Түүх, гүн ухаан судлаач Т.Наран Г.Нямгаваа продакшн япончуудтай нийлж эх түүхээ гутаасан кино хийж, эзэн чингисийн нэрээр мөнгө сааж байна

Монголын засгийн газраас дэмжиж, Монгол Японы уран бүтээлчид хамтран Монголчуудын хүчирхэг үеийн түүх, эзэн Чингис хааны тухай кино хийхээр болж дуулиан тарьж байлаа. Гэтэл саяхан нээлтээ хийсэн Бөртэ чоно-Чингис хаан киног хаах хэрэгтэй гэж үндэсний үзэлтэй, эх түүхээ мэддэг хүмүүс төр засагт хандаад байна. Бид энэ талаар засгийн газар хийгээд Японы элчин сайд нарт захидал явуулаад байгаа түүх, гүн ухаан судлаач Ш.Даваасүрэн, Т.Наран нартай уулзаж уг киноны талаар ярилцсан юм.

-Та Бөртэ чоно-Чингис хаан киног түүх гуйвуулсан гэж шүүмжилж, төрийн өндөрлөгүүдэд хандаж уг киног хаалгах тухай өргөх бичиг барьсан. Киног юуг нь алдаатай болсон гэж та үзэж байгаа вэ?

-Энэ кино хийгдэхээсээ өмнө л сүр дуулиан тарьсан шүү дээ. Япон талаас маш их хөрөнгө мөнгө зарж, Монголын засгийн газар ч төр улс тунхагласныхаа ойд зориулж Монгол улсыг дэлхийд сурталчилах том бүтээл хэмээн их ач холбогдол өгсөн. Харин хэдэн өдрийн өмнө Монголын засгийн газар киногалбан ёсоор хүлээн авч нээлтээ хийлээ. Гэтэл Монгол улс дэлхийд мандаж байсан үеийн түүх, дэлхий дахинд суу билгээрээ гайхагдаж явсан их хүн Чингис хааны нэрээр хуушуур хийж мөнгө олох гэснийг үзээд маш их харамссан. Товчхон хэлэхэд уг кинонд түүхэн хүмүүсийн нэрнээс өөр үнэн юм байгаагүй.

-Жишээ нь, Чингис хааны дүр юугаараа муу болсон гэж?

-Чингис хаан бол суут улс төрч, соён гэгээрүүлэгч, хаан хүний 35 эрдмийг төгс эээмшсэн стратегич, тактикч бодлоготон хүн байсан учраас Монголыг хүчирхэгжүүлж, эзэнт гүрнээ байгуулсан түүхэн гавьяатай. Гэтэл Бөртэ чоно-Чингис хаан кино Чингис хааны дүрийг яргачин төрхтэй далайн дээрэмчин шиг болгож бүтээсэн. Хүмүүс уухайлахыг сонсоод Хүмүүсийн уухайг сонсож байна уу. Одоо Алтан улсыг эзэлье гэж хэлж байх. Үүгээрээ Чингис хааныг онгироо ойворгон, хамхуул шиг болгож харуулсан. Жамухатай цаг хугацааны хувьд ч түүхэн үйл явдлын хувьд ч тохирохгүй, түүхэнд болж байгаагүй шалтгаанаар удаа дараа дайтаж, дайнд цусанд улангассан мэт толгой нүцгэн дайран ордог байсан мэтээр харуулсан. Зоригтой хүн байсан гэж харуулах гэсэн юмуу даа, үхэхээ мэдэхгүй тэнэг, хөөргөн сагсуу амьтан л гэж дүгнэхээр болсон байна лээ. Бас хатад, ээжийгээ үл ойшоодог, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргадаг гэж ойлгогдохоор болжээ. Хүн төрөлхтөнд анхны төрт улс гэгчийг байгуулсан гавьяа бидний өвөг дээдсийнх. Хэсэг бүлгээрээ сайндаа л нэг цайзанд хамтран амьдардаг байсан цаг үед улс гүрэнг нэгтгэн зангидаж, нэгдсэн зохион байгуулалт хийж хаант улс болгосон. Тэмүүжин энэ түүхээ мэддэг, монгол гүн ухаанаа мэддэг, эрдэмтэй хүн байсныхаа хувьд хаан болсон. Хүн алах дуртай, муйхар, шуналтайдаа улс орныг нэгтгээгүй юм.

-Уг киноны Жамуха хаан, Өэлүн эхийн дүрийн хувьд үнэн түүхээс гажуудуулсан зүйл байв уу?

