Улстөрчид хоол хайж байна, болгоомжтой байгаарай

Айвуу тайвуу өвлийн улирлын сүүлийг мушгиж, улс төр амь орох нь бололтой. УИХ-ын ээлжит хаврын чуулганыг угтуулан иргэний хөдөлгөөнүүд хэлд орж байна. Бүтэн өвлийн турш хэл чимээгүй байсан Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий тэргүүн Ж.Батзандан жагсаал хийх байгаараа Сүхбаатарын талбайг бус Их тэнгэрийн амыг сонгож буй гэнэ. Удтал бодсоны эцэст түүнд жагсаал хийх обьектоо өөрчлөх сэдэл төр¬сен бололтой. Энэ шийдвэрийг гаргахад нь өвлийн амралт нь дэм болсон гэж шууд хэлэх нь үнэнд нийцэхгүй байж болох ч Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийнхөнд улс төрийг Улаанбаатарын утаанаас холдуулж, цэнгэг агаарт гаргах санаачлага гаргаж буйд нь талархах хэрэгтэй болов уу. Тэгээд ч энэ санаачлагад нь бусад хөдөлгөөнүүд дэм үзүүлэхээс татгалзахгүй байгаа.

Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчид ингэж сэм шинэ хэлбэр сонгож байх зуур саарал ордон нам тайван байлаа. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо PR хийж, улс төрийн үйл явцыг өөр өөрийнхөө эрх ашгийн үүднээс тайлбарлаж, лекц унших үүрэг гүйцэтгэсэн болохоор тэр л дээ. Гэтэл энэ хооронд нь улс төрийн бус сэдвүүд улстөржиж, хадгаламж зээлийн хоршоо болоод Хадгаламжийн банкнаас мөнгө завшсан гэх Н.Чимэдцэрэнг сэжигтнээр татсан хэргийн чимээ үнэд оров. Үүнийг дагаад МАСЗХ гэх төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүд богино хугацаанд ллны танил болж чадсан од гэхч номинацид ялалт байгуулах хэмжээнд очлоо. Нэр хүндээ хамгаалах гэсэн Удирдах зөвлөлийнх нь 20 орчим гишүүн сэтгүүлчдийн эсрэг дайралт хийхийг хүссэн ч хүч нь хүрсэнгүй. Өөрсдийгөө Монгол Улсын ирээдүй хэмээн тодорхойлж буй тэдний үг гал дээр тос дусаах мэт асуудлыг өдөөж, Хадгаламжийн банкнаас мөнгө алдагдсан хэргийн шалтгааныг улам бүр улстөржүүлэв.

Улмаар Хадгаламж зээлийн хоршооны хохирогч гэх булган дээл өмсч, гарын арван хуруундаа алтан бөгж зүүгсэд өөрсдийгөө төрийн хуулийн золиос мэтээр тайлбарлан зарим нэг нь Засгийн газраас хохирлоо барагдуулж чадлаа. Тэд бол өнгөрөгч өвлийн ялагч нь байлаа. Харамсалтай нь, цалингийнхаа арван хувийг татвар нэрээр төрийн халаасанд тушаадаг шударга татвар төлөгчид жинхэнэ хохирогч нь болж хувирлаа. Ард түмэнд таалагдах гэсэн улстөрчдийн солиорол ингэж жирийн иргэдийг яллав. Чимээгүй хэрнээс чимээтэй байсан өвлийн улс төр ийнхүү сэдвээ олсонгүй. Хүн болгон хохирогчийн дүрд тоглож, улстөрч болгон ивээгчийн дүр бүтээх энэ жүжиглэл үнэхээр утгаа алдлаа.

Дээр нь Ардчилсан социалист залуучуудын холбооныхон гэм хийгээгүй, жаахан хүүхдийн дүр бүтээх гээд тусгай сургуулилт хийж буй бололтой. Сургуулилтын байр нь МАХН-ын хоёр давхарт, ерөнхий найруулагчаар нь Г.Занданшатар, дууны найруулагчаар нь Номин-талст-ын Хаянхярваа, хувцас загвар, тайзны зураачаар нь Ч.Содтуяа ажиллах гээд байгаа юм уу даа. Сайн ойлгохгүй л байна.

Харин энэ хооронд тойрог тойргийнхоо сонгогчдод таалагдах гэсэн насанд хүрсэн улстөрчид л жаахан амарч авав бололтой. Эрүүл агаар амьсгалсан шигээ хөдөө нутгаар холхисон гишүүд харин сүүлийн үед Би …ийм ажил хийсэн. Тийм буян үйлдлээ гэсэн хэвлэлийн мэдээ барьж, ийш тийшээ гүйж байна. Хаврын чуулган нээлтээ хийх гэж буй энэ үед тэд хэвлэл хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлжээ. Гэхдээ зөвхөн өөрийнхөө төлөө мэдээллийг бусдад хүргэхийн тулд… Ийнхүү иргэний үнэмлэхээ гардаж амжаагүй улстөрчид эзэнгүй орон зайд тоглолт хийсэн өвлийн амралт дуусгавар боллоо.

Дээр нь иргэний хөдөлгөөнүүд Иргэний хүчнүүдийн холбоо гэгчийг байгуулж мэдэхээр байна. Улс төрийн хаврын чуулган ийнхүү эхэлж буй бололтой. Ирэх оны парламентын сонгуулийг угтаж хөдлөх энэ доргилтын ялагч нь хэн байх бол. Тэртээ тэргүй ард түмэн ялагч нь байж чадахгүй нь ойлгомжтой юм чинь хохирол багатай туулах юмсан. Ард түмний итгэл найдвар, хүсэл мөрөөдөл хэмээх нэмэлт тэжээлийн эрэлд гарсан нас насны улстөрчид амаа ангайж, ходоодоо ажиллуулаад хоол хайж байна, цаана чинь, болгоомжтой байгаарай.

Ардын эрх сонин 58, 59 /590, 591/

Г. Отгонжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button