Ард түмний гавьяат жүжигчин Ё.Цог Хөгширсөн ч гэлээ олдсон дүр болгоныг шүүрээд гүймээргүй байна

Дайчин чин ван Ханддорж зэрэг олон сайхан кинонд тоглож, дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн ард түмний гавьяат Ё.Цогтой хэдэн хором ярилцлаа.

-Анх кино урлагийн ертөнцөд хөл тавьж байснаа дурсана уу. Тэр үед хүссэн хүн бүр кино урлагт орж чаддаггүй, зураг авалтанд орох нь өндөр шалгууртай байсан байх даа?

-Би 16 наснаасаа 27 нас хүртлээ цэргийн хөгжим тоглосон. Тэгээд өөрөө жүжигчин болох асар их сонирхолтой байсан болохоор Хүүхэд залуучуудын театрт жүжигчин шалгаруулах гэж байна гэхээр нь очоод шалгуулсан чинь тэнцчихсэн. Тэр үед Дээрэмчид гэдэг том жүжиг тавих гээд Сугар багш гэх мэт улсууд ажиллаж байсан үе юм билээ л дээ. Анх Төгсгөл киноны олны хэсэгт тоглосон. Би учраа мэдэхгүй Богд хааны музей-д очиж хувцасыг нь өмсөөд нэргүй дүрд зураг авахуулсан. Анхандаа нэлээн хэдэн орос монгол кинонд дуу оруулж байлаа. Хүүхэлдэйн кино, жужигт баавгай, чонын дүр их бүтээсэн. Ингээд л 1964 оноос хойш кино урлагтаа зүтгэж байна

-Кино урлагтай амьдралаа холбосноосоо хойш та хэчнээн кинонд тоглосон бол. Мөн та киноноос гадна зохиомжид их тоглодог шүү дээ?

-Би ер нь цэргийн сэдэвтэй кинонд их тоглож байлаа. Туслах, гол дүр нийлээд 30 гаруй кино, 50 гаруй зохиомжинд тоглосон. Зарлаагүй дайны оршил, Бид мартахгүй Говь Хянганд тулалдсан нь зэрэг хэдэн кинонд японы хурандаа, генералын дүр их бүтээсэн. Монгол дүрд гэвэл Их замын тоос, Сугар жолооч Наймдугаар богд Жавзандамба Цагаан дуганы гэгээ, Төрийн сүлд өршөө , Дайчин чин ван Ханддорж, Хааны сүүлчийн хатан гэх мэт арваад кинонд гол дүр бүтээсэн. Зарим нэгийг нь мартчихжээ. Бусдад нь япон, хятад, казак дүрд тоглож байсан. Мижиддорж багш намайг өвөрмонгол, буриад, казак янз бүрийн аялга гаргаж яривал чамд хоол болно доо гэдэг байсан. Тэр нь ч их хэрэг болсон доо. Ер нь бол жүжгийг дахин давтаад сайжруулж болно. Гэтэл кино зураг авалтанд муу юм хийх эрх байдаггүй. Муу хийвэл насан туршдаа муугаараа л дуудуулдаг. Ялангуяа үзэгдээд өнгөрөх жижиг дүр бүтээх хамгийн хэцүү.

-Эдгээр дүрүүдээс чинь хамгийн их сэтгэлд үлдсэн дүр тань юу байдаг вэ?

-Анхны тоглосон гол дүр болох Сугар жолооч-ийн дүр байх даа. Тэр дүр миний хувьд намайг олонд таниулсан сайхан дүр гэж боддог.

-Та жүжигчин мэргэжлээс гадна найруулагч бас хийдэг. Ер нь яагаад ахиж мэргэжлээ өөрчлөх болов оо?

-Намайг анх найруулагчаар сургасан Будын Жаргал гэж хүн бий. Надаас дүү ч би багшаа гэдэг. Телевизд би хоёр гурван зуугаад нэвтрүүлэг найруулсан. Сүүлд Эцсийн тушаал киног найруулсан. Жүжигчид нь их том хүмүүс байсан л даа. Жинхэнэ цолгүй гавьяатууд. Тэр кино жүжиг маань телевизэд шинэ жанрын жүжиг болсон гэж магтагдан, Прагад болсон олон улсын киноны наадамд оролцож байлаа. Тэгээд сургууль төгсөөгүй ч болмоор юм шиг санагдсан юм байлгүй, намайг Москвад телевизийн найруулагчийн курсэд явуулсан юм. Эндээс л найруулагч болох зам маань тавигдсан түүхтэй.

