Онцгой байдлын Ерөнхий газар томилолтын мөнгөө нэхсэн аврагч нараа ажлаас нь хална гэж дарамтлах болжээ

Монгол улсын хэмжээнд аврах үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын газар хэмээх байгууллага Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Улаанбаатар гэсэн ердөө долоон газар байдаг ба энд ажилладаг хүмүүс цаг нар, өдөр шөнө, халуун хүйтэн, гал ус, гамшиг гээд хаана хэнд ямар л асуудал гарна тэр бүхэнд ээлжгүй зүтгэх үүрэгт оногдсон хүмүүс. Тэд ийнхүү гал усны гамшиг дундуур амь биеэ үл хайрлан зүтгэснийхээ төлөө сардаа нэг төрийн албан хаагчдын хэмээх нормын хэдэн төгрөгийн цалинтай. Дээр нь осол гамшиг тохиолдсон үед хэргийн газар ажиллавал тодорхой хэмжээгээр томилолтын мөнгө авдаг аж. Харин томилолтын мөнгө нь жирийн төрийн албан хаагчдыг бодвол хүнд нөхцөлд гэдгээрээ хоёроос гурав дахин илүү мөнгө олгогддог гэнэ. Тэд амь биеэ үл хайрлан үхэл сөрөн гамшигтай тулалдсаныхаа үр дүнд хоногт ердөө л 13.500 төгрөгийн томилолтын мөнгө авч дээр нь уснаас цогцос гаргахад 6000, хэрвээ амьд гаргавал 10.000 төгрөг гэх мэтчилэн тус тусдаа тогтсон тарифтай байдаг аж.

Ар гэр амь амьдралаа мартсан тэд энэхүү мөнгөөр л ардах амьдралаа даатгадаг аж. Гэтэл сүүлийн жилүүдэд аврах албаныхны гамшигт ажилласан томилолтын мөнгө эздэдээ хүрэхээ байжээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албаны аврагч нар сүүлийн жил хагасын хугацаанд томилолтын зардлаа авч чадалгүй өнөөг хүрч байгаа аж. 2005 оны хагас жилээс хойш томилолтын мөнгөө авч чадаагүй тэд учир байдлаа дээш нь мэдүүлдэг ч эхний үед Сангийн яам мөнгө гаргаж өгөхгүй байна гэдэг байсан бол сүүлдээ дарга нар нь аврагчдаа дарамтлан Мөнгө өгөх боломж алга, чи яасан их хэл ам хийдэг юм, болохгүй бол ажлаа өгөөд гар, орны чинь хүн цаана нь зөндөө хүлээж байна гэх болсон тул ажлаасаа халагдчихгүйн тулд бүгд амаа жимийж өнөөг хүрчээ.

Тэд хэлэхдээ ганцхан манай аймаг мөнгөө өгөхгүй байгаа юм биш, бусад аймгуудын аврагч нарт ч бас ийм зовлон байдаг юм шиг байна лээ. Бидний мэдэхээр Хөвсгөл аймгийнхан лав аваагүй байсан. Тэгэхээр манай дарга нарыг бас цаанаас нь дарамталдаг бололтой юм билээ гэцгээж байлаа. Мөн Цэргийнхэн гэдэг дарга даамлаасаа байнгын хараатай улс хойно энэ удаа нэр усаа хэлж болохгүй нь. Хэрвээ биднийг мэдэх юм бол шууд ажилгүй болно хэмээн тэд өгүүлж байлаа. Ямартаа ч тус ангийн аврагч нарын хэлж буйгаар 2005 оны хагас жилээс хойш томилолтын мөнгөө авч чадаагүй 70 орчим хүн байгаа бөгөөд нэг хүн доод тал нь 150 мянга, дээд тал нь нэг сая хоёр зуун мянга хүртэлх төгрөгт хүрээд байгаа юм байна.

Өглөөний сонин 2007.03.24

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button