Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ Хадгаламж банкны хэрэг цэвэр хуйвалдааны шинжтэй харагдсан

Банк санхүүгийн салбар болоод улс төрийн байдлыг тэрээр хэрхэн хүлээж авч буй тухай доорхи ярианаас уншина уу.

-Өнгөрсөн жилээс Капитрон банкны захирлаар ажиллах болсныг тань мэдэх юм байна. Банкнаас банкинд, захирлаас захирал болох нь таны тавилан юм аа даа?

-Тийм ээ, тавилан л юм байлгүй дээ.

-Үе үеийн удирдагчдын баримталж ирсэн зарчим өөр л байж таараа. Капитрон банкинд ирснээсээ хойш ямар ажлуудыг амжуулаад байна вэ?

-Удирдагчдын олон зарчим байдаг. Надад үндсэн ганцхан зарчим байгаа. Энэ нь зөв бөгөөд хэрэгтэй хүнийг сонгож ажиллуулах явдал юм. Зөв гэдэг нь хүн чанарын хувьд баримтлах зарчмууд. Үнэнч шударга, хулгай хийдэггүй, бусдыгаа хүндэлдэг гэх мэт. Хэрэгтэй хүн гэдэг нь мэргэжлийн өндөр ур чадварыг хэлж байгаа юм. Нябо байвал нягтлан бодох бүртгэлээ сайн мэддэг, программист бол компьютерийн ажлаа сайн мэддэг байх ёстой. Тэгэхээр миний хувьд зөв бөгөөд хэрэгтэй хүнийг олж ажиллуулах зарчимтай даа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголбанкны шалгалтаар хасах гэдэг үнэлгээг авдаг байсан Капитрон банкийг 112 сая долларын актив бүхий нэмэх үнэлгээтэй болгосон. Миллиард миллиардаар ашиг хийдэг бусад том банктай харьцуулбал бага тоо л доо. Гэхдээ хамгийн отгон, жижиг банкны хувьд болж л байна. Бид мэдээж энэ амжилтандаа сэтгэл ханаагүй. Ирээдүйн тогтвортой үйл ажиллагааны үндэс, суурь нь тавигдаж байна гэсэн үг. Өчүүхэн амжилтандаа сэтгэл хангалуун байна.

-Хэдийгээр та банкны захирлын албан тушаалд томилогдсон ч ямар замаар, хэрхэн энд ирсэн нь сонин юм?

-Би нэг их олон газар дамжиж байгаагүй. Худалдаа хөгжлийн банк-ийг Сүх-Эрдэнэтэй хамт үүсгэн байгуулж байсан. Үүсгэн байгуулснаасаа хойш 2000 он хүртэл арван жил Худалдаа хөгжлийн банк-нд газрын захирал, дэд захирал, гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаад, сонгуульд Хувьсгалт нам ялсан шалтгаанаар өөрчлөгдсөн. Тэгээд 2006 оны хоёрдугаар сарын 27 хүртэл хувиараа банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байсан. Тэр үед Капитрон банкны хувь нийлүүлэгчид надад энэ байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан. Ингээд шууд ажилдаа орсон. Надаас өмнө маш ойрхон хугацаанд дөрвөн ч ТУЗ, дөрвөн гүйцэтгэх захирал солигдсон байсан. Мэдээж намайг судалсны эцэст санал тавьсан байх. Би хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад ажиллаж байгаа хүн.

-Капитрон банк өнөөдөр улсдаа тэргүүлэгч цөөн хэдэн банкны нэг нь болсон гэж болох уу. Тэгээд ч Капитрон банк бусад банкуудаас ямар имиджээрээ ялгарах вэ?

-Би банкууд дундаа тэргүүлж байгаа гэж хэлмээргүй байна. Өнөөдрийн байдлаар 16 банк Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Бид эхэнд нь ч биш, сүүлд нь ч биш, дунд хавьд нь явж байна. Манай банкны ялгарах онцлог нь нэгдүгээрт нэр нь нэлээн сонсголонтой байдаг. Капитал, электрон гэсэн хоёр үгийн нийлмэл шүү дээ. Бусад банкуудтай адилхан арилжааны банкны үйл ажиллагаа явуулдаг. Боловсон хүчний хувьд сайн. Орон сууцны зээл олгох тал дээр бусад банкуудаа тэргүүлж байгаа.

-Нэгэн үеэ бодвол манайд банкнаас их зүйл үгүй болж. Зах зээл багатай манайх шиг жижиг улсад энэ олон банкны хэрэг байхгүй юм биш үү?

