Эх нутаг, их түүхээ ирээдүйгүй төслийн золиосонд илгээх нь ээ

техник технологийн хөгжлийн төвшинг тодорхойлох чухал ач холбогдолтой гэдгийг хэнбугай ч хэлнэ. Пролетарийн хувьсгалын их удирдагч, бидний хамаатан В.И.Ленин /түүний эмэг эх халимаг байв/ багшийн айлдсан улс орныг хэзээ цахилгаанжуулж дуусна, тэр цагт коммунизм буюу диваажин тогтмой гэдэг нь юутай үнэн бэ. Энэхүү коммунист ч бай, капиталист ч бай диваажинд хүргэх эрчим хүчний олон эх үүсвэрийг хүн төрөлхтөн бодож олсон нь бий. Манай эрчим хүчний хангамж нь нүүрсэнд түшиглэсэн технологитой ДЦС-д тулгуурласан өрөөсгөл бүтэцтэй явж ирснийг бид мэднэ. Арай л гал алдчихгүй хоид ахаас эрчим хүч импортоор авсаар ирсэн л дээ. Эдүгээ манай төвийн эрчим хүчээр 2.6 сая хүний 70 гаруй, газар нутгийн 55 хувь хамрагддаг аж. Тойргоос гадуурхи буюу хөдөө орон нутгийнхан маань нар, салхины зэрэг сэргээгдэх хүчим хүчийг ашиглаж эхэлж буй нь сайшаалтай.

Сэргээгдэх эрчим хүч бол экологийн хувьд цэвэр л дээ. Гэхдээ нар сар, салхи шуурганыхаа ачаар сум, багийн малчдынхаа бага хэмжээний хэрэгцээг л хангахаас хэтрэхгүй нь ойлгомжтой. Харин томоохон хэрэгцээг УЦС дээр гарган авч болно. Харамсалтай нь бид л Монгол орон бол Төв Азийн усны хагалбар газар билээ хэмээн уух усгүй дээрээ тулчихаад байгаагаа мэдэхгүй хашгиралддагаас бус үнэндээ усны нөөц багатай шүү дээ. Өнөөдөр хүн бүр л УЦС-ыг энд ч байгуулна, тэнд ч хөгжүүлнэ хэмээн сонгуулийн хөтөлберийнхөө нэгд зайлшгүй тусгагдтал нь оруулчихсан цээжээ дэлдэх болжээ. Өөрөөр хэлбэл, IQ сайтай гэж өөрийгөө цоллодог монголчууд эрчим хүчнийхээ гачаалаас гарах мундаг арга бодож олсон нь энэ.

Эрчим хүч гарган авдаг өөр олон арга бий. Нүүрс болоод цөмийн эрчим хүч гэж бий. Манайд мөнөөх цуут Тавантолгой, Мардайн орд газрууд гээд түүхий эдийн асар их нөөц байхад заавал УЦС байгуулна гэж шуугих юм. Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулах өөрийн нөөц хүчин чадлыг бий болгох зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ,..Эг эсвэл Орхон гол дээр 100 МВТ-аас доошгүй хүчин чадалтай УЦС барина гэж заагаадхав.

Эрчим хүчний хангамжаа УЦС байгуулах замаар шийдвэрлэнэ гэсэн монголчуудын мундаг санааг Азийн хөгжлийн банкны экспертүүд 1991 онд ирж судлаад дэмжихээ илэрхийлж байлаа. Үүний мөрөөр Эгийн голын УЦС-ын төслийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн судалгаанд зориулсан 1.4 сая долларын буцалтгүй тусламж ч ирлээ. Барьж байгуулах хөрөнгө оруулалтын 35 хувь буюу 100 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк гаргахаар амлав. Үлдсэнийг нь манай засгийн газрыг олоорой гэсэн зөвлөмж гаргасан билээ. Эндээс хамаг түүх эхлэв.

