Ц.Батбаяр Баримтаа дэлгэ, эсвэл Авлигатай тэмцэх газартаа өг

Дурангийн мөрөөр хотын даргатай уулзаж, тодорхой хариулт авлаа.

-Хотын захирагч 40 мянган айлын орон сууц барих газрын зөвшөөрөл өгөхгүй байгаагаас ажил удааширсан гэх мэдээлэл гарчээ. Зөвшөөрөл өгөхгүй байгаа шалтгаантань нь юу вэ?

-Өнөөдөр 40 мянган айлын орон сууцны газрын асуудал шийдэгдээгүй гэж яриад байгаа нь цуурхал. Эхлээд төлөвлөлтөө хийж байж дараа нь газраа олгох ёстой. Тэрнээс биш газраа өгчихөөд төлөвлөлт хийнэ гэсэн ойлголт байж болохгүй биз дээ. Миний хуөьд энэ газарт ийм барилга барина гэсэн маш нарийн төлөвлөлтийг л шаардсан. Өөрөөр хэлбэл газраа өгөөд Батбаяр та энэ газар ийм барилга барь, Болормаа та энд барилга барь гэх юм бол өөр, өөр загвартай, стандартын шаардлага, хангах, хангахгүй барилгууд баригдана шүү дээ. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй гэдэг бодлого баримталснаас бус газар олгохгүй гэдэг асуудал тавиагүй. Барилга, хот байгуулалтын яамны зарим ажилтан энэ чиглэлээр өөрсдийн эрх ашгийн хувьд гэх юм уу, ямар бодол санаатай ийм зүйл хэлсэн юм бэ, хэвлэлээр иймэрхүү мушгисан мэдээ, мэдээлэл гарсан байна лээ.

-Тэгвэл 40 мянган айлын орон сууцны барилга хаана баригдах вэ?

Нисэхийн цагаан хаалганы орчим арван мянган айлын орон сууц барих ажлыг ирэх сарын дундуур эхлүүлнэ. Яармагийн хороололд 25 мянган айлын орон сууц баригдаж эхлэхээс эхний ээлжинд 4500-г, Баянголын аманд 35 мянган айлын орон сууц баригдахаас найман мянга орчмыг барина. Ногоон зоорь орчимд 1800 айлын орон сууц барихаар бодлого хэрэгжүүлж эхэлсэн.

-Хот гэдэг Засгийн газрын тухай иргэд ярих болсон нь таны чихээр орсон байлгүй. Саарал ордон руу хүмүүсийн анхаарал хандаж байхад газрын далд наймаа, булхай, луйвар хотод цэцэглэж байна гэдэгт та ямар хариу өгөх бол. Мөн хотын удирдлагууд дээрээсээ эхлэн доод тушаалтан хүртэл гарын үсэг нь зохих үнэлгээтэй. Газрын зөвшөөрөл хөөцөлдсөн жирийн иргэд энэ шат дамжлагуудаар ордог гэлцэх юм?

-ёстой, юу гэмээр юм бэ дээ. Үнэнээ л хэлье, энэ ажлыг аваад жил хагасын хугацаа өнгөрөхөд, миний зүгээс иймэрхүү асуудал гараагүй. Үүнийг би хаа ч, хэний ч өмнө батална.

-Тэгвэл таны удирдлагад байгаа хүмүүс ийм зүйл хийсэн юм боловуу?

-Би ажилтнууддаа итгэж байна. Энэ бол цуурхал. Үгүй тэгээд үнэхээр тийм зүйл байвал гаргаад ир л дээ. (бухимдав) Би чамд төдөн төгрөг өгсөн, чи авсан гээд л гаргаад ир. Цаана чинь авлигын эсрэг том байгууллага байна. Түүнд өгсөн ч болно.

-Иймэрхүү яриа яагаад гарах болов гэдгийг бодож үзэв үү?

-Бүү мэд, үнэхээр хэлж мэдэхгүй нь. Тийм л юм бол гаргаад тавьчих хэрэгтэй шүү дээ. Тэгвэл аяндаа цэгцэрнэ. Хоёрдугаарт би энэ ажлыг аваад нэг ч хүнд газар олгоогүй, 2005 оны арван сараас хойш. Миний хийж буй ажил бол нэр солих. Тухайлбал Батбаяраас өөрг чинь ч гэдэг юм уу, газрын шилжүүлэг байдаг шүү дээ. Үүнийг цэгцэлж, хийж байна. Нөгөө талаас иргэд үйлчилгээний барилга бариад зориулалтыг нь өөрчлөн орон сууц болгон томсгохоор зөвшөөрөл хүссэн тохиолдолд олгож байгаа. Мөн газар эзэмших эрхийн хугацаа нь дууссан тохиолдолд сунгаж өгдөг.

