О.Дашбалбар агсны хүү Д.Гангабаатар Аавынхаа хайрлаж хүндэлж явсан бүсгүйчүүдийг би хүндэлдэг

Амьд ахуйдаа хүмүүст бие биенээ хайрлахыг л уриалж, бусдад ч хайраа харамгүй бэлэглэж явсан нэрт соён гэгээрүүлэгчийн голомт сахиж үлдсэн ганц хүү Д.Гангабаатартай уулзаж, бага нас, аавынх нь талаар гэгээн дурсамж хүүрнэлээ. Хар нялх 10 настайдаа Энэтхэгт очиж шашин номын мөр хөөсөн тэрээр өдгөө МУИС-ын Хууль зүйн сургуульд багшилж буй. 29 настай, 2 хүүхдийн аав, чамгүй өндөр боловсролтой, тэрээр ярилцлага өгөхгүй гэж нэлээн цааргалсны эцэст
зөвшөарсөн юм. Би учиргүй төлөвшчихсөн амьтан биш, тиймээс би,би гэж яримааргүй байна. Зөвхөн аавынхаа номын тухай л ярина шүү гэсээр намайг угтсан Д.Гангабаатар өөрийн эрхгүй, сэтгэлийнхээ дуудлагаар аавынхаа тухай гэгэлгэн, гэгээн дурсамж хөврүүлсэн. Аавынхаа захиасаар нэрт өмгөөлөгч, академич С.Нарангэрэлийн удирдлаган дор хуулийн боловсрол эзэмшиж, мэргэжлээрээ ажиллан хажуугаар нь өөрийгөө боловсруулж, бурхан шашны номд дотоод сэтгэлээрээ гэгээрэн буй тэрээр дэндүү дөлгөөн, даруухан юм.
-Монголын улс төр, яруу найрагийн ертөнцөд тодоос тод, томоос том орон зай үлдээж одсон хүн бол таны аав О.Дашбалбар агсан. Голомт сахиж улдсэн ганц хүүгийнх нь хувьд гэгээн дурсамжаар яриагаа эхэлье гэж бодож байна?
-Энгийн дурсамжаас эхэлье. Намайг Энэтхэгт сурч байхад ээж, эгч дүү нараас үргэлж захиа ирнэ. Миний хүлээдэг зүйл бол аавын захиа. Ааваас жилдээ хоёр л захиа ирнэ. Тэр захиаг уншихаар сэтгэлийн дэм, цаашаа илүү ихийг сурах юмсан гэсэн урам зориг өгнө. Тэр үед жаахан хүүхэд байсан болохоор шантарч бэрхшээх үе бишгүй гарна. Тэр үед л аавын захиа надад тус болдог байсан юм. Хүн хэдий л наслах гэж. Нэг л өдөр байхгүй болно. Ингээд бодохоор тэр хүнээс үлдэж байгаа зүйл бол оюун санааны бүтээл байдаг юм байна. Одоо аавынхаа шүлэг, номнуудыг ялангуяа өөрсөддөө зориулсан шүлгүүдийг нь эргүүлээд харж байхад аав маань яг хажууд байгаа юм шиг, үгээ, сургаалиа хэлсээр байгаа юм шиг санагддаг.
-Таны аав бурхны шашин шүтдэг хүн байсан. Тэр утгаараа ч юм уу дотоод сэтгэлийн хүч энерги ихтэй, эрч хүч ихтэй хүн байсан санагддаг. Та аавынхаа орон зай, энергийг одоо мэдэрдэг байх?