Аварга том төсөлд оролцох, ханцуйгаа дүрэх хүсэлтэй олон нам, эвсэл, улстөрчдийн бүлэглэл гарааны морьд шиг эргэсэн дээ. 1996-1997 онд Малайзууд хөрөнгө оруулахаар бэлдэж байтал гайт Чехүүд гэнэт гарч ирэн хямд нөхцөлөөр хэрэгжүүлэх санал тавьснаар хойшилж, манай хамгийн богино нэртэй гол маань нүд анихаас арван жил хагацсан билээ. Тухайн усд цээжээ дэлддэг, толгойгоо гашилгадаг бүрийн эх орончид, улстөрчид Эгийн голоо аврая, Далай ээжээ хамгаалсан шигээ зүтгэе гэж байснаа амаа хамхицгаав. Өнөөдөр Эгийн гол дээр УЦС байгуулах санаачилгыг хятадууд гартаа авчээ. Тэд 300 сая доллараар барих гэрээг үзэглэлээ. Мэдээж тухайн төсөл хөрөнгө оруулалтаа тодорхой хугацааны дараа чулууг алт болгон хувиргах зарчмаар төлөвлөдөг. Гэтэл Эгийн голын УЦС-ын төсөл нь ингэж чадах үгүйг бид мэдэхгүй. Дээрх 300 сая долларын зээлийг бид хугацаанд нь төлж чадахгүй аваас үл маргах журмаар хятадын талд өгнө гэж байгаа. Оросоос хамааралтай эрчим хүчний цадайн зүү хятад руу зааж буй нь энэ. Уг нь малайз, чехүүд уг төслийг хувийн хөрөнгө оруулалтаар барих-ашиглах-шилжүүлэх хэлбэрээр байгуулах санал тавьж, 1996-1997 онд Тусгай болзлын гэрээ, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж байжээ. Гэтэл бид томоохон хэрэглэгч биш атлаа үл маргах журмаар хятад анддаа өгнө гэсэн ашиггүй, колони болох хүслэнд автсан гэрээ байгуулж суух юм. Бид эрчим хүчний үүсгүүр хүчин чадлаа ОХУ-аас авч буй импортын эрчим хүчээр нөхөж байгаа нь маргашгүй үнэн. Энэ байдлаас гарахын тулд Эгийн голын УЦС-ыг байгуулна гэж том дуугарсан. Нам суусак гэрээ байгуулсан байгаа биз. Ёстой л муугаар хэлбэл баавгайн амнаас луугийн аманд орсон төсөл хэрэгжүүлэх нь.

ТЭХЯ-ныхан Эгийн голын УЦС-ыг барьчихаад Оюутолгой руу эрчим хүчний шугам татна. Ингэвээс томоохон хэрэглэгчтэй болчихно доо гэх. Гэтэл Оюу-толгойн хажууд нь Тавантолгойн нүүрсний орд байдаг. Нүүрсээ цахилгаан болгон үйлдвэрлэх ийм боломж байгаа атал заавал замдаа алдагдсаар очих олон зуун км шугам татна гэдэг ойлгомжгүй. Харин Тавантолгойн асар их нүүрсийг бид цахилгаан болгон бүр Хятад руу экспортлох ч боломжтой юм билээ.

2015-2020-иод оны манай орны цахилгаан хэрэг-цээг хангахын тулд наад зах нь 1200-1600 МВТ хүчин чадал шаардлагатай гэсэн тооцоо бий. Ийм хүчин чадлыг УЦС-аас гарган авна аа л гэх. Тэгвэл Эгийн голын УЦС шиг зургаагаас найман станц барих хэрэгтэй болно оо доо. Үүний хөрөнгө оруулалт нь 1.8-2.4 тэрбум долларт хүрнэ. Ингэхээр бидний хувьд цахилгаан эрчим хүчний гачаалаас гарах цорын ганц гарц бол дээр өгүүлсэн нүүрсээ ашиглах, атомын цахилгаан станц барьж ашиглах явдал л болоод байна. Хүн төрөлхтөн атомын гүнд нуугдсан асар их энергийг суллан авах аргыг аль 70-аад жилийн өмнө олж авсан. АЦС ашигласнаар 40 гаруй жил өнгөрчихөөд байна. Зарим нөхдийн өгүүлдгээр Три-Майл-Айланд, Чернобылийн осол манайд бий болно гэж айгаад суух юун. Өнөөдөр техник технологи үлэмж боловсронгуй болсон. Францууд бидэнд УЦС байгуулж өглөө гэхэд тэндээсээ шууд удирддаг тогтолцоо хэдийнэ бий болсон. Чойр, Тамсаг, Мардайд урайы асар их нөөц байхад бид түүхий эдээр дутагдана гэж үгүй. Монгол Чернобыль бий болно гэж айгаад байвал 600 МВТ хүртлэх бага, дунд чадлын реакторууд ашиглаж болно. Дэлхийн олон орон ийм замаар явж буй юм билээ. Энэ бүхнийг өгүүлснээрээ УЦС барьж байгуулах явдлыг бүрмөсөн үгүйсгэхгүй. Ус нь сэргээгдэх эрчим хүч гэдэг утгаараа тэнгэрээс буусан хишиг юм шиг монголчуудад ойлгогдож эхлэх нь. Бидэнд Тайшир, Дөргөн, Богдын голын маягийн жижиг УЦС-ууд байж болно. Харин Орос, Хятадын томоохон мөрөн дээр байдаг том станц байгуулах усны нөөц байхгүй билээ.

