ВХ-д дурласан минь

…Хайрт минь аз жаргал ойрхон байна

Харин надад итгээрэй

Хөөрхөн нүднээс чинь нулимс унагаахгүй ээ

Охин минь наддаа итгээрэй… гээд л дуулдаг даа. Энэ дууг гарснаас нь эхлээд өдөржин сонсдог байлаа. Эхлүүлнэ. Дуусна. Дахиад эхлүүлнэ. Дуусна. Их дуртай байсан болохоор дагаж дуулсаар байгаад ажлын бүтээмжид ч муугаар нөлөөлөх гээд… Тэгэхээр нь бүтэн өдөржин сонсчихвол бялуураад дахиж сонсохыг хүсэхгүй болно гэсэн шийдвэрийг өөрөө өөртөө гаргаад өдөржингөө сонсож үзлээ. Уйдаагүй ээ. Одоо ч уйдаагүй. ВХ ч тэр дуугаараа анхны цомгоо, бас анхны тоглолтоо нэрлэсэн нь учиртай биз. My loүe цомгийнх нь бүх дуунаас өөрөө хамгийн их зовж дуулсан дуу нь ч бас My loүe гэсэн. Харин тоглолтон дээрээ амьд хоолойгоор хамгийн дуртай дууг маань яаж дуулах нь их сонирхолтой санагдаж байсан. Дуртай байлаа гэж өнгөрсөн цаг дээр бичихийн учир нь түүний анхны бие даасан тоглолтыг үзэх хүртлээ гэсэн санаа юм л даа. Одоо бол нэлээд олон дууг нь сонсох дуртай болсон.

…Сүүлийн үед рок попын хамтлаг дуучдын тоглолтыг үзэх хүсэл ердөө ч төрөхгүй байснаа ВХ-ийн тоглолт болох гэж байгаа гэсэн мэдээг анх сонсоод шууд л үзмээр санагдсан. Шинэ залуу, тун авъяаслаг уран бүтээлчийн анхны тоглолт болохоор тэр байх л даа.. Тоглолт хоёр өдөр үргэлжилсэн. Эхний өдөр нь илүү гоё эмоцитой байх болов уу гэж тооцоолж Улаанбаатар палас дээр тоглолт товлогдсон 19 цагт очсон боловч хараахан эхлээгүй байлаа. Хараахан эхлээгүйгээр барахгүй 19 цаг 30 минут хүртэл танхимын тал суудал нь эзнээ хүлээгээд гунигтайхан ярайж байв. Суудлууд дүүрээгүйн улмаас тоглолт товлосон цагаасаа бүтэн цагаар хойшилж үзэгчдийг нэлээд чилээсэн ч тэр хооронд бас л суудлууд дүүрсэнгүй. ВХ-ийг хүмүүс сонирхдоггүйдээ танхим дүүрсэнгүй гэж бодоход жаахан итгэмээргүй байлаа. Харин бие даасан анхны тоглолтоо хийж байгаа шинэ залуу дуучных гэхэд тасалбарын үнэ арай ахаджээ гэж бодогдсон. Нөгөөтэйгүүр, фэнүүдийнх нь ихэнх хувь нь дунд сургуулийн сурагчид, оюутнууд болохоор тэдэнд 8000 төгрөгөөр тоглолтын тасалбар авах нь арай үнэтэйдсэн байж болох л юм. Хэрвээ 5000 байсан бол танхим лавтайяа дүүрэх байсан даа.

ВХ хөшигний ардаас зритель руу шагайн хараад бодсоноос нь харьцангуй бага хүн цугласанд сэтгэл дундуур байгаа болов уу. Урам нь хугарчих вий дээ. Анхны тоглолт болохоор сэтгэл нь хөдлөөд хэцүү байгаа байх даа гээд л есөн зүйлийн юм бодож суутал ашгүй 20 цаг.

Шөнийн тэнгэрт мөнгөн одод анивчин гялалзана. Тайзыг гоё засчээ.

Яг л R&B тоглолтын тайз. Бүжигчин залуус бүжиглэж байхад ВХ хэдэн хормын дараа тайзны ар хэсэгтэй холбогдсон гэрлэн эмжээртэй гоёмсог шатаар алхсаар бууж ирэв. Түүний гол имиж болох шляпан малгайгаа ч бас духдуулжээ. Өргөн түрийтэй цагаан гутал, бие барьсан маягтай цамц, өмд нь түүнд догь зохиж. Гарч ирмэгцээ авьяаслаг бүжигчдийнхээ хамт бүжиглэлээ. Үнэхээр л өвөрмөц өнгө төрхтэй хоолойноос нь гадна чадварлаг бүжиглэх нь яах аргагүй ВХ-ийн давуу тал юм. Тэгж гоё бүжиглэдэг дуучин гэвэл ойроос нэр олдохгүй нь. Usher, Michael Jackson, Justin Timberlake-ээс дутахгүй гэвэл дэгсдүүллээ гэж магадгүй. Гэхдээ л мэргэжлийн бүжигчдээс огтоос дутахгүй, өөрийн гэсэн хөдөлгөөний донж маягаараа бараг илүү ч гармаар үнэхээр чадварлаг бүжиглэж байна билээ.

