Дэлхийн саятнууд тэрбумтнуудын хамгийн хамгийн

Хүүгээсээ мөнгө харамласны уршгаар

XX зууны Америкийн хамгийн том санхүүчдийн нэг Генриетта Хоуленд Грин 1916 онд таалал төгсөхдөө 100 сая доллар (энэ нь одоогийнхоор 20 тэрбум доллар) үлдээжээ. Тэрээр амьд ахуйдаа плитка хэрэглэх шаардлагагүй гэж үздэг байсан төдийгүй Чикагод борчуудын хороололд хямд үнэтэй байранд амьдардаг байж. Нэг удаа тэрээр хоёр центийн үнэтэй марк худалдан авахаар бүх л шөнөжин хайж явсан гэдэг. Энэ ч гайгүй. Генриетта мөнгөө харамладаг байсны өөр нэг жишээ гэвэл хүүгийх нь хөл өвдөхөд үнэ төлбөргүй эмнэлэг гурван өдөр хайж цаг алдсаны үр дагаварт хүү нь хөлөөсөө салсан харамсалтай түүхтэй аж.

Өвөө нь ач хүүгийнхээ амиар дэнчин тавьж…

Нефтийн хаан Жон Пол Гетти 30 жилийн тэртээ дөрвөн тэрбум долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож байсан ч бүх л зүйлд мөнгөө гамнадаг байж. Жишээ нь, эдлэн газарт нь ирсэн зочдодоо илүү зардал гаргахгүйн тулд таксофон тавьжээ. 1973 онд түүний ач хүү Жоныг барьцаалагчид хулгайлан мөнгө нэхэхэд 17 сая доллар гаргахаасаа татгалзаж байсан гэнэ. Түүнд ач хүүгийнх нь чихийг огтолж конвертод хийж илгээсний дараа харамссан ч мөнгө төлөхөөс мөн л татгалзаж. Тэрээр ач хүүгээ суллахад нь зориулж ердөө 2,7 сая доллар л гаргасан байна.

Оромжид амьдардаг санхүүч

Форбс-ын жагсаалтад хоёрдугаарт бичигддэг Америкийн санхүүч Уоррен Баффет 44 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрээр хуучин Линкольн унадаг төдийгүй 40 жилийн тэртээ 30 мянган доллараар худалдан авсан байшингаа солихыг яарахгүй байгаа аж.

Даруухан Нива

Тетра пак компанийг үндэслэн байгуулагч Ханс Раусинг хуучин Моррис Минор-оо олон жил унажээ. Найман тэрбум долларын эзэн тэрээр хэдхэн жилийн өмнө машинаа солихоор шийдэн 12 жил үйлчилгээнд явсан Оросын Нива худалдан авсан аж. Ханс мөн дэлгүүрээс юм худалдан авахдаа үнэтэйг нь гайхаж, байнга зарга үүсгэдгээрээ алдартай.

Ангийнхнаараа бизнес хийгч

ИКЕА компанийг үндэслэн байгуулагч, Шведийн хамгийн баян хүн Ингвар Кампрад 28 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрээр бизнесээ сургуулийн бага ангид байхдаа л эхэлсэн гэдэг. Мебелийн үйлдвэрийн эзэн тэрээр багадаа харандаа, баллуурыг бөөнөөр нь аваад ангийнхаа хүүхдүүдэд гурав дахин илүү үнээр зардаг байж. Тэр үеэсээ л мөнгөө хадгаламжид хийж эхэлжээ. Ингвад 14 жил машинаа солиогүй бөгөөд Вольво 240-өө одоо ч унасаар. Онгоцоор нисэхдээ энгийн ангиллаар нь үйлчлүүлж, гурван одтой зочид буудалд буудаг. Харин амралтаа төрөлх Шведдээ ямар нэгэн жижигхэн голын эрэг дээр дэгээ барьсан шигээ өнгөрүүлдэг гэнэ.

Бүх зүйл энгийн

Интернэтийн хамгийн алдартай хайлтын Google системийг үндэслэн байгуулагч Сергей Брин 11 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Оросын иргэн байгаад эдүгээ АНУ-ын иргэн болсон 33 настай тэрээр багахан гурван өрөө байранд амьдардаг бөгөөд тийм ч үнэтэй биш Тоёота унадаг. С.Брин өдөр тутам багагүй хэмжээний орлого олдог ч эдлэн газар, хувийн онгоц ч байхгүй.

