Монгол Улсын хэмжээнд 3.2 сая мал төллөжээ

Монгол орны өнцөг булан бүрт төлийн дуу цангинаж байна. Цаг агаар ч бас таатай байгаа мэдээ дуулдлаа. Гэхдээ Ус цаг уурын хүрээлэнгээс Хүнс, хөдөө аж ахуйн яаманд ирүүлсэн мэдээгээр ирэх дөрөвдүгээр сард цаг агаар таагүй байх нь. Энэ тухай Хүнс, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн хэлтсийн дарга П.Ганхуягаас тодрууллаа.

-Юуны өмнө орон нутагт хаваржилт ямар байна вэ гэдгийг асуух байна?

-Хаваржилт гайгүй байна. Манай орны нийт нутгийн 60 гаруй хувь цасан бүрхүүлтэй. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн урд талын долоон сум, Увс аймгийн зүүн хойд талын таван сум, Ховд аймгийн урд талын гурван сум, Архангай, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн хойд талын хэд хэдэн суманд цастай байгаа мэдээ ирсэн. Цасны зузаан 10-25 см байна. Хуурайштал салхилчихгүй бол чийг газрын хөрсөнд шингэн шар тос болох учиртай. Гэвч гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр цаг агаар муудан огцом хүйтрэх мэдээ ирсэн. Цасаар ч шуурна. Иймд малчдыг хаварт бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж сануулмаар байна даа.

-Аймгуудаас тодорхой хүсэлт ирж байна уу. Тухайлбал, говийн аймгуудаас өвений гарц муу байсан учраас тэжээл хэрэгтэй гэх ч юм уу?

-Одоогоор манайд мал хаваржилтын байдалтай холбогдуулсан тодорхой хүсэлт, санал орон нутгаас ирээгүй л байна.

-Одоогийн байдлаар хэчнээн толгой мал төллөөд байна вэ?

-3.2 сая толгой мал төллөсөн мэдээ манайд ирээд байгаа. Урьдчилсан тооцоогоор энэ жил 11.6 сая төл бойжуулна.

Ардын эрх сонин 58, 59 /590, 591/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button