-Бурхны шашин үзэж байсан болохоор би нэг юмыг үргэлж бодож явдаг. Манайх би ийм юм чаддаг, мэддэг, би ийм юм мэдэрдэг гээд ярьдаг. Бурхныг, тэнгэрийг, сүнсийг мэдэрчихлээ гэх хүмүүс их байдэг. Энэ бол сэтгэлийн л юм л даа. Яг үнэндээ мэдэрсэн ч юм уу үгүй ч юм уу, тийм ээ. Бурхны шашинд хамгийн том нүгэл бол мэдэхгүй байж мэднэ, чадахгүй байж чадна гэж хүнийг мунхруулах явдал байдаг. Тиймээс би үүнээс их болгоомжилдог. Гэхдээ бясалгал хийгээд сууж байхад аавыг санах, санаандгүй явж байгаад гүн бодолдоо аав руугаа ороод явчихдаг. Их гоё гоё юм бодогдоно. Ийм үе байдаг л даа. Тэрэндээ би их баярладаг. Үүнийгээ би аавыгаа мэдэрч байна, би сүнстэй нь холбоо тогтоолоо гэж хэлэхэд хаашаа юм. Тэгж хэлэхгүй. Ер нь бясалгал хийж байхдаа аавын яриа хэлж байсан үг, сургааль, дурсамж руу ороод явчихдаг. Энэ нь надад аз жаргал өгдөг.
-Таны шүтлэг ааваас чинь улбаатай байх?
-Аав маань Бурхан багшийн сургааль-ийг анх орчуулж байх үеэр би хажууд нь сууж их сонсдог байсан юм. Тэгэхэд би их жаахан байсан. Тэндээс л их сүсэгтэй болсон юм шиг байгаа юм. Хурдхан шиг гэгээрчихье гэж их боддог байлаа. Тэр номонд жаахан хүүхэд их амархан гэгээрдэг, яагаад гэвэл бурханд илүү ойрхон байдаг гэж гарна. Тэрнийг сонсчихоод Би чинь их жаахан байгаа, би бясалгах юм бол их хурдан гэгээрчих юм биш үү гэж бодож мөрөөддөг байсан. Тэр үеэс л бурхны шашин сонирхож эхэлсэн. Ялангуяа философийн чиглэлийг илүү шимтдэг. Энэ чиглэлээр Энэтхэгт 5 жил орчим амьдарч, суралцлаа. Зан үйлийн хувьд биш буддын философийн чиглэлээр нэлээн сонирхдог, үздэг, хүндэлдэг, биширдэг.
-Та хар нялхдаа гэрээ орхин Энэтхэгт сурч байсан. Аавын зөвлөгөө байсан уу?
-Манай эмээ их шүтлэгтэй хүн байсан. Бага байхад эмээ маань, Монгол лам нар Төвдөд очоод гэгээрээд ирсэн гэж ярина. Тэр л их гоё санагддаг байж билээ. Ер нь эмээгийн маань сонголт байсан. Тэр үед Бакула ренбүүчи 5 хүүхэд сонгож авна гэсэн зар гарсан. Би 10 настай байсан юм даг. Тэнд оръё гэж ааваасаа гуйлаа. Аав за яахав өөрөө л мэд, тэнцээд орвол чамайг явуулъя гэсэн. Тэгээд шашны дээд сургуульд 100 хүүхэд суралцаад тэндээс 5 хүүхэд Энэтхэг рүү явсан. Аавын намайг явуулах санаанаас илүү миний өөрийн сонирхол маш их байсан.
-Хар нялхдаа аав, ээжээсээ холдож, харь нутагт өнгөрүүлсэн бага насаа хэрвээ гэртээ байсан бол аавтайгаа илүү олон он жилийг хамтдаа өнгөрөөх байсан гэх харамсал танд байдаг уу?
