Л.Болд Ашигт малтмалын оргил үе ирсэн, ашгийг нь харин луйвардуулах ёсгүй

-Саяхан Канадын Торонто хотноо дэлхийн уул уурхайн чуулга уулзалт болсон? Энэ сэдвээр яриагаа эхлэх үү?

-Канадын чуулга уулзалт 75 дахь жилдээ болж байгаа. Монголын төлөөлөгчид 1997 оноос албан ёсоор оролцож эхэлсэн. Тэр үед Улсын Их Хурлын Хөрөнгө оруулалтын түр хорооны даргын хувьд төлөөлөгчдийн бүрэлдхүүнд орж ажилллаж байснаа тод санаж байна. Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнийг бас анх тэр үед зохион байгуулж байсан. Тухай тухайн жилийнхээ дэлхийн уул уурхайн салбарын чиг хандлага, бодлогыг тодорхойлдог том уулзалт. Өнгөрсөн жил 15 мянга гаруй төлөөлөгч оролцож байсан бол энэ жил тэр тоо 20 мянгад хүрсэн гэж байсан.

-Уулзалтын үеэр Монголын тухай таагүй яриа гарч байсан гэж дуулсан?

-Чуулга уулзалтад оролцож, компанийнхаа танилцуулга, мэдээллийг түгээж байгаа компаниудын гол зорилго нь хөрөнгө оруулагч олоход чиглэдэг. Гэтэл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулдаг компаниудын талаарх мэдээллийг хэн ч сонсохгүй, өөр илүү сайн хувилбар байна уу, Монголын төрд итгэхгүй байна гэж байгаа тухай ярьж байсан нь илт харагдсан.

-Хөрөнгө оруулагчид Монголд итгэл алдарсан гэж үү?

-Уулзалтын үеэр Монголын Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулсан. Тэгэхэд бүгд Монголд үйл ажиллагаа явуулах боломж алга. Маргааш төр засгаас ямар гэнэтийн шийдвэр гаргахыг тааварлахын арга үгүй. Хөрөнгө оруулагчдад тогтвортой байдлыг амладаг ч тэр амлалтандаа хүрдэггүй. Ер нь барууны дэвшилтэд технологийг бус хоёр хөршийнхөө түншлэлийг сонгох гээд байна уу. Зөвхөн орос, хятадын хөрөнгө оруулалтыг сонгоно гэдэг бол шилжилтийн үеийн эдийн засагтай танай орны хувьд байж боломгүй алдаа. Энэ тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болох нь гэж байсан.

-Тэд тэгээд Монголын төрөөс юуг шаардаж байгаа юм бэ?

-Гол нь ил тод байдал. Дээр нь шударга хуулийн зарчмыг мөрдөх ёстой гэдгийг л хэлж байгаа. Өнөөдөр нэг хууль гаргадаг. Түүнийгээ маргааш өөрчлөх хэрэгтэй гээд өөрчилдөг. Улс орны нийтлэг эрх ашиг гэсэн багны цаана цөөхөн хүний эрх ашигт нийцсэн далд эрх ашгийн төлөө асуудалд хандаж болохгүй гэдгийг хэлж байсан. Тэдний томьёоллоор бол Монголд цэвэр цэмцгэр бодлого дутагдаж байна гэсэн үг л дээ.

-Гэхдээ тэдний үг монголчуудад, тэр дундаа иргэний хөдөлгөөнүүдэд таалагдахгүй дээ?

