Адольф Гитлерийн итлерийн мөнгөөр цөмийн бөмбөг хийсэн байж магадгүй

-Зохиолч, баримт судлаач Абель Басти та хоёр Холбооны аюулгүйн албаны архивт хадгалагдаж байгаа Гитлерийн эрүүг жинхэнэ биш гэж үздэг. Ямар үндэслэл байгаа юм бэ?

– Энэ эрүү гагцхүү Фюрерийнх гэдэг ямар ч нотолгоо байдаггүй. Тэгээд энэ яс хаанаас гараад ирэв ээ. Гитлер, Эва Браун хоёрын хувийн шүдний эмч байсан Фриц Эхтман, Кете Хойзерман нар олзлогдсоныхоо дараа эхлээд Гитлерийн шүдний гүүрний ам зургийг гаргасан юм. Дараа нь энэ зургийг 1944 онд авахуулсан рентген зурагтай харьцуулж үзсэн. Маш муу чанартай зурган дээр хиймэл металл шүд арай гэж харагдаж байсан нь энэ нь Гитлерийн иймэрхүү хиймэл шүдтэй шатсан эрүү гэж үзэхэд хүргэсэн юм. Бутыркад Хойзерман-тай нэг камерт хоригдож байсан Лизелотта Спалька гэгч 1953 онд мэдэгдэхдээ Хойзерманд хоёр зургийг харьцуулж шинжилгээ хийлгэхдээ хагас дэлгэсэн эрүүний зургийг үзүүлсэн. Тэд түүнийг Гитлерийнх мөн гэж хүлээн зөвшөөр, зөв хариулт өгсөн тохиолдолд шоронгоос суллана гэж хэлсэн гэсэн. Кете Хойзерман ихэд эргэлзэж байсан ч тийм ээ, энэ Гитлерийнх мөн гэж хэлсэн гэжээ. Гэвч Кете шоронд амьсгал хураасан юм. Харин амьд гарсан Фриц Эхтман 1971 онд зохиолч Вернер Мазерт ярилцлага өгсөн аж. Зөвлөлтийн офицерууд бидэнд их хачин рентген зураг үзүүлсэн. Энэ нь 1944 онд доктор Эрвин Гизингийн авсан зураг огт биш байсан. Тэр эрүүг Гитлерийнх гэдгийг баттай мэдэхийн тулд хоёр эрүүний зургийг харьцуулж үзэх хэрэгтэй байсан. Үүнийгээ ч оросуудад хэлсэн. Гэтэл надад, зургадугаар сарын 9-нөөс хойш Фюрерийн цогцос гэж байхаа больсон, түүнийг устгасан гэж хэлсэн юм. Яагаад гэдгийг би ойлгоогүй хэмээн Эхтман ярьсан байдаг.

– Тэгэхээр Адольф Гитлерийн цогцос аль 1945 оны зургадугаар сард алга болсон юм уу?

– Яг тийм. Гэвч үүнд олон асуулт байдаг. Яагаад Фюрер, Эва Браун хоёрын шарилыг танигдахгүй болтол нь тэгж их шатаасан юм бэ. Жишээ нь, Геббельсийг эхнэртэй нь оршуулахдаа Гитлерийн схем-ээр буюу бензин асгаж байгаад шатаагаад, булсан. Тэдний цогцосны гадаргуу нь шатсан, нүүр нь сайн харагдаж байсан. Гэтэл Гитлерийн биеийг хаалттай бункерт шатаасан, эсвэл фосфорын бөмбөгөнд өртчихсөн юм шиг зүгээр л нүүрс болтол шатаасан. Бас энэ үлдэгдлийг ойлгомжгүй яаралтай байдлаар устгаж алга болгосон байдаг. Өөр олон асуулт байдаг л даа. Жишээ нь, Геббельсийн шарилыг нээж задлах үеэр яагаад бараг зураг аваагүй юм бол. Холбооны аюулгүй байдлын архиваас энэхүү нууцлаг эрүүг авч ДНК-гийн шинжилгээ хийвэл жинхэнэ хариу гарч ирэх нь мэдээж. 1945 онд цогцсууд дээр эмнэлгийн шинжилгээ хийгээгүй. Рейхийн ордны диван дээр байсан цусны толбыг ч хайхралгүй орхисон байдаг. 1947 онд Францын цагдаагийн газрын криминалистик шинжээч Гюллем Гитлерийн амиа хорлосон нөхцөл байдлыг тайлбарлахаар Берлинд очсон. Тэрээр өөрийн дүгнэлтдээ Фюрерийн цогцсыг шатаагаагүй, гэрчүүд санаатайгаар худлаа ярьсан гэсэн байна. Түүний судалгааг дуусгасан Америкийн шүүх эмнэлгийн шинжээч Мэнсфилд Рейхийн ордонд ямар ч цогцос шатаагаагүй гэж мэдэгдсэн нь архивт хадгалагдаж байдаг.