Цүнх нь зузаан байх тусам…

АНУ-ын судалгаагаар тус улсын дөрвөн саятан тутмын нэг нь 100 хүрэхгүй долларын үнэтэй гутал өмсч, арван саятан тутмын нэг нь хамгийн ихээр бодож 200 долларын костюм өмсдөг байна. Мөн саятнуудын тал хувь нь 240 доллараас дээш үнэтэй цаг зүүж, гурван хүн тутмын нэг нь машинаа сольж унадаг байна.

Имиж юу ч биш гэж үү

Их Британийн 800 сая долларын хөрөнгийн эзэн саятан Николас фон Хоогс-тратенг хамтран зүтгэгчээ хөнөөснийх нь төлөө арван жил хорих ял оноожээ. Түүний гэрт нэгжлэг хийж байсан цагдаагийн ажилтнууд сонин зүйл олсон байна. Энэ нь юу гэхээр, тэрээр хэрэглэсэн хуурай цайгаа хаялгүй хатаан дахин цайгаа идээшүүлж хэрэглэдэг байсан аж. Түүнийг нэг жилийн дараагаар сулласан ч нэр хүнд нь навс унажээ.

Хөрөнгө өвлөхийн тулд нохойтой нь гэрлэжээ

Америкийн 23 настай жүжигчин Уэнди Доркас кино найруулагч саятан Рожер Доркастай гэрлэжээ. Рожер Уэндигээс гурав дахин олон ах байсан учир нөхөр нь өнгөрөхөд өөрийн нэр дээр бүх хөрөнгө нь шилжинэ гэж тооцож горьдож байсан аж. Тэд хамтдаа нэг жил л амьдарсан байна. Рожерыг өнгөрөхөд өмгөөлөгч нь өв хөрөнгө өвлүүлэх гэрээсийг уншиж танилцуулахад Уэнди багтарч үхэх шахсан байна. Учир нь, түүнд нөхөр нь ердөө нэг цент л үлдээжээ. Бусад бүх хөрөнгөө буюу 64 сая доллараа Максимиллиан нохойдоо гэрээслэн үлдээсэн байж. Шүүх ч нохойн талд хэрэгийг шийдэж өв хөрөнгийг түүнд шилжүүлжээ. Гэвч Уэнди сая сая хөрөнгө алдахгүйн тулд арга сэдэж, Максимиллиантай гэрлэсэн байна. Учир нь, Доркас нохойнхоо нэр дээр хадгаламж нээхдээ АНУ-ын иргэн гэж бүртгүүлсэн байжээ. Бүх зүйл хуулийн дагуу болж, Уэнди максимиллиан нарыг гэр бүл гэж батлав. Удалгүй нохой ч өнгөрөхөд Уэнди хүссэн ёсоороо бүх өв хөрөнгийг өвлөж, хүслээ гүйцээжээ.

Хамгийн өнөр бүлтэй

Салех Азиз Аль-Ражи, 94 настай. 6,5 тэрбум долларын хөрөнгөтэй, банкны хэрэг эрхэлдэг. Оршин суудаг газар нь Саудын Аравийн Жедда хот. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 84 дүгээр байрт орсон энэ эрхмийн хувийн амьдрал ч хөрөнгөөсөө дутуугүй баялаг. Тэрбээр долоон эхнэртэй, 60 хүүхэдтэй. Салех Аль-Ражи тэднийгээ хангахын тулд Аль-Ражи гэдэг гэр бүлийнхээ банкинд нөлөөгөөрөө хоёрт орох хувьцаа эзэмшигч болжээ. Уг бүлгийн хувьцааны өртөг сүүлийн нэг жилд 80 хувиар өсчээ. Түүнчилэн Аль-Ражигийн гэр бүлийнхэн барилгын нэгэн компанитай шинэ үйлдвэрийн газар байгуулж эхэлсэн буюу Дубайд 270 сая долларын өртөг бүхий 91 давхар тэнгэр баганадсан сүрлэг цамхаг байгуулах болсноо зарласан байна.

