээ тэгээд илрүүлчихдэг бол сайн л байна. Гэхдээ энэ нь хэр үнэмшилтэйг хзлж мэдэхгүй. Миний амьдралд ганц удаа алт диллерийн хэрэг дээр гадаадын шинжээчид ирж ажиллаж байсан. Сансарын станцаар дээрээс нь гаргачихдаг л гэж ярьсан. Би тэр талын мэдэгдэхүүн ёстой байхгүй сонсож л байсан. Ирэх л сурагтай байна гэж байсан. Одоо ирсэн юм уу мэдэхгүй.

-Энэ хэргийн нотлох баримт хангалттай байхад хэрэг илрэхгүй олон жил боллоо. Нотлох баримт байхад хэрэг илрэхгүй байгаа нь манай хуулийнхны чадвар дутаад байна уу?

-Яг энэ хэрэг дээр хяналт тавьж байсны хувьд бид нарын чадал хүрэхгүй боллоо ямар нэгэн нарийн мэргэжлийн шинжээч хэрэгтэй байна гэдэг нь тодорхой ганц юман дээр л гарсан. Түүнийг өөр улсад хийлгэчихэж болохоор л юм байсан. Хийлгэх гээд үзсэн зарим нэг юм дутагдалтай байсан уу буцаад ирсэн. Одоо тэр ирэх гээд байгаа шинжээч нар нь ямар юман дээр ажиллах гээд байгаа юм би үнэндээ мэдэхгүй байна.

-Тухайлбал хэргийн газраас олдсон нотлох баримтыг хаана шинжлүүлсэн юм бэ?

-Түүнийг эндээ шинжлүүлсэн. Манайд гарсан дүгнэлт ч бий. Би энэ хэргийн талаар тодорхой юм яримааргүй байна. Яагаад гэхээр хэрэг нь илрээгүй. Би тэтгэвэрт гарахаасаа өмнө хэргийн ажиллагаагаа сэргээгээд өгчихсөн байгаа. Одоо өөр хүн шалгадаг шугамаараа хяналтаа тавиад явж байгаа учраас би илүү юм хэлэхгүй.

-Энэ хэргээс өмнө хүн амины хэргийн илрүүлэлт дээр гадаадаас мэргэжлийн хүн авчирч байсан юм уу?

-Анх удаа С.Зоригийн хэрэг дээр шинжээчид авчирч байгаа. Би 30 гаруй жил ажиллахдаа хүн амины хэрэг дээр гадаадаас хүн авчираад илрүүлчихсэн гэж сонсоогүй. Тийм юм практикт ч байгаагүй.

-Хүн амины хэрэг хэзээ нэгэн цагт илэрдэг гэж та ярьсан. С.Зоригийн хэрэг шиг олон жил болж илэрсэн

тохиолдол байдаг уу?

-Хүн амины хэрэг олон жилийн дараа илэрсэн жишээ олон бий. Тухайлбал 25 мянгатын хэрэг нилээд олон жилийн дараа илэрч байсан. Банкнаас ажилчдын цалинг тавьж байхад нь буу тулгаад дээрэмдсэн хэрэг. Энэ хэрэг намайг бага байхад 54 оны үед яригдаж байсан. Тэгээд намайг хуулийн дунд төгсөөд 72 онд Дарханд ажиллаж байгаад Улаанбаатарт ирсэн. Их дэлгүүрийн Щвецарь цагны тасгаас үнэтэй их хэмжээний цаг алдагдсан хэргийг мөрдөж байхад 25 мянгатын хэрэг илэрсэн. Энэ хэрэг дээр би хяналт тавьж байлаа. 25 мянгатын хэргийг үйлдсэн хүний нэг нь цагны хулгайд оролцсон байсан.

-Ер нь шүүх цагдаагийнханд гомдолтой хүмүүс их олон байдаг. Яагаад ингэж гомдсон хүн олон байдаг юм бол?

-Би 30 гаруй жил хуулийн байгуулагад ажиллахад танд баярлалаа гэдэг үгийг тун цөөхөн хүнээс сонссон. Ялангуяа сүүлийн үед ардчиллыг арай өөр утгаар ойлгоод байдаг. Зөвхөн өөртөө хүссэн өөртөө тайлагдсан шийдвэр гаргуулах гээд зүтгэдэг. Таалаагүй байдлаар хандлаа ч гэдэг юм уу тийм талаас нь их өөлж хардаг болчихож. Манай залуу хуульчид зарим тал дээр тэвчээр алддаг, уурлаж уцаарлах тийм юм гаргачихдаг шиг байгаа юм. Тэгээд өөрсдөө хэл аманд өртдөг. Гэхдээ хуулийг ноцтой гажуудуулаад байгаа юм байхгүй гэж боддог. Цагдаагийнхан ихэнх тохиолдолд харьцаан дээрээ алддаг. Би их олон мөрдөн байцаагч нартай хамтарч ажиллаж байсан учраас зан ааш нь өөрчлөгдсөнийг анзаардаг. Тэд нар дээр дандаа л уурлаж уцаарласан гомдсон хүмүүс ирдэг. Зарим нь зодохдоо шахна бараг барьж аваад зодсон тохиолдол ч бий. Тэгэхээр тэд нар чинь адилхан хүн юм чинь зан харьцаанд нь өөрчлөлт ордог тийм юм ажиглагддаг. Ер нь хүний үгийг хүлээцтэй сонсдог тэвчээртэй зангаа алдсанаас болж цагдаагийнхан маань алддаг. Манай залуу прокурорууд ч ялгаагүй ийм алдаа гаргадаг. Хүмүүс өөртөө таалагдсан шийдвэр аваагүй болохоор гомдоод явчихдаг. Тэр болгон таалагдаж шийдвэр гаргана гэж байхгүй. Цаана нь хууль гэж байгаа болохоор хуулийг үгүйсгэж болохгүй. Өөртөө таалагдаагүй бол маргаад л байдаг. Зөвхөн өөрийнхөөрөө зүтгээд өөрийгөө зовоогоод л явдаг. Тэгээд хэдэн тийш нь өргөдөл бичээд хувилж тараагаад өөрийгөө тамлачихдаг.

Хүмүүс сонин 2007.03

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button