Дайчин нөхрийн тухай дуу

Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаана байна?

Дархан хотын барилга дээр үү?

Торгон хилийн зааг дээр үү?

Дууны ая хангинасан

Найрын дунд танилцаагүй

Бууны дуу тачигнасан

Дайны галд танилцсан юм

Нэгэн эхээс цуван төрж

Нэхий өлгий дамжаагүй юм

Цэргийн хуаранд ихэр болж

Цэгц журмын нөхөр болсон юм

Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаа байна?

Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаа байна?

Дархан хотын барилга дээр үү?

Торгон хилийн зааг дээр үү?

Дараа нь би халагдаж

Дайчин нөхөр минь үлдсэн юм

Манаа хүртэл үдээд

Санаа алдан гар барьсан юм

Хорин жил уулзаагүй ч

Хоёр биеэ бид мартаагүй

Энгийн цэргийн бид хоёр

Эх орныхоо төлөө манаандаа

Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаа байна?

Дархан хотын барилга дээр үү?

Торгон хилийн зааг дээр үү?

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button