Тони Квок Танай улсын төр засагт авилгатай тэмцэх хүсэл зориг алга гэж бодогдохоор байна

-Өмнө нь албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хэрхэн авдаг байсан юм бэ. Хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргуулж авах талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

Авилгатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн

-Өмнө нь орлого, үл хөдлөх хөрөнгө гэх мэт цөөн асуултаар тэрхүү мэдүүлгийг авдаг байсан. Авилгын эсрэг хуулиар албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг өөрчилсөн байгаа. Тухайн хүний орлого, үл хөдлөх хөрөнгө, хадгаламжаас гадна зээл, лиценз, хөрөнгө оруулалт хувьцаа, гэр бүлийн хүний орлого ч хамаарч байгаа. Аймаг, нийслэл дэх албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэн, хадгалах үүрэг бүхий ажилтнуудад зориулсан хоёр өдрийн сургалт семинарын үеэр хөрөнгө орлогын мэдүүлгийг зөв тодорхой гаргуулж авах талаар нухацтай ярилцсан. Энэ нь мэдүүлэг гаргагчийг элдэв хариуцлагад татагдахаас сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нөгөө талаар хөдөө орон нутагт хөлгүй манай байгууллагад чирэгдэл учрахгүй сайн талтай юм.

-Авилгатай тэмцэх газар хөдөө орон нутагт хөлгүй гэж байгаа. Одоохондоо ийм байгаа юм уу, цаашдаа ч ийм байх уу?

-Манай газрын орон тооны дээд хязгаар 90 хүн. 2008 он гэхэд тэр хэмжээндээ хүрэх байх. Аймаг, орон нутагт газар, хэлтэс гэж байхгүй. шалгах, ажиллах шаардлага гарвал төвөөс хүн томилон явуулах юм.

-Хонконгийн олон улсын зөвлөх Тони Квок тус орны авилгатай тэмцэх газарт 20 гаруй жил ажилласан гэсэн. Манай оронд ирээд Авилгын эсрэг хуулийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон байх. Дутуу дулимаг зүйл ажиглагдаж байна уу?

Хонконгийн олон улсын зөвлөх Тони Квок

-Миний хувьд авилгын байдлаараа дээгүүрт ордог байсан 17 улсад ажиллаж байсан. Улс улсад ажиллаж байхдаа авилгатай тэмцэх чадахгүй дээ гэсэн эргэлзээ амжилтад хүрэхэд сөргөөр нөлөөлдгийг ажилгасан. Хонконгт Авилгатай тэмцэх бие даасан комиссыг 1974 онд байгуулсны дараахан би тэр байгууллагад ажиллах болсон юм. Тэр үед Хонконг авилгын байдлаар дэлхийг тэргүүлж байсан. Айлд гал гарлаа гэхэд авилга өгөхгүй л бол галыг нь унтраадаггүй, өвчтөн асрагчид хахууль өгч байж аяга ус олж уудаг байлаа. Ийм төвшинд хүрсэн газрыг авилгаас ангид болтол нь ажилласны хувьд улс орон бүр зорилгоо зөв тодорхойлж чадвал амжилтад хүрнэ гэдгийг хэлмээр байна. Би Монголд хоёр дахь удаагаа ирээд байна. Монгол Улс авилгатай тэмцэх эхлэлээ зөв тавьж гэж хэлмээр байна. Авилгатай тэмцэх бие даасан хараат бус байгууллагыг байгуулах хуулийг нь баталжээ. Хамаарч болох хэргүүдийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, мөрдөн байцаалт явуулах эрх мэдлийг олгосон байна. Зарим улсын Авилгын эсрэг хуулиас зарим талаараа давуу болсон гэж үзэж байгаа. Шударга сайн хүнийг Авилгатай тэмцэх газрын даргаар томилон, бусад удирдах ажилтнууд нь авилгатай тэмцэх чин зорилготой юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Гэхдээ бас хэлж ярьмаар хэд хэдэн зүйл ажиглагдсан.

-Тухайлбал?

