Iсе тор , Дижитал, Салхи хамтлагийн залууст хар тамхины хэргээр яллах улсын яллагчийн дүгнэлт гарчээ

Хамтлаг дуучдын хар тамхитай холбоотой хоёр хавтаст хэргийн шүүх хурал тун удахгүй болох гэнэ. Энэ хэрэгт Iсе тор хамтлагийн дуучин С.Чулуунбаатар, Ж.Бат-Оргил, Манлайжаргал, Салхи хамтлагийн дуучин Алтанхуяг, Дижитал хамтлагийн Батбаяр нар холбогдож улсын яллагч яллах дүгнэлтээ үйлдээд явуулсан байна. Эдгээр дуучид нь Б.Базаррагчаа гэгчээс 2005 оны зургаан сараас 2006 оны арван сарын хооронд олсны төрлийн бодис болох канабиналыг тамхины дөрөв хуваасны нэг орчимыг 10-30 мянган төгрөгөөр худалдан авдаг байснаа хүлээн зөвшөөрч мэдүүлжээ. Тэд хар тамхи татахаар бүжгийн эвсэлтэй болж, мэдрэмж сайжирч, ухаан саруулхан болдог гэж мэдүүлсэн байдаг юм байна. Гэвч эрдэмтдийн судалгаа, шинжилгээгээр хар тамхины төрлийн бодис нь түр хугацаанд хүний оюун ухааныг хоосруулж, солиоролд автуулдаг хорт бодис гэсэн дүгнэлт гаргасан гэнэ.

НҮБ-ийн 1971 оны нэмэлтээр олсны төрлийн бодис болох гашиш, канабинал, канабиш зэргийг мансууруулах үйлчилгээтэй бодис гэж тэмдэглэсэн байдаг аж. Одоогоор хамтлаг дуучидад хар тамхи зарсан гэх Б.Базаррагчаа нь Ганц худаг-т хоригдож байгаа бөгөөд хэргээ огт хүлээхгүй байгаа гэнэ. Харин хамтлаг дуучид түүнээс авсан гэдгээ нотлоод байгаа аж. Дижитал хамтлагийн ахлагч Батбаярын хувьд 2006 онд гарсан өршөөлийн хуульнаас өмнө худалдан авч хар тамхийг хэрэглэж байсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож, бусдад нь хар тамхийг хууль бусаар олж авч хэрэглэсэн гэдэг дээр нь яллах дүгнэлт үйлдсэн гэнэ. Хамтлаг дуучдын хар тамхины хэрэгт Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөнг холбоотой гэсэн мэдээлэл гарсан. Тэрээр мөрдөн байцаалтын явцад нэг удаа байцаалт өгсөн боловч хар тамхины хэрэгт холбогдолтой гэсэн нотлох баримт огт гараагүй ажээ.

Өглөөний сонин 2007.03.24

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button