-Манай сониноос таныг дурандсан нэг асуудал бол хүүхдийн тоглоомын талбайд баригдсан гараашийн асуудал. Тохиромжгүй газар гарааш барьснаас хөгшид гадаа нарлаж суух сандал, хүүхэд багачууд тоглоомын талбайгүй болсон нь нийгэмд үүсээд буй бухимдлын нэг хэсэг гэдэгтэй та санал нийлэх үү. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?

-Тэгж ярих юм бол намайг ажил авснаас хойш хүүхдийн тоглоомын талбай дээр нэг ч гарааш баригдаагүй. Харин ч аль болох хүүхдийн тоглоомын талбай дээр гарааш барихаар өмнө нь олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгож байна. Мөн хяналт, шалгалтын ажил эхлүүлсэн. Сая Ерөнхий сайд дүүргүүдэд ажиллахдаа дээрх чиглэлд шалгалт хийж, боломжгүй заримынх нь зөвшөөрлийг хүчингүй болго гэсэн шийдвэр өгсний дагуу манайхаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

-Ерөнхий сайд М.Энхболд хотын дарга байхдаа тэдгээр газарт зөвшөөрөл өгсөн бус уу. Тэгээд хү¬чингүй болгох шийдвэр өглөө гэж үү?

-Ерөнхий сайд өөрөө надад Миний гаргасан зөв¬шөөрлийг хүчингүй болгож болохгүй гэж чамд хэлэхгүй гэсэн. Тэр үед болно гээд л захирамж гаргасан юм билээ. Захирамжийг ганц хотын захирагч бус маш олон мэргэжлийн байгууллага, техникийн комисс, газрын албаны зөвлөл, мэргэжлийн комисс хэлэлцэж, шийддэг. Би ч энэ зарчмаас хазайгаагүй. Тэрнээс биш юуны ч туханд хүрэлгүй за би гарын үсэг зурлаа гэж гүйдэг хүн би биш. Тэрийг манайхан ер ойлгодоггүй. Ойлгохыг ч хүсдэггүй юм шигээ.

-Бидний ярьж хэвшсэнээр 32-ын тойргийн замыг хотын төвтэй холбосон нь сайшаалтай. Ха¬рин замын хоёр тал болон Гандангийн дэнжид орчин үеийн хороолол бариасай гэж иргэд хүсч байдаг. Энэ талаар та юу бодож, болгоож суудаг вэ?

-32-ын тойргийн гэж нэрлэгддэг замын дагуу ерөнхий төлөвлөгөө хийгээд барагдууссан. Энэ хавьд ор¬чин үеийн хороолол барина. Тодруулбал түүний гуравны нэг нь цэцэрлэгт хүрээлэн болох зураг гарсан.

-Энэ ажил хэзээ эхлэх вэ?

-Манай ерөнхий архитектурынхан энэ чиглэлд туршлага судалж, санал солилцохоор Солонгос руу явсан. Ирэх сарын сүүлчээр ирнэ. 2008 оноос тодорхой ажил хийнэ. Гандангийн дэнжид ерөнхий төлөвлөгөө хийгээд айлуудад нь өгсөн. Харамсалтай нь тэд зөвшөөрдөггүй, бид хүчээр хийж болдоггүйгээс хугацаа алдаж байна.

-Шинэ цагийн Аман хуур-ын эзэдтэй зөвшилцөх талаар юу сэдэв?

-Иргэдтэй нэг бүрчлэн уулзаж байгаа. Бид зураг төсөл хийхдээ Гандан хийдийн үндэсний онцлогт тохируулсан. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарч байна. 32-ын тойргийн зам дээр ч дээрхтэи адил асуудлаар ажил удааширч, хүчээр нүүлгэхэд хүрсэн. Энэ чиглэлд хууль эрх зүйн өөрчлөлт орох ёстой юм билээ.

-Авто замын асуудлаар та манай сонины дуранд байнга залардаг. Үүнд ямар хариу өгөх вэ. Замын дундах цэцэрлэгийн хатаж, хорчийсон модыг авч хаяад замаа өргөсгөж болох уу?