-Авилгын эсрэг хууль тогтоомж харьцангуй сайн ч хангалттай бус гэж би бодож байгаа. Нэлээд үр дүнтэй зүйл анги болох гэнэт баяжих гэдгийг гэмт хэрэгт тооцох тухай хуульд тусгаагүй юм байна. НҮБ-ын конвенцид энэ зүйл ангийг гэмт хэрэгт тооцох тухай зөвлөмж ч байдаг. Ер нь авилгад автсан төрийн дээд албан тушаалтан, улстөрчдийг мөрдөн шалгахад хэцүү байдаг. Авилгын хэрэгт холбогдсон хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун үлддэг болохоор тэр. Үүнийг гэнэт баяжих гэсэн зүйл ангиар илрүүлж болно. Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв бөглөж өгөөгүй албан тушаалтанд тооцох хариуцлага, авах арга хэмжээ хөнгөн байна гэж үзэж байна. Хоёр сая ам.долларын авилга авсан хүнийг ажлаас нь халаад орхих уу. Тэгвэл авилгад авсан хоёр сая ам.доллар нь тэр хүнд үлдэх үү. Хонконгт бол ийм гэмт хэрэгт холбогдсон хүнийг 10 жилийн хорих ялаар шийтгэн, хууль бусаар олсон бүх хөрөнгийг хураадаг. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд сонгуулийн үеийн хээл хахуулийг гэмт хэрэгт тооцох тухай хуульд тусгах хэрэгтэй. Албан тушаалтан сонгуульд ялалт байгуулахын тулд бусдын саналыг худалдан авна. Үүний тулд их хэмжээний мөнгө зарцуулна. Түүнийгээ буцаан олохын тулд яах нь тодорхой. Хонконгт ийм асуудлыг гэмт хэрэгт тооцон мөрдөн шалгадаг.

-Хууль тийм байдаг байж. Тэгвэл Авилгатай тэмцэх газрын бүтэц орон тооны талаар юу хэлмээр байна?

-Хонконгт 1974 онд Авилгатай тэмцэх газрыг байгуулахад 500 гаруй мөрдөн байцаагчтай байсан. Одоо 1300 гаруй мөрдөн байцаагч ажиллаж байна. 70 гаруй сая ам.долларын төсөвтэй ажилладаг. Монгол Улсыг Авилгатай тэмцэх газарт зориулах мөнгөгүй гэж хэлэхгүй байх.

Хонконгийн Авилгатай тэмцэх газрын төсөв нийт төсвийн 0.38 хувьтай тэнцэж байгаа. Гэтэл танай улсын төсөв их бага юм байна гэж ойлгож байгаа. Зарцуулахаар төлөвлөсөн мөнгө нь улсын төсвийн 0.01 хувьд ч хүрэхгүй юм шиг байна лээ. Үүнийг харахад танай улсын төр, засагт авилгатай тэмцэх хүсэл зориг алга гэж бодогдохоор байгаа юм.

-Авилгатай тэмцэх газарт хүмүүс ямар мэдээлэл өгч болох вэ. Одоо мэдээлэл хүлээн авч байгаа юу?

Авилгатай тэмцэх газрын дарга Б.Дангаасүрэн,

-Ямар ч мэдээлэл өгч болно. Манай харьяаны хэрэг бол бид шалгана. Тийм биш бол холбогдох албадад нь шилжүүлнэ. Бид ирсэн мэдээлэл бүрийг авна. Түүнээс биш манай харьяаны хэрэг биш байна гээд буцаахгүй. Гэхдээ манай байгууллагад мөрдөн байцаах эрх олгогдоогүй байгаа болохоор одоогоор мэдээлэл авахгүй байгаа. Иргэдээс ирсэн мэдээллийг цагдаа, тагнуулын байгууллага хүлээн авч шалгаж байгаа. Авилгатай тэмцэх газрын хариуцан шалгах хэргийн зүйл ангийг хуулиар тогтоосны дараа мөрдөн байцаах эрх нь нээлттэй болно. Түүнээс хойш иргэдийн мэдээллийг 24 цагийн турш авах болно.

Монголын мэдээ сонин 2007.03.24

Г.Бүрэнжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button