Г.Арслан Өнөөдөр ард түмэн бухимдаж, уураа бараад байна

MAСЗХ-г тараахыг хүссэн хэн боловч түүн дээр очиж гарын үсгээ зурж болох гэнэ. Мөн энэ хаврын улстөрийн жагсаал цуглааны салхийг түүний удирддаг Шударга иргэдийн фронтыхон хагалж байгаа юм. Бид Шударга иргэдийн фронтын тэргүүн Г.Арслантай уулзаж ярилцлаа.

-Одоогоор хэчнээн хүний гарын үсэг та нар цуглуулаад байна вэ?

-Бид ард түмнээс санал асуулга явуулж гарын үсэг цуглуулсаар гурав хонож байна. Яг одоогийн байдлаар1350 орчим хүн МАХН, МАСЗХ-г тараах нь зүйтэй гэсэн саналтайгаар гарын үсгээ өгөөд байгаа /Өчигдрийн 16 цагийн байдлаар.Сурв/.

-Ямар нэгэн төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөний хүсэлтээр төрийн эрх баригчид огцрох хууль зүйн үндэслэл байдаг юм болов уу?

-Үндсэн хууль болон бусад хуулиудад тийм заалт байхгүй л дээ. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт байдаг. Үнэхээр Үндсэн хуулийн энэ заалтын дагуу ард түмэн нь төрөө мэддэг юм бол өнөөдөр ард түмэн яагаад зүгээр суугаад байгаа юм бэ. Өнөөдөр авилга, хээл хахууль, өлсөглөн гуулинчлал дээд цэгтээ хүрлээ. Ард түмнийг мунхруулж, тархийг нь угааж байж төрийн эрхэнд гарсан цөөн хэдэн эрх баригчид биш, ард түмэн өөрсдөө шийдвэр гаргах цаг болсон. Болж ч таараа. 1989,1990 онд хэсэг хүмүүс энэ талбай дээр сууж байхад ард түмэн дэмжиж, эрх баригчид айж байсан. Гэхдээ тэр үед хэдэн залуус хувьсгал хийж ардчиллыг мандуулан, нийгмийг үндсээр нь өөрчилнө гэж хэн ч бодоогүй. Харин тэр залуус л итгэл төгс байсан юм. Өнөөдөр ч бас тийм цаг үе ирээд байна. Гэхдээ тэр үед ард түмэн ч, улстөрчид ч маш их хүн чанартай байсан. Одоо тийм хүмүүсийн үнэр ч алга. Гэхдээ МАХН-ын 80 мянган гишүүн дэмжигчид бүгд тийм биш л дээ. 80 настай миний ээж Д.Лхамсүрэн МАХН-ын ахмад гишүүн. Одоо болтол намдаа татвараа төлөөд л явж байгаа. Гэхдээ л манай нам болохоо байж байна. Миний хүүгийн зөв юм байна шүү дээ гэж надад хэлдэг. Энд ирж гарын үсэг өгч байгаа хүмүүсийн ихэнх нь л МАХН-ын гишүүд. Тэд ч мөн тийм утгатай үг хэлж байгаа. Мэдээж тэр дотор тагнуулууд нь ч байдаг л биз. Аливаа юм өөрийн оршин тогтнох цаг хугацаатай. Түүнтэй адил эрх баригчдын хамаагүй тонгочих цаг хугацаа дууссан гэж бодож байна шүү. МАХН-ын залуу үе гээд байгаа МАСЗХ-г тараах ёстой гэж би бодож байгаа. Тэгээд ч энэ байгууллага их хэмжээний мөнгө завшиж нэр хүнд нь уначихлаа. Мөн МАХН-ын архивыг ард түмэнд эл болгох шаардлагатай.

-Та нарыг Сүхбаатарын талбай дээр улстөрийн үйл ажиллагаа явууллаа гэж хөөж туух нь хэр байна вэ?

-Бид жагсаал, цуглаан, суулт хийгээгүй. Зүгээр л гарын үсэг цуглуулж байгаа. Гэр барьж суулт хийнэ гэвэл ноднингийнх шиг эсэргүүцэлтэй тулгарах эсэхийг бид мэдэхгүй байна. Гэхдээ бидэн рүү Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс утасдаж олон хүн бужигнаад хэцүү байна. Ядахдаа зөвшөөрөл аваач гэж байна лээ.

