Монголын нэр бүхий зургаан улстөрч нүүрсний томоохон орд газрыг АНУ-д 250 сая ам.доллараар зарахыг хүсчээ

Монгол улсын нэр бүхий зургаан улс төрч Монголын нүүрсний томоохон орд газруудын олборлох эрхийг өөрсдийнх хэмээн АНУ-д 250 сая ам. доллараар борлуулахыг хүссэн тухай нийтлэл Германы Шпигель сэтгүүлийн 2007 оны нэгдүгээр сарын наймны дугаарт гарсан байна. Нийтлэлд Монгол улсын нэр бүхий зургаан улстөрч томоохон нүүрсний орд газруудыг олборлох эрхийг өөрсдийнх гээд АНУ-д 250 сая ам доллараар борлуулахыг хүсч байгаа талаар Монгол улсын ГХЯ-ны өндөр албан тушаалтан мэдээлсэн байна гэжээ. Уг мэдээллийг Монголын ногоон намын Улаанбаатар хотын салбар зөвлөлийн дарга О.Бум-Ялагч Герман дахь түншээсээ олж мэдсэн тухайгаа өчигдөр хэвлэлийнхэнд дэлгэлээ. О.Бум-Ялагч Монголд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг хувийн компанитай бөгөөд энэ чиглэлээрээ Германы нэгэн жуулчны байгууллагатай хамтран ажилладаг аж. Саяхан Германд олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг болсон бөгөөд О.Бум-Ялагч түнштэйгээ яармаг дээр уулзжээ.

Харин түүний Герман түнш нь уг мэдээллийг нийтэлсэн сэтгүүлийг үзүүлж цаашид хамтран ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа талаар хэлсэн байна. Одоогоос cap хагасын өмнө уг мэдээллийг бичсэн сэтгүүлийг олж үзсэн тэрээр мэдээллийг баттай болгохын тулд мэдээллийг бичсэн сэтгүүлчтэй ч биечлэн уулзаж, дээрх мэдээлэл хэр үнэн бодитой болохыг тодруулсан байна. Харин Шпигель сэгтүүлийн сэтгүүлч Манфред Эртель уг мэдээллийг өгсөн ГХЯ-ны өндөр албан тушаалтны нэрийг нууцалж Сэтгүүлчид мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй гэж амыг нь тагласан байна. Шпигель сэтгүүл нь Германд төдийгүй Европын бусад орнуудад нэр хүнд бүхий хоёр том сэтгүүлийн нэг бөгөөд мэдээллийг бичихээсээ өмнө төрийн байгууллага, биржүүдээс асууж мэдээлэл хэр үнэн бодит болохыг баталгаажуулсан гэнэ. Дээрх мэдээллийг ч мөн холбогдох томоохон байгууллагуудаас асууж лавлан баттай болгож тавьсан гэдгээ сэтгүүлч Манфред Эртель албан ёсоор мэдэгдсэн байна. Харин О.Бум-Ялагч ГХЯ-наас энэ мэдээг мэдээлсэн өндөр албан тушаалтныг мэдэх зорилгоор тойруу замаар сураглаж ямар ч байсан англи хэлтэй Монгол хүн ГХЯ-аас уг мэдээллийг өгсөн болохыг процессоор нь мэдэж, улстөрч гэх нөхдүүд Монголыг өвөл зунгүй тэжээж байдаг томоохон нүүрсний орд газрыг гадныханд шахах гэсэн мэдээлэл оргүй биш болохыг тогтоосон гэж мэдэгдлээ.

Монголын нэрийг хөөдсөн уг асуудлын талаар иргэн О.Бум-Ялагч, Д.Ганхуяг, Х.Бат-Ялалт, Г.Уянга, Г.Баасан нар тайлбар хүсэж Ерөнхийлөгчид албан бичиг илгээжээ. Тэд хариу тайлбараа 2007 оны гуравдугаар сарын 23-ны дотор бичгээр ирүүлэхийг шаардсан байна. Мөн тэд Монгол улсын Ерөнхий сайд М.Энхболд, ТЕГ-ын дарга Н.Ганболд нарт хандан эх орны аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байгаа энэхүү үйлдлийг шалган тогтоож дээр дурьдсан зургаан улс төрчийн нэрийг олон нийтэд зарлан холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Монгол улсын шударга иргэдийг төлөөлөн шаардах бичиг хүргүүлснээ ч хэллээ.

Өглөөний сонин 2007.03.24

Ж.Нараа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button