Манай нэртэй олон улстөрч, эрдэмтэн мэргэд Эгийн гол дээр УЦС барьж байгуулах явдлыг эрс эсэргүүцэж буй. Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн гуай энэ талаар Зууны мэдээ сонинд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь бий. Тэрээр хангайд үлдсэн жаахан усаа сүйтгэхийн оронд говийг усжуулах талаар дуугараач ээ гэж байсан. Эгийн гол бол асар том гол. Сэлэнгэ мөрөн гэдэг хэрэг дээрээ Эгийн гол юм. Хүмүүс Эгийн голыг Сэлэнгэ мөрөнд цутгадаг гэдэг.

Минийхээр бол Сэлэнгэ мөрөн Эгийн голд цутгадаг гэж тэр өгүүлж билээ. Бодууштай л үг. Бид УЦС барьж байгуулна гэдэг их, бага тодорхой хэмжээгээр газар нутгийг үгүй хийдгийг мартаж болохгүй. Тодорхои хэмжээнии миний монголын газар шороо усан дор ороод үүрд хүн малын хэрэгцээнээс гарах жишээтэй. Нөгөөтэйгүүр Эгийн голын УЦС барьж байгуулах тэр орчимд түүх соёлын хосгүй дурсгал хэдэн зуугаараа бий. Өнгөрсөн түүхээ усанд автуулчихаад бид яаж дэлхийн нүүр царайг ширтэх болж байна. Энэ талаархи асуудал хариуцсан түүх, археологийн хүрээлэн, эрдэмтэн, түүхчид дуу хоолойгоо нэмэрлэх биз. УМХГ-ын хяналт шалгалт ч тун хэрэгтэй. Мөнөөх Миний Монголын газар шороо, Даяар монгол, Соёмбо зэрэг сүржин нэртэй элдэв хөдөлгөөнүүд энэ тал дээр одоо л дуугараасай билээ. Элдэв тендер, жендер ярихаасаа өмнө газар нутгаа хамгаалж, хайрлаж, тэмцэж сур л даа. Ногоон нам зэрэг элдэв намууд ч Эгийн голыг аврах талаар ганц нэг үгийг энэ хаврынхаа синдромны үеэрээ Сүхбаатарын талбайд өгүүлнэ биз ээ. Эгийн голын УЦС-ын эдийн засгийн үр ашиг гэж олонтаа ярьж байна. Хожим гарах сөрөг үр дагавар, эрсдэл, байгаль экологийн сүйрлийг өгүүлэх нэгэн байна уу. Эгийн гол Хөвсгөл нуураас эх авдаг. Дэлхийн цэнгэг усны дөрөвний нэгийг эзэлдэг Байгаль далайн хүйн холбоо болж өгдөг. Тэгвэл Байгал далайн усны 50 хувийг Сэлэнгэ, Эг өгдөг билээ.

Монголчууд төдийгүй Оросууд ч айн ширвээтэхээр мундаг төсөл өнөө маргаашгүй сонгуулийн сурталчилгаа болон хэрэгжиж эхлэх нь дээ. Усан сан байгуулахын тулд Хантай сууринг 500 хүн амтай нь нүүлгэн шилжүүлэх юм билээ. 7000 га малын бэлчээр, 1260 га ой мод бүхий талбай, 1200 га тариалангийн талбайг ч мөн л нүүлгэн шилжүүлэх ажээ. 300-аад түүх соёлын хосгүй дурсгал сонгуулийн чимээнээс өмнө нүд аних тавилангаа хүлээх болов. Монголын хамгийн богино нэртэй том мөрөн маань хамгийн богино настай томоохон гашуун болон үлдэх гэж үү. Эг гэдэг нь эх гэсэн үг. Эхийнхээ ачийг яанам бэ гэж уянгалуулан дуулав уу, та нар чинь.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button