-Жамуха бол Тэмүүжиний андгайгаар учирсан анд. Тэрээр Гүр хаанд өргөмжлөгдсөн, Тэмүжинээс дутахааргүй ид хавтай, эрэмгий зоригтой, баатар, хаан хүн байсан. Биесээ хурцалсаар эзэнт гүрнийг байгуулсан түүх бий. Гэтэл энэ киноноос сагсуу самуурайг санагдуулам Жамухыг харлаа. Жишээ нь, Чингис хаан хэдийгээр байлдаж дайтсан ч андынхаа аминд хүрэхгүй гэдэг. Харин Жамуха тэнгэрт нэг нар, газарт ганц хаан байдаг гээд амиа хороолгохыг хүсдэг.Үүний дараа Чингис хаан Жамухыг өөрийн нь хүссэнээр цус гаргахгүй хороож, хаан хүний ёсоор хүндэтгэлтэй оршуулахыг тушаасан байдаг. Харин энэ кинонд мафийн толгойлогч өөрөөсөө урвасан хүнийг алж байгаа юм шиг Жамухын хүзүүг мушгиж алчихаад хаяад явчихдаг. Их Монгол улсын төрийн элбэрэлт эх, монгол баатруудыг төрүүлсэн, алс ухаантай Өэлүн эхийг юм л бол уйлаад хормойгоо өшигчөөд явдаг самган болгон хувиргасан байгаа юм.

-Тзгвэл түүхэн үйл явдлуудаас хэрхэн тусгасан талаар ?

-Байж боломгүй олон аймшигтай алдаа гаргасан. Түүхэнд Мэргэдүүд Бөртэ үжинийг хулгайлж, Чилгэр бөхөд өгсөн тухай бий. Гэтэл энэ киночид Чилгэр бөх биш Мэргэдийн Чилэдүд Бөртэ хатныг өгүүлээд, Чилэдү Бөртэ хатныг хүчиндэж жирэмсэн болгож байгаагаар дүрсэлдэг. Мөн Чингис хаан хатнаа нэхэн Мэргэдийг дайлаар мордон, улаан галзуу дайтаж Чилэдүг өөрийн гараар жадлаж сүлбээд алчихдаг. Бүр дахин дахин дүрээд цусанд улайрсан аятай болгож харуулж байна. Гэтэл Их Чилэдү Тэмүжингийн ээжийнх нь нөхөр байсан хүн юм шүү дээ.

-Уг нь Чингис хаан Бөртэ хатнаа олоод дайныг зогсоож буцдаг тухай түүх байдаг биз дээ?

-Тоорил хаан, Жамуха нартай хамтран Мэргэдүүд рүү довтлоод Бөртэ хатнаа олмогцоо Эрсэн юмаа оллоо дайныг зогсоо хэмээн тушаал буулгаж, нэгэнт дайснаа эзэлсэн юм чинь бүрмөсөн устгая гэсэн саналыг эрс эсэргүүцэж Мэргэдийг орхисон байдаг. Үүгээр нь Чингис хааныг улс төрийн нарийн ухаан, соёлтой байсан гэж эрдэмтэд дүгнэдэг. Гэтэл Нямгаваа найруулагч япончуудтай хамтран хийсэн энэ кино Чингис хааныг хүүхэн булаалдсан, нэг их харгис хүн болгон дүрсэлсэн байна. Ер нь монголчууд, Чингис хаан эмэгтэйчүүдийг хүсэл тачаалыг нь хангах, хэний ч хамаагүй хүүхэд төрүүлэх хоёрхон зүйлд ашигладаг бүдүүлэг болхи хүмүүс болгон дүрсэлсэн байна.

-Кинонд Зүчийг өлгийтэй байхад нь Чингис хаан алах гэж дайрдаг тухай үзүүлсэн байсан?

-Бөртэ Үжинийг Мэргэдүүд хулгайлаад жирэмсэн болгосны дараа Зүчи төрсөн гэсэн таамаг давамгайлдаг. Гэхдээ түүхээр батлагдсан юм биш. Тийм ч учраас гадныхны хувьд бушуухан шүүрч аваад гутаах хэрэгсэл болгодог. Энэ кинонд ч бас Чингис хаан өлгийтэй хүүхдээ алах гээд дайраад байгаагаар дүрсэлсэн байсан. Энэ нь их гүрнийг эмхэтгэн эзэгнэсэн хүний ухаан санаанаас гарамгүй, бүдүүлэг байгаа биз дээ. Түүхийг нь судлаад үзвэл Зүчи Чингис хаан хоёрын харилцаанд сэвтэй зүйл байдаггүй. Ялангуяа Чингис хааны зүгээс Зүчид итгэл өгч, цэрэг дайны хамгийн чухал тактикаа ярьж, хамгийн хүчирхэг дайсныг даруулах чухал даалгаврыг өгдөг байсан тухай бичигдсэн нь бий. Тийм ч учраас Зүчи Хорезмийг эзлээд тэнд Туркестан дундад азийн хаанаар суудаг шүү дээ. Гэтэл энэ кинон дээр Зүчи өөрийнхөө түүхэнд байгуулсан гавьяат үйл явдлыг өрнөж эхлэхээс өмнө нас барж байгаа юм. Бас Чингис хаан түүнийг үхэхээс нь өмнө хүчилж байж, ганц удаа албан шахалтаар аав гэж хэлүүлж байгаагаар дүрсэлсэн байна лээ.