-Бид зах зээлийн эдийн засгаар замнаж байгаа улс шүү дээ. Тэгэхээр зах зээлийн эдийн засагт гол зүйл нь эрэлт нийлүүлэлт байдаг. Одоо зээлийн эрэлт нийлүүлэлт их байгаа учраас эдгээр банкууд байх ёстой. Хуучин 17 банк байсан бол Интер банк, Капитрон банктай нийлээд 16 банк болсон. Чингис хаан банк Хадгаламж банкийг авчихсан учир нэгдвэл 15 банк болох байх. Зах зээлийн жам ёсоор банкууд нэгдэж нийлэх үйл явц өрнөөд л явна. Тэртэй тэргүй зах зээлийн эдийн засаг өөрөө банкууд хэд хичнээн байх ёстой гэдгийг байр байранд нь тавиад өгнө. Ирээдүйд Монголын банкуудын нэгдэх үйл ажиллагаа тасралтгүй явагдана гэж бодож байна.

-Ардчиллын дараахан манайд 16 банк байгуулагдсаны дөрөв нь зах зээлийн шуургыг давж, үлдсэн юм билээ. Тухайн цагаас өдий хүртэл банкны секторт ажилласан юм чинь энэ талаар сайн мэднэ биз дээ?

-Яг дөрвөн банк үлдсэн гэсэн тоо байдаггүй. 1990 онд Монгол улс зах зээлд орсноос хичнээн ч олон банк байгуулагдсан юм бүү мэд. Харин 1990 оноос хойш тоолж үзэхэд 16 банк дампуурсан байсан гэдэг. Өнөөдрийн байдлаар бас л 16 банк үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг нь дампуурч байхад нөгөө нь үйл ажиллагаагаа эхэлж, лиценз гэрчилгээгээ аваад явж байсан. Гэхдээ 2001 оноос Монголбанкны шийдвэрээр шинэ банкуудад гэрчилгээ олгохгүй гэсэн байна лээ.

-Ид ажлын эрч хүчтэй, учраа мэддэг болсон үед чинь банкууд дампуурч эхэлсэн байна. Тэр үеийн банкуудын дампуурлыг ямар шалтгаантай холбож тайлбарлах вэ?

-Зөвхөн банкны нэгдүгээр хүнээс шалтгаалж банкууд дампуурч байсан. Нэгдүгээр хүн багаа буруу бүрдүүлж, ажилтнуудаа буруу сонгосон байж болно. Зөв бөгөөд хэрэгтэй хүмүүсийг сонгож чадаагүйн алдаа энд гарсан. Банк дампуурсан гэж бодоход байшин нь үлдэж байна. Байшин дотор байгаа тавилга, эд хогшил, заавар журам, ажилтнууд нь үлдэж байна. Тэгээд өөр хүн ирээд удирдахад ашигтай, сайн ажилласан тохиолдолд нэгдүгээр хүн буюу гүйцэтгэх захирлын буруутай гэдэг нь илэрнэ. Бүгд л адилхан хууль эрхзүйн орчинд ажиллаж, ижилхэн гараанаас үйл ажиллагаагаа эхэлдэг. Тэгэхээр нэгдүгээр хүнээс дампуурах шалтгаан гарсан.

-Тэр үеийн дампуурал дахин давтагдаж, Монголын банкуудыг үнэн дүр төрхөө түрүүчээсээ харуулж эхэллээ гэж болмоор санагдлаа. Адилхан банкир хүний хувьд Хадгаламж банкнаас алдагдсан 14.2 тэрбум төгрөг ямар замаар алдагдсан гэж дүгнэж байна вэ?

-Энэ бол нэгдүгээрт мөрдөн байцаагчийн асуудал. Ямартаа ч зургаан, долоон жилийн үйл явц харагдаж байгаа болов уу. Үүнд эргэлзээд байх шаардлага алга. Хулгай хийсэн хүн нь нэр ус, хаягтайгаа байж байна. Ямар албан тушаал эрхэлж байсан нь мэдэгдэж байна. Хэдий хэмжээний мөнгө авсан нь илэрсэн. Одоо тэр мөрдөн байцаах газар тухайн үед хэдий хэмжээний мөнгийг хаашаа, хэн рүү гаргасан гэдгийг нарийвчлан тогтооход амархан байгаа гэж үзэх юм. Энэ хэргийг мэдээж ганцаараа хийгээгүй. Хань хамсаатан болох хэд хэдэн хүмүүс дор хаяж оролцсон байх. Нөгөө талаар банкны системд том цочроо өгч, доголдол байгаа нь харагдлаа. Энэ хооронд Цэрэнпүрэв, Базар гэсэн захирлууд байсан. Дотоод хяналт нь хүртэл юу хийж явсан юм. Яагаад хянаагүй байдаг билээ. Эсвэл хуйвалдсан юм уу. Монголбанк илрүүлсэн байсан юм бол яагаад нуун дарагдуулсан юм. Илрүүлсэн луйврыг төр засаг, иргэд мэдээгүй байгаа нь сонин байна. Заавар журмаа баримталдаг, өндөр ур чадвар бүхий ажилчидтай байсан бол тэр их мөнгө дотоод хяналтынхны хараанаас алдагдах боломжгүй. Энэ бүгд цэвэр хуйвалдааны шинж чанартай санагдсан. Ер нь тэгээд Монголбанк тухайн үед Хадгаламж банкны мөнгөний алдагдлыг илрүүлсэн юм бол яг хэзээ, хэдэн төгрөг бултуулсан байхыг мэдсэнээ УИХ-д тайлагнах ёстой. Өнөөдөр 14.2 тэрбум байтугай нэг төгрөг ч тоглоом биш.