-Үүнийг хийж эхэлсэн. Хоёрын хооронд ургаж бай¬гаа ч биш, үгүй ч биш модуудыг авч хаяад замаа өргөсгөж, гэрэлтүүлэг тавьж байгаа. Өнгөрсөн җил гэхэд л III хорооллын замыг тохижуулсан. Энэ жилээс нэг мод тарьвал мянган төгрөг өгөх болзлыг иргэдийн дунд зарлаж, ажил эхлүүлнэ.

-Гэрлэн самбар гэснээс нийслэлийг гутаасан эрээвэр, хураавар самбарыг авч хаях уу. Хэн ч ойлгохгүй харь хэлээр бичсэн хаягийг цэгцэлж буй нь сайшаалтай ч цаашид ямар шалгуур тавих вэ?

-Хаягжилт, реклам хо¬тын нүүр царай гэдэг нь маргашгүй үнэн. Харь хэ¬лээр хаяг тавих асуудлыг хориглосон шийдвэр гаргаж, буулгаж эхэлсэн. Хаяг, рекламд стандарт тогтоож байгаа.

-Хотын ногоон байгууламж муу. Залуу хосууд болзох, зугаалах цэцэрлэгг хүрээлэн байхгүйг шүүмжилж, үг дайсныг танд дуулгая?

-Үүнийг анзаарсан. Хот байгуулалтын хүрээлэн, ШУА-тай хамтран 20 гаруй цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл боловсруулсан. Энэ жилээс хийнэ.

-Хэдийнээс?

-Одоо хаврын тохижилтын ажлаас эхэлнэ. Та манай газар зохион байгуу¬лалтын төлөвлөгөөг үзвэл тэнд бүгд байгаа.

-Үзэг нэгт нөхдийн маань Хотын дарга аа, хогийн саваа дамжлан хогоо цэвэрлэе гэсэн мессежийг та яаж хүлээж авав. Хогийн савыг төмөр цуглуулагчид аль хэдийн ченжүүдэд тушаачихсан шүү дээ, хогийн асуудлыг цаашид яах вэ?

-Нийслэлийн хогийн асуудлаар Японы Жайка байгууллагатай хамтарч төсөл хэрэгжүүлсэн. Үр дүн гарч байгаа. Өнгөрсөн онд нэг хороонд 3-4 хог ачих машин үйлчилдэг байсан бол одоо хоёр хорооны дунд нэг машин үйлчилдэг. Хотоос 450 сая төгрөг гарган 30 машин оруулж ирсэн. Энд тэндгүй хийсдэг хог багассан гэж бодож байгаа шүү, би. Мөн дүүргүүдийн Засаг дарга нарын мэдэлд хогийн санг байгуулж, хог худалдаж авч байгаа. Хэдэн машин хог ирнэ тэр бүхнийг худалдаж авдаг. Өнгөрсөн оид шинээр 300 гаруй хогийн сав нэмж тавьсан. Нийслэлд 3000 хогийн сав хэрэгтэй гэсэн тооцоо бий. Үүнийг жил тутам төсөвт суулган зохицуулдаг.

-Дэлхийн хотууд хогноос аль эрт салсан. Гэтэл бид л хогтой зууралдаад байгаа юм биш үү?

-Хош, үүн дээр нэг зүйл хэлэхгүй бол болохгүй нь. Хог хотын ажил гэж ойлгож болохгүй. Иргэний өөрийн ажил. Ер нь хогийг хэн гаргадаг юм бэ, иргэд гаргадаг биз дээ. Тэгээд цэвэрлэх асуудал ярихаар ганцхан хотын алба үүрэг хүлээж болохгүй. Харилцан үүрэг хүлээх хуультай. Иргэдийн ухамсарт өөрчлөлт оруулах ёстой. Тэгэхгүй бол нэг талаас бид зүтгээд нэмэргүй. Үүний тулд та хүүхэддээ идсэн чихрийнхээ цаасыг хогийн саванд хий гэж хэлдэг байх. Хоёрдугаарт нь хогийн мөнгөө төлөх учиртай. Өнөөдөр орон суучныхны 80 хувь, гэр хорооллынхны 15 хувь нь л мөнгөө төлдөг.

-Хогийн цэгүүд зохих журмын дагуу ажиллаж байгаа юу. Цагаан даваанд булж, дарсан хогийг онгичоод хаячихсан дуулдах юм?