-Чингис хааны үед эмэгтэйчүүд нийгэмд ямар байр суурь эзэлдэг байсан юм бэ?

-Монгол эмэгтэйчүүдийн ухаан чадвар дээр Монголын хүчирхэг төр байгуулагдаж, эмэгтэйчүүд суут хүмүүсийг хүмүүжүүлж чиглүүлж байсан. Чингис хаан хэнд ч захирагдахгүй хаан болсон хойноо ч Өэлүн, Бөртэ Үжин, Хулан хатдын үгээр шийдвэрээ эрс өөрчилж байсан түүх бий. Жишээ нь, Чингис хаан хамгийн бага хатан Хулангаа хамгийн үзэсгэлэнтэй, хурц ухаантай хэмээн ихэд хүндэтгэж, бодлого шийдвэрээ зөвлөдөг байж. Тийм ч учраас Хорезмийг байлдан дагуулахдаа Хулан хатнаа авч явсан гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. Гэтэл уг кинонд манай талаас ажилласан нөхдүүд Хулан хатныг дайн байлдаанд сонирхолтой, хүн алах дуртай эмэгтэй мэтээр дүрсэлсэн байна.

-Дайн байлдааны дүрслэлийн хувьд ямар болсон гэх вэ?

-Алтан улсыг Татаруудтай дайтахад Тоорил хаан, Ван хаан, Чингис хаан нар хамтран хүчээ өгсөн. Учир нь, Монгол Татарын хооронд өнө удаан жилийн зангидсан өс байснаас тэр. Энэ ялалтын дараа Алтан улсын хаанаас Тоорил хааныг Ван хаан хэмээн өргөмжилсөн түүхтэй. Мөн Чингис хаан Жамуха хаан хоёр түүхэндээ дөрвөн удаа тулалдсан байдаг атал юунаас болсон нь ойлгомжгүй байсгээд л байлдаад байгаа үйл явдал дүрсэлж байна. Бас дайны үеэр Чингис хааныг Зэв харваж шархтуулахад Зэлмэ цусыг сорж хаяад хорыг гадагшлуулдаг түүхийг Зэлмэтэй зэрэгцээд Хулан хатан нь хүртэл цусанд дурласан амьтан шиг сорж гүйгээд, ээжийнх нь шээсээр жонхуу зуурч уулгаж ч байх шиг.

-Уг нь хүчтэй техник тоног төхөөрөмж, хангалттай хөрөнгө санхүү дээр түшиглээд сайн кино хийх боломж бүрдсэн юм билээ. Гэтэл манай талаас сайн ажилласангүй гэсэн үг үү?

-Наад зах нь монгол үндэстнүүдийн найр хурим, баяр ёслол, идээ ундаа гээд ахуйн соёлыг киночид үгүй хийсэн. Айргаа хоорондоо цацалцаад, хаад нь печень идээд ч байх шиг. Гэхдээ хамгийн гол нь түүхэн үйл явдал, монголын түүхэн хаадын төр барьж байсан бодлого, монгол гүн ухааныг доромжилж гутаасныг нь бид буруутгаж байна. Төр засаг маань хүрэлцэж ядаж байгаа төсвөөсөө 700-аад сая төгрөг зориулчихаад их түүх, эзэн хаанаа доромжлохыг зөвшөөрсөнд харамсаж байна. Энэ киног гарсны дараа үндэсний үзэлтнүүд, Боловсролын яамныхан, түүхийн хүрээлэнгийнхэн, академийнхан шүүмжлээд бөөн асуудал үүсэхээр юм болно гэж харзнаж байсан чинь хэн ч дуугарсангүй. Тэртээ тэргүй гадныхан манай өвөг дээдсийг өөрийнхөө өвөг дээдсээс илүү суут ухаантай байсан гэж магтдаггүй. Тэгэхээр бид л эзний ёсоор түүх соёлоо хамгаалах учиртай. Түүхээ шатаавал ирээдүйгээ шатаадаг гэж үг бий. Энд хөрөнгө оруулалт хийж, техник тоног төхөөрөмжөөр хангасан японы талыг буруутгасангүй. Харин Япон улсаас манайд суугаа элчин сайдад энэ киног манай ард түмэн түүхийг гуйвуулсан, эзэн хаадыг маань гутаасан хэмээн үээж нийтэд цацахыг хориглох хүсэлтэй байна. Мэдлэг дутмаг манай талын хүмүүсийн алдаанаас болж үндэстний түүх гутаагдах болоод байгааг анхаарч хүлээж авна уу гэсэн утгатай захидал бичсэн.