-Уул уурхайн салбартай өрсөлдөх хэмжээний аж үйлдвэрийн өөр нэгэн салбар байгаа тохиолдолд бид тэдний үгийг сонсохгүй, зөвхөн өөрсдийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргаад, түүнийгээ дагаж мөрдөөд явахыг үгүйсгэхгүй. Гэтэл Монголд тийм өрсөлдөх салбар хараахан төлөвшөөгүй байна. Дээр нь Монгол Улс ардчилсан, зах зээлийн эдийн засагтай улс. Иймд Монгол дэлхийгүйгээр хөгжиж, хөрөнгө оруулагчидгүйгээр хөл дээрээ тогтож чадна гэж хий хоосон мөрөөдөлд автаж болохгүй. Чуулга уулзалтын үеэр улс орнуудын хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, төрийн засгийн бодлого шийдвэрүүдийн талаар харьцуулсан судалгаа гаргаж, дэлхий нийтэд мэдээлдэг Фрейзерийн хүрээлэнгийн дүгнэлтийг уулзсан хүн болгон хэлж байсан. Өнгөрсөн жил Монгол улс Фрейзерийн хүрээлэнгийн дүгнэлтээр 30 дугаар байрт орж байсан. Монголд хөрөнгө оруулахад бас ч гэж боломж бололцоо байна. Үзээд алд гэдэг сэтгэгдэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлж өгсөн. Гэтэл энэ жил бүхэл бүтэн 33 байраар хойш ухраад 63 дугаар байрт орсон байна. Манай ард Болив, Венесуэл, Зимбабве гэсэн 3 улс орсон байна билээ. Энэ бол сүүлийн 17 жилийн турш ардчиллыг сонгож, шударга, ил тод нийгмийг бий болгохын төлөө тэмцэж буй Монгол Улсын хувьд байж боломгүй явдал. Уул уурхайн салбарын дэлхийн том компаниуд Фрейзерийн хүрээлэнгийн дүгнэлт дээр үндэслэж хаана хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ сонгодог. Иймд тэр мэдээ Монголын хувьд маш том хар толбо боллоо. Гэтэл хайгуул хийх гэж очсон геологич, хөрөнгө оруулагчдыг алж иддэг гэдгээрээ зартай, Папуа шинэ Гвиней гэхэд л манайхаас илүү сайн нөхцөлтэй гэж гарсан байна гээд бод доо.

-Ингэж байр ухрах болсон шалтгаан нь юу вэ?

-Татварын орчин тогтвортой бус. Фрейзерийн дүгнэлт дунд Монголыг бичихдээ харамсалтай үйл явдлууд гэж тодотгоод урд өмнө хэзээ ч нэг улсын хууль эрх зүйн өөрчлөлт 2006 онд Монгол хийсэн өөрчлөлт шиг ийм сөрөг уур амьсгалыг төрүүлж байгаагүй тухай өгүүлсэн байсан. Мөн нэгэн компанийн захирал Монгол Улс нэг шөнийн дотор хөрөнгө оруулалтад нээлттэй бодлогоо гадаадын хөрөнгө оруулалтыг шийтгэх бодлогоор сольсон гэж хэлснийг оруулсан байна билээ. Ер нь хөрөнгө оруулагчдын ярианаас хараад байхад бид гэнэтийн ашгийн 68 хувийн татвар болон төрийн оролцоог хэрхэн зохицуулах вэ гэдгээ эргэж харах хэрэгтэй болж. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ямар хэлбэрээр тогтоох вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан 34, 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэсэн заалтаа ямар замаар хэрэгжүүлэх, Монголын төр өмч эзэмшигч болохын тулд юу хийж чадах вэ гэдгээ нээллтэй мэдээлэхгүй бол болохгүй нь. Хөрөнгө оруулагчдын өмнө бүх зүйл хаалттай, ил тод бус, ойлгомжгүй байгаа энэ үед хүнд суртал болон лицензийн дээрэм хэрээс хэтэрлээ.

-Лицензийн дээрэм гэдгээ тодруулахгүй юу?

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийг хувь хүн бус зөвхөн хуулийн этгээд эзэмшихээр заасан. Иймд хууль батлагдсанаас хойшхи зургаан сарын хугацаанд лицензийн шинэчилсэн бүртгэлийг хийх ажлыг Геологи, уул уурхайн кадастрын албанд үүрэг болгосон. Гэтэл тус алба лицензийн бүртгэлийг шинэчлэх биш, лицензээ бүртгүүлэхээр ирсэн хувь хүн болон компаниудын тусгай зөвшөөрлийг нь дээрээс танайхыг олгож болохгүй гэдэг даалгавар өгсөн гээд зургаан сарын хугацаанд ажлыг нь чиргэдүүлсэн байна. Энэ бол төрийн нэртйг барьсан дээрэм, төрийн ажил хийж буй төрийн албан хаагчийн хувьд байж боломгүй дутагдал.

-Геологи, уул уурхайн кадастрын алба таны удирдлагад байдаг биз дээ. Гэтэл та өөртөө хамааралгүй юм шиг хариуллаа?

