25-р суваг телевизийн хөтлөгч Номин Банзрагчийг монгол дээлтэй дуулж байхыг нь харахад халхын сайхан эр шиг санагддаг

Нийгэмд аль болох өөрийгөө нээж, авьяас чадвараа хөгжүүлэх нь уг хүний үндсэн амьдралын гол суурь нь болж өгдөг. Уншигч та бүхэн энэ жаахан охиныг таньж байгаа байх. Тэрээр бие жижиг ч бэлчээр нь том нэгэн бололтой.

-Сүүлийн үед 25-р телевизээр нэг хөөрхөн жаахан охин гараад байдаг. Өөрийгөө манай уншигчдад танилцуулбал?

-Би 25-р суваг телевизийн мэдээллийн нэвтрүүлэгч хийдэг. Нөгөө талаар ХУИС-ийн санхүү менежментийн төгсөх курсийн оюутан. Гэртээ ээж, эмээ хоёртойгоо амьдардаг. Сургуулиа төгсөөд эндээ ажиллах бодолтой байгаа. 25-р телевизийн бараг ууган ажилчдын нэг л дээ.

-Хэзээнээс эхэлж телевизэд орсон бэ, их л жоохноосоо л ажилласан юм шиг байна?

-Анх 1997 онд 25-р суваг байгууллагдаад 6 cap болж байхад нь А-Я гэдэг хүүхдийн нэвтрүүлэг хийх гээд намайг шалгаруулж авч байсан. Миний анхны нэвтрүүлэг гэвэл Билгүүн цэнгүүн хоёр Холливудаар аялсан нь нэвтрүүлэг. Үүндээ тэнцээд Монголын хүүхдийн эрхийн төвөөс 25-р суваг телевизтэй хамтарч явуулж байсан А-Я нэртэй нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн. Тэгээд цаашлаад том болоод ирэхээрээ дунд ангийн хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг хийж эхэлсэн. 10 жилээ төгсөөд их сургуульд орох гээд нэг хэсэг завгүй байсан. Тэгээд хоёр жилийн өмнө намайг нэвтрүүлэгчээр шалгуулаад үзээч ээ гэж дуудсан. Тэгээд манай телевизийн Жамиа ах намайг бэлтгээд өглөө бүр гамм уншуулж бэлтгэдэг байсан. Тэр жилийнхээ 9 сарын 5-ны өдрөөс эхлээд л Өглөө хөтөлбөр дээр гарч эхэлсэн. Түүнээс хойш л нэвтрүүлэгчээ хийгээд явж байна. Мөн 2-р сувгийнхаа маркетингийн ажлыг давхар хийгээд явж байгаа.

-Сургуулиа төгсөөд яг ямар мэргэжлээр ажиллах вэ?

-Би үүн дээр их боддог л доо. Юуны тулд би дөрвөн жил сурлаа, бас нөгөө талаар миний сонирхол юу билээ гэж бодож үзсэн л дээ. Тэгэхээр би санхүүгийнхээ мэргэжлийг энэ ажилтайгаа уялдуулаад хэвлэл мэдээллийн санхүү маркетинг гэж юу байх ёстой вэ гэдэг тал дээр ихээхэн анхаарах ёстой гэж бодож байгаа.

-Номин өнөөдөр амьдралынхаа хүсэж мөрөөдөж байсан зүйлээ олж авч чадсан уу?

-Чадсан гэж бодож байгаа. Миний хамгийн азтай, зөв алхам маань энэ байсан болов уу гэж бодож байна.

-Телевизийн урлагаас гадна өөр ямар нэгэн урсгал руу ороод үзье гэсэн бодол бий юу?

-Одоогоор бол тийм бодсон зүйл алга. Яагаад гэхээр миний зорьж яваа зүйл маань шал хоёр өөр чиглэлийнх. Нэг нь тоо, нөгөө нь урлаг. Манай ажлынхан намайг тооны хүн урлагт зүтгээд явж байна гээд шоолдог л доо. Миний бодож байгаагаар бол энэ маань хангалттай л гэж бодож байна. Цаашдаа өөр нэгэн гоё сонирхолтой зүйл гараад ирж магадгүй. Тэгэхээр цаашдын зүйлийг би тааж мэдэхгүй.

-Өөрийгөө хэр авьяастай гэж боддог вэ?

-Ярих хэлэх юман дээр илүү авьяастай юм шиг байгаа юм. Бас дуулвал дуулчихаж, бүжиглэвэл бүжиглэж магадгүй юм шиг санагдсан.

-Өөрийн чинь хүндэлж явдаг хүн хэн бэ?

-Хамгийн их хүндэлж явдаг хүн гэвэл ээж, эмээгээ нэрлэмээр байна. Урлагийнхнаас гэвэл мэдээж миний мэргэжил нэгтэй хүмүүс болох Чимгээ эгч, Батбаяр ах гээд телевизийн акулууд зөндөө байдаг л даа. Тэд нарын хэмжээнд хүрч чадахгүй ч гэсэн тэд нар шиг хүмүүс намайг хүлээж авдаг болтол нь би хичээллэх хэрэгтэй гэж боддог.