Хамгийн баян гудамжны хөгжимчин

Ги Лалиберт, 46 настай. 1,4 тэрбум долларын хөрөнгөтэй. Хувийн цирктэй. Канадын Монреаль хотноо амьдардаг. Лалиберт 18 настайдаа гэрээ орхин, Европоор хэрэн тэнэж, гудамжинд баян хуураар тоглох, гал залгих, модон хөлөн дээр явах зэргээр авьяас билгээ сорин мөнгө олдог болжээ. Ингээд Монреальдаа эргэн ирээд гудамжны фестиваль, баян хуурчдын тоглолт зохион байгуулах ажил эрхлэн, залуусын нийтийн байранд өрөө хөлслөн амьдрах болсон аж. Квебекийн Засгийн газар түүнийг 1984 онд анзаарч, хотын 450 жилийн ойд зориулан гудамжны тоглолт зохион байгуулах талаар гэрээ байгуулах саналыг түүнд тавьжээ. Ийнхүү түүний Нарны цирк байгуулагдсан түүхтэй. Энэ цирк нь хэдийгээр эхний хоёр улиралд алдагдалтай ажилласан ч, богино хугацаанд Канадын үндэсний үнэт зүйл болсон аж. Лалиберт өнгөрсөн явдалдаа харамсдаггүй аж. Учир нь одоо түүний мэдэлд компанийн 95 хувь нь байдаг ба тэрээр дэлхийн таван тивээр дамжин явж, цэнгүүнээ зохион байгуулдаг байна.

Хамгийн их зөрчилтэй баян гэр бүл

Тэрбумтан Уолтоны гэр бүл. 78,9 тэрбум долларын хөрөнгөтэй, Уол-Март дэлгүүрүүдийн сүлжээтэй. Оршин суудаг газар нь АНУ-ын Арканзас муж улсын Бентонвиль хот. 1960 онд Арканзаст гэр бүлийнхээ хүрээнд эхлүүлсэн их дэлгүүрүүдийн сүлжээ нь яваандаа дэлхийг хамарсан 6500 дэлгүүр бүхий том сүлжээ болон хувирчээ. Энэ бүх ажлыг эхлүүлсэн эцэг Уолтон 1992 онд нас барж, компани дахь өөрийнхөө хувийг эхнэр, дөрвөн хүүхдэдээ өвлүүлэн үлдээсэн байна. Уол-Март сүлжээг үл таашаадаг америкууд түүнийг ажиллагсдадаа бага цалин өгдөг, нийгмийн хариуцлага байдаггүй хэмээн муучилдаг ч үе залгамжлагчид нь илүү таашаалтайгаар өв залгамжилж чадах биз ээ. Том хүү Роб нь захирлуудын зөвлөлийн даргын албыг хашиж, ажилтнуудаа хүрээлэн буй орчноо хамгаалах салбарт үзүүлэлтээ дээшлүүлдэг болгох талаар идэвхийлэн ажиллаж байгаа аж. Бага хүү Жон нь 2005 онд нисэх онгоцны ослоор амь үрэгдсэн ба тэрбээр боловсролын шинэтгэлийн ажлыг тэргүүлдэг байжээ. Гурав дахь хүү Жим нь мөн л нисэх онгоц жолооддог аж. Отгон охин Эллис нь бизнест хараахан хөл тавиагүй боловч Арканзас муж улсын Бентонвиль хотод Уолтоны гэр бүлийн Сангийн шинэ музей байгуулахад зориулан Америкийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг худалдан авч буй аж. Энэ музейгээ 2009 онд нээх юм байна.

Хамгийн ногоон баян

Ши Женжон, 43 настай. 2,2 тэрбум долларын хөрөнгөтэй, нарны эрчим хүчний ажил эрхэлдэг. Оршин суудаг газар нь Хятадын Вуцзы хот. Нарны зайд зориулсан фотоэлемент боловсруулан үйлдвэрлэж, худалдаалдаг Хятадын Сантех пауэр компанийг үүсгэн байгуулсан энэ хүн лазерын физикийн салбарт магистрын зэрэг хамгаалсан ба электроны инженерийн салбарт шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Нарны эрчим хүчний зах зээл эдүгээ улам эрчимжиж байгаа билээ. Ши өөрөө Нарны эрчим хүчний өнөөгийн байдал нь арван жилийн өмнөх гар утасны үйлдвэрлэлийн үе шаттай адил байна гэж үздэг ажээ. Энэ хүрээний худалдаа 2010 он гэхэд 50 тэрбум долларт хүрнэ хэмээн тэр үздэг байна. Ши бас компанийнхаа хүрээнд судалгааны бүлгийг тэргүүлдэг бөгөөд энэ бүлэг нь цахиурын фотоэлементүүдийн үйлдвэрлэлийн зардлыг хямдруулах талаар ажилладаг аж.