-Түүх гажуудуулснаас болж учирдаг хор уршиг юу байдаг талаар жишээ татаж ярьвал?

-Киноны техникийн шийдэл, эффект, дуу чимээний хүч үнэхээр гайхамшигтай сайхан болсон. Тэр тусмаа эсрэг сурталчилгаа бүр аймшигтай нөлөөтэй гэсэн үг. Монгол талаас ажилласан Нямгаваа продакшны алдаанаас болж хамгийн сүүлийн үеийн хүчтэй техникийн хурдаар нийт монгол үндэстнүүдийн гутамшиглал дэлхий нийтэд тарж эхлээд байна. Японд энэ киноны нээлтийг 800 кино театрт зэрэг хийж дуулиан болгосноос хойш эрэлт ихтэй байна гэж интернэтэд мэдээлж байна. Өвөг дээдэс, түүхээ доромжилж, гуйвуулсан улс үндэсний бахархалгүй болж, хагархай шаазан шиг тарж бутардаг. Харин түүх соёлоо хамгаалж тэндээс сайхан ирээдүйгээ олж авдаг түүх дэлхий нийтэд бий. Монголчууд түүхийн он цагуудад давтамжтайгаар хүчирхэгждэг үндэстэн. Дэлхий нийт бидний хүчирхэгжихийг хүлээж анхаарч байдаг. Гэтэл бид ирээдүйгээ өөрсдөө нурааж эхлэлээ. Саяхан Тайландчууд эзэн хааных нь хөргийг харандаагаар зурсан Швейцарын нэгэн зураачийг буруутгаж, шүүхээс нь 75 жил хорих шийтгэл өгсөн. Түүхээ ингэж хамгаалах ёстой юм шүү дээ.

-Энэ бол түүхэн кино биш гэж киноны монгол талын найруулагч ярьсан байсан?

-Тэгвэл түүхийн тухай дурьдах, түүхэн хүмүүсийн нэрээр дүрээ нэрлэх хэрэггүй шүү дээ. Ер нь түүх, түүхэн хүмүүсийн нэрийг ашиглахын тулд зөвшөөрөл авдаг, түүгээр ч барахгүй үндэсний брэндийг ашиглаж байгаадаа төлбөр төлдөг хууль хиймээр юм. Хэн дуртай нь, Чингис хаанаар хуушуур хийж мөнгө олохыг зогсоох ёстой. Дэлхийн бусад орнууд Чингисийн тухай кино олныг хийсэн. Харин Монгол улсын засгийн газар Монголын төрт улс байгуулагдсаны ойгоо угтаж томоохон ажил өрнүүлсний нэг нь энэ кино. Монголыг сурталчлах зорилготой, засгийн газраас нь дэмжиж, бодлогоор гаргасан кино гэж л дэлхий нийт хүлээж авна шүү дээ.

-Засгийн газраас үүнийг залруулахыг тулд юу хийх ёстой вэ?

-Юуны түрүүнд хүмүүс үүнийг улс төржүүлж бүү ойлгоосой гэж хүсэж байна. Би улс төрөөс ангид хүн. Эцсийн эцэст Чингис хаан аль ч намынх биш. Хоёрдугаарт, эрхэм дээдсүүд минь, Хадгаламжийн банк, хүүхдийн мөнгө гэж өнөөдрийн хоолны мөнгөний тухай хэрүүл хийхэд биш ирээдүйнхээ төлөө анхаарлаа хандуулаач. Түүх хэзээ нэг цагт ирээдүй, одоо болдог амьдралын түүх бийг санаарай гэж хэлмээр байна. Бид ерөнхийлөгч, ерөнхий сайдад бичсэн захидалдаа монгол талаас ажилласан киночид эрээ цээргүй түүх гуйвуулсныхаа төлөө ард түмнийхээ өмнө уучлал хүсэх, улсын төсөвт эдийн засгийн шууд хохирол учруулсныхаа төлөөсийг төлөхийг шаардсан. Эцэст нь, засгийн газраас киног хаах шийдвэр гаргахыг шаардаж байгаа. Ингэж түүхийг залруулахгүй бол аль аль нь үеийн үедээ ялтай үлдэх юм.

Д.Жаргалмаа

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button