-Өнгөрсөн хугацаанд агентлаг зохион байгуулалтын хувьд эргэлзээтэй, шинэ системээр ажилласан. Зөвхөн Г.Занашир даргын удирдаж байгаа кадастрын алба ч биш манай хэрэг эрхлэх газар хоёрдмол удирдлагатай байсан гэж хэлж болно. Агентлагийн үйл ажиллагаа Үйлдвэр, худалдааны сайдын шууд харьяанд орж ажилласан. Харин саяхнаас Сангийн сайд Ц.Баяртсайхан Үйлдвэр, худалдааны сайдын үүргийг гүйцэтгэж эхлээд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээсэн. Иймд цаашид дахин хууль бус, хуулиас гадуур, хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэрүүд гарахгүй байх нөхцөлийг хангахад чиглэж ажиллаж байна.

-Тэгэхээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд агентлаг дээр юу болсон байж таарах нь вэ?

-Би Б.Жаргалсайхан сайд болон түүний багт ажил хийх боломжийг нь олгосон. Сайд бараг анхныхаа тушаалаар хувьдаа алтны компанитай Ц.Ганхуягийг хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч даргаар тавьж, агентлагийн даргын бүх эрх мэдлийг олгосон. Би миний эрх мэдлийг хязгаарлаж, багынхаа андад өгөхөд нь юу ч хэлээгүй. Нэгэнт салбар хариуцсан сайдад бүх эрх мэдэл нь төвлөрдөг болохоор бүх шийдвэрийг нь хүлээн зөвшөөрч, ажиллах боломж олгох нь зөв гэж бодсон. Гэтэл өнөөдөр судлаад үзсэн чинь Ц.Ганхуяг хувийн компанийнхаа нягтланг санхүүгийн хэлтсийн даргаар, туслах аж ахуйн эрхлэгчээ захиргааны албаны даргаар, төрсөн эгчийгээ боловсон хүчнээр, бас хамаатны дүүгээ лицензийн бүртгэгчээр тавьсан байна. Төрсөн хүүхдээ байгууллагын зардлаар гадаадад сургаад ч амжиж. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Зөвхөн зах зухаас нь ярихад ийм байна.

– Таныг төрийн албан хаагчийг шударга бусаар ажлаас нь халаад байгаа тухай яриа дэгдээд байгаа?

-Хэрэв өнгөрсөн жил хийсэн халаа сэлгээ, шинэ томилгооны тухай ярих юм бол 100 гаруй хүний асуудал яригдахаар болсон байна. Ер нь Ц.Ганхуягийн хувийн компанид ажил хийх хүн үлдсэн юм болов уу гээд гайхаад сууж байна. Шинээр ажилд орсон хүмүүсийг сайтар судалж, арга хэмжээ авна. Өнгөрсөн хугацаанд болсон хууль бус үйлдлүүдийг цэгцлэхгүй бол тэдний тарьсан балаг олон улсад Монголын нэр хүндийг унагаах нь.

-Та Баянбилэг гэдэг хүнийг хууль бусаар ажлаас халсан юм биш үү?

-Баянбилэг Ц.Ганхуягийн компанид туслах аж ахуйг нь хариуцаж ажиллаж байсан хүн юм билээ. Тэр хүн агентлагийнхаа удирдлагад мэдэгдэхгүйгээр удаа дараа байгууллагын тамгыг ашиглуулж хууль бус шийдвэр гарах нөхцлийг бүрдүүлсэн хүн. Төрийн тамгыг халааслаад зугатааж байгаа хүнтэй юу ярих вэ. Бас Алтанбаатар гэж Кадастрын албаны орлогч дарга байна. Хууль бусаар 150 гаруй лицензийн өргөдөл өөр дээрээ хүлээн авсан байсан. Иймд ингэж хууль зөрчсөн хүнтэй хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Үүнийхээ төлөө буруутан болоод байгаагаа ойлгохгүй байна.

-Баянбилэгийг ажлаас халсан нь Б.Жаргалсайханы уурыг хүргэж байгаа гэх яриа бий?

-Би гаргах ёстой тушаалаа гаргаж, халах ёстой хүнийг халсан гэдгээ дээр хэлсэн. Тэр хүн өөрөө хууль зөрчсөн. Энэ үйлдэл Б.Жаргалсайханы уурыг хүргэчих вий, тайвшруулах юмсан гэж айж, чичрээд байх шалтгаан байхгүй. Би төрийн албан хаагч. Баянбилэг Бүгд найрамдах намын гишүүн хүн.