-Ер нь тэгж хааяа бодогддог л доо. Сүүлд эгч, дүү нараасаа сонсоход их гоё гоё дурсамж, үйл явдлууд болж байсан байдаг. Далай багш ирэх үеэр бид нар тэгсэн, төрсөн өдрөөр аав тэгдэг байсан гээд их гоё гоё юм ярьдаг юм. Тэр үед би тэнд ном нүдээд сууж байсан. Гэхдээ тэгж явсандаа хэзээ ч харамсдаггүй. Яагаад гэвэл би тэнд их зүйлийг сурсан. Би одоо байгаа байдлаа харахаар их даруухан хүүхэд байсан болов уу гэмээр. Гэтэл багадаа их хөдөлгөөнтэй, өрөмний өт шиг нөхөр байсан гэдэг. Энэтхэг очоод би юмыг үргэлж хүмүүнлэг талаас нь харах, хүмүүстэй харьцахдаа ч гэсэн тэр талаас нь ханддаг болсон. Ер нь хүн шиг хүн байх үндэс суурийг буддын гүн ухаан надад өгсөн. Тэнд номын дуу сонсч, Далай ламтай учирч шавь нь болж явсандаа их баяртай байдаг. Тэндээс ирэхэд аав намайг Чи хэтэрхий энэрэнгүй талдаа болчихсон байна шүү. Эр хүн юм чинь жаахан хатуу, ширүүн бай гэж ярьж байсан. Одоо амьдралын зах зухаас үзэж, мэдэрч байна. Ерөнхийдөө тэр байдал маань өөрчлөгдөж байгаа. Гэхдээ хэзээ ч хүн шиг хүн байх, бусдыг хайрлах, энэрэх, бусдын төлөө байх гэсэн зарчмыг чиг баримжаагаа болгож явна.
-О.Дашбалбар агсан голомт сахин ганц хүүдээ юу захиж, зөвлөдөг байсан бол?
-Аав маань ерөнхийдөө хатуу талдаа хүн байсан. Гэхдээ намайг их эрхлүүлнэ. Эрхлүүлэх цагаа хүрвэл эрхлүүлнэ. Гэхдээ байнга биш. Хүүхдээ хэт эрх болгохгүй, хайрлах үедээ хайрлана, сургах үедээ сургана гэсэн зарчим барьдаг байсан болов уу. Зүгээр харж байгаа харц, үйл хөдлөл, байгаа байдал нь хүн хүндэлмээр, сургамж авмаар хүн байсан. Амьдралынх нь сүүлийн мөчүүдэд бид их сууж ярилцдаг байсан. Тэр үедээ л амьдралын ухааныг их зааж сургаж байсан юм. Бага байхад ингэж хэлэхийн оронд үйлдлээрээ үлгэрлэдэг байсан. Бас буруу зүйл хийвэл их зэмлэнэ, загнана. Түүнээс нь бид нар их айна.
-Охиддоо их амь аав байсан гэж дуулсан юм байна. Таныг ч их эрхлүүлдэг байж. Та нар аавынхаа алганы амтыг хэр амсаж байв? Чухам ямар буруу зүйл хийвэл зэмлэдэг байсан бол?
-Хүн бүр ч хүүхдүүдээ буруу зүйл хийвэл уурлаж загнадаг. Аавын уурлаж загнах нь бусад хүмүүсээс хамаагүй өөр. Хааяа алганы амт үзэлгүй яахав. Нэлээн хүртэж явсан. Бид нарт rap хүрлээ гэхэд гуянаас л чимхэнэ. Бүсэлхийнээс дээш хэзээ ч rap хүрч байгаагүй. Алганы амт үзүүлсэн бол хэсэг хугацааны дараа хүрч ирээд Миний хүү чи ийм буруу зүйл хийсэн учраас аав нь ингэсэн юм гээд ярина. Ер нь алган боов идсэн хүүхэд тийм зүйлийг илүү сайн хүлээж авч, буруугаа ойлгодог юм байна л даа. Зүгээр нэг загнаж, алганы амт үзүүлчихээд явчихвал үр ашиггүй болчихно шүү дээ. Тиймээс алган боовны дараа ирж ярилцдаг нь их гоё байсан. Чамайг нэг чимхэхэд чиний өвдөхөөс хэд дахин илүү миний зүрх өвддөг. Тиймээс аав нь хүүдээ rap хүрэх дургүй. Гэхдээ чи ингэж буруу юм хийсэн болохоор аав нь ингэсэн гэж ярьдаг байлаа. Тэр утгаараа их энэрэнгүй. Ер нь далайх нь чанга, буулт нь зөөлөн хүн байсан. Энэтхэг явахын өмнөхөн намайг өрөөндөө дуудлаа. Очсон чинь явахаас чинь өмнө барцадыг чинь нэг гаргана. Дахиж чамд гар хүрэхгүй гээд бөгсөн дээр алгадлаа. Гэрт хүмүүс байсан болохоор би уйлахгүй гүрийж байгаад нөгөө өрөөнд орж нэг их уйлж билээ. Тэр их гоё дурсамж. Тиймдээ ч тэр үү би Энэтхэгт сайн сурч байсан болов уу. Аав маань Чи үг хэлэх, загнуулах аавтай байна. Надад тийм аав байхгүй болчихсон гэж ярьдаг байсан. Загнадаг, зоддог, уурладаг ч байсан аав гэдэг хүний амьдралд ганц л олддог. Тийм учраас амьд байгаа дээр нь загнуулж бай. Тэр нь өөрөө аз жаргал гэдгийг мэдэрч чадах нь хамгийн чухал гэдгийг би одоо ойлгосон.