-Нэг салбарт ажиллаж байсан юм чинь Чимэдцэрэнг мэдэх байх?

-Энэ хүнийг би огт мэддэггүй байсан. Гэхдээ Хадгаламж банкны том казиночин байдаг гэж сонсож байсан. Тав дахь өдөр Солонгосын казино руу яваад бүтэн сайнд ирдэг гэж чих нэлээн олон удаа дэлссэн шүү. Олон хавар нэгэндээ гэгчээр хулгайн мөнгө нь илэрсэн байна. Мэдээж том бизнесмен биш юм чинь ингэж л мөнгө иддэг байж таараа. Монголчууд хар халзан хонь, цагаан халзан хонь гэдэг шиг тоотой хэдхэн чадалтай бизнесменүүдээ сайн мэддэг. Тэр овойж, оцойтол баяжсан том бизнесменүүд дунд Чимэдцэрэнгийн нэр лав байдаггүй. Насны хувьд ч надаас хамаагүй дүү, намын хувьд ч өөр шүү дээ.

-Тэгэхээр муу ажилтнуудаас шалтгаалах зовлон дуусахгүй нь. Үүнээс сэргийлэх банкны дотоод ёс зүй, шударга ажиллах зарчим гэж байдаг байх. Танай банк ажилтнуудаа ямар шалгуураар авдаг вэ?

-Хүний нүүрэн дээр би худалч гэж бичсэн байдаггүй. Тэгэхээр тухайн хүний хавь ойрын хүмүүсээс судалгаа хийдэг. Бас ярилцлаганд оруулах, туршилтаар ажиллуулах олон арга байдаг.

-2002 онд Худалдаа хөгжлийн банк-ийг америкууд авсан ч саяхан монголчуудад хувьцаагаа эргүүлж зарлаа. Банк ашиггүй байсан юм байх даа?

-Худалдаа хөгжлийн банк-ыг худалдаж авсан Жералд гэдэг компани уул уурхайн чиглэлийнх шүү дээ. Банкны чиглэлийнх биш байсан, хэл ам ихтэй байсан гээд эргүүлж зарах олон шалтгаан байсан биз. Тэгээд ч хямдхан авсан банкийг үнэд хүргэж зарах боломж олдсон байх.

-Анх үүсгэн байгуулсан гэдэг утгаараа Худалдаа хөгжлийн банк сэтгэлд тань ойр байдаг байх?

-Хүнд бахархах зүйл байлгүй яах вэ. Би найман настай жаахан охинтой. Охинтойгоо хажуугаар нь явах тоолондоо Аав нь энэ банкийг үүсгэн байгуулж, ажиллаж байсан. Энэ банкийг Монголын хамгийн үнэ цэнэтэй аж ахуйн нэгж болгож байсан гээд бахархаж ярьдаг. Худалдаа хөгжлийн банк-ийг анх үүсгэхэд хамгийн алдагдалтай, алт диллерийн хэрэгт орооцолдсон байсан. Зээл өгөх нь байтугай элчин сайдын яамдын мөнгийг ч гаргах чадваргүй банк байсан шүү дээ. Сүүлдээ жилээс жилд, алхмаас алхамд сайжирсаар байгаад тэргүүний банк болсон. Ингэж л дэвжсэний үр дүнд зарагдсан болохоос биш хачин банк байсан.

-Та Ардчилсан намын ууган төлөөлөл, үүсгэн байгуулагчдын нэг. Харсаар байтал чинь МАХН-ын дэргэдэх МАСЗХ Хадгаламж банкнаас мөнгө төгрөг идсэн гэх яриа дэлгэгдэхэд ямар санагдав?