-Зохих журмын дагуу ажиллаж байгаа. Үүнийг ярьж байхаар очоод үзээсэй.

-Агаарын бохирдлын асуудлаар иргэд Үхэж барагдахыг минь үзэх гээгүй бол үгээ хэлээч, хотын дарга аа хэмээсэн үг дайсныг танд дуулгая. Энэ асуудлаар та манай дуранд хэсэгтээл саатсан шүү дээ?

-Хүн болгон агаарын бохирдлын тухай ярьдаг болчихсон шүү дээ. Би тэдэнтэй зэрэгцэж яриад яах юм бэ. Агаарын бохирдлыг яаж бууруулах талаар би мастер төлөвлөгөө хийж байгаа. Хэн нь ч ирээд үзсэн болно. Бусадтай адилхан агаарын бохирдол гэж хашгираад л өөрийгөө рекламдахыг хүсдэггүй л дээ. Тэрнээс биш энэ асуудал миний толгойны өвчин.

-Хуучирч муудсан орон сууцуудыг яах вэ?

-Дахин төлөвлөлтөд оруулна. Эхлээд хотын төвийн зарим барилгыг буулгах ёстой. Энд орон сууц бариад иргэдийг шилжүүлэх замаар байр чөлөөлөх тө¬лөвлөгөө хийгдээд дуусах шатандаа орсон.

-Гэр хорооллын хаягжилт замбараагүйгээс түргэн тусламж, гал унтраах машин очихгүй, ир¬гэд тусламж авч чадалгүй хохирч байгааг яаж зохицуулах вэ?

-Энэ жилээс дээрх ажлыг ёс журмын дагуу хийнэ. Үүнд манай барилга хот байгуулалтыи хүрээлэнгийн газрын хажууд хаягжуулалтын үйлдвэр оруулж ирж байгаа. Стандартын дагуу хаяг үйлдвэрлэж байршуулна. Ямар болохыг нь намар хараарай.

-Машин явахгүй өдөртэй болно гэх мэдээлэл гарчээ. Хотын нэг захаас нөгөө нь үзэгдэхгүй болж, хаяагаа тэлсэн үед ийм шийдвэр гарсан нь иргэдийг бухимдууллаа?

-Дэлхийн олон оронд сондгой, тэгш тоотой дугаартай машин явах хуваарьт өдрүүд бий. Үүнийг нэвтрүүлж болох юм. Огт машин явахгүй байна гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Бүтэхгүй асуудал гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

-Дэлхийн олон хотоор аялаа биз, тэднээс туршлага судалдаг уу?

-Тэгэлгүй яах вэ, байнга л ажиглаж, харж явдаг. Наад зах нь хогийн саваа яаж байрлуулж вэ, гэрлэн дохио, реклам чимэглэлээ яаж тавьж вэ гээд…

-Өмнө нь та Багахангай дүүргийн Засаг даргын алба хашиж байсан. Хотын дарга болсноор ачаа хүндэрсэн үү?

-Намайг нэг хүн наашаа ажил хүлээлцэхээр ирж байхад За Батбаяр аа, миний дүүгийн ажил 250 дахин нэмэгдсэн шүү гэж хэлсэн. Үнэхээр ажлын ачааллын хувьд нэмэгдсэн.

-Таныг ажил хүлээлцэж байхад Багахангайг хөлдөөчихөөд хотын дарга боллоо гэх шүүмжлэл гарч, энэ албанд тохирохгүй гэцгээж байсныг та яаж хүлээж

авсан бэ?

-Би үүнд хариу болгож ганц үг л хэлсэн. Хараарай, би яаж ажиллахаа харуулна гэж… Багахангайг хөлдөөсөн гэж ярьцгаадаг ч надаас болсон зүйл байхгүй ээ. Гурван удаа хөлдсөн нь алслагдсан дүүрэгт цахилгааны саатал гарч 12 цаг тог тасарч бүх юм ажиллагаагүй болсон. Тэр үед өдөр шөнөгүй л явж байсан. Би өөрөөсөө булзуулж буй ч юм биш. Оросууд орхиод явсан буурь дээр Багахангайг байгуулсан. Оросууд мазутаар 110 градус хүртэл халааж байсан байруудыг бид тэр хэмжээнд нь байлгахад хүндрэл үүссэн. Багахангайн асуудал одоо ч хүнд.

