Гууль болсон хууль, гурав хоног үйлчилдэг

Үүнийг нь нийгэм хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч эд хөрөнгөтэй, албан тушаалтны ар гэр тусгай хангамжтай байдаггүй.

Монголын хууль гурван хоног үйлчилдэг гэж гадныхан ёжилж суухад, Их хурлын гишүүд нь амьдралд хэрэгжихгүй хууль батлан иргэдийнхээ тэвчээрийг бардаг. Тиймээс ч хууль гууль болсон гэгдсээр удав. Нөхцөл байдал иймэрхүү байхад Их хурлын ги¬шүүд нь бусад орны туршлага судална хэмээн төсвийн мөнгө үрж сэлгүүцнэ дээ, Харин сэлгүүцсэнийхээ үр дүнг хэрхэн гаргасныг шалгавал хэцүүхэн дүр зураг харагддаг нь гэм биш зан. Тиймдээ ч тэдний судалсан туршлага бодит амьдралд хэрэгжихдээ муу. Хэрэг болгоод авахаар туршлагынх нь хаагуур нүд аниад өнгөрсөн юм бол доо гэж бодогдохоор. Тэгсэн хэрнээ сонгууль дөхөхөөр нийгмийн хамгааллаар хөөцөлдөж баахан хууль бөөнддөг. Манай төр засгийн томчууд хий ярьж суухад, гадныхан аль хэдийн амьдралын хөрсөнд буухаар хууль батлан, хэрэгжүүлж сууна.

Жишээ нь манай түшээдийн ярихаас хэтэрдэггүй халамжийн тогтолцоог Шведэд шийдэхдээ 100-аас дээш настай хөгшдийн асрамжийн газар тусгайлан нээсэн. Энэ ас¬рамжийн газар халамжлуулдаг хөгшидтэй, үр хүүхэд нь дуртай үедээ уулздаг. Тэдэнд зориулагдах хөрөнгийг нь төсвөөс ямарч хүндрэлгүй гаргадаг гэнэ. Харин Монголд асрамжийн газар зөвхөн ядуу иргэд амьдардаг гэж үздэг. Тэр ч бодлоор хүүхэд, залуу, хөгшин гэж ялгахгүй цэрэг адил нэг дор бөөнөөр нь байрлуулдаг аж

Мэдээж мөнгө хөрөнгө байхгүй, идэх, өмсөх хомс тэд, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд амьдардаг. Тиймээс асрамжийн газрын цагаан хэрэгслээс эх¬лээд бусдын өмч гэж болох бүхнийг хулгайлж хэцүүхэн орчинд амьдардаг нь үнэн. Гэтэл Шведэд асрамжийн газар нь энгийн иргэдийн аав, ээжээс эхлээд хотын даргын эмээ, өвөө нь хүртэл амьдардаг. Үүнийг нь нийгэм хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч эд хөрөнгөтэй, албан тушаалтны ар гэр тусгай хангамжтай байдаггүй. Гэтэл Монголын төр засгаас сүүлийн хэдэн жил дараалан хүүхэд, хөгшдийн асрамжийн газар байгуулна. Залууст зориулсан хөдөлмөрийн төв нээж ажлын амтыг мэдрүүлж, амьдралыг нь өөд татна гэж ярьж, бичсээр улигдомог болсон.

Мөн Монголд хар тамхи хэрэглэгч залуусыг ад шоо үзэж, нүд үзүүрлэсээр буруу зуршилд уруу татдаг. Гэтэл Шведэд хар тамхи хэрэглэгч залуусын тусгай төв нээж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн эмч нар, хүн нэг бүртэй тулж ажиллан нийгэмшүүлдэг. Эмчилгээний үр дүнд тухайн хүн бага багаар буруу зуршлаас салж, огт хэрэглэхээ больсон үөд нь ажилд оруулдаг. Харин ажилд зуучлан оруулахдаа хар тамхичин байсныг нь огт дурсдаггүй. Хамт олон нь ч цоо шинэ хүн хүлээн авдаг байна. Үүгээр зогсохгүй залуусын байрладаг газар очихыг хүссэн гадныхны хүсэлтийг биелүүлдэг ч хэзээ ч тэдэнтэй уулзуулдаггүй. Зөвхөн эмчлэгч эмч нартай нь уулзуулдаг аж. Энэ нь хүний эрхийг дээдэлдэгтэй холбоотой гэнэ. Харин манай улсад бол буруу зүйл хийсэн бол энэ хүнийг олон нийтэд харуулах ёстой гэсэн шиг тал талаас зургийг нь авч орон даяар цацан хүний эрхэд халддаг. Ингэснээр нөгөө дээдлэн сахидаг Үндсэн хууль нь зөрчигдөж, буруу хуулийн гажиг сэтгэхүй ужгирах үндэс болдог аж.

(Нийгмийн толь 069/161)

А.ИРМҮҮН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button