Мөнх байж мэдэх баян

Роберт Миллер, 60 настай. Гурван тэрбум долларын хөрөнгөтэй, Future Electronics компанитай. Канадын Монреаль хотноо оршин суудаг. Цахилгаан механикийн эд ангийг түгээн дэлгэрүүлдэг Канадын дээрх компанийн ерөнхийлөгч Миллер найдваргүй болсон үйлдвэрийн газруудад хөрөнгийнхөө зарим хагасыг оруулах хангалттай баян хүн аж. Тухайлбал, энэ хөрөнгөд нь хүмүүсийн гүн хөлдөөх боломжийг судалдаг Аризоны судалгааны сангийн санхүүжилт багтдаг байна. Зарим мэдээнд дурдсанаар, Миллер өөрийг нь нас барсны дараа хожим хойно дахин амь оруулахын тулд цогцсыг нь гүн хөлдөөж магадгүй аж.

Хамгийн донж маягтай

Эстер Копловиц, Алисия Копловиц, 54, 53 настай. 3,4 тэрбум, 1,5 долларын хөрөнгөтэй. Испанийн Мадрид хотод амьдардаг. Испанийн эгч дүү хоёр баян бүсгүй эцгийнхээ барилгын компанийн хувьцааг өвлөн аваад хөрөнгө оруулалтаа өсгөн нэмэгдүүлэхээр шийджээ. Тэр байтугай компанийнхаа худалдааг 2008 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн 2005 онд амласан байна. Тэдний хувьцааг хамгийн сүүлд Их Британийн хаягдал ашиглах компани худалдан авчээ. Тэд ийм томоохон бизнес эрхэлдэг хэдий ч тоосго, хогийн сав үйлдвэрлэх ажил эрхэлдэг аж. Эстер нь биеэ барьсан хурц өнгийн ажил хэрэгч костюм өмсөх учиргүй дуртай бол харин Алисия нь гоёмсог даашинз, хүрэм, банзлын хослолоор гоёж нэр төрөө өргөж явахыг боддог гэнэ.

Хамгийн шүтлэгтэй нь

Дэвид Грин, 64 настай Хөрөнгө хоёр тэрбум доллар, Хаяг – АНУ, Оклахома муж улс. Гар урлалын барааны дэлгүүрийн эзэн нэгэн ярилцлагадаа, Бурхантай л амжилттай сайн харилцах хэрэгтэй. Бодит амжилт үүрдийн байх ёстой. Үүнийг зөвхөн Бурханаас л олж авч чадна гэж хэлжээ. Гриний ажлын үр дүнгийн шалтгаан энэ мөн гэж хэлэхээс ч аргагүй аж. Хобби Лобби-гоо тэрээр 1972 онд 600 долларын зээл авч бизнесээ эхэлж Оклахомад ганц дэлгүүр нээж байсан бол одоо улс орон даяар 29 муж улсад 378 дэлгүүрийн сүлжээтэй болоод байна.

Хамгийн тачаангуй

Бьерголльфур Тор Бьерголльфссон, 39 настай. 2,2 тэрбум долларын хөрөнгөтэй. Их Британийн Лондонд амьдардаг. Исландын анхны тэрбумтан тэрээр том цэнхэр нүдтэй, сайхан инээмсэглэлээрээ татдаг. 1986 онд түүний эцэг том Бьерголльфурын хөлөг онгоцны компани дампуурлаа зарлан шуугиан тарьсны дараа тэрээр гэр бүлээ аврахын тулд бизнесээ эхэлжээ. Бьерголльфссоны амжилт Исландын хоёр дахь том банк Лэндсбэнкт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой. Түүнийг бас эмэгтэйчүүд хамгийн тачаангуй эр хүн хэмээн дүгнэдэгтэй ч холбоотой аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button