-Өөрийн чинь багш гэж хэн бэ?

-Телевизийн багш маань гэвэл Батаа гэдэг эгч байдаг. Харин жаахан байхаас минь дагуулж явсан хүн гэвэл том Халиун эгч байдаг.

-Өөрийг чинь дуучин Банзрагчтай үерхэж байгаа гэж сонссон. Гэрлэх бодол бий юу?

-Тийм юм байхгүй. Хүмүүс харин тиймэрхүү юм яриад байна лээ. Бид хоёр ажил төрлийн л холбоотой улс. Тухайн үед хошигнож ярьсан яриа л тэгж тархсан байна лээ. Нэг нэгэндээ л тусалдаг болохоос биш хувийн харьцаа байхгүй.

-Тэгвэл эмэгтэй хүний нүдээр дуучин Банзрагч хэр залуу юм шиг санагддаг вэ?

-Их л сайхан залуу шиг санагддаг. Монгол дээлээ өмсөөд дуулж байхдаа үнэхээр халхын сайхан эр шиг л санагддаг.

-Найз залуутай юу?

-Одоогоор найз залуу байхгүй ээ.

-Харж хайрлаж явдаг залуу бий юу?

-Мэдээж. Эмэгтэй хүн юм чинь байлгүй яахав. Хүн гэдэг чинь үргэлж шинийг эрэлхийлж явдаг шүү дээ

-Тэгвэл ямар залуу өөрт чинь таалагддаг вэ?

-Эр хүн олон таван зан байхгүй. Хүн нэгийг хараад нөгөөд дурлахдаа өөр өөрөөр дурладаг ш дээ. Хүнийг татах чанар нь янз янз байдаг. Хичнээн царай муутай байлаа ч гэсэн хөөрхөн зантай ч гэх юм уу, ааш муутай ч гэсэн сэтгэл татам гоё залуу байдаг ч юм уу. Хүн болгонд л өөр өөрийн татах чанар байдаг ш дээ. Хүн урьдаас би тийм хүнтэй учирна гэж бодоод явбал утгагүй зүйл л дээ. Тийм учраас надад тийм ийм залуу гэсэн бодол байдаггүй.

-Залуучуудаас хайрын захиа авч үзсэн үү. Одоо ч утсаар ярьж, мессеж нисгэдэг болсон байх?

-Одоохондоо гайгүй л байгаа ш дээ. Дээр манай ажлын шуудангаар надад нэг захиа ирсэн. Надад утас чинь байхгүй болохоор захиа бичлээ. Ийм захиаг дандаа бичиж байх болно гэж бичсэн байсан. Зурагтаар харсан, нэрийг чинь саяхнаас мэдэж авлаа гэсэн сонин захиа ирсэн. Магадгүй тэр захиа цаашдаа үргэлжлээд ирээд байх гэж бодож байна.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Яг мөрөөдлөө нууцалчихья л даа. Зорилго гэвэл 25 телевиз маань хэвлэл мэдээллийн магнайд байгаасай, аливаа мэдээллийг цаг алдалгүй хүргэж чадах юмсан гэж боддог. Телевиз гэдгийг илүү судлах хэрэгтэй л гэж би боддог.

-Ажил хичээлээ яаж зохицуулж байна?

-Манай сургуулийн багш нар надад их тусалдаг л даа. Би ажилтай болчихлоо гэхэд үгүй гэж хэлж байсан багш байдаггүй. Манай ангийнхан, гэр бүлийнхэн маань ч гэсэн их тусалж дэмждэг. Тэр их хэмжээгээр би тэр хүмүүсийн өмнө их хариуцлага хүлээж байгаа.

-Хэр их эрх охин бэ?

-Би их эрх л дээ. Эмээдээ бол нугасгүй эрхэлдэг. Намайг жаахан байхад аав, ээж хоёр маань тусдаа амьдрах болсон. Тийм болохоор амьдралын бүхий зүйл ээжийн минь нуруун дээр ирсэн болохоор жаахан хатуу ханддаг ч их эрхэлдэг.

-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Би мах маш бага хэрэглэдэг. Орой хоол иддэггүй. Долоон хоногт нэг удаа гоо сайханд ордог. Одоо бол Орифлемийн гоо сайхны барааг хэрэглэж байгаа.

-Уншигчдадаа хандаад ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?

-Эрчүүд маань эмэгтэйчүүдийг хайрлаж хүндэлж, эх орноо гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсэх байна.

-Баярлалаа. Шилдгийн шилдэг нэвтрүүлэгч болоорой?

-Баярлалаа. Мэргэжил нэгт та бүхэнд ч гэсэн амжилт хүсье.

Чансаа сонин 2007.03

Н.Нансаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button