Германы сэтгүүлд Ерөнхийлөгч Н.Энхбаярын талаар ноцтой баримт нийтэлжээ

ХБНГУ-ын Шпигель сэтгүүлийн 2007 оны нэгдүгээр сарын 8-ны дугаарт сэтгүүлч Манфрэд Эртелийн бичсэн Монголын тухай нийтлэлд … Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оролцуулсан нэр бүхий зургаан улстөрч томоохон нүүрсний орд газруудын олборлох эрхийг өөрсдийнх нь гээд АНУ-д 250 сая ам.доллараар борлуулахыг хүсч байгаа талаар Монгол Улсын Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан мэдээлсэн байна… гэжээ. Энэхүү мэдээллийн дагуу Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч дээрх нийтлэлийг бичсэн сэтгүүлчээс мэдээллийн үнэн бодитой эсэхийг лавлаж, Гадаад хэргийн яаманд ажилладаг мэдээлэл өгсөн гэх өндөр албан тушаалтныхаа нэрийг тодруулаач гэж хүссэн аж. Гэвч сэтгүүлч Манфрэд Эртел эх сурвалжийнхаа нууцыг задлахгүй, мэдээллийн үнэн бодитой эсэхэд эргэлзэх хэрэггүй гэсэн хариу ирүүлжээ.

Дэлхийд нэр нөлөө бүхий томоохон сэтгүүлд Монгол Улсын төрийн тэргүүн болон төрийн өндөр албан тушаалтнуудын талаар ноцтой мэдээлэл гарсан нь Монгол Улсын нэр хүндэд ихээхэн хохирол учруулна гэж Монголын ногоон нам, Иргэний зориг нам, болон Чөлөөт ахмадын холбооноос үзэж байгаа аж.

Тэд энэ асуудалд тайлбар хийхийг Ерөнхийлөгч Н.Энхбаяраас хүсч албан бичиг илгээжээ. Уг бичгийн хариуг энэ сарын 23-ны дотор бичгээр ирүүлэхийг шаардсан байна. Мөн дээрхтэй адил агуулгатай бичгийг Ерөнхий сайд М.Энхболд болон Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нарт илгээсэн аж. Хэрэв Ерөнхийлөгчийн нэрийг барьж, хэн нэг этгээд ташаа мэдээлэл өгсөн бол залруулга хийж, нэр төрөө сэргээлгэх талаар Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн яамнаас ХБНГУ-ын Шпигель сэтгүүлд хандах ёстой гэж тэд үзэж байгаа

юм. Манай улсын талаар гадаадын сонин хэвлэлд нийтлэгдсэн сөрөг, ташаа мэдээлэл үүгээр тогтохгүй гэдгийг Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч хэвлэлийн бага хурлын үеэр хэд хэдэн жишээгээр тайлбарлаж байв. Тухайлбал Монгол-Германы хамтарсан улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын сэдэвтэй Super Nomad сэтгүүл 2007 оны 02 дугаарын Улс төр булангийн гэрэл зургийн тайлбартаа УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн дарга Л.Гансүхийг Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан мэтээр тайлбарласан байна.

Ардын эрх сонин 58, 59 /590, 591/

Г. Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button