Цэргийн наргиант харилцаа дуу

Шинэ цэрэг /Тенорууд/

-Ардын цэргийн албан хаагаад

Амраг түүндээ зайгүй яараад

Амар мэндийн завгүй яваа

Ахмад дайчдын амрыг эрье

Хуучин цэрэг /Баритонууд/

– Цэргийн хуарангаас саяхан ирээд

Цэмбэн шинельдээ түүртэж байж

Цэвэрхэн бүсгүй зүүдэлж яваа

Цээлхэн дүүгийн амрыг эрье

Шинэ цэрэг үгээр

-Даахин дор морь байдаг юм

Дахан дороос эр гэдэг юм

Шинель дотроос баатар төрнө

Шинэ цэргээс генерал гарна

Хуучин цэрэг үгээр

– Түймэр үзээгүй баатар яриатай

Түрүүч болоогүй генерал санаатай

Алиа хонгор дүү нарын минь

Ах нартаа хэлэх үг чинь энэ үү

Шинэ цэрэг солист

– Тарлаж сойсон хурдан хүлэг

Тагнай татсан хусан уурга

Тал сайхан хөдөө нутаг

Та бүхнийг хүлээж байна

Хуучин цэрэг солист

– Эр цэргийн эрдмийн нум

Эх орны тэнгэрийн сум

Эргэн тойрон торгон хил

Энд та нарыг угтаж байна

Шинэ цэрэг солист

– Эвлүүлэн зассан суурь машин

Эгнүүлэн тавьсан трактор комбайн

Эрдэм номны саруул танхим

Эрхэм та нарыг хүлээж байна

Хуучин цэрэг солист

-Хурдан онгоц ган дуулга

Хуягт танк төмөр нударга

Хурц зэвсэг цэргийн эрдэм

Хувьтай та нарыг угтаж байна

Бүх шинэ цэрэг

– Гэгээн талын цагаан өргөө

Гэрэлт харшийн шилэн өргөө

Гэргий болох бүсгүй өөрөө

Гэр бүхэнд хүлээж байна

Бүх хуучин цэрэг

-Агсан мэргэн буугаа өгье

Аялах сайхан дуугаа өгье

Алдар ялалтын суугаа өгье

Авгай харин амлахаа больё

Бүгдээрээ

-Ахмад залуу дайчин бүгдээрээ

Армийн эгнээ дархан бүлээрээ

Ардын зоригийг өвлөн баталж

Ашдын жаргалыг эвлэн бадраая

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button