ЗТАЖ-ын сайд тэргүүтэй төмөр замын удирдлагууд Оросын талтай тохиролцоонд хүрч чадалгүйгээр буцаж ирлээ

Он дамнан яригдсан Улаанбаатар төмөр замын хамтарсан хурал энэ удаа дахин хойшлогдлоо. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хуралдахаар анхны тов нь зарлагдсан байсан хурал энэ удаагийнхтай нийлээд долоо дахь удаагаа хойшлогдож байгаа юм. Хурлаар Улаанбаатар төмөр замын 2007 оны төсөв төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын асуудал, бутцийн өөрчлөлт болон дарга нарын асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь Монголын төмөр замын ойрын болон хэтийн ирээдүйг шийдвэрлэх нөлөө бүхий хурал болох нь тодорхой болоод байна. Хэдийгээр 2007-2021 онд төмөр замд хийх хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалтын асуудлаас болж хурал хойшлогдоод байгаа гэх боловч энэ нь бодит үнэнээс нэлээд зөрөх бололтой. Учир нь хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийнхэн энэ оны эхээр буюу нэг сард ирж ажиллаад эхний хэсэг нь дүгнэлтээ гаргасан бол хоёрдахь шатанд өнгөрсөн хоёр сард хорь гаруй хүний бүрэлдэхүүнтэй нэлээд томоохон ажлын хэсэг cap гаруй хугацаагаар ирж ажиллан төмөр замын бүх талын судалгааг авч тайлан тооцоогоо нэгтгээд энэ долоо хоногт түрүүч нь нутаг буцсан сурагтай.

Ажлын хэсгийнхний дүгнэлтийн дараа л хуралдана гэсэн шийдвэрийн хүрээнд хурлыг энэ сарын 29-нд хийнэ гэсэн товыг зарлаад байсан. Гэсэн ч удирдлагыг сонгох асуудлаас болж Оросын талтай тохиролцоонд хүрэлгүй хоёр тал хамтран ярьж байж шийдэхээр хурлыг тодорхойгүй хугацаагаар сунгалаа. Хэдийгээр одоохондоо хугацаа заах боломжгүй гэж байгаа ч дөрвөн сардаа багтаж хийнэ гэсэн яриа байгаа юм байна. Хамтарсан хурлыг хэдийд хэрхэн хийх, аль талаас даргыг сонгох, хөрөнгө оруулалтын асуудал хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар энэ долоо хоногийн эхээр Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч В.Отгондэмбэрэл, Монгол Оросын хамтарсан зөвлөлийн дарга Ч.Ганзориг, ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэл нар Москвад очиж гурав хоногийн турш холбогдох хүмүүстэй уулзаж ярилцжээ.

Гэвч зөвшилцөлд хүрч чадалгүй уржигдар буцаж иржээ. Тохиролцоонд хүрээгүйн гол шалтгаан нь нөгөө л аль талаас даргыг сонгох вэ гэдэг асуудал аж. Оросын талаас өөрийн хүнээ тавих саналдаа баттай зогсож байгаа, даргын асуудал хэрхэн шийдэгдэхээс хамааран хөрөнгө оруулалтыг шийднэ гэж манай талд шахалт үзүүлсэн бололтой байна хэмээн зарим нэгэн эх сурвалжууд өгүүлж байна. Тэд манай талаас даргыг тавибал төмөр замын хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэнэ хэмээж буй аж. Энэ бүхнээс Төмөр замыг гартаа оруулж, цаашлаад түүгээр дамжуулан уул уурхай, Таван толгойг гартаа оруулах гэсэн эрмэлзлэл байгаа нь тодорхой гэсэн таамаглал биеллээ олж байна гэж үзэж болохоор байна. Юутай ч төмөр замын ойрын хөгжил болон ирээдүйг нь тодорхойлох хамтарсан хурал иpэx дөрвөн cap хүртэл дахин хойшлогдлоо.

Өглөөний сонин 2007.03.24

И.Цэвлээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button