-Та чинь С.Нарангэрэл өмгөөлөгчийн гарын хүн байх аа?
-Аав улс төрд ороод нэг зүйлийг их бодож байсан юм шиг байгаа юм. Хэрвээ хуулийн мэргэжил эзэмшсэн байсан бол улс төрд ороод илүү их зүйл хийж чадах байж гэж ярьдаг байсан юм. Тийм учраас цаашид хуулиар явахгүй ч гэсэн хуулийн мэргэжилтэй болоорой гэж захидаг байлаа. Энэ хүсэлтээ академич С.Нарангэрэл багшид захьсан юм билээ. Аавын маань тэр хүсэлтийг С.Нарангэрэл багш маань хүлээж авч намайг өөрийнхөө туслахаар авч ажиллуулсан. Дараа нь сургуулиа төгсөөд эндээ багшилж байна. Аавыг өнгөрснөөс хойш надад их тус болж байгаа хүмүүсийн нэг бол яах аргагүй С.Нарангэрэл багш. Багшдаа их талархаж явдаг.
-О.Дашбалбар агсны хүү гэхээр хүмүүс хэр хүлээж авдаг вэ? Орон зай, нэр хүнд нь таны ажил амьдралд нвлөөлдөг байх?
-Аавыг амьд байхад О.Дашбалбарын хүү гэдэг үүднээс хүмүүс надтай харьцахаар жаахан сонин санагддаг байсан. Өнөөдөр би харин баярладаг. О.Дашбалбарын хүү гэж харьцаж байгаа нь Д.Гангабатаарыг үгүйсгэж байгаа хэрэг биш, харин миний аавыг Монголын ард түмэн төдий их хүндэтгэж хайрлаж байж гэдгийг ойлгодог. Хүмүүс аавыг минь үгүйлж байгааг мэдрэхдээ их сэтгэл хангалуун байдаг.
-Та хэзээ нэгэн цагт улс төрд хөл тавьж, аавынхаа хийж амжаагүй ч биелүүлнэ гэж боддог байх?
-Одоо хэлэхэд эрт байна. Ирээдүйд юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Бүхнийг цаг хугацаа харуулах байх. Одоохондоо улс төрд оръё гэсэн бодол алга байна. Хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх, төлөвшүүлэх ёстой. Өөрийгөө тодорхой түвшинд оччихлоо гэж үзсэн тохиолдолд шийдэх асуудал. Одоохондоо тийм бодол алга.
-Таны царай зүс, гадаад төрх аавтайгаа сорудсон гэмээр адил юм. Гэвч аядуу, даруухан зан характер чинь тэс өөр дүр харагдаж байна. Магадгүй олон жил бурхны шашин судалсных уу эсвэл?