-Тэр үед таныг нөөцийн мах бэлтгэхээр дөрвөн сая төгрөг улсаас аваад хоёр саяыг нь төлсөн гэх яриа ч гарч байсан?

-Би юу гэж тэр махны үйлдвэрийн асуудалд оролцох юм бэ. Хэрвээ тийм бол би юу гэж энд сууж байх юм.

-Таныг хотын дарга болоход сэтгүүл зүй шүүмжлэлээр угтсан. Харин та сэтгүүл зүйг яаж хүлээж авав. Ер нь хотын мэр болоход та бусдаасаа юугаараа илүү байв?

-Хүн юу гэж ярих нь хамаагүй, би ажлаараа харуулна гэж л бодсон. Энэ ажилд ирэхийн тулд би анхан шатны хорооноос нь эхлээд бүх шат дамжлагад нь ажилласан. Ганцхан хийж үзээгүй ажил бол эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын алба л хашаагүй. Би НИТХ-д дөрвөн удаа сонгогдон ажилласан. Би хангалттай бэлтгэгдсэн, энд ирээд ажиллахад бэрхшээл учраагүй.

-Хамгийн сүүлд таны тухай хотын дарга ажлаа хийхээ больж, гадагшаа айлчлал дагадаг болсон гэх шүүмж гарчээ. Энэ тухай?

-Хотын дарга дуртай үедээ гадагшаа явдаг юм биш. Арван хоёрдугаар сард Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахад хамт явсан. Энэ бол Москва, Улаанбаатар хотын хамтын ажиллагааны хүрээнд явсан. Сая Ерөнхийлөгчийг дагалдан Япон, Франц яваад ирсэн. Францад агаарын бохирдлыг бууруулахад зориулах 1.4 сая еврогийн зээлийн хүрээнд ажлаа л хийж явсан, Хотын махны хангамжийг сайжруулах талаар Францтай хамтарч ажиллахаар санал солилцсон. Японд 2020 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу гэрээ, хэлцэл байгуулахаар очоод ирсэн. Манайханд Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг байдаг. Тэгвэл би тэр шугамаар яваад ирлээ. Ер нь гадагшаа явахад ажлын ачаалал ихтэйгээс маш их ядардаг. Хүмүүс л нэг их сайхан юм шиг бодоцгоох юм.

-Ойрын жишээ авахад 2010 онд хот ямар болох вэ?

-Ямар ч байсан Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол байхгүй болно. Авто замд эргэлт гарч хурдны болон давхар замууд бий болж, гэрлэн дохионы камерийн системд шилжинэ. Нийтдээ 30 гаруй мянган айл орон сууцанд орчихсон байна даа.

-Улс төрчидтэй хэр ойр байдаг вэ. Таныг Еренхий сайдын фракцийн хүн гэлцдэг?

-Бүх улс төрчийг танина. Бас гайгүй ч харилцаатай. Өөрийгөө магтахад би ямар ч хүний эвийг олж, хэнтэй ч гайгүй харилцчихдаг. М.Энхболдын хүн гэлцэх болсны учир нь 1990 онд эль намд орох вэ гэж залуус сонголтоо хийж байхад би 27 настай цэрэг байлаа. Цэрэгт байхдаа энэ намд элсч, хожим түүгээрээ явсан. Энэ үеэс л бид намын амьдралаар холбогдсон.

-Нийслэлчүүд болон Монголын ард түмэнд хандаж та юу хэлэх вэ?

– Засгийн газраас 2007 оныг Монгол Улсад их бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, Улаан¬баатар хотод ажлын байр нэмэгдүүлж, дэд бүтэц хөгжүүлэх жилээр зарласан. Үүнийг хэрэгжүүлэхэд монголчууд бид хамт оролцож, хөдөлмөрлөж байж амжилтад хүрнэ. Ганцхан төр захиргааны байгууллага, хувь хүн хийх ажил бус. Энэ бол хамтын бүтээл юм шүү. Бүгдээрээ хамтран нийслэлийнхээ хөгжил, бүтээн байгуулалтын төлөө зүтгэе. Бүү залхуураарай. Ашгийн төлөө явж байхад хүн дандаа сайн, сайхныг бодож явах ёстой. Тэгвэл амьдрал, ахуй аяндаа бүтнэ. Хүн муу санасан ч өршөө, уучил, дараа нь тэр хүн чамайг ойлгоно.

(Нийгмийн толь 069/161)

Ч.Yлолдох

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button