Хог ч цухуйлаа, дээрэм ч гаарлаа

Нийслэлийн баруун хойд хэсэгт орших Баянхошууныхны амьдрал бусдаас дэндүү баргар юм шиг. Бүрий болуут л бүсгүйчүүд бие биенээ бараадан харанхуй дунд тэмтчинэ. Лаг хар шавар, овоолгоотой хог дээгүүр гишгэхээ юман чинээ бодохгүй. Гагцхүү хашааны буланд отоод зогсч байдаг дээрэмчний гарт өртчихгүйг л хичээнэ. Бүсгүйчүүдийг гол төлөв анаж сурсан тэр дээрэмчин хүмүүсийн ярихаар олуулаа биш, орь ганцаараа явдаг гэж байгаа. Дээрмээ тэр ихэвчлэн үдшийн 21.00 цагаас хойш үйлддэг. Үйлдэж буй газар нь ч тодорхой. Тодруулбал, Баянхошууны ҮIII хорооноос урагш зурайх нарийн гудамжинд эл хэрэг болдог байна. Саяхан тус хорооны иргэн Ц нарийн гудамж руу өгсч явахдаа дээрэмдүүлжээ. Араас нь нэг хүн алхсаар ирж. Хаашаа явж байгаа юм гэж асуухаар нь Энүүхэнд гэж хариулж. Хариултыг далимдуулан өнөөх залуу цүнхийг нь булаан хар хурдаараа гүйжээ. Дэмий л араас нь Өмхий хар дээрэмчин гэж хашгирсан ч Айгаад дуу минь гарахгүй байсан гэж санаа алдсан юм.

Эл хэрэг болсноос ердөө хоёрхон хоногийн дараа бас нэгэн охин дээрэмдүүлэх шахжээ. Түүний хэлснээр дээрэмдэхийг завдсан хүн нь 30 гаруй насны, хар бараан куртиктэй, нэг метр 60 см орчим нуруутай. Тэрээр нарийн гудамны баруун өнцгөөс гарч иржээ. Дээрх хэрэг үйлдэгдсэн газар л даа. Цүнхийг нь булаахыг завдахад тэрээр цээжиндээ тэвэрсээр үзэж таржээ. Бараг 10-аад минут шахуу ноцолдсон болов уу гэж тэрээр хэлсэн. Энэ үед зүүн талаас хоёр эрэгтэй гарч ирснээр өнөөх дээрэмчин охиныг орхиод зугтаажээ. Ийм хэрэг болоод байна гэдгийг иргэд хорооны даргадаа хэлдэг. Цагдаагийнхныг энэ зурвас газарт эргүүл хийж өгөөч гэж гуйж байсан ч харамсалтай нь тэдний үгийг авалгүй өдий хүрчээ. Аргаа барахдаа хорооны иргэд Арай энэ хулгайч, дээрэмчид чинь цагдаагийнхантай сүлбэлдчихсэн юм биш байгаа даа гэж сэрдэж байхав дээ. Иргэд одоо эрх баригчдаас Амьд явах баталгаа алга. Цагдаа хүчнийхэнийг энэ газарт ажиллуулаач гэж гуйж байна. Бас харанхуй бөглүү газарт гэрэл тавьж гэгээтэй болгож өгөхийг хүслээ.

Түүнээс энд хог, новш дэндлээ. Түүхий нүүрс түлж байгаагаас амьсгал боогдож үхлээ гэж бачимдсангүй. Гагцхүү амьд явах баталгааг хүсч байна.

Үнэндээ бол энэ хорооны хог шороо/ шавар балчигийг бичнэ гэвэл барагдахгүй. Уугуул нутгийн суугуул иргэдийн яриагаар энэ хорооны хог социализмын үед л танагтай байжээ. Зах зээл эхэлсэн тэр үеэс хогондоо даруулсаар одоо бүр дөжирсөн. Мөнгөгүйчүүд нь хогоо шуудайд хийн гудамжиндаа гаргаж асгасаар бараг 10 гаруй жилийн нүүр үзэж буй. Хог хашаанаас минь зайлж байвал боллоо гэсэн ойлголт тархинд нь эргэлдэхээс биш эрүүл ахуй, орчинг ер бодолцохоо больсон.

Дээр нь газар олголт замбараагүй болсноос гал гарахад хуйгаараа шатах нөхцөл бүрдсэн байна. Тус хорооны иргэн Б.Цэенгийн өгүүлснээр Наад зах нь галын аюул нүүрлэхэд унтраах машин хаагуур орж ирэх вэ. Айлын хашааг эвдэхээс нааш машин явах замгүй болтол хашаа хатган бөөр бөөрөө нийлүүлэн амьдрах болсон, газар төлөвлөлтийг цэгцлэхгүй бол ирээдүйд учирч мэдэх гэнэтийн аюулд манай хорооныхон бэлэн бус байна гэж тэрээр учирласан юм.

Ардын эрх сонин 58, 59 /590, 591/

Г.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button