ЗГХЭГ-ын дарга Су.Батболд буруу шийдвэр гаргасныг шүүх дахин нотлов

Улсын баяр наадмын дараагаар дөрвөн бөхийн цолыг сэргээш хэрэглэсэн гэх шалтгаанаар хураах шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /ҮИБНЗБХ/-ноос гарсан. Энэ шийдвэрийг эсэргүүцэн улсын заан Д.Рагчаа, начин Г.Эрхэмбаяр нар шүүхэд хандаад нэлээдгүй хугацааг үдээд байгаа. Учир нь тэд барилдааны явцад авсан ясны гэмтлээ эмчлүүлэхийн тулд эм тариа хэрэглэсэн нь допинг буюу сэргээш болон хувирсанд гомдолж шүүхэд хандахад хүрсэн. Өнгөрсөн нэг сарын эхээр болсон хурлын шийдвэр Д.Рагчаа зааны талд гарч заан цолоо авч үлдсэн талаар бид мэдээлсэн. Харин хэд, хэдэн шалтгаанаар хойшлогдоод байсан Улсын начин Г.Эрхэмбаярын нэхэмжлэлээр өчигдөр Захиргааны хэргийн шүүх хуралдлаа. Хурал өглөөний есөн цагт эхлэх байсан боловн хариуцагч тал болох ҮИБНЗБХ-ны төлөөлөгчид ирээгүй учир өдрийн 16 цаг болтол хурал хойшлогдон байж хуралдсан ч цаг хүрэхгүй хугацаанд хуралдаад завсарлав.

Ингээд хурлыг даргалагч Захиргааны хэргийн шүүгч Д.Зоригтбаатар гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг үндэслэн шүүхийн шийдвэрийг уншиж танилцууллаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70-ын хоёрын нэгд заасны дагуу ҮИБНЗБХ-ны 2006 оны 11 сарын 15-ны өдөр гаргасан тавдугаар тогтоолын нэгдүгээр заалтын нэгдүгээр хэсгийн Улсын начин Г.Эрхэмбаяр, гэсэн хэсгийг, гуравдугаар хэсгийн Улсын начин Г.Эрхэмбаярын өсөх идэр чимгийг гэсэн хэсгийг тус тус хүчингүй болголоо. Ийнхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Су.Батболдын гаргасан хүчингүй болгосугай тогтоол хүчингүй болж, буруу шийдвэр гарган бөхөө дээдэлдэг ард түмний сэтгэлд хий ус цацсаныг шүүх тогтоолоо.

Өглөөний сонин 2007.03.24

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button