Ёс бус үйлдлээ улстөржүүлж, улс төрөөр халхавч хийж байгаагаасаа ичих хэрэгтэй.

-Б.Жаргалсайхан гишүүнтэй та таарамжгүй харьцаатай байсан юм уу?

-Би Б.Жаргалсайхан гишүүнийг сайд болохоос нь өмнө биечлэн таньдаггүй, мэндийн зөрөөтэй л байсан. Сайд болсноос нь хойш л нэгэнт салбар хариуцсан сайд гэдэг үүднээс хүндэлж, ажил төрлийн харилцаатай ажилласан. Зөвхөн ажил хэргийн төвшинд хамтарч ажиллаж, түүнд бодсон зорьсон зүйлээ хийх боломжийг нь олгож, саад төвөг болоогүй, ийш тийш нь мэдээлж гүгээгүй. Ажиллуул гэснийг нь ажиллуулж, хийлгэ гэснийг нь хийлгэж, хүссэн эрх мэдлийг нь өгсөн. Энэ нь буруу байдаггүй юм бол тэр хүний өмнө буруутан болох зүйл надад байхгүй.

-Нэгэнт Б.Жаргалсайхан гишүүний тухай асуусан болохоор түүний Голомт банк дампуурах гэж байгаа гэсэн ярилцлагынх нь талаар асуумаар байна. Та уншсан уу?

-Уншсан, уншаад гайхах, жигших хоёр зэрэгцсэн. Тэр хүн тийм утгагүй ярилцлага өгч, миний эхлүүлсэн ажлыг нурааж, сайн яваа, амжилттай ажиллаж байгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн банкийг доромжилж байгаа нь байж боломгүй зүйл. Энэ бол ямар ч хүнд байж боломгүй адгийн, хогийн зан. Ажлын ширээний ард хэнд ч санал зөрөх, хэрэлдэх, бүр зодолдох тохиолдол байдаг. Тэглээ гээд эхнэр хүүхдийг нь доромжлоод, аав ээжийг нь муулаад явдаггүй биз дээ. Яг л үүнтэй адил. Нуулгүй хэлье, тэр хүн өөрийнхөө ёс зүйд дүгнэлт хийх хэрэгтэй юм уу гэсэн бодол төрж байсан. Хүн сайд хийж болно, тэр сэнтийнээсээ бууж болно. Байдаг л үзэгдэл. Албан тушаалаасаа надаас шалтгаалж биш бүхэл бүтэн Монгол Улсын парламентын гишүүдийн олонхийн саналаар халагдсаныхаа төлөө Болд гэдэг хүн рүү дайрч доромжилж, хувийн хорслоо тайлж болохгүй л дээ. Ярья гэвэл хэнд ч ярих юм олдоно.

-Тэр ярилцлагыг уншсан хүн бүр Голомт банк нээрээ дампуурах гэж байгаа юм болов уу гэж бодсон байх?

-Голомт банкийг гадны нэр хүндтэй санхүүч Монгол Улсад шилжилтийн үед тохиолдсон хамгийн сайн зүйл бол Голомт банк юм гэсэн тодорхойлсон байдаг юм. Тэр тодорхойлолтыг хэлэхийг хүсч байна. Жингийн цуваа явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг гэдэг үг бий. Өнөөдөр Голомт банканд Монгол Улсын 500 гаруй мэргэжлийн чадварлаг залуус ажиллаж байна. Голомт-ын нэг орон тоон дээр 200 гаруй хүн өрсөлддөг. Би тэднээр бахархдаг. Тэдний хүчээр өнөөдөр энэ банк улам бүр хүчирхэгжиж, хөл дээрээ тогтсон. Хэзээ ч байгаагүйгээр хүчирхэг бас найдвартай ажиллаж байгаа. Тун удахгүй ард түмэндээ нийтийг хамарсан хувьцаа гаргах гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Голомт банк дэлхийн нэр төртэй ямар ч санхүүгийн байгууллагатай нэр төртэйгээр өрсөлдөж, ялагч болох боломжтой болсон.

-Та Б.Жаргалсайхан сайд биш болсон учраас ийм зоригтой дуугарч байгаа юм уу?