-Дээр үеийн оросын кинонд ам барьж монголоор дуу оруулсныг харахад үнэхээр гайхамшигтай байдаг л даа. Таныг бас олон кинонд дуу оруулсан гэж сонссон юм байна?

-Тэр үед одоогийнх шиг дуу оруулж уншдаггүй, ам барьж монголоор хэлж байгаа юм шиг уншдаг байлаа. Би нэлээн олон кинонд дуу оруулсан. Тулалдаанд зөвхөн хашрууд ниснэ гэдэг киног орчуулж байхад нь анх намайг Энхтуяа эгч кино үйлдвэр дагуулж очсон. Тэгээд орос киноныхоо дууг хаачихаад тэд уншихаар ам нь зөрөхгүй, адилхан харагдаад байсан. Тэр нь надад их сайхан санагдаад уншиж үзсэн. Тэгэхэд Чи ер нь болохоор хүүхэд биш үү гээд надаар Кузнечик-т дуу оруулуулсан. Их л дурласан шиг байгаа юм. Монголын хэд хэдэн кино, Оросын хүүхэлдэйн кино болон уран сайхны олон кинонд дуу оруулсан.

-Мэдээж кино зураг авалтын үеэр хөгтэй явдлууд их тохиолддог байсан байх?

-Өөрөө өмнө нь хийж байгаагүй, өөр мэргэжлээр зураг авалтанд ороход чадахгүй алдах явдал их л тохиолддог байсан. Нэг удаа бид зураг авалтын үеэр зуун грамм татсан гэж шийтгүүлээд гал тогоонд ажилласан юм. Гэтэл маш их махтай бантан хийж байгаад мартчихаад хэдэн цагийн дараа ирэхэд шанага нь гозойгоод сугарахгүй, доороо нүүрс шиг түлэнхий болчихсон байж билээ / инээв.сурв/.

-Урлагт амьдралаа зориулж, ард түмэндээ танигдсан ч гавьяат цол аваагүй хүмүүс байна. Та ч мөн гавьяатын энтэй хүн шүү дээ. Гэтэл цөөн хэдхэн уран бүтээлтэй хүмүүс гавьяат цолыг үнэгүйдүүлж хүртэх болж?

-Би үүнийг ямар учиртайг нь гайхаад л байгаа юм. Эргээд бодоход ажлаа хийж чадахгүй байсан үе байхгүй л санагдддаг юм. Нэг л ажлаа хийх бөөн дур /инээв.сурв/. Нэг мэдэхэд хүмүүс Та чинь гавьяат бил үү гэж байдаг. Гэхдээ бид юу байх вэ. Жинхэнэ гавъяат байх ёстой хүмүүс гавьяатаа авч чадаагүй байна. Бид нарын хийж бүтээж байгаа бүхэн өмнөх алтан үеийнхний гавьяа байдаг. Одоо Сэдэд багш, гончиг Батсүх гэх мэт хүмүүс бараг Бөмбөгөр ногоон театрын үеэс үлдэж байгаа нь л энэ хэд байх шиг байна. Кино үйлдвэрээс ярьвал, ягаан гажид ЦэндАюуш, Хүргэн хүүгийн Цэндсүрэн, Рэнцэнханд, Энэ хүүхнүүд үү киноны Мандах эгч, уран илтгэгч Жагдаг гэх мэт хүмүүс гавьяатаа аваагүй байхад бид яриад юу хийх вэ. Хөх чоно-ын Дамдин гуай мөн л байж байна. Сүхбаатар жанжны дүрийг бүтээж байсан. Одоо ч театр дээрээ буурал толгойтой явж л байна. Энэ хүмүүст яагаад гавьяат өгдөггүйг ойлгодоггүй юм. Гэтэл хоёр гурван дуу дуулсан хүмүүс СТА, МУГЖ цол хүртэх болсон байна. Ер нь жаахан нүдээ олохгүй байна уу даа л гэж боддог. Гавьяатыг нөхөн олгох гэдэг хэрэггүй юм л даа.

-Та саяхан ард түмний гавьяат цол хүртлээ. Мэдээж олон жил урлагтай холбоотой ажилласан болохоор танд шагнал урамшуулал их байдаг байх?