-Би багадаа хурц байсан юм шиг байгаа юм. Тийм ч номхон даруу хүн байгаагүй гэж хүмүүс ярих юм байна. Ер нь Энэтхэгт байсан маань нөлөөлөлгүй яахав. Тэнд очсоноор юмыг их өргөн хүрээнд боддог болдог юм байна. Өнөөдөр би энэ хоолыг олоод идчихвэл ийм машин байр, албан тушаалтай болчих юм бол гэж боддоггүй. Бурхын сургаалийг олон жил үзсэн хүн ирээдүйг арай өөрөөр, алс хардаг. Хамгийн наад зах нь хүн хэдэн жил амьдрах ёстой билээ гэж бодох ёстой. 30 жил, 40 жил амьдраад хүн байхгүй болно. Энэ хугацаанд өөрөө хэрэглэж чадахгүй их хог хураачихаад өөд болдог хүмүүс цөөнгүй. Тэр хүмүүсийн амьдрал үнэхээр өрөвдөлтэй. Хурааж хурааж, хураахын төлөө биеэ зовоож, тэрсэлдэж тэрсэлдэж эцэст нь өөрөө эдэлж чадалгүй яваад өгдөг. Тиймээс хорвоогийн амьдралыг хоёр талтай авч үзэхгүй бол болохгүй. Бид үнэхээр амьдарч байгаа юм чинь идэж ууж, өмсөж зүүлгүй яахав. Гэхдээ үүрд амьдрах юм шиг илүү их шунадаг явдлыг хязгаарлахад бурхны сургааль үнэхээр хэрэгтэй байдаг. Хүмүүс намайг хэтэрхий даруухан байна гэж ярьдаг. Гэхдээ өөрөөсөө аавын зан чанарыг олж хардаг. Аав нэг хүнд итгээд, сайн болохоороо түүндээ үнэнч үлддэг. Тэр араншин надад бий. Бас хурц зан надаас илэрдэг. Тэр сэтгэлийн эмоцийг дарах чадварт буддын гүн ухаан сургадаг. Аавыг гаднаас харахад их хурц, ааш муутай хүн шиг байдаг. Гэтэл яг үнэн хэрэг дээрээ хэлэх гэснээ шууд хэлчихдэг, хүнд хонзон санадаггүй цайлган хүн байсан. Тэр талаараа бид их адилхан. Манайхан ер нь хурц зантай. Гэхдээ хурдан буцаад тайвширчихдаг. Ер нь аавын минь сэтгэлд энэрэл, хайр их байдаг хүн байсан. Нохойг хүртэл харчихаад хоол өгчих юмсан гэдэг байж билээ.
-Ингэхэд Д.Гангабаатар хувийн амьдралаа төвхнүүлж амжсан уу?
-Би эхнэр, хоёр хүүхэдтэй. Бага нь одоо 5 сартай.
-Хүүгийн хувьд аавынхаа үхлийн шалтгааныг юу гэж боддог вэ? Аавыгаа улс төрд ороогүй бол илүү урт насалж, үр хүүхэд, гэр бүлтэйгээ хамт амьдрах байсан даа гэх бодол байдаг уу?
-Хүний нас богинохон шүү дээ. Аавыг маань өнгөрөхөд олон хүчин зүйл нөлөөлсөн. Олон хүчин зүйл. Тэр болгоныг би дурьдаж ярьмааргүй байна. Яагаад гэвэл аав маань надад захьдаг байсан, надад зориулж бичсэн шүлгэнд нь хүртэл Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч, тэнгэр шиг бай. Хамгийн сайн хүмүүн гэж хашгирч хэлэвч тэнгэр шиг бай гэсэн мөрүүд хүртэл байдаг. Энэ шүлэг Хүлцэх тэвчихээс илүү хүндтэй гавъяаг би мэдэхгүй гэж төгсдөг. Энэ шүлгийг намайг Энэтхэг явахад зориулж бичиж өгсөн. Аав маань өөрөө ч хүнийг үзэн ядаж чаддаггүй, би ч хүнийг үзэн ядах дургүй. Хэдэн жил амьдрах гэж хүнийг үзэн ядах юм. Тийм учраас хэн нэгнийг аавынхаа үхэлд буруутгах санаа одоохондоо алга байна. Цаашид ч тийм байх байх. Аав минь өөрөө ч гэсэн хийх юмаа хийсэн, хэлэх юмаа хэлсэн, хүн шиг амьдарсан, хүмүүст хэрэгтэй амьдарсан гэж ярьдаг байсан. Тийм болохоор ааваараа би бахархдаг. Зуу насалсан ч хүнд хэрэггүй, өөртөө ч хэрэггүй амьдарсан хүмүүс байдаг. Богинохон ч гэсэн өөртөө, ард түмэндээ хэрэгтэй амьдарсан бол бахархал.
