Шпигель сэтгүүл худлаа мэдээлэв үү?

гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатартай уулзан уг асуудлын талаар тодрууллаа.

-Ерөнхийлөгчийг ашигт малтмалын лиценз худалдах гэж байгаа мэтээр Германы Шпигель сэтгүүлд бичжээ. Та Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд энэ талаар ямар зүйлийг хэлэх вэ?

-Юуны өмнө ХБНГУ-ын Шпигель сэтгүүлд огт ор үндэсгүй ийм мэдээлэл хэвлэгдсэнд туйлын харамсаж байна. Ганц хоёр сонинд Германы Шпигель сэтгүүл дээр гарсан нийтлэлийг орчуулж нийтэлсэн байна лээ. Бид энэ талаар тайлбар өгөхийг мэдэгдсэн албан бичгийг ГХЯ-руу явуулсан байгаа. Мөн манай иргэний хөдөлгөөний зармм хүмүүс энэ талаар тайлбар хүссэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ашигт малтамлын орд газруудыг хэрхэн ашиглах талаарх байр суурь тов тодорхой байгаа. Ерөнхийлөгч стратегийн ач холбогдолтой томоохон орд газруудыг ард түмниихээ мэдэлд ахиу өгөх нь зүйтэй гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа. Тэр ч байтугай өнөөгийн ашигт малтмалын хуулийг энэ байр сууринаас шүүмжилдэг. Гадныханд өгөх тухай яриа огт байхгүй байгааг та бүхэн бэлээхэн харж байгаа биз дээ. Төрийн мэдэлд байгаа уул уурхайн төслүүдээс олох орлогыг орлогыг Эрдэнэсийн сан-д төвлөрүүлж, нэг хэсгийг нь хүн бүрийн нэр дээр хадгаламжийн дэвтэр нээж, тэдэндээ жил жил хуваарилж байя, Эх орны хишиг гэж нэрлэж байгаа. Нөгөө хэсгийг нь улс орны хөгжилд зориулсан хөрөнгө оруулалтын хэлбэрээр үндэсний хөгжлийн цогц бодлогын дагуу зарцуулая гэсэн санааг дэвшүүлж буйг та бүхэн сайтар мэдэж байгаа. Ерөнхий¬лөгчийн дэвшүүлсэн санаачлага олон нийтийн дэмжлэгээр эхнээсээ ажил хэрэг болж, Монгол Улсын Засгийн газраас идэвхитэй ажил өрнүүлж байгаа шүү дээ.

Дахин хэлэхэд Шпигель сэтгүүлд бичсэн шиг ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Уг нийтлэлд ГХЯ, америкуудыг хамруулж бичсэн байна билээ. Тодруулгыг ГХЯ, АНУ-ын ЭСЯ-наас ч гэсэн авах нь нээлттэй. Манай иргэд, Монгол Улсын Төрийн тэргүүн, ГХЯ-ыг үндэслэлгүй зүйлд холбон бичсэнд эмзэглэж ХБНГУ, АНУ-ын ЭСЯ-наас тодруулга, тайлбар хүсэхэд тэд ойлгох байлгүй.

Ардын эрх сонин 58, 59 /590, 591/

С.Зул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button