-Тиймээ. Алтан гадас одон, ойн медаль, наадмын медалиуд бий. Их бүрээ үлээж авсан шагналууд бий.

-Та Богд хааны дүрд тоглохдоо Богдын өөрийнх нь хувцасыг нь өмсөж зураг авалтанд орсон гэдэг?

-Тийм. Би үүнийг их азтай гэж боддог шүү. Талийгаач Бадар-Ууган намайг Богд хааны кинонд проб хийхгүй шууд авна гээд тоглуулсан. Тэр үед Бадар-Ууган соёлын яамны сайд, одоогийн Ерөнхийлөгч Энхбаяр орлогч нь байсан үе шүү дээ. Тийм болохоор бас эрх мэдэл нь ч нөлөөлсөн байж болох юм. Богд хааны ордоны музейгээс богдын хувцасыг нь авч өмсөн, хөөргийг нь барьж, алтан аяганаас нь ууж идэж байлаа шүү дээ. Дээлнийх нь нэг дугираг саранд 24 мянган ширхэг сувд шигтгэн хийсэн байсан. Алтан очиртой малгайг нь өмссөн. Тэр үед ээж маань Миний хүү дандаа л дайсан болж, үхэж гардагт их дургүй байсан. Энэ чинь их сайхан юм гэж их баярлаж байсан.

-Гэхдээ зарим хүмүүс зурхайгаараа зөвхөн богдод зориулагдсан хувцас болохоор хамаагүй хүн өмсөж болохгүй. Тийм болохоор богдын хувцасыг Цог гуай өмссөнөөс хойш амьдралд нь муугаар нөлөөлсөн гэж бас ярьцгаадаг?

-Хүндэдсэн байж болох юм. Тэгдэг болов уу гэж бас бодож, Бадар-Ууган гуай ном уншуулж, миний үсийг үргээн, Амарбаясгалан хийдийн хажууд, түүдэг гал түлж, ёслон, тэр дээлийг надад өмсүүлсэн. Яах вэ тэрнээс хойш надад муу болсон зүйл гайгүй л юм шиг байна. Ганцхан ханийгаа алдсандаа л харамсдаг. Миний хань Ардын дуу бүжгийн чуулгад бүжгийн хувцасны эрхлэгч хийж байсан Дулмаа гэж сайхан хүн байлаа. Зүрх муутай хүн байсан. Зүрхний өвчнөөр нас барсан. Өөрөөр тэрнээс боллоо гэхээр нэг их муу юм болоогүй. Би ер нь сүжиггүй хүн л дээ. Аав ээжээс уламжилсан болохоор бурханыг нь тавиад хаяа зул өргөөд л байж байна.

-Та одоо хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Цайгаа хувааж уудаг хамтран амьдардаг хүн байна. Төмөр замын коллежид оюутны байрны зохион байгуулагч хийдэг. Яах вэ тэгээд хүүхдүүд маань их харж үздэг. Онцгойлж магтвал манай бэр Өлзийхүү миний охин шиг намайг харж ханддаг. Би одоо гурван хүү, хоёр охинтой. Бүгд тусдаа гарч, амьдралтай болцгоосон. Хамгийн бага нь Америкт амьдраад долоо, найман жил болж байгаа. Түүнийгээ л их cанах юм даа. Утсаар яриад л байж байна. Хоолой зангираад л аав нь сайн байгаа гэж л байна.

-Сүүлийн үед та юу хийж байна вэ?

-Цэргийн баяр, цагаан сарын баяр гэх мэтэд зориулж телевизийн хоёр гурван зохиомжид тоглолоо. Гэрээслэл гэдэг нэртэй казакийн домгоор кино бүтээж байгаа. Энэ киноны гол дүрд тоглож, уржигдар Туркуудын хөшөөний хажууд төгсгөлийн зураг авахуулж дууслаа. Мөн Ардчилалын тухай баримтат, уран сайхны киноны холбоос хэсэгт зураг авалт хийж дуусаад тайлбарыг нь уншаад дууслаа.

-Уран бүтээл хийх санал хэр их ирж байна вэ?

-Ирж байна. Сая нэг төмөр замын өртөөний өвгөний дүрд тоглох санал ирлээ. Гэхдээ би харж байгаад болмоорыг нь хүлээж авч байгаа. Бас олдсон бүхнийг шүүрч гүйгээд баймааргүй байна.

Өглөөний сонин 2007.03.24

Г.Ундрах

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button