Тоглолтын салхийг бүжгийн авъяасаараа хагалсан ВХ үзэгчидтэйгээ мэндэлж үдшийн мэнд хүргээд New star студийн захирал Мандах эгч маань яг одоо тайзны ард сэтгэл нь догдолчихсон түгшчихсэн сууж байгаа. Мандах эгчийгээ тайзан дээр уръя. Харин миний продюсер Гантөр ах маань үзэгчдийн ард хөгжмийн тохиргоон дээр сууж байна гээд чин сэтгэлийн талархлаа тэдэндээ хүргэсэн.

Үүний дараагаар тэр тоглолтын хамгийн анхны дуу Өвлийн дуу-гаа дууллаа. Өвлийн дуу-ныхаа шүлгийг студийнхээ захирал Мандах эгчтэйгээ хамтарч суугаад бичиж байсан гэсэн.

Чамайгаа хөтлөөд цасан дундуур шинэхэн мөрөө гаргана би

Жаргалд улайсан хөөрхөн хацар чинь

Жаахан чамайг чимэх юм гээд л… Гоё үгтэй байгаа биз?

Ихэнх дууны шүлгээ өөрөө зохиодог мөртлөө өвлийн дуу-ны шүлгийг ерөөсөө бичиж чадахгүй байснаа өмнө нь ярьж байсан. Яагаад гэвэл тэр өвөлд тийм ч дуртай биш болохоор өвлийн гоё мэдрэмжүүд санаанд нь орж ирэхгүй байсан гэсэн. Түүний хоолойнд энэ дууных нь аялгуу, хэмнэл их зохисон юм шиг санагддаг. Өвлийн дуу-ны дараагаар Sorrow, рэппер Quiza-тай хамтран дуулсан Тэр сонсох дуртай, залуу дуучин Номинжинтой дуулсан I Loүe Mr Freedom, Битгий уйл, Icetop, S&I-тэй хамт дуулсан Саак, дуучин Хаянаатай дуулсан Чи хөөрхөн зэрэг дуунуудаа дуулсан.

Тэгээд Sweet girl дуугаа дуулахынхаа өмнө Энэ дуу миний хамгийн анхны уран бүтээл. Миний продюсер Гантөр ах тэгсэн юм. Хэрвээ чи энэ дууг гоё дуулж чадах юм бол цаашаа хамтарч ажиллая. Чадахгүй бол ингээд больё гэж хэлж байсан юм. Тэгээд би маш их хичээж дуулсан. Тэгээд ч чадсан. Чадсан болохоор одоо энэ тайзан дээр та бүхнийхээ өмнө зогсож байна. Маш их баяртай байна гэж хэлсэн.

Нэг дуугаа дуулчихаад дараа нь тайзан дээр буцаж гарч ирэхдээ ВХ хайрын тухай ярилцахыг үзэгчдэдээ санал болгоод ганцаараа хүүрнэж өгөв. Тэгээд дараа нь зовох, жаргах, гуниглах, баярлах, ухаарахдаа өөрөө өөртөө унших дуртай Чойном агсны нэгэн шүлгээс

…Залуу явахад дэлхий бага, би өөрөө том байж…

Явах ёстой зам маань ямар урт юм бэ?

Яваад иреэн замаа харсан чинь яасан богинохон юм бэ? гээд л уншиж сонирхууллаа. Дуучин залууг жигтэйхэн бодолд автаад Чойном агсны шүлгийг уншиж байгааг харахад бас сонин л юм.

Тоглолтын хамгийн сүүлийн дуу мэдээж My loүe байсан. үнэхээр чин сэтгэлээсээ дуулж байна. За боллоо гэх шиг нэг л гоё санагдсан… Ийм гоё сэтгэл зүрхнээсээ дуулдагт чинь баярлалаа.

Бусдаас чамайг онцгойруулах огцом ритмтэй бүжиглэж, шляпан малгай духдуулж нууцлаг эрхмийн дүрд хувилснаасаа чи бодит амьдрал дээр огт өөр. Миний бодлоор… Одоо хэрхэн яаж бүжиглэх бол гэж үзэгчдийн сэтгэлийг гижигдэх огцом ритмтэй бүжиг шигээ чи тийм хурц түргэн зантай биш. Харин ч бүр эерэгээр дөлгөөхөн тайван. Бас үг дуу цөөтэй. Эгэл даруухан. Намарт дурладаг. Хөнгөн гунигт автах дуртай.

Яагаад гэвэл тэр л үедээ чи сэтгэлээ хамгаас илүү чагнаж чаддаг. Магадгүй тэр л үедээ чи өөрийнхөө бүхий л сэтгэлийг шингээн байж хит дуунуудынхаа шүлгийг бичсэн байх.

Дуунаас чинь гуниг үнэртдэгийг мэдэх үү? Гэхдээ сэтгэлд хөндүүр нэмэх гуниг огтхон ч биш. өөдөө тэмүүлэх гэгэлгэн ухаарал, амьдралын сайханд итгэх итгэл, нэг тиим зөөлөн гуниг.

Чиний сэтгэл шингэсэн болоод тэр биз.

Урагшаа, ВХ. үгүй ээ, Урагшаа, Батбаатар аа гэж хэлсэн нь дээр. Чиний дуунд дуртай бүх хүмүүсийн өмнөөс Чамд сайныг хүсье. Амьдрал өөрөө асуудалтай ч аргыг нь олж чадвал бүх зам нээлттэй. Энэ чиний философи шүү дээ.

Ардын эрх сонин 51, 52 /590, 591/

Ж.Индранил

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button