– Нацистууд Аргентин руу санхүүгийн ямар арга хэрэгсэл илгээсэн юм бэ?

– Маш их. 11-235, 11-977 гэсэн хоёр шумбагч хөлөг онгоц Аргентины эрэгт хүрсэн. 1945 оны наймдугаар сард нэг тн алт, цагаан алт, 4,6 кг бриллиант Аргентинд ирсэн. Үнэт металл, валютыг эс тооцвол СС-ийн офицерууд орчин үеийн мөнгөөр дөрвөн тэрбум еврог Латин Америкт аваачсан юм. Тагнуулын төв газраас 1996 онд ил болгосон №13321 илтгэлээс үзвэл Аргентины дарангуйлагч Хуан Перон III Рейх сүйрсний дараа СС-ийн хяналтад байдаг Швейцарь дахь нууц данснаас долоон сая доллар авсан байдаг. Энэ бол Перон дуугүй байсныхаа төлөө авсан мөнгө юм. Аргентинд 1943-1945 онд СС-ийн ажилтнууд 1000 орчим үйлдвэр компанийг худалдаж авсан байдаг. Банк, үйлдвэр, дэлгүүр, ферм гээд л. Гитлерийн амьдарч байсан Аргентины Барилоче амралт дахь байшин одоо 40 сая доллараар үнэлэгдэж байна.

– Таны бодлоор Гитлер Аргентинд ямар нэг юм хувьдаа эзэмшиж байсан болов уу?

– Тийм ээ, гэвч энэ бүх хөрөнгө өөр хүний нэр дээр байсан. ЗХУ Аргентинаас худалдан авч байсан улаан буудай, үхрийн мах зэргийг Фюрерийн фермд үйлдвэрлэж байсан гэвэл би гайхахгүй. Гэвч энэ бол зүгээр л таамаглал юм. 1950-аад онд Холбооны аюулгүйн албанд байцаагдаж байсан хүмүүс Гитлерийг хөгжим, ном сонирхдог, улс төрөөс хол хөндий байсан гэж дүрсэлсэн байдаг.

– Энэ чинь таны таамаглалыг будилуулаад байгаа юм биш үү. Гитлер өөрийнхөө үзэл санаанд үнэнч байсан. Фюрер амьд үлдэж, Берлинээс авчирсан алтаараа дөрөвдүгээр Рейхийг байгуулах гэж оролдолгүй, тэтгэврийн хөгшний тайван амьдралаар амьдарсан гэхэд л эргэлзээтэй л байгаа юм даа?

– Түүнд тансаг амьдрал цогцлуулах мөнгө хангалттай байсан. Гэвч Германд хувьсгалыг зохион байгуулахад хүрэлцэхгүй байсан юм. Гитлер Барилочегийн иргэдийн анхаарлыг шууд татсан. Энэ тосгонд машин гэж байхгүй байсан. Гэнэт мотоцикл, морьтой зэвсэглэсэн хүмүүсээр хамгаалуулсан автомашин яваад эхэлсэн. XIX зуунд Аргентины Патагонид олон герман амьдарч байсан. Тэдэн дундаас Гитлерийг олно гэдэг бухал өвснөөс зүү олохтой адил байсан. Өндөр тушаалын нацистууд Ватиканы хорват лам нараас хуурамч паспорт авч, Аргентинд ирээд түүнийгээ өөр нэртэй Дүрвэгчийн үнэмлэх болгодог байсан. Дараа нь Аргентины иргэн болж, мөн л өөр нэрээр паспорт авдаг байсан юм. Тэнд тодорхой хүнийг хайж олно гэдэг бараг боломжгүй байсан.

– Та архиваас өөр ямар баримт олсон бэ?

– Би дараагийн номдоо эдгээр баримтуудыг дэлгэнэ. Эдгээр нь хүмүүсийг шоконд оруулах вий. Нацистын эрдэмтэн Рихтер 1952 он хүртэл Уэмуэль арлын лабораторид цөмийн зэвсгийн судалгаа шинжилгээг идэвхтэй хийсэн. Энэ судалгаа Аргентины дарангуйлагч Перонд өөрийн гэсэн цөмийн бөмбөгтэй болох боломж олгосон. Энэхүү үнэтэй төслийг гагцхүү Адольф Гитлерийн мөнгөөр санхүүжүүлсэн байх магадлал маш өндөр байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button