-Сүүлийн үед ХЗХ-ноос мөнгө идлээ л гэнэ. МАХН болоод түүний дэргэдэх МАСЗХ л холбогдох юм. Хадгаламж банктай бас л МАСЗХ-ны улсууд холбогдож байна. Ер нь нийгэмд улс орныг удирдах хүсэлтэй хүмүүс мэдлэг боловсролтой, даруухан байх ёстой. Гэтэл энэ холбооны дарга нь сагсуугийн сагсуу хүн. Цэргүүд нь сагсуугийн сагсуу даргаа дууриагаад сагсуу, хүнд захирагдахгүй байдалтай хүмүүс болчихдог юм байна. Орчин нь нөлөөлж байгаа шүү дээ. Тиймээс намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ гэгчээр мөнгө төгрөгтэй орооцолддог байх.

-Сөрөг хүчний төлөөлөл, гадны хүний нүдээр харахад хэлмээр зүйл гарч байсан байх?

-Ийм байгууллага хэрэггүй. Мөнгө төгрөг идээд, уугаад байвал юун улс орныг хөгжүүлэх вэ. Боливол таарна гэж хэлмээр байдаг.

-Харин та өөрийн намын залуучуудын байгууллагынхаа талаар ямар бодолтой явдаг вэ. Ямартаа ч насны хязгаар байдаггүй гэх юм билээ?

-Би залуучуудын байгууллагынхаа талаар үнэндээ сонирхдог ч үгүй. Яах вэ, даргынх нь нас арай хэтэрчихсэн юм болов уу гэж дүгнэдэг. Түүнээс биш тэдний ажилд оролцох ямар ч сонирхол алга.

-Гэвч МАХН-ын талаар ямар бодолтой явна?

-1921 оноос өнөөдрийг хүртэл Монгол улсын түүхэнд МАХН дангаараа шахуу төр засгийг барьцаалаад удирдаж байна. Тэгсэн мөртлөө овоож, оцойтол удирдаж чадаагүй. Ер нь МАХН, Ардчилсан нам гэхгүйгээр хөтөлбөрөө гаргаад өрсөлдөж, улс орноо хөгжүүлвэл зүгээр санагддаг. МАХН дангаараа Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэг нь тов тодорхой харагдлаа. Эдний нам 1921 оноос хойш бөөн сүлжээ болчихсон шүү дээ. Суманд таван баг байлаа гэхэд засаг дарга нар нь зуун хувь хувьсгалт намын нөхөд байдаг. Тэгэхээр энэ улсуудтай хамтарч, улс орноо хөгжүүлэхгүй бол болохгүй юм байна. Дангаараа ямар ч нам удирдаж чадахгүй болохоор үзэн ядалтаа багасгаж, улс орноо хөгжүүлэх дээр санаа нэгдээсэй гэж бодох юм. Манай улс парламентын засаглалтай улс. Тиймээс ерөнхийлөгчийн сонгуулийг ч гэсэн парламентаасаа сонгох хэрэгтэй. Бас манай улс төр холимог системд орох нь зүйтэй. Энэ системээр явахаар нэг нам нь жаахан илүү хувь авбал дангаараа төр засгийн эрхэнд гарчихдаг. Харин үлдсэн төлөөлөл нь алга болчихдог. Гэхдээ томсгосон тойргоор явахад МАХН, Ардчилсан нам хоёр л төрийг давамгайлж удирдах төлөв харагдаад байна. Хоёр нам хөгжлийн асуудлаар тохиролцож, бусад жижиг намуудааа оролцуулаад ажиллах цаг нь болжээ. Алийн болгон бие биенийхээ араас хараал, ерөөл хийх юм бэ.

-Ардчилсан намд маргалдах, хоорондоо үл таарах зүйл цөөнгүй тохиолддог. Гэтэл ах нам тийм амархан ойлголцоно гэж үү?

-Ардчилсан нам харин ч тийм байх ёстой. Хоорондоо үзэл бодлоо уралдуулж, маргалдах явдал байлгүй яах вэ. Ганцхан гаргасан шийдвэрийг санал нэгтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш учрыг тунгааж, хужрыг нь олохын тулд маргалдах, санал солилцох, бүр хэрэлдэх явдал ч байж болно. Ардчилсан нам хувьсгалт нам шиг дарга нь үг хэлэнгүүт бүгд ярсхийж гараа өргөдөггүй. Тэгвэл ямар Ардчилсан нам байх юм бэ. Энэ бол байдаг л хэвийн үзэгдэл. Даан ч Хувьсгалт нам тэгж чадахгүй байх л даа.

Өглөөний сонин 2007.03

С.Бэлэгмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button