-Энэ сараас эхлэн надад Сангийн сайд Н.Баяртсайхан эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах боломжийг хууль ёсны дагуу олголоо. Иймд би ажлаа хиймээр байна. Би Б.Жаргалсайханд ажиллах боломж олгосон шиг тэр хүн надад ажиллах боломж олгох ёстой. Миний шийдвэрээр биш улс төрийн өрнөлөөр сайдын суудлаасаа буучихаад өөрийнхөө бодлогыг үргэлжүүлэх гэж хүн дарамтлаад байж болохгүй.

-Таныг бие хамгаалагчтай болсон гэж сонссон?

– Уг нь Монголд төрийн ажлыг хуулийн хүрээнд хийснийхээ төлөө хамгаалагч хөлсөлдөггүй баймаар байна. Дандаа ална тална гэж ярьдаг амны билэггүй хүмүүсийн дунд байх тийм ч таатай биш л дээ. Одоо чинь хутгалчихдаг болсон биз дээ, буудуулсан нь арай дээр биз дээ… /инээв/ Гэхдээ би айж бэргээд байх юм байхгүй, цаашид ажлаа өөрт оногдсон эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн шиг хийнэ гэдгээ энэ ярилцлагаар харин мэдэгдчихье.

-Хатуухан мэдэгдэл хийх шиг боллоо. Гэвч Үйлдвэр, худалдааны шинэ сайдаар тус яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Ц.Даваадоржийг томилохыг МАХН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Гол нь Б.Жаргалсайхан сайд тэр хоёрыг багын нэг ангийн найзууд бараг л нэг еэвэнгийн хоёр тал гэх юм билээ?

-Б.Жаргалсайхан сайд болсон даруйдаа тэр хүнийг зөвлөхөөрөө тавьсан. Багын найзууд, нэг ангийнхан гэж сонсч байсан л даа.Гэхдээ ямар хамаа байхав. Хэн ч сайд болсон төрийн ажил төрийн хуулийн дагуу явах ёстой. Хамтарч ажиллана. Дахиж өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн шиг хууль бус үйлдлүүдийг давтах боломжийг харин олгохгүй.

-Таны агентлагийн даргын эрх үүрэг сэргэсэн гэж дээр хэлсэн. Эрх мэдэлтэй дарга ямар ажил хийх гэж байгаа тухайгаа эцэст нь хэлэхгүй юу?

-Би Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрыг удирдаж эхлэх үедээ хамгийн түрүүнд энд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх хэрэгтэй гэж бодсон. Үүнийгээ хийж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Анх ажил авч байхад Монголын газар нутгийг бүхэлд нь лицензээр худалдчихсан, зөвхөн тэр худалдааг бүртгэх үүрэгтэй болсон байсан. Мөн лицензийн хар захын наймааг байх ёстой үзэгдэл мэт нийтээр хүлээн зөвшөөрөөд, төр ямар ч эрх мэдэлгүй харж суух үүрэгтэй оролцох болсныг мэдээд гайхаж байлаа. Харин өнөөдөр Монголын ард түмэн байгалийн баялаг бол ард түмний өмч гэдгийг бүгд мэдэх болж. Үүнд баяртай байгаа. Харамсалтай нь, ард түмэн жинхэнэ ялагч, ашиг хүртэгч нь байж чадах уу, үгүй юу гэдэгт эргэлзэх үе гарч байна.

-Яагаад тэр вэ?

-Одоо болж байгаа эрдэс баялгийн үнийн өсөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх ёстой. Өмнө нь 1960 аад онд болсон үнийн өсөлтийг Монгол улс гаднын хараат байсан учраас хүртэж чадаагүй. Харин одоо бол түүхэн боломж. Бид энэ боломжийг луйварчдад алдаж болохгүй. Ард түмэн үр шимийг нь хүртэх ёстой. Дунджаар арав хүрэхгүй жил үргэлжлэх үнийн өсөлтийн үр шимийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ гэдгээс Монгол Улсын ирээдүй шалтгаална. Тэр бүх зохицуулалтыг зөв зохистой, Монголын ард түмэнд ашигтай байлгахын тулд ажиллана. Үүнийг хийх гэж төрийн алба хашиж байгаагаас бус луйвар хийж, лиценз хулгайлах гээгүй. Хулгай хийдэг, луйварддаг, өөрсдийн эрх ашгийн төлөө төрөөс олгосон эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигладаг хүмүүсийг дахиж энэ газрын хаалгаар алхуулмааргүй байна. Тэгвэл үнэхээр үнийн өсөлтийг ард түмэн хүртэхэд эргэлзээтэй болно.

Г.Оргил

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button