-О.Дашбалбар агсан зөн совингоороо бурхны оронд явах гэж байна гэж мэдэж байсан болов уу? Та бүгдэд юу захиж, гэрээсэлж байсан бол?
-Олон зүйл ярьдаг байсан. Ямар ч байсан аавыгаа нас барвал битгий уйлаарай гэнэ. Би Та битгий ийм юм яриад бай л даа. Ийм муухай юм яриад гэхээр Яахаараа муухай байдаг юм. Хүн болгон нэгэн цагт эндээс буцна гэж байсан. Би одоо бодохдоо аав маань хэзээ ч үхэл ирж магадгүй гэж сэрэмжтэй байж, амьд байгаа дээрээ хийх гэснээ хийе, туслах хүндээ тусалъя, хайрлах хүнээ хайрлая гэсэн чин эрмэлзэлтэй амьдардаг байсан юм шиг санагддаг. Тийм ч учраас үхлээс шантарч байгаагүй. Өөд болохоос нь хэдхэн хоногийн өмнө би өрөөнд нь очиход бие нь тааруу байсан ч босож ирж суугаад надад онигоо ярьж өгөөд инээгээд, хөгжөөх гээд л. Би хичнээн их зовиуртай байгааг нь мэдэрч байсан. Гэсэн ч тэр бүхнээ нууж, биднийг зовоохгүй гэж их хичээдэг байсан. Тэр их зовлонтой байх үедээ бидний сэтгэлийг аз жаргалтай, омголон байлгахын төлөө тийм их тэвчээр гаргаж байсныг нь биширдэг юм. Бас өрөвддөг юм.
-Уучлаарай энэ эвгүй асуулт байж магадгүй. О.Дашбалбар агсныг өөд болсны дараа сэтгэл зүрхэнд нь орон зай эзэлж явсан бүсгүйчүүд гарч ирж, зарим нь ном хүртэл эмхэтгэн гаргаж тухайн үед дуулиан шуугиан дэгдээж байсан. Энэ явдлууд мэдээж таны ээж болон гэр бүлд хүндээр туссан байх?
-Хүндээр туссан ч гэж би бодохгүй байна л даа. Аав маань олон бүсгүйчүүдэд дурлаж явсан юм шиг байгаа юм. Гэхдээ бусад яруу найрагчидтай харьцуулахад нэг их олон ч биш. Ямар ч байсан тийм хүмүүс байдаг. Хоёр эмэгтэй бий л дээ. Хоёулаа аавыг маань хүндэлдэг хайрладаг байсан хүмүүс. Тийм учраас би бас хүндэтгэж явдаг юм. Тийм хүмүүс байсныг үгүйсгэх эсвэл дургүйцэх нь утгагүй. Амьдралд байдаг л зүйл. Тэр тусмаа миний аавын хайрлаж явсан бүсгүйчүүд илүү гэгээн сайхан хүмүүс байсан байх аа гэж би боддог.
-Ээжид тань л сэтгэл зүйн хувьд хэцүү байсан байх?
-Сэтгэл зүйн хувьд ямар байдаг юм байгаа юм. Ээж их зовоод байх нь гайгүй байх аа. Угаасаа аль аль нь бие биенээ мэддэг. Ер нь амьдралыг хараад байхад хүмүүс нэг хүнтэй дотносчихоод хэсэг хугацааны дараа орхиод явчихдаг. Энэ амьдралын жам байх л даа. Гэхдээ аав маань тэгээгүй. Хайрласан эмэгтэйчүүддээ үнэнч байсан болохоор надад бахархмаар санагддаг. Баргийн эр хүн тэгж чадахгүй шүү дээ. Тэр талаас нь аваад үзвэл их хүнлэг сайхан хүн байж дээ, миний аав гэж боддог.
М.Уранчимэг
Монголын нэг өдөр