-Ард түмэн та нарыг хэр дэмжиж байна вэ?

Биднийг дэмжиж байгаагийн нэгэн тод жишээг би энд хэлье гэж бодож байна. Бид ажлаа 21-ний өглөөнөөс эхэлсэн. 21-нд бидэнд ард түмэн 72 мянган төгрөг хандивласан. 22-нд 50 гаруй мянга, 23-нд яг одоогийн байдлаар 30-аад мянган төгрөг хандивлачихаад байна. Гэтэл өнгөрсөн жил суулт хийж байхад бидэнд нэг өдөрт 3600 төгрөг хандивлаж байсан. Ард түмэн биднийг яаж хүлээж авч байгаагийн нэг илрэл бол энэ. Гэхдээ бидэнд бусад нам хөдөлгөөн шиг албан ёсны өрөө тасалгаа байхгүй. Тамга тэмдэг, данс тооцоо ч байхгүй. Бидний үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт МАХН-ыг тараах бодлого байдаг болохоор ХЗДХЯ-наас хавчих бодлого барьж байгаа.

-Энэ жилийн жагсаал цуглаан хэр хүчтэй өрнөх бол?

-Бид өөрсдийгөө их шуурганы өмнөх эхлэлийг тавьж байна гэж бодож байгаа. Биднийг олон мянган жирийн гишүүд дэмжинэ гэж бодож байгаа. Энэ жилийн жагсаал цуглаан урьд жилийнхээс илүү хүчтэй болно. Ард түмний уур бухимдал ч дээд цэгтээ хүрч байна. Би Иргэний форумын анхны хурал дээр хэлж байсан үгээ энд ахиад хэлье гэж бодож байна. Өнөөдөр Төрийн ордон уруу өндөг помидор биш өөр зүйл шидэж магадгүй хүмүүс улам л олон болоод байна. Бидэн дээр ирж байгаа хүмүүс ч та нар ингэж тэмцээд яах юм бэ. Та нарын тэмцлийг ямар тэмцэл гэдэг юм бэ гэж хэлж байгаа хүмүүс ч их байна шүү дээ. Өнөөдөр ард түмэн бухимдаж, уураа бараад байна. Ард түмний амьдрал улам л муудаад байна шүү дээ.

-Х.Баатарын захидлын бас нэг хувилбарыг та олж авсан гэл үү?

-Миний интернэтээс олж авсан хувилбар бол түрүүчийнхтэйгээ яг адилхан. Үг үсгийн зөрүүгүй. Харин цаас нь өөр байгаа юм. Түрүүчийн хувилбар дөрвөлжин шугамтай цаасан дээр бичсэн байсан. Тэр цаасны дөрвөлжин нүд нь л түрүүчийнх дээр хоёроор дутуу байсан бол энэ хувь дээр хоёроор илүү байгаа юм. Тэгэхээр энэ жинхэнэ эх хувьдаа бас нэг алхмаар дөхсөн хувилбар болов уу гэж би горьдож байгаа.

-Та нар хэчнээн хүний гарын үсэг цуглуулах юм вэ. Эцсийн үр дүн юу бол?

-Бидэнд эцсийн үр дүн хэрэггүй. Зүгээр л энэ бол ард түмний санал асуулга. Бид гуравдугаар сарын 21-нд ирсэн. Энэ санал асуулгаа дөрөвдүгээр сарын 21 хүртэл явуулна. Санхүүгийн боломж олдвол орон нутгаар явна. Ард түмнээсээ ил тодоор хандив гуйна.

-Ярилцлагын төгсгөлд та юу гэж хэлмээр байна?

-Эцсийн эцэсттөр ялзарч идээ бээр нь гоожиж байна. Тэднээс муухай үнэр ханхлаад байна. Гэхдээ эрх баригчид юу ч хийж магадгүй.

Хэнийг ч гарзанд гаргаж магадгүй. Та нар яаж гарч ирснээ эргээд нэг санаач гэж Х.Баатарын хэлсэн үг үргэлж санаанд буудаг юм даа.

Монголын мэдээ сонин 2007.03.24

Ц.Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button